Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2023/ДШМ/252

 

 

 

 

       2023           03           07                                        2023/ДШМ/252

 

Л.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор У.Анхжаргал,

шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, 

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн  нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/01 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Л.Бд холбогдох 2202001580336 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Л.Б, 1992 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал, чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, дүү нар, 7-12 насны 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 13 дугаар гудамжны 36б тоотод оршин суудаг, /РД:УТ92110425/,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр уг торгох ялыг биелүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн,

 

Л.Б нь 2022 оны 2 дугаар сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Намуун” нэртэй зочид буудлын 502 тоот өрөөнд өөрийн гар цүнхэндээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, цэвэр жин нь 41.4 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Л.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л.Б“хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Быг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Л.Быг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, шүүгдэгч Л.Бт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч Л.Бт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Л.Бын цагдан хоригдсон 27 /хорин долоо/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Л.Бт урьд авагдсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох" таслан сэргийлэх арга хэмжээ, “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан “өвс” гэх нэршилтэй 41.4 грамм жин бүхий сэтгэцэд нөлөөт бодис”-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар устгахыг тухайн хэлтэст даалгаж, устгасан талаарх хариуг шүүхэд мэдэгдэхийг үүрэг болгож, шүүгдэгч Л.Бын төрсөн хүүхдүүд болох 2011 оны 5 дугаар сарын 21-ны өдөр төрсөн, УП11252145 дугаарын регистртэй, Отгонбаярын Цэлмүүн, 2015 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, УБ15250302 дугаарын регистртэй Отгонбаярын Номуун нарын эрх, ашиг сонирхол зөрчигдвөл тэдгээрт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох асуудлыг шийдвэрлэхийг Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Л.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би бага насны 2 хүүхэдтэй өрх толгойлсон эх хүн. Өөрийн буруутай үйлдлээс болж гэмт хэрэгт холбогдон үр хүүхдүүдээ эхийн хайр халамжаар дутааж байгаадаа маш их харамсаж байна. Дахин ийм алдаа гаргахгүй бөгөөд залуу хүний цаашдийн амьдрал, цаг хугацаа, хүүхдүүдийн минь ирээдүйг бодож надад оногдуулсан хорих ялаас боломжит хэмжээгээр багасгаж, тэнсэн харгалзаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Л.Бын өмгөөлөгч Ц.Дэлгэрням гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хорих ялаар, урьд ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нийт биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн хувийн байдалтай нийцээгүй, ял хүндэдсэн гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд ялын төрлийг тодорхойлохдоо торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах, хорих ялыг үндсэн ялаар, эрх хасах ялыг нэмэгдэл ялаар хуульчилсан бөгөөд мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг тухай бүрт оногдуулж болох ял шийтгэлийг тусгаж хуульчилан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан, аль тохирох ял шийтгэлийг оногдуулах бүрэн эрхийг шүүхэд олгосон.

Л.Б нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн бөгөөд тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэгт холбогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулах нь зүйтэй юм.

Өөрөөр хэлбэл, Л.Быг 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл ангиас тохирох ял шийтгэлийг оногдуулах ёстой байсан. Эрүүгийн ... байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргээс хамаарч шүүхээс гэмт этгээдэд нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах боломжтой зүйл анги байхад Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дээрх асуудлыг шийдвэрлэхдээ Л.Бт өмнө нь 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь түүнд 2 жилийн ял оногдуулж, оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнссэн гэх байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан байдлыг харгалзан үзэлгүйгээр түүнд 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн миний үйлчлүүлэгч Л.Бын үйлдсэн худалдан борлуулах зорилгогүйгээр өвс гэх нэршилтэй хууль бус бодисыг хадгалсан үйлдэл нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах санкцитай байхад шүүхээс шүүгдэгч Л.Б хорих ял оногдуулсан нь түүний хувийн байдалд нийцээгүй, ял хүндэдсэн гэж үзэхээр байна.

Л.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн асуудлаар маргаагүй бөгөөд түүний хувийн байдлыг авч үзвэл бага насны буюу 11 настай, 7 настай 2 хүүхэдтэй, өөрийн төрсөн дүү нарыг асран хамгаалж, тэжээн тэтгэж яваа өрх толгойлсон ганц бие эх хүн юм. Түүний хувьд бага наснаасаа амьдралын хүнд хэцүү бүхэнтэй нүүр тулж, өөрийнхөө амьдрал, цаг хугацаа бүхнээ золиослон дүү нар болон хүүхдийнхээ төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлөж яваа эмэгтэй гэх талаарх хувийн байдлыг нотолсон баримтуудыг тус хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн байдаг. Л.Б гэх хүний ард насанд хүрээгүй 4 хүүхдийн цаашдын амьдралын хувь заяа даатгагддаг. Л.Б нь бага насны 4 хүүхдийг асран хамгаалдаг, өсгөн хүмүүжүүлдэг үйл баримт тогтоогдсон байдаг. Түүний хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хэзээ ч үгүйсгээгүй бөгөөд дахин гэмт хэрэгт холбогдохгүй талаар илэрхийлсэн бөгөөд тус гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна. Иймд эрүүгийн хариуцлагын гэмт этгээдийг нийгэмшүүлэх зорилт, Монгол Улсын Үндсэн хуулийн удиртгал болсон хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх зарчим, бага насны хүүхдүүдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолыг харгалзан үзэж, Л.Бт оногдуулсан хорих ялыг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шүүгдэгч Л.Бын гэм буруутайд тооцогдсон хоёр хэргийн зүйл ангийн аль нэгэнд зорчих эрх ял оногдуулах өөрчлөлт оруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу ялыг нэмж нэгтгэхгүйгээр тусад нь эдлүүлж шийдвэрлэх нь шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, бага насны хүүхдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцэхээр байгааг харгалзан үзнэ үү. ...” гэв.

Прокурор У.Анхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс Л.Бт хуульд заасан үндэслэл журмын дагуу түүний хувийн байдлыг харгалзан үзэж хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан. Урьд Л.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар биеэ үнэлэхийг зохион байгуулсан гэх зүйл ангиар зүйлчлэгдэж 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн байдаг. Хувийн байдлыг үзэхэд Л.Б нь 2 удаагийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж шийдвэрлэсэн байгаа. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад зааснаар 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож шийдвэрлэж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байдаг. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялын хэмжээг хүчингүй болгох байсан байх. Бусад тохиолдлоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Л.Б нь 2022 оны 2 дугаар сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Намуун” нэртэй зочид буудлын 502 тоот өрөөнд өөрийн гар цүнхэндээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, цэвэр жин нь 41.4 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 13-19/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх 64/, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 65/ зэрэг нотлох баримтууд болон,

            гэрч Б.Батчулууны “...Харин машиных нь түлхүүр байхгүй болохоор нь орны хажууд байдаг бор ширээг холдуулаад ар хэсгийг нь үзсэн чинь “Экос” нэртэй ногоон шошготой усны сав байсан. Дотроо бага зэрэг устай, ёроол хэсгийг нь цоолоод 500 төгрөг хуйлаад хийчихсэн сав байсан. “Энэ юу вэ?" гэж асуухад тэр эмэгтэй гүйж ирээд надаас шүүрч авах гээд байхад эрэгтэй нь ирээд “битгий наадахдаа өг эгч ээ” гэхээр нь гаргаад хогийн савны хажууд тавьсан. Тэгээд тэр эмэгтэй, эрэгтэй хоёр дахин шуугилдаад байсан ба өөр хүн цагдаа дуудсан байсан. Би машины түлхүүрийг нь хайх гээд 2 цагдаагийн хамт дахин өрөөнд орсон. Тэгээд тэр эмэгтэйн хар өнгийн жижиг цүнхийг онгойлгоод түлхүүр хайсан чинь цагаан өнгийн ууттай өвс гараад ирэхээр нь тэнд байсан цагдаад очоод нөгөө усны савтай зүйлийг бас гаргаж өгсөн. ...” /1хх 23-25/,

            гэрч О.Шинэбаярын “...Ресепшн эмэгтэй бид хоёр хамтдаа миний түлхүүрийг хайгаад өрөөнд байсан эд хогшлуудыг байрнаас нь хөдөлгөж үзээд байж байтал ресепшн эмэгтэй орны хажууд байрлах жижиг шүүгээг ухаж байгаад ард талаас нь хуванцар цэвэр усны дотроо ямар нэгэн зүйлгүй хажуудаа цоолоод цоолсон нүхээрээ мөнгөн дэвсгэрт хуйлаад хийчихсэн сав гаргаж ирээд “энэ юу вэ?” гэхээр нь би ресейпшнд хандаж “наадах чинь өвс энэ тэр сороход хэрэглэдэг эд юм биш үү?, наадахаа хаялгүй хадгалж байгаарай, цагдаа энэ тэр дуудвал хэрэг болно” гэж хэлсэн бөгөөд миний санаж байгаагаар ресепшн эгч тэрхүү усны савыг аваад өрөөнөөс гарсан санагдаж байна. Тэгээд гаднаас цагдаа нар орж ирэхэд ресепшн эгч нөгөө хуванцар савтай зуйлийг гаргаж өгөхөд цагдаа үзлэг хийгээд үзлэг хийх явцад тухайн эмэгтэйн гар цүнхнээс цагаан гялгар ууттай өвс гарч ирсэн. ...” /1хх 29-30/,

            гэрч Н.Бат-Оршихын “...Л.Быг таних бөгөөд танилцаад 2 жил гаран болж байна. ...Надаас яагаад авсан гэж яриад байгааг мэдэхгүй байна. Түүнтэй хамт нэг машинд явж байгаагүй. ...” /1хх 186/,  

            яллагдагч Л.Бын “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Зүс мэдэх найз Бат-Орших гэдэг залуу надад өвс гэх зүйлийг авч ирж өгөөд явсан. Би тухайн үед халамцуу байсан. Өр ширэнд ороод мөнгөний хэрэг гараад гадуур шоудаад явж байсан. Би архи үнэртүүлсэн болохоор гэр рүүгээ орж чадаагүй. ...Тухайн өвсийг хэрэглэж чадаагүй. Тэгээд би ямар ч хэрэггүй өвс байна гэж бодоод цүнхэндээ хийсэн үгүйгээ санахгүй байна. Шинэбаяр гэх залуу над руу дайраад би чамтай унтана, би буудлын чинь мөнгө төгрөгийг төлж сунгасан, хоол унд авч өгсөн гээд намайг явуулахгүй байсан. Түүнээс болоод хэрэлдэж маргалдаж байтал буудлын ресепшн нь орж ирээд, дараа нь цагдаа дуудсан гэж сонссон. Удалгүй цагдаа нар ирсэн. Би гэм буруугаа маш сайн ойлгож байна. ...” /1хх 169-170, 173-174/ гэсэн мэдүүлгүүд,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн өвс ургамал мэт зүйл шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 41.4 грамм цэвэр жинтэй ногоон өнгийн өвс ургамал мэт зүйлд дельта-9 тетрагидроканнабинол илрэв. Дельта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн жагсаалтад багтдаг. ...” гэсэн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 1617 дугаартай /1хх 71-74/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Л.Б гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /ТНС/ илрэв. Тетрагидроканнабинол /ТНС/ нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн I жагсаалтад багтдаг. ...” гэсэн 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 4742 дугаартай /1хх 144-148/,

            “...Л.Б  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг үйлдэх үед болон одоо, мөн хэрэг үйлдэгдэхээс өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт үгүй, болсон үйл явдлыг бодитоор тусган мэдүүлэг өгөх чадвартай, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. ...” гэсэн 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 572 дугаар /1хх 198-200/ шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн Л.Быг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Л.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нар давж заалдах гомдолдоо “...оногдуулсан хорих ялаас боломжит хэмжээгээр багасгаж өгнө үү. ...Ялыг нэмж нэгтгэхгүйгээр тусад нь эдлүүлж шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Л.Быг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэлд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна. ...” гэж заасан бөгөөд хавтаст хэргийн материалд авагдсан баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч Л.Бт хуульд зааснаар доогуур ял оногдуулах боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Л.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх боломжгүй байна.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Л.Быг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, шүүгдэгч Л.Бт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “шүүгдэгч Л.Быг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож”, шүүгдэгч Л.Бт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай. ...” гэж найруулгийн шинжтэй өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/01 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЗ/1821 дугаартай шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хийхээр товлож шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЗ/1851 дугаартай шүүгчийн захирамжаар мөн тус шүүх хуралдааныг хойшлуулсан ба ингэхдээ шүүгчийн захирамждаа дараагийн шүүх хуралдаан хэзээ болохыг товлолгүйгээр 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шүүх хуралдаан хийснийг цаашид анхаарбал зохино.

Шүүгдэгч Л.Б нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл нийт 76 /далан зургаа/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/01 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Л.Быг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, шүүгдэгч Л.Бт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай. ...” гэснийг

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “шүүгдэгч Л.Быг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож”, шүүгдэгч Л.Бт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай. ...” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл нийт 76 /далан зургаа/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.АЛДАР

 

                                  ШҮҮГЧ                                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ