Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батдоржийн Нармандах |
Хэргийн индекс | 101/2020/01705/и |
Дугаар | 01951 |
Огноо | 2020-09-14 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 01951
2020 оны 09 сарын 14 өдөр | Дугаар 210/МА2020/01951 |
У.Оийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/02289 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч У.Оийн хариуцагч Ц.Пид холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 9 000 000 төгрөг, эрэн сурвалжлуулсан зардал 70 200 төгрөг, нийт 9 070 200 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбарт: У.О нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Ц.Пид 6 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн дүнгээс хоног тутам 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэй 2 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. У.О нь зээлийн гэрээний дагуу 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн нотариат дээр гэрээг баталгаажуулахдаа бэлнээр 6 000 000 төгрөгийг өгсөн. Зээлдэгч нь 2018 оны 9, 10 дугаар сарын хүү төлснөөс өөр үндсэн зээлээс нэг ч төлөлт хийгээгүй, өнөөдрийг хүрсэн. Үндсэн зээл 6 000 000 төгрөг, алданги 3 000 000 төгрөг, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол буюу шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулахад гарсан зардал буюу улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, нийт 9 070 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: У.Оээс зээлж авсан 6 000 000 төгрөгийг буцаан төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги гэх 3 000 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.2-т зээлийг хүлээлгэж өгснөөр гэрээ нь хүчин төгөлдөр болно. Гэрээ байгуулж гарын үсэг зурсан гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл биш. Гэрээний дагуу Ц.П нь 6 000 000 төгрөгийг аваад захиран зарцуулсан бол зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцах асуудал яригдана. Хариуцагч Ц.Пид мөнгө өгсөн эсэх үйл баримт тодорхойгүй байна. У.О нь өөрийн найз н.Боролдойд мөнгө өгсөн гэдэг. Ц.П н.Боролдой хоёр хамтарч ажилладаг байсан. н.Боролдой нь У.Оээс мөнгө аваад, зээлийн гэрээг хийчих гээд Ц.Пийг явуулсан. Энэ 6 000 000 төгрөгийг хариуцагч төлөх хууль зүйн үндэслэлгүй байна. Мөнгө зээлж авсан хүн нь н.Боролдой. Тэд хамтарч ногоо тарьдаг. Гэрээ хийсэн болохоор би төлөх ёстой гэж ойлгоод бичгээр тайлбар өгсөн. Бодитоор мөнгө зээлсэн зүйл байхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан, хариуцагч Ц.Поос 9 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 70 200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160 073 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Поос улсын тэмдэгтийн хураамж 158 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.Од олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгсийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэж улмаар Ц.Поос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл /алданги/-д 3 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд алданги шаардахын тулд талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байх, бодитоор гэрээний зүйл болох мөнгийг шилжүүлж өгсөн байхыг шаардана. Гэвч хавтас хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчээс хариуцагчид бодитоор 6 000 000 төгрөг шилжүүлж өгсөн үйл баримт тогтоогдоогүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байхад анхан шатны шүүх хариуцагчийг 6 000 000 төгрөг авсан гэж үзэн хэргийн үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Шүүх зөвхөн хариуцагчийн анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбарыг шийдвэрийнхээ үндэслэлийг болгосон нь үндэслэлгүй. Учир нь хариу тайлбар нь шууд нотлох баримт биш ба зээл авсан үйл баримт нь мөнгө хүлээн авсан /шилжүүлсэн/ баримтаар болон бусад нотлох баримтаар давхар нотлогдох ёстой. Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа 6 000 000 төгрөгийг төлж болох юм гэснээс биш төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргаагүй байдаг. Төлж болох юм, төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэдэг нь 2 өөр утгийг илэрхийлэх ба хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарын үгийн шууд утгаас үзвэл зээл авсан, түүнийгээ хүлээн зөвшөөрч байна гэх агуулгыг илэрхийлээгүй байх атал түүний тайлбарыг шүүхийн
шийдвэрийн үндэслэл болгосон нь ойлгомжгүй.
Анхан шатны шүүхийн шийдвэрт алданги тооцсон боловч хэзээнээс эхэлж алданги
тооцсон, хэзээ алданги авах эрх дуусгавар болсон гэх мэт үйл баримтын талаар
тодорхой дурдаж шийдвэрлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны
бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж алданги 3 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч У.О нь хариуцагч Ц.Пид холбогдуулан үндсэн зээл 6 000 000 төгрөг, алданги 3 000 000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, нийт 9 070 200 төгрөг нэхэмжилснээс хариуцагч 6 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
Шүүх хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 6 000 000 төгрөг, алдангид 3 000 000 төгрөг, нийт 9 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцэж байна.
Талуудын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 6 000 000 төгрөг, 2 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөх тухай гэрээ бичгээр байгуулагдсан байх ба гэрээний зүйлийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлдэгчид зээлдүүлэгчээс шилжүүлсэн нь гэрээний 3.4-т зээлийг бэлнээр 2018.09.27-ны өдөр зээлдэгчид хүлээлгэн өгсөн талаар бичсэнийг нотариатаар гэрчлүүлсэн байгаагаар нотлогджээ. /хх9-10/
Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв болжээ. Хариуцагч нь бодитоор мөнгө авсан зүйлгүй, н.Боролдой мөнгийг авсан намайг зээлийн гэрээ байгуулчих гэсний дагуу гэрээнд гарын үсэг зурсан гэж тайлбарлах боловч энэ талаар нотолсон баримтгүй.
Түүнчлэн хариуцагч 6 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаагаас үзэхэд түүнийг мөнгийг хүлээн авсан гэж үзэхээр байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар ... зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасан бөгөөд хариуцагчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэл болохынхоо хувьд шүүхийн шийдвэрийн үндэслэл болно.
Хариуцагч зээлийн гэрээний үүрэгт нийт 6 600 000 төгрөг төлөхөөр байх боловч зээлийн төлбөрөөс 9, 10 сарын хүү төлснөөс өөр төлөлт хийгээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг тэрээр үгүйсгээгүй. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэг, гэрээний 3.7-д зааснаар хариуцагчаас үндсэн зээл 6 000 000 төгрөг, алданги 3 000 000 төгрөг, нийт 9 000 000 төгрөг гаргуулах нь зүйтэй.
Хариуцагчийн “...Шүүх алданги 3 000 000 төгрөгийг хэрхэн тооцсон, алданги авах эрх дуусгавар болсон гэх үйл баримтын талаар шийдвэртээ тодорхой тусгаагүй...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Тэрээр зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй учир гэрээний хугацаа дуусгавар болсон үеэс нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй. Иймд шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүрэг болох 6 000 000 төгрөгийн 50 хувиар хязгаарлаж 3 000 000 төгрөгийн алданги гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Хариуцагчийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна. /хх12-13/
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/02289 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Б.НАРМАНДАХ