Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 215/МА2020/00025

 

 

Ж.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Б даргалж, шүүгч Ч.Э, Т.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 133/ШШ2020/00469 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сумын Оргил баг, Цэлмэг 4-1 тоотод оршин суух, У овогтой Ж. Н-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн А чуулгад холбогдох,

ажилд эгүүлэн тогтоолгож, ажиллаж байсан 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацааны цалин болон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч Т.Ж-ны илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ж.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.Н нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ардын дуу бүжгийн “А” чуулгад 2020 оны 03 сарын 10-ны өдөр эхлэн заал зохион байгуулагч, Ёслол хүндэтгэлийн өргөөний ажилтнаар ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа ажил үүргийн ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй болно. Ажлын байрны тодорхойлолтод заасан эрх, үүрэг даалгаврыг хангалттай биелүүлэн үнэнч шударгаар ажиллаж байсан. Гэтэл уг байгууллагын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Э нь 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Б/23 тоот тушаалаар намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн болно. Мөн ажиллаж байх хугацааны цалин олгоогүй. Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажиллаж байсан 03 дугаар сарын 10-ны өдрөөс 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацааны цалин болон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү.  Би уртын дууч, ерөөлч магтаалч хүн байна. Ардын дуу бүжгийн “А” чуулгад уртын дуучнаар ажиллаж байгаад 2017 онд хуримын ёслол хүндэтгэлийн өргөөнд гэрээгээр ажилласан. Ажиллаж байгаад 1 жилийн дараа дарга солигдоод ажлаас халагдсан. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 10-нд томилогдон ажиллаж байгаад 1 сарын дараа дарга солигдоод ажлаас халагдсан тушаалыг аваад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ажилласан хугацааны цалинг авмаар байна. Ажиллаж байсан болон ажилгүй байсан хугацааны цалинг авах шаардлага хэвээрээ байгаа. Зүгээр байж байгаад халагдсан учир гомдолтой байна. Ажилдаа эргэж ормоор байна. Албан газрын дарга халагдах тушаалыг гаргадаг. Ц.Э гэсэн тушаал авсан. Ардын дуу бүжгийн “А” чуулгад заал зохион байгуулагч байхгүй бол өөр ямар газар заал зохион байгуулагч байх ёстой юм бэ? би билетээ таслаад давхар заал зохион байгуулагчийн ажлаа хийдэг байсан. Манайх олон шат, олон хаалгатай учир байнга хянаж байдаг. Намайг ажлаас гарсны дараа кино юм уу, концерт болж байхад нэг хүүхэд хаалганы хажуу талын шатаар гараад 3 давхраас харанхуйд шат давж үсрээд доошоо нэг давхар хүртэл унаад хөл гараа хугалсан байдаг. Тэдгээрийг юу гэж боддог юм бол гэжээ.

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Н нь 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Ардын дуу бүжгийн “А” чуулгад заал зохион байгуулагч, хүндэтгэлийн өргөөний ажилтнаар ажилд орсон. Гэвч тус чуулгад ийм орон тоо байхгүй бөгөөд маркетингийн менежер зохион байгуулагч гэсэн албан тушаалын тодорхойлолтод урлагийн маркетинг менежментийн чиглэлээр Их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй мэргэжлээрээ ажилласан туршлагатай хүн байна гэж заасан байдаг. Тус чуулгын 2020 оны эхэнд батлагдсан төсөвт орон тоонд маркетинг борлуулалтын менежер, зохион байгуулагч гэсэн 1 орон тоо байдаг. Энэ орон тоон дээр уг мэргэжлээр төгссөн Э.О ажиллаж байна. Тус байгууллага нь 03 дугаар сарын цалинг 03 дугаар сарын 17-ны өдөр тавьсан боловч Ж.Н-д цалин ороогүй. Ж.Н-г ажлаас чөлөөлөх тушаалыг архив бичиг хэргийн ажилтан андуурч гаргасны улмаас Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтыг 38.1.1 дэх заалт буюу өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан гэж буруу гаргасан. Тус байгууллагад заал зохион байгуулагч, хүндэтгэлийн өргөөний ажилтан гэсэн орон тоо байхгүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болно. Түр ажилтан байсан ч байгуулах ёстой. Гэтэл хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй байсан. Өмнө нь дуучин хийж байгаад хуримын ордонд ажиллаж байсан. Би нэхэмжлэгч Ж.Н-тэй хуримын ордонд хамт ажиллаж байсан. Манайд хуримын ордонд орон тоо гэж байхгүй. 2020 оны эхэнд баталсан учир ямар ч арга зам байхгүй. Өмнөх Э.О дарга 3 сарын цалинг огт өгөөгүй байдаг. Орон тоо байхгүй учир цалин өгөх боломжгүй гэж үзсэн. 04 дүгээр сарын 13-нд халагдсан. 04 дүгээр сарын 13-аас хойш манайх кино, концерт зохион байгуулаагүй. Энэ нь зогссон байгаа. Чөлөөлөх тухай тушаалыг нарийн бичиг үндэслэлээ гаргаж дарга гарын үсэг зурдаг. Надад нарийн бичгийн өгсөн ноорог байна. Мөн маркетинг, менежер зохион байгуулагч гэсэн нэг л орон тоо байдгаас манайд заал зохион байгуулагч гэсэн орон тоо байхгүй.  2020 оны эхэнд батлагдсан Э.О даргын гарын үсэгтэй байгаа гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг үндэслэн Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “А” чуулгад холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажиллаж байсан хугацаа буюу 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацааны цалин болон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний  олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай У овогтой Ж.Н-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Ж.Н миний бие 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “А” чуулгад заал зохион байгуулагч, ёслол хүндэтгэлийн өргөөний ажилтнаар томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/23 тоот тус байгууллагын даргын үүргийг хавсран гүйцэтгэгч Ц.Э-ын хууль бус, үндэслэлгүй тушаалаар намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн. Миний бие өөрийн зөрчигдсөн эрх ашигаа хамгаалуулахаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж хандсан боловч шүүх нь 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд 469 дугаартай шийдвэрээр хуулийг буруу тайлбарлаж, намайг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэсэн хуулийн заалтыг баримталж ажлаас хууль бусаар чөлөөлсөн байхад уг нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр хэтэрхий нэг талыг баримтлан үндэслэлгүйгээр миний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хариуцагч Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “А” чуулгын дарга нь намайг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр чуулгын үндсэн ажилтнаар томилж ажиллуулсан бөгөөд миний бие бүхэл бүтэн нэг сарын хугацаанд бие сэтгэлээ зориулан хөдөлмөрлөсөн миний хичээл зүтгэл хөдөлмөрийг үнэлэхгүй, надад цалин хөлс олгохгүй, миний хөдөлмөрийг доройтуулсан хууль бус шийдвэр гаргасныг зөв гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 469 дугаар шийдвэрийг хүчингүй болгож миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг шийдвэрлэхдээ зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулж үнэлж дүгнээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Н нь Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “А” чуулгад холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажиллаж байсан хугацааны цалин буюу 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хугацааны цалин, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Ажил олгогч Ардын дуу бүжгийн А чуулга нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.1 дэх заалтыг баримтлан Ж.Н-г тус чуулгын заал зохион байгуулагч, хүндэтгэлийн өргөөний ажилтнаас чөлөөлөх тухай тушаалыг гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ж.Н нь шүүхэд хандаж би өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргаагүй гэж, хариуцагч байгууллагын архив бичиг хэргийн ажилтан Н.О ажлаас чөлөөлөх тухай уг тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1 гэхийг 38.1.1 гэж хайхрамжгүй алдаатай гаргасан гэж тайлбарласан байна.

 

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тохиолдолд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримтлах шаардлагатай бөгөөд ажил олгогч Ардын дуу бүжгийн “А” чуулга нь Ж.Н-г ажлаас чөлөөлөхдөө дээрх хуулийн заалтыг баримтлаагүйгээс уг тушаал нь эрх зүйн хувьд алдаатай болсон байна.

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан ажилтныг ажлаас чөлөөлөхөд нэг сарын өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж, баталгаажуулах тухай хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй, хариуцагчаас 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр мэдэгдэх хуудас гардуулж 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь буруу байна.

 

Ж.Н-г 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр үндсэн ажилтнаар томилохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.6 дахь заалтыг үндэслэн гэж ажилд томилсон хэдий ч Хөдөлмөрийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “...ажил олгогч буюу түүний эрх бүхий албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй...” гэж заасныг хэрхсэн эсэх нь тодорхойгүй, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам мөн хэрэгт байхгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Ж.Н-г Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “А” чуулгын Заал зохион байгуулагч, хүндэтгэлийн өргөөний ажилтны ажилд эгүүлэн тогтоож, харин түүний ажиллаж байх хугацааны болон ажилгүй байх хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Ж.Н нь 2017 оны 03 дугаар сараас хойш ямар ажил үүрэг гүйцэтгэж, хэдэн төгрөгний цалин авч байсан нь тодорхойгүй, түүнийг нотлох баримт хэрэгт байхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг нэхэмжлэгч нотлож чадаагүй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 133/ШШ2020/00469 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ж.Н-г Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “А” чуулгын Заал зохион байгуулагч, ёслол хүндэтгэлийн өргөөний ажилтнаар эгүүлэн тогтоож, ажиллаж байх хугацааны болон ажилгүй байх хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

 

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ардын дуу бүжгийн “А” чуулгаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай...” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

      

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ш.Б

                             ШҮҮГЧИД                                Ч.Э

                                                             Т.Ж