Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 133/ШШ2020/00469

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сумын Оргил баг, Цэлмэг 4-1 тоотод оршин суух, У овогтой Ж-ийн Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Говь-Алтай аймгийн АДБАЧ-д холбогдох,

ажилд эгүүлэн тогтоолгож, ажиллаж байсан 03 дугаар сарын 10-ны өдрөөс 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацааны цалин болон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний  олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж-ийн Н нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын “Ардын дуу бүжгийн Алтай чуулга”-д 2020 оны 03 сарын 10-ны өдөр эхлэн заал зохион байгуулагч, Ёслол хүндэтгэлийн өргөөний ажилтнаар ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа ажил үүргийн ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй болно. Ажлын байхны тодорхойлолтод заасан эрх, үүрэг даалгаврыг хангалттай биелүүлэн үнэнч шударгаар ажиллаж байсан. Гэтэл уг байгууллагын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Э нь 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Б/23 тоот тушаалаар намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн болно. Мөн ажиллаж байх хугацааны цалин олгоогүй. Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажиллаж байсан 03 дугаар сарын 10-ны өдрөөс 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацааны цалин болон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний  олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр бичилт хийлгэж өгнө үү.  Би уртын дууч, ерөөлч магтаалч хүн байна. Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад уртын дуучнаар ажиллаж байгаад 2017 онд хуримын ёслол хүндэтгэлийн өргөөнд гэрээгээр ажилласан. Ажиллаж байгаад 1 жилийн дараа дарга солигдоод ажлаас халагдсан. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 10-нд томилогдон ажиллаж байгаад 1 сарын дараа дарга солигдоод ажлаас халагдсан тушаалыг аваад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ажилласан хугацааны цалинг авмаар байна. Ажиллаж байсан болон ажилгүй байсан хугацааны цалинг авах шаардлага хэвээрээ байгаа. Зүгээр байж байгаад халагдсан учир гомдолтой байна. Ажилдаа эргэж ормоор байна. Албан газрын дарга халагдах тушаалыг гаргадаг. Энхболд гэсэн тушаал авсан. Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад заал зохион байгуулагч байхгүй бол өөр ямар газар заал зохион байгуулагч байх ёстой юм бэ? би билетээ таслаад давхар заал зохион байгуулагчийн ажлаа хийдэг байсан. Манайх олон шат, олон хаалгатай учир байнга хянаж байдаг. Намайг ажлаас гарсны дараа кино юм уу, концерт болж байхад нэг хүүхэд хаалганы хажуу талын шатаар гараад 3 давхраас харанхуйд шат давж үсрээд доошоо нэг давхар хүртэл унаад хөл гараа хугалсан байдаг. Тэдгээрийг юу гэж боддог юм бол гэв.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Н нь 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Ардын дуу бүжгийн Алтай чуулгад заал зохион байгуулагч, хүндэтгэлийн өргөөний ажилтнаар ажилд орсон. Гэвч тус чуулгад ийм орон тоо байхгүй бөгөөд маркетингийн менежер зохион байгуулагч гэсэн албан тушаалын тодорхойлолтод урлагийн маркетинг менежментийн чиглэлээр Их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай хүн байна гэж заасан байдаг. Тус чуулгын 2020 оны эхэнд батлагдсан төсөвт орон тоонд маркетинг борлуулалтын менежер, зохион байгуулагч гэсэн 1 орон тоо байдаг. Энэ орон тоон дээр уг мэргэжлээр төгссөн Э.Оюунсувд ажиллаж байна. Тус байгууллага нь 03 дугаар сарын цалинг 03 дугаар сарын 17-ны өдөр тавьсан боловч Ж.Н-д цалин ороогүй. Ж.Н-г ажлаас чөлөөлөх тушаалыг архив бичиг хэргийн ажилтан андуурч гаргасны улмаас Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтыг 38.1.1 дэх заалт буюу өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан гэж буруу гаргасан. Тус байгууллагад заал зохион байгуулагч, хүндэтгэлийн өргөөний ажилтан гэсэн орон тоо байхгүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болно. Түр ажилтан байсан ч байгуулах ёстой. Гэтэл хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй байсан. Өмнө нь дуучин хийж байгаад хуримын ордонд ажиллаж байсан. Би нэхэмжлэгч Ж.Н-тэй хуримын ордонд хамт ажиллаж байсан. Манайд хуримын ордонд орон тоо гэж байхгүй. 2020 оны эхэнд баталсан учир ямар ч арга зам байхгүй. Өмнөх Отгонбаатар дарга 3 сарын цалинг огт өгөөгүй байдаг. Орон тоо байхгүй учир цалин өгөх боломжгүй гэж үзсэн. 04 дүгээр сарын 13-нд халагдсан. 04 дүгээр сарын 13-аас хойш манайх кино, концерт зохион байгуулаагүй. Энэ нь зогссон байгаа. Чөлөөлөх тухай тушаалыг нарийн бичиг үндэслэлээ гаргаж дарга гарын үсэг зурдаг. Надад нарийн бичгийн өгсөн ноорог байна. Мөн маркетинг, менежер зохион байгуулагч гэсэн нэг л орон тоо байдгаас манайд заал зохион байгуулагч гэсэн орон тоо байхгүй.  2020 оны эхэнд батлагдсан Отгонбаатар даргын гарын үсэгтэй байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Ж.Н-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 Нэхэмжлэгч Ж.Н нь Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн Алтай чуулгад холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажиллаж байсан  хугацааны цалин буюу 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацааны цалин, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний  олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхээр нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч Ж.Н нь Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн Алтай чуулгат 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл Заал зохион байгуулагч, хүндэтгэлийн өргөөний ажилтнаар ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн Алтай чуулгын даргын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/22 дугаартай “үндсэн ажилтан томилох тухай” тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар, мөн тус чуулгын даргын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/23 дугаартай “Ж.Нг ажлаас чөлөөлөх тухай” тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул хөдөлмөрийн харилцааны явцад үүссэн, шүүхэд харъяалагдах асуудлаар шүүхэд уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлыг шүүх хянан шийдвэрлэхээр заасан байх тул нэхэмжлэгч Ж.Н нь уг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь хэргийн харъяалал  зөрчөөгүй байна.

Ж.Н нь “Ж.Н-г ажлаас чөлөөлөх тухай” 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/23 дугаартай тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ...ажилтан ажлаас буруу халсан ... тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасны дагуу 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гаргасан нь  хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй хуулийн хугацаандаа гаргасан байна.

Ж.Нг Заал зохион байгуулагч, хүндэтгэлийн өргөөний ажилтны үүрэгт ажлаас чөлөөлсөн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/23 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалт, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.1 дэх хэсгийг тус тус үндэслэжээ.

Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсгийг баримталж тушаалаа гаргасан нь хуульзүйн үндэслэлгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэгч талын уг үндэслэлийг нотлох баримтуудыг судалж эрхзүйн дүгнэлт хийхэд ажлаас чөлөөлөх тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.1 дэх хэсгийг буюу ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах заалтыг үндэслэн заасан байгаа боловч тушаах хэсгийн 1 дэх заалтад үндэслэлээ “...Алтай чуулгад Заал зохион байгуулагч, Хүндэтгэлийн өргөөний ажилтны батлагдсан орон тоо байхгүй” гэх үндэслэлээр чөлөөлсөн талаар заасан байгаа болон зохигчдын харилцан зөрүүгүй тайлбараас үзэхэд тухайн орон тоо байхгүй гэх үндэслэлээр чөлөөлсөн нь гэх байдал нь тогтоогдож байна. Дээрх заалт бичигдсэн байгаагаар шууд тайлбарлаж ажилтан ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаар чөлөөлсөн гэх байдлаар тушаалын агуулгыг тайлбарлаж дүгнэх үндэслэлгүй юм.   

Тухайлбал хавтаст хэрэгт авагдсан Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн Алтай чуулгын даргын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/01 дугаартай “Ажлын байр, орон тоо, цалингийн санг батлах тухай” тушаалаар батлагдсан Ардын дуу бүжгийн Алтай чуулгын мэргэжлийн ажлын байр, ажллах боловсон хүчний тоо, шаардлагад Ж.Нг авч ажиллуулсан орон тоо буюу Заал зохион байгуулагч, хүндэтгэлийн өргөөний ажилтны орон тоо байхгүй болох нь тогтоогдож байна.

Хариуцагч талаас татгалзлаа тайлбарлахдаа Ж.Н-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж тайлбарлаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1-д “ажил олгогч буюу түүний эрх бүхий албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй...” гэж заасан байх тул хөдөлмөрийн гэрээ байгуулах нь ажилтны үүрэг биш байна.

Иймд хэрэгт цугласан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргээс үзэхэд Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын даргын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/13 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажиллаж байсан 03 дугаар сарын 10-ны өдрөөс 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацааны цалин болон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний  олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Уг нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг үндэслэн Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажиллаж байсан хугацаа буюу 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацааны цалин болон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний  олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр бичилт хийлгэх тухай Уовогтой Ж-ийн Н-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН