Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 215/МА2020/00026

 

 

                        Аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй

                                     иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Э даргалж, шүүгч Ш.Б, Т.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 133/ШШ2020/00467 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Засаг даргын /РД:9017585/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн Солонго хорооллын 1 дүгээр байр 10 тоотод оршин суух Ж.Ц-д холбогдох

Улсын Их Хурлын гишүүний багцаас олгосон зээлийн үндсэн төлбөр 20.000.000 (хорин сая) төгрөг, алданги 27.000.000 төгрөг нийт 47.000.000 төгрөгийг аймгийн төрийн сангийн орон нутгийн ерөнхий орлогын 100050000910 тоот дансанд төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч Т.Ж-ны илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.

 

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Г шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Есөнбулаг сумын иргэн Ж.Ц 2012 онд Улсын Их Хурлын гишүүний багцаас "ХП" төсөл хэрэгжүүлэхээр 20.000.000 (хорин сая) төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацаагаар гэрээ байгуулан зээлж авсан бөгөөд төлбөрийг барагдуулах талаар удаа дараа мэдэгдсэн боловч зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд Есөнбулаг сумын иргэн Ж.Ц-аас Улсын Их Хурлын гишүүний багцаас олгосон 20.000.000 (хорин сая) төгрөгийн зээлийн төлбөрийг аймгийн төрийн сангийн орон нутгийн ерөнхий орлогын 100050000910 тоот дансанд төлүүлэх шаардлагыг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд нэмэгдүүлэн гаргахдаа: хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багт оршин суух, Ж.Ц нь 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Говь-Алтай аймагт хэрэгжүүлэхээр улсын төсвийн жижиг дунд үйлдвэр, хоршоодын үйл ажиллагааг дэмжих төсөл хөтөлбөр гэж батлагдсан хөрөнгө оруулалтын багцаас хувийн үйлчилгээний төв болох “ХП” барилгыг өргөтгөх, халаалтын асуудлыг шийдвэрлэх, цэвэр бохир шугамын засвар хийх тухай төсөл ирүүлэн улсын төсвөөс 20.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, буцаан төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулан авсан. Нэхэмжлэгч тал хариуцагч талд удаа дараагийн буюу 2015 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн 1/254, мөн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 6/469, 2019 оны 03 дугаар сарын 6/449 дүгээр албан бичгээр зээлээ буцаан төлөх мэдэгдлийг хүргүүлсэн. Гэтэл хариуцагч тал нь одоо хүртэл зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ санаатайгаар биелүүлэхгүй гэрээний үүргээ зөрчиж байна. Иймд нэхэмжлэгч тал хариуцагч талаас зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 20.000.000 төгрөг, мөн гэрээний 10 дахь заалтын дагуу “Төслийн санхүүжилт хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамын 0.1 хувийн алданги тооцохоор тусгасны дагуу алдангийн нийт хоног болох 1350 хоног, үүнээс хугацаа хэтэрсэн 1 хоногийн алдангийн мөнгөн дүн нь 20.000 төгрөг бөгөөд алдангийн нийт дүн нь 27.000.000 төгрөг, нийт 47.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа болно гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус аймгийн Есөнбулаг сумын иргэн Ж.Ц нь 20.000.000 төгрөгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Э-ын багцаас аймгийн Засаг даргын тамгын газрын санхүүжилтийн мэдэгдэх хуудас, төрийн сангийн дансны хуулгаар 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлж авсан байдаг. Уг санхүүжилтийг авахдаа "ХП" төсөл хэрэгжүүлэхээр төсөл бичиж авсан байдаг. Иймээс 20.000.000 /хорин сая/ төгрөгийг буцааж төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Төслийг санхүүжүүлээд 20.000.000 төгрөг өгөөд зээлийн гэрээ байгуулагдсан. Аймгийн Засаг даргын тамгын газар болоод аймгийн Засаг даргаас удаа дараа зээлийн төлбөр төлөх мэдэгдэл хүргүүлж байсан. 2015 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн 1/59 тоот албан бичиг, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 6/469 дугаартай албан бичиг, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 6/449 дугаартай албан бичгүүдээр удаа дараа мэдэгдэж зээлээ эргэн төлөх талаар сануулж байсан гэжээ.

 

Хариуцагч Ж.Ц нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэл мэдэхгүй. Зээлийг авахдаа байшингийн халаалт, хашаа татна гэж хэлж авсан. Тэр хашаандаа зарцуулагдсан. 80 метр газраас татсан байдаг. Энэ талаар тодорхой бичиж өгсөн байгаа. Би гарын үсэг зурж хүлээж авсан зүйл байхгүй. Тухайн үед өндөр хүүтэй мөнгө авч байсан. ХП-гаас тэгж их өндөр ашиг олсон зүйл байхгүй. Би ээж дүү хоёроо харж хандаж, орох оронтой болгох ааваас захисан хүлээсэн үүрэг байгаа. Би одоо ч гэсэн банкны өндөр зээл төлж байна. Хуучин бараа баазын хашаа байсан учир инженерийн шугам сүлжээгүй. Эргэж буцалтгүй гэж батламжтай өгсөн. Би 2, 3 удаа нүүсэн учир түүнийг хайгаад олохгүй байгаа гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Говь-Алтай аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй, Ж.Ц-д холбогдох, Улсын Их Хурлын гишүүний багцаас олгосон зээлийн төлбөр 20.000.000, алданги болох 27.000.000, нийт 47.000.000 /дөчин долоон сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Э.Л нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Э.Л бид Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 133/ШШ2020/00467 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтыг үндэслэн Говь-Алтай аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй, Ж.Ц-д холбогдох Улсын Их Хурлын гишүүний багцаас олгосон зээлийн төлбөр 20.0 сая төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэглэвэл зохих хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

Аймгийн Засаг даргын зүгээс хариуцагчид 2015 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн 1/59 дугаар албан бичиг, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 6/469 дугаар албан бичиг, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 6/469 дугаар албан бичгээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2 дахь хэсэгт заасны дагуу үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацааг өгч байсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрхэд хүргэсэн шалтгаан зэрэг хэргийн нөхцөл байдлыг уялдуулж, хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.

Талууд мэтгэлцээгүй байхад тодорхой үндэслэлгүйгээр гэрээгээр хүлээсэн үүргээ зохих хугацаанд биелүүлээгүй байхад мөн хариуцагч шаардлагын эсрэг хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг тодорхой гаргаж тавиагүй, шүүх хариуцагчийн тодорхой тайлбаргүйгээр хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг тайлбарлаж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 82 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар 25.2.2  дахь заалтын агуулгад нийцээгүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн учир Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 133/ШШ2020/00467 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад анхан шатны шүүхийн шийдвэр нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг дарга нь хариуцагч Ж.Ц-д холбогдуулан Улсын Их Хурлын гишүүний багцаас олгосон зээлийн төлбөр болох 20.000.000 төгрөг, алданги 27.000.000 төгрөг, нийт 47.000.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Ж.Ц нь 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр  “ХП” төсөл хэрэгжүүлэх, нөгөө талаас аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс санхүүжүүлэгчийг төлөөлж /Улсын Их Хурлын гишүүний багц/ гэх тус аймагт хэрэгжүүлэхээр улсын төсвийн жижиг дунд үйлдвэр, хоршоодын үйл ажиллагааг дэмжих төсөл хөтөлбөр гэж батлагдсан хөрөнгө оруулалтын багцаас 20.000.000 төгрөгийг авч, 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр буцаан төлөхөөр гэрээ байгуулжээ.

 

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар “ХП” төсөл эргэн төлөгдөх нөхцөлтэй, хүүгүй зээл хэлбэрээр олгогдсон болох нь тогтоогдож байгаа бөгөөд Ж.Ц нь уг төслийн хүрээнд 20.000.000 төгрөгийг өөрийн дансаар авсан болох нь тогтоогдсон, хариуцагч энэ талаар маргаагүй байна.

Хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараар талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэсэн атлаа хариуцагч маргаагүй байхад шүүх өөрөө Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэж аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй, Ж.Ц-д холбогдох зээлийн төлбөр болох 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу бөгөөд энэ нь талуудын зарчмыг алдагдуулсан байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2 дахь хэсэгт зааснаар “...Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно...” гэсний дагуу  2015 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн 1/254 дугаар албан бичиг, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 6/469 дугаар албан бичиг, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 6/449 дугаар албан бичгүүдээр мэдэгдэл хүргүүлж, тухай бүр үүрэг гүйцэтгэх хугацааг сунгаж байсан байна.  

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа уг зээлийн асуудлыг хариуцсан хүмүүс болон Засаг дарга нар хариуцагчийг дуудаж уулзах бүрт зээл төлөх хугацааг хойшлуулж өгнө үү? Зээлийг төлөх болно гэж хүсэлт тавьж байсны дагуу хойшлогдож ирсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй болох нь Ж.Ц-д өгч байсан албан бичгүүдээр тогтоогдож байна. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх нөхцөл байдал бий болоогүй байгаа тул нэхэмжлэгчийн шаардсан үндсэн нэхэмжлэлийн шаардлага 20.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, гэрээнд заасан хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги тооцож төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

  Харин Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 20.000.000 төгрөгийн 50 хувь болох 10.000.000 төгрөгийн анзыг гаргуулах нь зүйтэй байна. Тиймээс гэрээний үндсэн үүрэг 20.000.000 төгрөг, алданги 10.000.000 төгрөг нийт 30.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 17.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 133/ШШ2020/00467 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Ж.Ц-аас зээлийн төлбөр 20.000.000 төгрөг, алданги 10.000.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар, Санхүү төрийн сангийн дансанд оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 17.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагч Ж.Ц-аас улсын тэмдэгтийн хураамжид 307.950 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай...” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ч.Э

ШҮҮГЧИД                          Ш.Б

                                                  Т.Ж