Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 133/ШШ2020/00467

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Засаг даргын /РД:9017585/ нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн Солонго хорооллын 1 дүгээр байр 10 тоотод оршин суух Ж-ийн Ц-д холбогдох

 

Улсын Их Хурлын гишүүний багцаас олгосон зээлийн үндсэн төлбөр 20000000 (хорин сая) төгрөг, алданги 27.000.000 төгрөг нийт 47.000.000 төгрөгийг аймгийн төрийн сангийн орон нутгийн ерөнхий орлогын 100050000910 тоот дансанд төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүх 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөриргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бат-Очир, Э.Л, хариуцагч Ж.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч Ж.Ганбатын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Есөнбулаг сумын иргэн Ж.Ц 2012 онд Улсын Их Хурлын гишүүний багцаас "Хатан плаза" төсөл хэрэгжүүлэхээр 20000000 (хорин сая) төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацаагаар гэрээ байгуулан зээлж авсан бөгөөд төлбөрийг барагдуулах талаар удаа дараа мэдэгдсэн боловч зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд Есөнбулаг сумын иргэн Ж.Цаас Улсын Их Хурлын гишүүний багцаас олгосон 20000000 (хорин сая) төгрөгийн зээлийн төлбөрийг аймгийн төрийн сангийн орон нутгийн ерөнхий орлогын 100050000910 тоот дансанд төлүүлэх шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд нэмэгдүүлэн гаргахдаа: хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багт оршин суух, Жагдагийн Цогбадрах нь 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Говь-Алтай аймагт хэрэгжүүлэхээр улсын төсвийн жижиг дунд үйлдвэр, хоршоодын үйл ажиллагааг дэмжих төсөл хөтөлбөр гэж батлагдсан хөрөнгө оруулалтын багцаас хувийн үйлчилгээний төв болох “Хатан Плаза” барилгыг өргөтгөх, халаалтын асуудлыг шийдвэрлэх, цэвэр бохир шугамын засвар хийх тухай төсөл ирүүлэн улсын төсвөөс 20.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, буцаан төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулан авсан. Нэхэмжлэгч тал хариуцагч талд удаа дараагийн буюу 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1/254, мөн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 6/469, 2019 оны 03 дугаар сарын 6/449 дүгээр албан бичгээр зээлээ буцаан төлөх мэдэгдлийг хүргүүлсэн. Гэтэл хариуцагч тал нь одоо хүртэл зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ санаатайгаар биелүүлэхгүй гэрээний үүргээ зөрчиж байна. Иймд нэхэмжлэгч тал хариуцагч талаас зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 20.000.000 төгрөг, мөн гэрээний 10 дахь заалтын дагуу “Төслийн санхүүжилт хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамын 0.1 хувийн алданги тооцохоор тусгасны дагуу алдангийн нийт хоног болох 1350 хоног, үүнээс хугацаа хэтэрсэн 1 хоногийн алдангийн мөнгөн дүн нь 20.000 төгрөг бөгөөд алдангийн нийт дүн нь 27.000.000 төгрөг, нийт 47.000.000 төгрөгийг нэхэмжлэж байгаа болно гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бат-Очир нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус аймгийн Есөнбулаг сумын иргэн Ж.Ц нь 20.000.000 төгрөгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаярын багцаас аймгийн Засаг даргын тамгын газрын санхүүжилтийн мэдэгдэх хуудас, төрийн сангийн дансны хуулгаар 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлж авсан байдаг. Уг санхүүжилтийг авахдаа "Хатан плаза" төсөл хэрэгжүүлэхээр төсөл бичиж авсан байдаг. Иймээс 20.000.000 /хорин сая/ төгрөгийг буцааж төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Төслийг санхүүжүүлээд 20.000.000 төгрөг өгөөд зээлийн гэрээ байгуулагдсан. Аймгийн Засаг даргын тамгын газар болоод аймгийн Засаг даргаас удаа дараа зээлийн төлбөр төлөх мэдэгдэл хүргүүлж байсан. 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1/59 тоот албан бичиг, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 6/469 дугаартай албан бичиг, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 6/449 дугаартай албан бичгүүдээр удаа дараа мэдэгдэж зээлээ эргэн төлөх талаар сануулж байсан гэв.

 

Хариуцагч Ж.Ц нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэл мэдэхгүй. Зээлийг авахдаа байшингийн халаалт, хашаа татна гэж хэлж авсан. Тэр хашаандаа зарцуулагдсан. 80 метр газраас татсан байдаг. Энэ талаар тодорхой бичиж өгсөн байгаа. Би гарын үсэг зурж хүлээж авсан зүйл байхгүй. Тухайн үед өндөр хүүтэй мөнгө авч байсан. Хатан плазагаас тэгж их өндөр ашиг олсон зүйл байхгүй. Би ээж дүү хоёроо харж орох оронтой болгох ааваас захисан хүлээсэн үүрэг байгаа. Би одоо ч гэсэн банкны өндөр зээл төлж байна. Хуучин бараа баазын хашаа байсан учир инженерийн шугам сүлжээгүй. Эргэж буцалтгүй гэж батламжтай өгсөн. Би 2, 3 удаа нүүсэн учир тэрийг хайгаад олохгүй байгаа гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг дарга нь Ж.Ц-д холбогдуулан Улсын Их Хурлын гишүүний багцаас олгосон зээлийн төлбөр болох 20.000.000 төгрөг, алданги 27.000.000 төгрөг, нийт 47.000.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт ...мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Хариуцагч Ж.Ц-ын “Хатан плаза” төслийг дэмжиж Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаярын гишүүний багц-ын жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор олгосон зээлийг 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагчийн ХААН банкны 5315255243 дансанд 20.000.000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч Ж.Ц өөрийн дансанд орж ирсэн 20.000.000 төгрөгийг ашигласан талаар зохигчид маргахгүй байх тул зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаа дууссанаар зээлдэгчээс буцаан гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэгэн үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байхаар Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасан ба мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заажээ.

 

Маргааны зүйл болох Улсын Их Хурлын гишүүний багцаас олгосон зээлийн гэрээ нь 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдаж, 20.000.000 төгрөг хариуцагчийн дансанд шилжин орсноор үүрэг гүйцэтгэх хугацаа 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр буюу 3 жилийн хугацаатай байх бөгөөд талууд уг хугацаан дээр маргаагүй байна.

 

Гэтэл хариуцагч Ж.Ц зээл биш, тусламжаар олгож байна гэж ойлгосон хэмээн маргаж байх ба нэхэмжлэгч талаас гаргасан зээлийн гэрээнд зааснаар  зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх сүүлийн хугацаа нь 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дууссанаас хойш хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа буюу гурван жил өнгөрсөн байх тул гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хуулинд хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс буюу эрх нь зөрчигдсөн, зөрчигдсөнийг мэдсэн үеэс эхлэн тоолохоор заасан ба нэхэмжлэгч нь хуулийн энэхүү нөхцлийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байгаа тул шүүх гэрээний хугацаа дууссан хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэлтэй байна.

 

Мөн уг хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тасалдах нөхцөл байдал бий болоогүй, энэ талын баримт хэрэгт байхгүй байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндсэн хоёр ойлголтыг зохицуулсан бөгөөд шүүх, арбитрт нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг гүйцэтгэгч хүлээсэн этгээд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдахаар заасан байна. Хэлэлцэж байгаа хэргийн хувьд дээрх байдлаар хөөн хэлэлцэх хугацаа  тасалдсан гэж үзэх ямар нэг нотлох баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаагүй бөгөөд харин хэрэгт авагдсан зээлээ төлөх талаарх мэдэгдлүүдийн хувьд хариуцагч эдгээрийг хүлээж аваагүй гэж тайлбарлаж байх ба хүлээлгэн өгсөн гэх баримтгүйн дээр дээр дурдсан хуулийн зохицуулалтад хамаарч хөөн хэлэлцэх хугацаа тасалдах нөхцлийг бий болгосон агуулгагүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг үндэслэн Говь-Алтай аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй, Ж.Ц-д холбогдох Улсын Их Хурлын гишүүний багцаас олгосон зээлийн төлбөр болох 20.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Говь-Алтай аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй, Ж-ийн Ц-д холбогдох, Улсын Их Хурлын гишүүний багцаас олгосон зээлийн төлбөр 20.000.000, алданги болох 27.000.000, нийт 47.000.000 /дөчин долоон сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

          

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ                          Ц.ҮЙТҮМЭН