Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2017/0438/З |
Дугаар | 221/МА2017/0858 |
Огноо | 2017-12-06 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2017/0858
2017 оны 12 сарын 06 өдөр Дугаар 221/МА2017/0858 Улаанбаатар хот
Ж.Б-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, Д.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 704 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Ж.Б-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүх шийдвэртээ: Төрийн албаны тухай хулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.1, 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.4, 25 дугаар зүйлийн 25.1.1, Татварын Ерөнхий хуулийн 231.1, 271 дугаар зүйлийн 271.6.3, 30 дугаар зүйлийн 3.1.5, 30.1.7, 73 дугаар зүйлийн 73.2.5-д заасныг тус тус баримтлаан Татварын Ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А\98 тоот тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн Орлогын Эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулах мөн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх Ж.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 128\ШШ2017\0704 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б-ын зүгээс дараах үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүх шийдвэрийнхээ 14 дүгээр талд “Гааль, татварын ерөнхий газрын даргын А\88 дугаар тушаалаар бүтцийн шинэчлэл хийгдэж Статистик, эрсдлийн удирдлагын тасагт хамаарч байсан орлогын эдийн засагчийн чиг үүрэг Орлогын тасагт ирснээр орлогын эдийн засагчийн чиг үүрэг Орлогын тасагт ирснээр орлогын эдийн засагчийн үүрэгт ажлыг улсын байцаагч Ж.Б-д хариуцуулсаныг өөр ажил, албан тушаалд сэлгэсэн буюу шилжүүлсэн гэж үзэхээргүй бөгөөд татварын байгууллагад энэ мэт зохион байгуулалтын томилтууд байнга хийгддэг практик байдагтай нэхэмжлэгч маргаагүй байна” гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
Нэхэмжлэгч өөрийн ажиллаж байсан татварын байгууллагад зохион байгуулалтын томилгоонууд байнга хийгддэг практик байдгийг үгүйсгээгүй ч өөр ажил, албан тушаалд шилжүүлэхээсээ өмнө ажилтанд урьдчилан танилцуулж зөвшөөрлийг нь авдаг байсан гэж тайлбарласан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татварын улсын байцаагчийг татварын хэлтэс дотор нь өөр ажилд шилжүүлэхэд өөрөөс нь урьдчилан зөвшөөрөл авах шаардлагагүй гэж тайлбарласан боловч татварын хэлтсийн даргад төрийн албан хаагчийн санал, зөвшөөрлийг авахгүйгээр ажлыг нь бүрмөсөн өөрчлөх эрх Төрийн албаны тухай хуулийн 23 дугааар зүйлийн 23.1.1-д зааснаас бусад тохиолдолд, мөн бусад хуулиар олгогдоогүй. Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д заасан “төрийн алба мэргэшсэн, тогтовортой байх” зарчмыг зөрчсөн болно.
Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн Статистик, эрсдлийн удирдлагын тасагт хамаарч байсан оролгын эдийн засагчийн чиг үүрэг Орлогын тасагт ирсний дараа татварын хэлтсийн дарга орлогын эдийн засагчийн үүрэгт ажлыг Ж.Б-д хариуцуулах тухай тушаал гаргахдаа өөрөөс нь урьдчилан асуугаагүй, зөвшөөрөл аваагүй үндэслэлээр нэхэмжлэгч гомдол гаргасан. Орлогын эдийн засагчийн үүрэгт ажлыг Ж.Б-д хариуцуулах тухай 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн тушаал нь үнэн хэрэгтээ Ж.Б-г өөр ажил, албан тушаалд шилжүүлсэн шийдвэр болсон. Учир нь Ж.Б уг тушаал гарахаас өмнө аж ахуй нэгж хариуцсан улсын байцаагчийн ажлыг хийж байсан бөгөөд дээрх тушаал гарсаны дараа Орлогын тасагт шилжиж ирсэн орлогын эдийн засагч н.Б-д өөрийн хийж байсан аж ахуй нэгж хариуцсан улсын байцаагчийн ажлыг хүлээлгэн өгсөн юм. Харин орлогын эдийн засагч н.Б-аас орлогын эдийн засагчийн ажлыг хүлээлгэн өгсөн юм. Харин орлогын эдийн засагчийн ажлыг хүлээж авахаас Ж.Б биеийн эрүүл мэндийн байдал муу болон дээр дурдсан үндэслэлээр татгалзсан.
Гэтэл анхан шатны шүүх Ж.Б-ийн өмнө нь эрхэлж байсан чиг үүрэг, ажлын байрны нэр бүхэлдээ өөрчлөгдсөн байхад өөр ажил, албан тушаалд сэлгэсэн буюу шилжүүлсэн гэж үзэхээргүй байна гэж буруу дүгнэсэн. Төрийн албан хаагчийг өөр ажил, албан тушаалд бүрмөсөн шилжүүлэх харилцааг Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд л заасан байхад түүнд заагдаагүй үндэслэлээр нэхэмжлэгчийг орлогын эдийн засагч болгосон юм. Төрийн албаны тухай хуулийг зөрчиж гарсан тушаалыг хуульд нийцсэн шийдвэр гэж үзэх боломжгүй тул уг тушаалыг биелүүлээгүйн төлөө ёс зүйн зөрчил гаргасанд тооцсон хариуцагчийн шийдвэрийг шүүх зөвтгөсөн нь үндэслэлгүй болсон.
Хариуцагчийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/98 тоот тушаал Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх ёс зүйн салбар хорооны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 16/03 тоот дүгнэлтээс хойш 5 сарын дараа гарсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Сахилгын зөрчлийн илрүүлснээс хойш 1 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасныг зөрчсөн байхад шүүх дүгнэлт өгсөнгүй.
Хариуцагчийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/98 тоот тушаалд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн холбогдох заалтыг хэрэглээгүй зөрчлийг шүүх маргаан бүхий актыг хүчингүй болгосон үндэслэл болохгүй гэж үзсэн нь буруу юм.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 128\ШШ2017\0704 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү”. гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаан шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ж.Б нь “Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/98 тоот тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан Баянхонгор аймгийн Татварын хэлтэсийн Орлогын хэлтсийн орлогын эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулах мөн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Н-т хуваарилсан байна.
2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 3417 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2017 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 707 дугаар тогтоолоор “А.Н шүүгчийг ээлжийн амралтаа авч байгаа” гэсэн үндэслэлээр уг хэргийг шүүгч Н.Д-д шилжүүлсэн байх боловч 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хэргийг А.Н шүүгч шийдвэрлэсэн байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.2-д заасны дагуу томилогдсон шүүгч хэргийг хянан шийдвэрлээгүй байгаа нь мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.2-т заасан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэл болох тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.2 дахь заалтын удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 704 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Ц.ЦОГТ