Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 251

 

О.Г-т  холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 250 дугаар магадлалтай, О.Г-т  холбогдох 1806046212012 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхсайханы гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 5  дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Д овогт О.Г нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, 11.7 дугаар зүйлийн 2.1-т заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Г-т  Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.Г-ийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 33 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 264 цагийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч, нийт эдлэх ялыг 36 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч О.Г-т  холбогдох хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхсайхан гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэж зүйлчилсэн. Давж заалдах шатны шүүх “...11 сартай Нарансолонгыг байнга тарчлаасан нөхцөл байдалд амьдруулж байсан нь ...тогтоогдож байна. Дээрх байнгын шинжтэй тохиолдолд хэн, хэзээ, хэдэн удаа гэсэн тооны болон цаг хугацааны асуудал огт хамаарахгүй...” гэж дүгнэсэн.

Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг ерөнхийлөн хамааруулж тайлбарлаж болохгүй. Эрүүгийн гэмт хэрэг нь тодорхой бүрэлдэхүүний онцлогтой, гэмт хэргийн тодорхой шинжийг агуулсан байхыг хуулиар нарийвчлан тогтоосон байдаг. Тиймээс зарим үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт хуулиар тогтоож, зарим үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдоггүй. “Байнга гэдэг ойлголт ч тодорхой хэмжээ хязгаартай, хууль зүйн ойлголт. Давж заалдах шатны шүүх хэмжээ хязгаар, цаг хугацаа огт хамаагүй гэж дүгнэсэн нь хаана ч байхгүй, эрүүгийн эрх зүй, хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцэхгүй дүгнэлт гэж үзэж байна.

Мөн тус шүүхээс “хохирогч Нарансолонгыг байнга тарчлаасан нөхцөл байдалд амьдруулсан” гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч О.Гийн хувьд өөрөө амьдрах орон гэргүй, идэх хоол, өмсөх хувцасгүй гудамжинд хаа таарсан газраа хоног төөрүүлж явдаг нэгэн. Өөрөө ч тэр тарчлаант амьдралд тарчлан амьдардаг. Тэр тарчлаант амьдралаас гарах гарцгүй, чадваргүй тул нийгмийн шоовдорлогдсон амьдралдаа зохицож яваа нэгэн. Тиймээс ч өөрийгөө хянах чадваргүй болтол элбэг олддог архины шавхрууг олж уун өдөр хоногийг өнгөрүүлдэг хүн. Түүнд иргэн хүний, эх хүний хүлээх хариуцлага, үүрэг хүлээн амьдрах эдийн засгийн ямар ч боломж байхгүй. Энэ бодит байдлыг давж заалдах шатны шүүх олж харах, үнэлэх ёстой.

Тэр хүссэндээ, үүрэг хариуцлага хүлээх чадвартайдаа хүүхэд төрүүлээгүй гэдэг нь гашуун үнэн. Тэр биологийн амьтныхаа хувьд хүүхэд төрүүлсэн. Яалт ч үгүй төрүүлсэн хүүхэд нь учир өөрийнхөө орчинд байлгахаас өөр арга байгаагүй. Тэр нь түүний тарчлаант амьдрал юм. Ямар ч боломжгүй орчин нөхцөлд байгаа түүнд, эрхээ ч эдэлж мэдэхгүй, чадахгүй хүний хувьд “үүрэг хариуцлага хүлээх” гэдэг асуудал бол цаасан дээр бичигдсэн үг гэдгийг бодитоор хүлээн зөвшөөрч үнэлэх ёстой. Шүүгдэгч О.Г нь хүүхдийн эсрэг санаатайгаар үйлдэл, эс үйлдэхүй хийгээгүй. Энэ нь түүний хүсэл байгаагүй. Иймд эрх зүйн үүднээс анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалтад нийцэж байгаа гэж үзэж болно.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтаар буруутгасныг нарийвчлан авч үзвэл 2018 оны 5 дугаар сарын 18-нд Нарансолонгыг зодож хөнгөн гэмтэл учруулсан нь нотлогдоогүй. 2018 оны 5 дугаар сарын 18-нд О.Г нь охиноо зодсон гэдгийг ямар ч гэрч хараагүй. Цагдаагийн газарт ирсэн дуудлагын агуулгад тийм мэдээлэл байхгүй, харин Цагдаагийн хэсэгт хүүхдийг авч ирэхэд хацарт болон биеийн зарим хэсэгт хөхрөлт байсан нь үнэн. Энэ хөхрөлтийг О.Г учруулсан гэдгийг нотлоогүй байж эх нь буюу О.Г хүүхдээ зодсон байж болзошгүй гэх үндэслэлээр буруутгасныг анхаарч үзэхийг хүсч байна.

Хэрэв шүүгдэгч О.Г нь үнэхээр хүүхдээ зодсон гэдэг нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзвэл тухайн хэрэг нь 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр үйлдэгдсэн. Хэрэг үйлдэгдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрч Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч байгааг анхаарч, давж заалдах шатны шүүхийн 250 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч О.Г нь архидан согтуурч 11 сартай өөрийн төрсөн хүүхдэд гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг болох нь хариуцсан газрын нийгмийн ажилтан, цагдаагийн байгууллагын ажилтан, бусад гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдсон, прокуророос гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж хэргийг зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

О.Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхдээ охиныг хаана ч хамаагүй хараа хяналтгүйгээр орхин явдаг, өлсгөж цангаадаг, зоддог байсан. Шинжээчийн дүгнэлт болон Эх нялхасын төвийн эмчийн “хохирогч ирэхдээ тураалтай, гэдэс нь гүйлгэсэн, уйлагнасан, нүүр хэсэгт хөхөрсөн, хавдсан байдалтай ирсэн” гэсэн мэдүүлэг зэрэгт дүгнэлт хийхэд 11 сартай Б.Г-ыг бие махбодийн хувьд байнга зовиур шаналалд байлгаж, тарчлаасан шинжтэй байгаа нь энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдхүүнийг хангасан гэж үзэж байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж О.Г-т  холбогдох Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэсэн хууль зүйн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхсайханы гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч О.Г-т  холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Шүүгдэгч О.Г нь 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн охин 10 сар 15 хоногтой Б.Г-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г,  гэрч Ч.О, Б.О, А.Ч нарын мэдүүлгүүд болон хохирогчийн биед үзлэг хийсэн “...тархи доргилт, баруун нүдний доод зовхи, хацар, нуруу, баруун бугалга, зүүн шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6483 дугаар дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч О.Г-ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн охинтой харгис хэрцгий харьцан зодож гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийсэн гэм буруутай гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Шүүх талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, өөрийн дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч О.Г-ийг “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй байнга буюу 3 ба түүнээс дээш удаа харгис хэрцгий харьцсан” болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй гэсэн дүгнэлт хийж, прокуророос О.Г-т  Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэв.

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Г-т  холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатын шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Харин давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцлийн дагуу шүүгдэгч О.Г-т  холбогдох хэргийг хянаад “Анхан шатны шүүх прокуророос О.Г-т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй… Шүүгдэгч О.Г өөрийн төрсөн охин 11 сартай Б.Г-ыг байнга тарчлаасан нөхцөл байдалд амьдруулж байсан нь “Нарантуул” олон улсын худалдааны төвийн худалдаачид, хорооны цагдаа, хүүхэд хамгаалах байгууллагын ажилтнуудын  мэдүүлгээр тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр тогтоогдоогүй нөхцөл байдлыг шийдвэрийн үндэслэл болгохгүй.” гэсэн заалтыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээтэй хэдий ч анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрхэн үнэлж, шүүгдэгчийн гэм буруугийн талаар ямар хууль зүйн дүгнэлт гаргахыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй болно.

Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс “Гэр бүлийн хүчирхийллийг байнгын шинжтэй үйлдсэн тохиолдолд хэн, хэзээ, хэдэн удаа гэсэн тооны болон цаг хугацааны асуудал огт хамаарахгүй” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг буруу тайлбарлажээ.

2015 оны Эрүүгийн хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан бөгөөд гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдсэн үндэслэлээр хэргийг Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд зааснаар давхар зүйлчлэх тохиолдолд тухайн үйлдлийг хэзээ, хаана, ямар хэлбэрээр, 3 ба түүнээс дээш удаа үйлдсэнийг хөдөлбөргүй тогтоосон байвал зохино.

Иймд энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч О.Г-т  холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин шүүгдэгч О.Гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэмт хэрэг үйлдэгдсэн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т заасан хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр өнгөрсөн байх тул шүүгдэгч О.Г-т  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхсайханы хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 250 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

2. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-т  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн заалтыг нэмж, тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтыг хүчингүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                    Б.ЦОГТ

                 ШҮҮГЧ                                     Б.БАТЦЭРЭН

                                                                Д.ГАНЗОРИГ

                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН