Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 83

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Уламбаяр,

улсын яллагч Б.Алтанцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гэрэлцэцэг,

шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Далай лам овогт Оюуны О.Гт холбогдох эрүүгийн 1806 0462 12012 дугаар хэргийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, “Нарантуул” ОУХТөвд хувиараа хуучин бараа зардаг гэх, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 1 дүгээр гудамж 23 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо оршин суух тодорхой хаяггүй, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 296 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдсэн, регистрийн ...............дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өөрийн төрсөн охин 11 сартай Б.Нарансолонгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

мөн 2018 оны 05 дугаар сарын 08, 18-ны өдрүүдэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн охин 11 сартай Б.Нарансолонгыг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” Олон Улсын худалдааны төвийн орчим орхиж бие махбодын шаналал зовиур үүсгэсэн,

 мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн охин 11 сартай Б.Нарансолонготой байнга харгис хэрцгий харьцаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гэрэлцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны  5 дугаар сарын 18-ны өдөр бусдад зодуулсан байдалтай түр хамгаалах байранд ирсэн. Хүүхдийг 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 16 цагт Хүүхдийн төв сувилалд шилжүүлсэн. Тухайн үед Хүүхдийн төв сувилалд очоод Батхуяг гээд хариуцсан эмчтэй нь уулзахад хүүхдийн биеийн байдал тааруухан, цэртэй ханиалгадаг, хөдөлгөөний байдал сул, баруун хацар хөхөрч хавдсан байсан. 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр дахин очиж уулзахад одоогоор хүүхдийн биеийн байдал сайн байгаа. Хоолондоо сайжирсан, хөлд ороогүй байгаа, хөдөлгөөнт дасгал хийж байгаа, орчиндоо дассан, цус багадалттай гэж хэлсэн. Өнөөдөр Батхуяг эмчтэй ... дугаарын утсаар холбогдож хүүхдийн биеийн байдлыг тодруулахад хөлд орчихсон, жингээ нөхсөн гэж хэлсэн. 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр бүх төрлийн шинжилгээ өгөхөд шинжилгээний хариу хэвийн гарсан. Одоо хүүхэд ой 7 сартай болсон.” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гэрэлцэцэгийн өгсөн: “Би 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Нарансолонго байгаа гэх Хүүхдийн төв сувилалд очиж уулзахад 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 16 цагт Хүүхэд түр хамгаалах байрны нийгмийн ажилтан Оюундарь охиныг хүргэж өгсөн байсан. Эмчлэгч ахлах эмч Ж.Батхуягтай уулзан охины биеийн байдлыг тодруулахад “Нарансолонго охин тухайн үед ирэхдээ ханиадтай, хоолонд дургүй, хөдөлгөөний идэвхи сул, цээжинд цэртэй, хүн дагаж уйлдаг, баруун хацар хөхөрч хавдсан, сульдаа өвчний хоёрдугаар зэрэг, тураалын хоёрдугаар зэргийн байдалтай ирсэн. Манайд ирснээр эмчилгээ хийгдээд юм түшиж зогсдог, ханиад хоолойны үрэвсэл эдгэж орчиндоо дасаад байж байна. Охин ерөнхийдөө цус багадалтай, биеийн байдал сайжирсан гэж хэлсэн. 2 нас хүртэл тэр сувилалд эмчлүүлж асарч байгаад 2 нас хүрсний дараа энэ охины аав, ээж, тэдгээрийн хамаатан садангаас хууль ёсны асран хамгаалагчаар тогтоох хүмүүсийг судлаад хэрэв тийм хүмүүс байхгүй бол хүүхдийн асрамжинд өгнө.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 19-20 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Оюун-Эрдэнийн өгсөн: “Би 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ажлаа хийж байсан, манай шуурхай тусламжийн баг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарантуулын арын хаалган дээрээс олсон гэж Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс дуудлага ирсэн гээд 11 сартай эмэгтэй Нарансолонго гэдэг нэртэй, баруун хацар нь хөхөрсөн, чих нь хөхөрсөн, баруун хацар нь хавдартай авчирч өгсөн, би 11:59 минутанд хүлээж, энэ хүүхэд нь гэдэс нь өвдсөн бас гүйлгээд байгаа.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 9-10 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Оюундэлгэрийн өгсөн: “...О.Гийг танина. Энэ жил хэдэн сарыг мэдэхгүй ирдэг болсон. Миний арын эгнээнд суудаг, нялх хүүхэдтэй өдөр бүр архи ууна. ...Нэг удаа согтуу хүүхдийнхээ дээр тэгнээд хэвтчихсэн байхад нь би хүүхдийг доороос нь татаж сугалаад авч байсан. Архи уусан үедээ хүүхдээ алгадаад авна. Би бүр “пизда минь чи хүүхэд зодох байсан юм бол яах гэж гаргасан юм, багад нь алчихгүй яасан юм, ямар муухай хүн бэ” гэж хэлээд хүүхдийг аваад печень, чихэр авч өгч байсан. Тэр алгадаж байсан үе нь 5, 6 сарын орчим. Өөр газар яаж ч хүүхдээ зодож байсан талаар нь мэдэхгүй. Ер нь ширүүн харьцдаг байсан. Нэг өдөр хүүхэд алга болчихлоо гээд явж байсан. Тэгсэнээ хэсэг хугацааны дараа олчихлоо аниа гээд согтуу тэвэрсэн явж байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 32 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч А.Чөдөрпүрэвийн өгсөн: “...байнга явдаг байсан. Сүүлийн хоёр cap харагдахгүй байна. Өдөр бүр согтуу хүүхдээ дагуулаад явж байдаг. Хүүхэд нь жаахан охин байсан. Согтуу хүүхэддээ ямар ч анхаарал, хайр халамж байхгүй, унагаж бэртээж болзошгүй байдалтай явж байдаг. Өөрт нь олон удаа шаардлага тавьж хэлнэ, урдаас хэрэлдээд доромжлоод “би хүүхдээ яах нь та нарт хамаагүй” гээд байдаг. Хүүхэд нь нилээн зутруу уйлсан байдалтай явдаг байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 35 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 сарын 21-ний өдрийн 6483 дугаар:

“1.  Б.Нарансолонгын биед тархи доргилт, баруун нүдний доод зовхи, хацар, нуруу, баруун бугалга, зүүн шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт,

/хх-ийн 41 дүгээр тал/

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 53 дугаар тал/

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 54, 55 дүгээр тал/

Нас тоолсон тэмдэглэл,

/хх-ийн 82 дугаар тал/

Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 67 дугаар тал/ зэрэг болно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өөрийн төрсөн охин 10 сар 15 хоногтой Б.Нарансолонгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гэрэлцэцэгийн өгсөн “...2018 оны  5 дугаар сарын 18-ны өдөр бусдад зодуулсан байдалтай түр хамгаалах байранд ирсэн. Хүүхдийг 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 16 цагт Хүүхдийн төв сувилалд шилжүүлсэн. Тухайн үед Хүүхдийн төв сувилалд очоод Батхуяг гээд хариуцсан эмчтэй нь уулзахад хүүхдийн биеийн байдал тааруухан, цэртэй ханиалгадаг, хөдөлгөөний байдал сул, баруун хацар хөхөрч хавдсан байсан. 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр дахин очиж уулзахад одоогоор хүүхдийн биеийн байдал сайн байгаа. Хоолондоо сайжирсан, хөлд ороогүй байгаа, хөдөлгөөнт дасгал хийж байгаа, орчиндоо дассан, цус багадалттай гэж хэлсэн. Өнөөдөр Батхуяг эмчтэй ... дугаарын утсаар холбогдож хүүхдийн биеийн байдлыг тодруулахад хөлд орчихсон, жингээ нөхсөн гэж хэлсэн. 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр бүх төрлийн шинжилгээ өгөхөд шинжилгээний хариу хэвийн гарсан. Одоо хүүхэд ой 7 сартай болсон.” гэх,

мөрдөн байцаалтад О.Гийн яллагдагчаар өгсөн “...Нарансолонго миний төрсөн охин, би 1.6-16 насны охин, банди хоёртой, том хүү маань Хүүхэд асрах төвд байдаг. ...Баянзүрх дүүрэг 24 дүгээр хороо, Хоршооллын 1-23 тоот хаягаар явдаг, танил ахын хаяган дээр бүртгүүлж үнэмлэх авсан. ...Яг санаатай төөрүүлж байгаагүй, энэ зун 2 удаа Нарантуул зах дээрээс алдсан, согтуу явж байгаад хүнд харуулаад тэр чигээрээ хүнээ олохгүй, олсон хүмүүс нь хүүхдийн байгууллагад өгч байсан. Санаатайгаар хаяж байгаагүй. Охиноо санаатай зодоод байдаггүй, хааяа уурлахаараа ганц нэг удаа цохиод авах төдий зүйл архи уусан үед байдаг байх, эрүүлдээ би хүүхдээ зоддоггүй. Энд тэнд би согтуу хаяад унаж бариад гэмтсэн байж болох юм, яг сайн би мэдэхгүй байна. ...ямар нэгэн шалтгаан байхгүй, архи уучихаараа л цохиод авдаг юм шиг байгаа юм. Эрүүлдээ би охиноо зодоод байдаггүй. Хүүхдээ зодох, ямар нэгэн зүйлээр дутаах, өлсгөж цангаах гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг ойлгож байна.” гэх /хх50,85/,

мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гэрэлцэцэгийн өгсөн “...эмчлэгч ахлах эмч Ж.Батхуягтай уулзан охины биеийн байдлыг тодруулахад “Нарансолонго охин тухайн үед ирэхдээ ханиадтай, хоолонд дургүй, хөдөлгөөний идэвхи сул, цээжинд цэртэй, хүн дагаж уйлдаг, баруун хацар хөхөрч хавдсан, сульдаа өвчний хоёрдугаар зэрэг, тураалын хоёрдугаар зэргийн байдалтай ирсэн. Манайд ирснээр эмчилгээ хийгдээд юм түшиж зогсдог, ханиад хоолойны үрэвсэл эдгэж орчиндоо дасаад байж байна. Охин ерөнхийдөө цус багадалтай, биеийн байдал сайжирсан гэж хэлсэн.” гэх /хх19-20/,

мөн гэрч Ч.Оюун-Эрдэнийн өгсөн “Би 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ажлаа хийж байсан, манай шуурхай тусламжийн баг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарантуулын арын хаалган дээрээс олсон гэж Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс дуудлага ирсэн гээд 11 сартай эмэгтэй Нарансолонго гэдэг нэртэй, баруун хацар нь хөхөрсөн, чих нь хөхөрсөн, баруун хацар нь хавдартай авчирч өгсөн, би 11:59 минутанд хүлээж, энэ хүүхэд нь гэдэс нь өвдсөн бас гүйлгээд байгаа.” гэх /хх9-10/,

гэрч Б.Оюундэлгэрийн өгсөн “......Нэг удаа согтуу хүүхдийнхээ дээр тэгнээд хэвтчихсэн байхад нь би хүүхдийг доороос нь татаж сугалаад авч байсан. Архи уусан үедээ хүүхдээ алгадаад авна. Тэр алгадаж байсан үе нь 5, 6 сарын орчим. Өөр газар яаж ч хүүхдээ зодож байсан талаар нь мэдэхгүй.” гэх /хх-32/,

гэрч А.Чөдөрпүрэвийн өгсөн “...Өдөр бүр согтуу хүүхдээ дагуулаад явж байдаг. Хүүхэд нь жаахан охин байсан. Согтуу хүүхэддээ ямар ч анхаарал, хайр халамж байхгүй, унагаж бэртээж болзошгүй байдалтай явж байдаг. Өөрт нь олон удаа шаардлага тавьж хэлнэ, урдаас хэрэлдээд доромжлоод “би хүүхдээ яах нь та нарт хамаагүй” гээд байдаг. Хүүхэд нь нилээн зутруу уйлсан байдалтай явдаг байсан.” гэх /хх35/ мэдүүлгүүд, хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 сарын 21-ний өдрийн 6483 дугаар дүгнэлт /хх41/, Нас тоолсон тэмдэглэл /хх82/, Төрсний бүртгэлийн лавлагаа /хх67/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч О.Гийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч О.Гийг Баянзүрх дүүргийн Прокурорын газраас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг шүүх хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Тухайлбал, Прокуророос О.Гийг 2018 оны 5 дугаар сарын 8, 18-ны өдрүүдэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн охин 11 сартай Б.Нарансолонгыг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Нарантуул” Олон Улсын худалдааны төвийн орчим орхиж, бие махбодын шаналал зовиур үүсгэсэн,

мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 11 сартай Б.Нарансолонготой байнга харгис хэрцгий харьцаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн боловч О.Г нь хэзээ, хаана, хэдэн удаа, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч О.Г нь 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн охин, 10 сар 15 хоногтой Б.Нарансолонготой харгис хэрцгий харьцан зодож гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийсэн болох нь тогтоогдож байх боловч гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга буюу 3 ба түүнээс дээш удаа зодсон, харгис хэрцгий харьцсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасны дагуу шүүгдэгч О.Г нь бага насны хохирогч Нарансолонгын эрүүл мэндэд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гэрэлцэцэг мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “2018 оны 5 сараас хойшхи хүүхдийн мөнгийг нэхэмжилж, хадгаламж нээлгүүлэх саналтай байна” гэж мэдүүлсэн боловч уг нэхэмжлэлтэй холбоотой баримтыг шүүхэд гарган өгөөгүй, энэ талаарх баримт хэрэгт байхгүй тул шүүх хэлэлцэхгүй орхив.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч О.Гт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч О.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Г нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн нийт 33 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас хасах нь зүйтэй.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгч О.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Далай лам овогт Оюуны О.Гийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар О.Гт 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Г нь 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Гийн урьд цагдан хоригдсон 33 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож 264 цагийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч, нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 36 цагаар тогтоосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, О.Г нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.  

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл О.Гт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.                

 

                     ДАРГАЛАГЧ,

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Н.ОДОНТУУЛ