Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 1839

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Өлын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/01515 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.Өлын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Ц, Д.М нарт холбогдох,

 

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн 1864136589087 тоот нэгж талбарын дугаар бүхий 642 м.кв газрыг Д.Ц, Д.М нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, хашааг чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй

642 м.кв талбай бүхий газрын шударга эзэмшигчээр тогтоолгох тухай хариуцагч Д.Мын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Д.Цгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Жавхлан,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Цолмонгэрэл,

Хариуцагч: Д.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/516 тоот захирамжийн дагуу тус дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн 1864136589087 тоот нэгж талбарын дугаар бүхий 642 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших болсон. Газартаа хашаа байшин барихаар очиход хөрш зэргэлдээ айл манай газрыг бүхэлд нь өндөр тоосгон хашаагаар хашаалсан байсан бөгөөд дотогш нэвтрүүлэхээс татгалзаж огт оруулаагүй, эзэмшлийн газраа ашиглах боломж олгоогүй.

Манай газрын зэргэлдээ газар 1501204374 нэгж талбарын дугаар бүхий газрыг иргэн Д.Ц эзэмшдэг болохыг Чингэлтэй дүүргийн Газрын албанаас тодорхойлсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Ц нь тус эзэмшлийн газраа Д.Мд арилжсан гэж тайлбарласан боловч албан ёсоор газар эзэмших эрхийг Д.Мд шилжүүлж өгөөгүй байна.

Д.Ц нь өөрийн эзэмшлийн газрыг хашаалахдаа маргаан бүхий Н.Өлын эзэмшлийн газрыг хамт хашаалсан бөгөөд бусдад арилжихдаа хоёул манай газар гэж худалдсан байна. Одоогоор Д.Цгийн газар дээр иргэн Д.М гэр бүлийн хамт өвөл, зунгүй байнга оршин суудаг гэх бөгөөд эзэмшлийн газраа хууль бусаар томруулан манай 1864136589087 тоот нэгж талбарын дугаар бүхий газрыг оруулан хашаа барьж мал аж ахуй эрхэлж байна.

Д.Ц нь Д.Мд газраа худалдсан гэх боловч газар эзэмших эрх шилжүүлсэн гэрээ хэлцэл холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Д.Мөнхжаргап нь маргаан бүхий 1864136589087 тоот нэгж талбарын дугаар бүхий 642 м.кв газрыг өөрийн амьдарч байгаа байшингийн доор байрлах 1501204374 нэгж талбарын дугаар бүхий газартай хамтад нь худалдан авсан гэх боловч албан ёсны газар эзэмших эрх шилжүүлсэн захирамж, гэрээ хэлцэл байхгүй байна.

Д.Ц нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжид зуслангийн 1864136589087 нэгж талбарын дугаар бүхий 642 м.кв газрыг бусдаас худалдаж авсан гэж тайлбарладаг боловч хууль ёсны Засаг даргын захирамжгүй, газар эзэмших ашиглах гэрээгүй, кадастрын зураг нь түүний нэр дээр газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй. Д.Ц, Д.Мөнхжаргап нар нь Н.Өлын газар чөлөөлөх шаардлагыг эсэргүүцэж, өөрийн хууль ёсны эзэмшлийн газраа ашиглах боломжоор хангахгүй байгаа тул Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжидзуслангийн 1864136589087 тоот нэгж талбарын дугаар бүхий 642 м.кв газрыг Д.Ц, Д.М нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, тус газрыг оруулан барьсан хашааг тусгаарлан албадан гаргаж чөлөөлж өгнө үү.

Д.Ц П.Баасанжаргал нарт өөрийн орон сууцыг өгч оронд нь Д.Цгийн эзэмшлийн 1501204374 нэгж талбарын дугаар бүхий бусдын газрыг хууль бусаар хашаалан авсан болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хуульд заасан ёсоор шилжүүлж авах газрын эргэлтийн цэгүүдийг хүлээлцэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул газрыг хууль ёсоор эзэмших эрхгүй, өөрийн газар гэж үзэн хашаалсан газарт нэвтрүүлэхгүй Н.Өлын газар эзэмших эрхэнд хууль бусаар халдаж байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож үндсэн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Ц, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: О.Чимгээ нь 2008 онд Б.Мөнгөнгадаст уг газрыг зарахдаа 2 гэрчилгээтэй гэхдээ нэг гэрчилгээ нь олдохгүй байгаа тул Чингэлтэй дүүргийн Газрын албанд хүсэлт гаргаад нөхөн гаргуулахаар тохирч нэг гэрчилгээг нэр дээр нь шилжүүлсэн байдаг. Уг газар нь Б.Мөнгөнгадасаас О.Энх-Одод шилжсэн бөгөөд О.Энх-Од нь манайд өртэй байсан тул өрөндөө 2010 онд шилжүүлсэн. 2011 онд О.Чимгээгийн нэр дээрх хаягдсан гэх гэрчилгээг гаргуулан авахаар шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн өгсөн. 2015 онд уг гэрчилгээгээ авахаар дахин шүүлгүүлсэн боловч өмнөх бичиг баримт нь олдохгүй байна гээд дахин материал бүрдүүлэн өг гэх шаардлага тавьсан.

Энэ асуудлаар 2016 оны 11 дүгээр сард Чингэлтэй дүүргийн Газрын албаны дарга н.Мөнх-Эрдэнэтэй удаа дараа уулзаж амаар болон бичгээр гомдол гаргаж байсан. Иймд О.Чимгээ нь гэрчилгээгээ олохгүй байна, үрэгдүүлсэн хэмээн хуурч газрыг Н.Өлд зарсан байна. О.Чимгээ нь 2005 оноос хойш газрын төлбөрийг нэг ч удаа төлөөгүй байдаг. 2008 онд Б.Мөнгөнгадаст газрыг нь өөрөө зааж өгч бүтэн хашаалуулсныг О.Чимгээ нь мэдэж байсан учир газрын гэрчилгээгээ хурдан гаргуулж аваарай гэж л хэлдэг байсан.

2016 онд өөрөө өрөнд баригдаад ирэхээрээ уг газрыг 2 000 000 төгрөгийн өрөнд өмнө нь зарсан газрыг дахин Н.Өлд зарсан байх тул О.Чимгээг шүүхэд дуудах хүсэлтэй байна. Бид уг газраа Д.Мд зарахаар болж бичиг баримт нь нэг мөр цэгцрэхээр нь нэр дээр шилжүүлж авъя гэж тохиролцоод амьдарч байгаа болно гэжээ.

 

Хариуцагч Д.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 1 дүгээр хороолол Цахилгаан станцын 3 дугаар байрны 37 тоот 3 өрөө орон сууцыг иргэн Д.Ц, П.Баасанжаргал нарын өмчлөлд шилжүүлэн оронд нь маргаан үүсгээд буй газар, хашаа, байшинг солилцож авсан. 2014 оны 07 дугаар сараас миний гэр бүл тухайн хашаа, байшин, газартаа тасралтгүй амьдарч ирсэн. Гэрээний дагуу худалдан авсан газрын шударга эзэмшигч гэж өөрийгөө үзэж олон зүйлсийг барьж байгуулан 40 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, зардал гаргаж амьдарч ирсэн. Н.Өл нь 2016 онд эзэмших эрхтэй газрыг авсан гэх бөгөөд түүнээс өмнө О.Чимгээ гэгч мөн эзэмшиж байхдаа газар эзэмших гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж газрыг зориулалтын дагуу огт ашиглаж байгаагүй юм. Миний хувьд газрыг худалдан авсан гэж ойлгож шударгаар эзэмшиж зориулалтын дагуу ашигласаар ирсэн. Иймд Д.М намайг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн 1864136589087 тоот нэгж талбарын дугаар бүхий 642 м.кв газрын шударга эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ц, Д.М нарт холбогдох Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн 1864136589087 тоот нэгжийн талбарын дугаар бүхий газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж, тус газрыг оруулан барьсан хашааг тусгаарлан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Н.Өлыг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, газрыг албадан чөлөөлж,

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн 1864136589087 тоот нэгж талбарын дугаар бүхий 642 м.кв газрын шударга эзэмшигчээр тогтоолгох тухай хариуцагч Д.Мын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Өлын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг, хариуцагч Мөнхжаргалын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Цгаас 70.200 төгрөг, хариуцагч Д.Маас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Өлд олгож, хариуцагч Д.Цгаас 196,285 төгрөг, Д.М 196,285 төгрөг нийт 392,570 төгрөгийг гаргуулж Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.Ц давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Тус хэргийн анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баасанжаргал, түүний өмгөөлөгч Б.Баднайсүрэн нар нь эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй байсан ба уг шүүх хуралдааныг хойшлуулах, биечлэн оролцох хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт хүргүүлсэн боловч хүсэлтийг харгалзан үзэлгүй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн.

Хариуцагч Д.Ц нь 2009 оны сүүлээр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Жигжидийн Задгайд байрлах тоосгон хашаа бүхий амины орон сууцыг О.Энх-Одоос худалдан авсны дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/163 захирамжаар тухайн хашааны газар болон үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авсан. Миний охин П.Баасанжаргал нь иргэн О.Энх-Одтой 2010 оны 10 дугаар сард уулзахад 1 газрын гэрчилгээ өгсөн ба яагаад нөгөө гэрчилгээ нь байхгүйг тодруулахад О.Чимгээ нь хаяж гээгдүүлсэн тул хэсэг хугацааны дараа олж өгнө гэж хэлсэн байдаг.

Гэвч үүнээс хойш 2014, 2015, 2016, 2017 онуудад Чингэлтэй дүүргийн Газрын албанд удаа дараа хандсан боловч тодорхой хариу өгөөгүй бөгөөд газрын гэрчилгээ олгох асуудлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй. Үүний улмаас газраа би өөрийн нэр дээр бүрэн шилжүүлэн авч чадаагүй байсан. Тиймээс анхан шатны шүүх дээрх баримтад үндэслэн нэхэмжлэгч Н.Өлыг эзэмших эрхтэй гэж үзсэн нь үндэслэлгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хэрэгт чухал ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа холбогдох этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтийг хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас удаа дараа хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүй.

Иймд анхан шатны шүүх нь хэргийн бодит нөхцөл байдлыг үнэн зөв дүгнээгүй, зохигч нарын шүүх хуралдаанд биечлэн оролцож эрхийг хангаагүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын хувьд өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Н.Өл нь хариуцагч Д.Ц, Д.М нарт холбогдуулан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн 1864136589087 тоот нэгжийн талбарын дугаар бүхий газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж, тус газрыг оруулан барьсан хашааг тусгаарлан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан ба хариуцагч Д.М мөн хаягт байрлах 642 м.кв газрын шударга эзэмшигчээр тогтоолгуулах сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

Н.Өл, О.Чимгээ нар 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр О.Чимгээ нь Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Жигжид зусланд байрлах 642 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхийг Н.Өлд шилжүүлсэн байх бөгөөд Чингэлтэй дүүргийн Газрын албанаас Н.Өлд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/516 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 18641326589087 дугаар бүхий 642 м.кв газрыг 15 жилийн хугацаатай Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо зуслан Жигжид хаягаар эзэмшүүлэхээр 000651629 тоот гэрчилгээг олгосон байна. /1хх4, 43/

 

Иймд маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч нь Н.Өл байна.

 

Хариуцагч Д.Ц нь дээрх маргаан бүхий газрыг Б.Алтангадасаас худалдан авсан, түүнээс гадна тухайн газрыг эзэмших эрхийг Д.Цд эрх бүхий албан тушаалтнаас олгосон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

Хариуцагч Д.Ц нь 2014 онд Д.Мын эхнэр Ж.Сарантуяатай арилжаа хийж газрыг Д.Мд шилжүүлсэн гэх боловч газар эзэмших бусдад шилжүүлэх эрхтэй байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Иймд Д.Ц болон Д.М нарыг хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажилланаад оролцуулж, нэхэмжлэл гаргасныг буруутгах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр Д.Ц, Д.М нар нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн 1864136589087 тоот нэгжийн талбарын дугаар бүхий газрыг хууль бусаар эзэмшиж байгаа тул тэдгээрийн хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлж, тус газрыг оруулан барьсан хашааг тусгаарлан чөлөөлүүлж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Д.М нь Д.Цгаас маргаан бүхий дээрх газрыг худалдан авсан гэх боловч Д.Цд газар эзэмших эрхийг эрх бүхий албан тушаалтнаас олгосон шийдвэр хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул Д.Мын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм.

 

Хариуцагч Д.Цгийн давж заалдах гомдолд “анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баасанжаргал, түүний өмгөөлөгч Б.Баднайсүрэн нар нь эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй байсан ба уг шүүх хуралдааныг хойшлуулах, шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт хүргүүлсэн байхад хүсэлтийг хүлээн аваагүй нь буруу” гэжээ.  П.Баасанжаргал, Б.Баднайсүрэн нарын хуралдаан хойшлуулах хүсэлтэд хавсаргасан эмнэлгийн магадлагаа нь Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/243 тоот тушаалын хавсралтаар батлагдсан эмнэлгийн магадлагаа гаргах журмын 4.5-д заасныг зөрчсөн, ерөнхий эмч гарын үсэг зурагдаагүй байна. Иймд энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/01515 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн

1 дэх заалтын “ Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Д.М, Д.Ц нарын хууль бус эзэмшлээс Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн 1864136589087 тоот нэгжийн талбарын дугаар бүхий газрыг чөлөөлж, тус газрыг оруулан барьсан хашааг албадан чөлөөлүүлсүгэй.” гэж өөрчлөн, найруулж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.НАРМАНДАХ

 

                                                    ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА