Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 01838

 

 

 

 

 

 

 

 

 

“ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/01825 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.М, Н.Гнарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 121 003 541 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Н.Гны гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Нармандах,

Хариуцагч: Н.Гн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н.Гнь “К” ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, орон сууц худалдах, худалдан авах зорилгоор 98 000 000 төгрөгийг 204 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлсэн. Тус зээлийн хамтран зээлдэгчээр Н.М нь орсон бөгөөд зээлийн гэрээний 7.3-т зааснаар зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх үүргийг зээлдэгчийн адилаар хүлээн, хариуцагч нар нь гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэн аль нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан.

Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож мөн өдрийн зээлийн барьцааны гэрээгээр Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Москвагийн гудамж, 133/3-р байр, 26 тоот хаягт байрших, 63,79 м.кв талбай бүхий, 1 өрөө орон сууцыг барьцаалсан.

Зээлдэгч нар 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн зээлийн хуваарьт төлбөрийн зөрчил үүсгэж, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар зээл нь 311 хоног хугацаа хэтэрсэн, нийт 121 003 541 төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байна.

Хариуцагч Н.Гн, Н.М нартай байгуулсан зээлийн гэрээг шүүхийн журмаар цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээл 91 544 603 төгрөг, зээлийн хүү 6 260 146 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 160 432 төгрөг, “К” ХХК-аас шилжиж ирсэн авлага 23 038 359 төгрөг, нийт 121 003 541 төгрөгийг гаргуулах, мөн хариуцагч Н.Гн, Н.М нар дээрх үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Москвагийн гудамж, 133/3-р байр, 26 тоот хаягт байршилтай, 63,79 м.кв талбай бүхий, 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар “К” ХХК болон Н.Гн, Н.М нарын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 37 тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Н.Гн, Н.М нараас 121 003 541 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “У” ХХК-д олгож,

хариуцагч Н.Гн, Н.М нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Масквагийн гудамж 133/3 дугаар байрны 26 тоот хаягт байршилтай, 63,79 м.кв талбайтай, Ү-2201026494 дугаарт бүртгэгдсэн, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 833 167 улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 833 167 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Н.Гдавж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн зүгээс тогтоосон хугацаанд хариу тайлбар өгөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй тул хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзсэнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шүүх хуралдаан хойшилсон тухай мэдэгдэхэд Увс аймагт хариуцагч бид явж байсан бөгөөд Увс аймгаас Улаанбаатар хот руу очиход хангалттай хугацаа байгаагүйн улмаас шүүх хуралдаанд болох өдрийн 12 цагийн үед Улаанбаатар хотод ирсэн.

Хэдийгээр намайг байхгүй үед хэргийг шийдвэрлэж байгаа бол нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх хэрэгтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс “К” ХХК-аас шилжиж ирсэн авлага 23 038 359 төгрөгийг нэхэмжилж байгаа хэдий ч энэ талаарх баримтаа шүүхэд хангалттай гаргаж өгөөгүй байна гэж үзэж байна. Мөн тухайн зээлээс хэдэн төгрөг төлөгдсөн эсэх талаар тодорхойлолгүйгээр “К” ХХК-аас шилжиж ирсэн өрийг надаар төлүүлж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн гэрээний 3.21-т зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй бол мэдэгдэл хүргүүлнэ гэж заасан хэдий ч одоо болтол надад ямар нэгэн мэдэгдэл ирээгүй болно. Мэдэгдэл ирүүлэх үүргээ биелүүлэлгүйгээр хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон нэхэмжилж байгаад гомдолтой байна. Гэрээний 9.1-д заасан давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл үүссэн гэж үзэж байна. Учир нь дэлхий нийтээр үүссэн цар тахалын нөхцөл байдал нь нотлох шаардлага илт тодорхой хүчин зүйл учир цар тахлын үеийн зээлийн төлөлтөөс чөлөөлөх боломжтой гэж харж байна.

Иймд “К” ХХК-аас шилжиж ирсэн авлага нь нотлох баримтгүй, зээлийн хүү, зээлийг хэрхэн тооцож үнийн дүнг гаргасан нь тодорхойгүй байхад 23 038 359 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч нэхэмжлэгч байгууллагын эрх хүлээн авагчийг давж заалдах шатны шүүхээс тогтоож байгаатай холбоотойгоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч “У” ХХК нь хариуцагч Н.М, Н.Гнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 121 003 541 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргажээ.

 

“К” ХХК нь Н.Гн, Н.М нартай 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдэгч Н.Гн, Н.М нар нь 98 000 000 төгрөгийг 2031 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртлэх хугацаагаар, жилийн 8 хувь, сарын 0,67 хувийн хүүтэй зээлсэн талаар талууд маргаагүй байна. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, гэрээндэх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаарх тохиролцоо нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

 

Мөн өдөр талууд барьцааны гэрээ байгуулж, Н.Гнь өөрийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүргийн 18 дүгээр хороо Москва хороолол, Москвагийн гудамж 133/3 байр, 26 тоот хаягт байрших 63,79 м.кв талбай бүхий орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Хариуцагч нар нь зээлийн гэрээний 4.2.1-д зааснаар үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг зээлийн гэрээний хуваариар тохиролцсон хугацаанд нь бүрэн төлөх үүрэг хүлээсэн байх боловч уг үүргийг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн зөрчсөн байна.

 

“Мик ТЗК” ХХК, “К” ХХК-ийн эрх хүлээн авагч, “У” ХХК-ууд 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хөрөнгийн багцыг шинэ үйлчилгээ үзүүлэгчид шилжүүлсэн болохыг баталгаажуулах гэрээ байгуулж, уг гэрээгээр “У”нь хавсралт 1-д заасан зээлүүдэд үйлчилгээ үзүүлэгчийн хувиар “К” ХХК болон зээлдэгч нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээний үүрэг гүйцэтгүүлэгчийг төлөөлөх, үүргийн гүйцэтгэлийг “Мик актив дөрөв ТЗК” ХХК-ийг төлөөлж өөрийн нэрээр шаардах, ... зээлдүүлэгчийн хувиар төлөөлөх бүрэн эрхтэй итгэмжлэгдсэн төлөөлөгч болсон байна.

 

Дээрх гэрээний хавсралтаар “К” ХХК-аас “Мик ТЗК” ХХК-д худалдсан Кны эрх хүлээн авагчаас шилжүүлж өгсөн орон сууцны 5 хувь, 8 хувийн ипотекийн зээл, зээлдэгч нарыг жагсаалтаар гаргаж, уг жагсаалтын 68-д Н.Гны зээл бичигдсэн байх тул “У” ХХК нь хариуцагч нараас зээлийн эргэн төлөлтийг шаардах эрхтэй байна. Иймд “К” ХХК-аас шилжин ирсэн өрийг “У” ХХК шаардах эрхгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй юм.

 

Зээлийн гэрээний 3.14-д: “зээлдэгч нь гэрээнд заасан ерөнхий хугацаанд хавсарлт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүрэгээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд ... дутуу гүйцэтгэсэн зээлийн үлдэгдлээс үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцож, зээл төлөгдөж дуустал хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцож авна” гэж тохиролцсон ба уг тохиролцоо нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “...зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхаөөр гэрээнд зааж болно”, мөн хуулийн  453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасантай нийцсэн тул нэхэмжлэгч нь зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй, энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 91 544 603 төгрөг, зээлийн хүү 6 260 146 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 160 432 төгрөг, “К” ХХК-д төлөгдөөгүй авлага 23 038 359 төгрөг, нийт 121 003 541 төгрөгийг шаардах эрхтэй.

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 121 003 541 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ХХ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дүгээр зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Н.Гны өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэх нь зөв болжээ.

 

Хариуцагч Н.Мд 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр, Н.Гнд мөн оны 06 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийг гардуулж, талуудад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, хүлээх үүргийг мөн өдрүүдэд тайлбарлан өгсөн боловч хариуцагч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

 

Хариуцагч Ковид-19 цар тахалын үеийн зээлийн төлөлтөөс чөлөөлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын үндэслэлийг тайлбарласан.

 

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт “Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр нийт 6 хүртэлх сараар хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ” гэж заажээ.

 

Хариуцагч нь зээлийн хүүг зогсоох тухай хүсэлтийг нэхэмжлэгч байгууллагад гаргасан эсэх, мөн шүүх хуралдаанд оролцох боломжгүй, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

“У” ХХК нь “ХХ” ХХК-тай нэгдсэн болохыг Нийслэлийн Улсын бүртгэлийн газар нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт зааснаар “У” ХХК-ийн эрх залгамжлагч нь “ХХ” ХХК болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 181/ШШ2020/01825 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “У ХХК” гэснийг “ХХ” ХХК” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273 141 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

  

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.НАРМАНДАХ

 

                                                    ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА