Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2018/0007

 

 

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2018/0007

Улаанбаатар хот

“ДЖЭЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч нарыг оролцуулан Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу “ДЖЭЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1, 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “ДЖЭЭ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/35 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Хэрэгт авагдсан нотлох баримтаар Монголросцветмет ХХК-ийн 21/655 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус компани нь 2 улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр маргаан бүхий газрыг эзэмшүүлэх эрхийг олгосон байхад шүүх Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Монголросцветмет ХХК-д газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх эрхийн талаар хязгаарлалт тогтоосон эсэхийг шүүх тодорхойлоогүй. Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шүүх нотлох баримтаар бүрдүүлээгүй.

Монголросцветмет ХХК нь "Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ"-ний 2.3, 3.101-т заасныг тус тус зөрчиж тус гэрээний 4.3, 5.5-т заасан газар эзэмших эрхийг хүчингүй болгох нөхцөл байдал үүссэн байхад шүүх дээрх нотлох баримтыг шинжлэн судалж, үнэлэлт дүгнэлт хийгээгүй.

Анхан шатны шүүхийн шүүгч нь шийдвэрийн үндэслэх хэсэгтээ "... аймгийн Засаг даргаас энэхүү тогтоолын холбогдох заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан тус сумын Засаг даргад үүрэг чиглэл өгсөн эсэхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулахад энэ талаар үүрэг чиглэл өгч байгаагүй нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч сумын газрын даамлын шүүх хуралдаан дээр гаргасан мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Үүнээс үзвэл маргаан бүхий газрыг эзэмших эрх /эрхийн гэрчилгээ/-ийг бусдад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ дээрх тогтоолын дагуу холбогдох этгээдүүдтэй зөвшилцөөгүй хэмээн тухай шийдвэрийг гаргасан этгээдийг шууд буруутгах үндэслэлгүй байна” гэж тайлбарласан байна.

Гэтэл аймгийн Засаг даргын орлогчийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны 2/528 дугаартай албан бичгээр Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 38 дугаар тогтоолын холбогдох заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан үүрэг чиглэл өгсөн талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байдаг ба Айраг сумын Засаг дарга тус албан бичигт 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр цохолт хийсэн байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т зааснаар анхан шатны шүүхийн шүүгч “...нотлох баримтыг буруу үнэлсэн...” буюу хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэлгүйгээр шийдвэр гаргасан тул мөн хуулийн 121.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс “Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/35 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Дорноговь аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/35 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасан газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхгүй төрийн байгууллага гэж үзэн мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг үндэслэн “М” ХХК-ийн харьяа Б УБҮ-ээс нэхэмжлэгч “ДЖЭЭ” ХХК-д 1,9 га /19033,2 м.кв/ газар эзэмших эрх шилжүүлсэн шийдвэрийг хүчингүй болгожээ.

Нэхэмжлэгч маргаан бүхий газар байршиж буй 8 объектыг 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн BU-14-AT-279 тоот худалдах худалдан авах гэрээгээр “М” ХХК-ийн харьяа Б УБҮ-ээс худалдан авсан бөгөөд тус үйлдвэрийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 819 дүгээр хүсэлтийг үндэслэн Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн А/180 дугаар захирамжаар  нэхэмжлэгчид тус газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлжээ. Энэ нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасантай нийцсэн байна.

Анхан шатны шүүх “М” ХХК-ийн харьяа “Б” Уулын баяжуулах үйлдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д заасан “төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд” болох нь тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т “Энэ хуулийн 35.1.4, (газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх) 35.1.6 (газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно)-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй” гэж заасан нь маргаан бүхий газрыг шилжүүлсэн “М” ХХК-ийн харьяа Б УБҮ-т хамаарахгүй гэж үндэслэлтэй дүгнэсэн байна. Учир нь Төрийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар “Төрийн өмчит үйлдвэрийн газраас бусад улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийг төрийн байгууллага, албан газар гэнэ” гэж ойлгохоор зохицуулжээ.

Хариуцагчийн “... шүүх Засгийн газар хоорондын хэлэлцээрээр “М” ХХК-д газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх эрхийн талаар хязгаарлалт тогтоосон эсэхийг тодорхойлоогүй. Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шүүх нотлох баримтаар бүрдүүлээгүй” гэх гомдлын тухайд, анхан шатны шүүх маргаан бүхий газрыг шилжүүлэгч хуулийн этгээд болох “М” ХХК-ийн дүрэм, тус компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2007 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээр зэрэг нотлох баримтуудыг цуглуулсан байх бөгөөд “М” ХХК-ийн Зөвлөлийн 2013 оны 47 дугаар хурлаар компанийн үндсэн хөрөнгийг худалдан борлуулахыг “М” ХХК-ийн удирдлагад зөвшөөрч, тус компанийн захирлын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 42 пр тушаалын дагуу BU-14-AT-279 тоот худалдах худалдан авах гэрээний дагуу хөрөнгө шилжүүлсэн нь үндэслэлтэй байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Мөн хариуцагч гомдолдоо “М” ХХК нь “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 2.3, 3.101-т заасныг тус тус зөрчиж тус гэрээний 4.3, 5.5-т заасан газар эзэмших эрхийг хүчингүй болгох нөхцөл байдал үүссэн байхад шүүх дээрх нотлох баримтыг шинжлэн судалж, дүгнэлт хийгээгүй” гэх бөгөөд уг үндэслэл нь маргаан бүхий захиргааны актын үндэслэл болоогүй, хамааралгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                                     Ц.ЦОГТ