Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2017/01125

 

Ч.Соддуламын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2016/00046 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1420 дугаар магадлалтай,

Ч.Соддуламын нэхэмжлэлтэй,

            “Грандмед эмнэлэг” ХХК-д холбогдох        

           Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, урамшуулал гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Уянга, Б.Энх-Од нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн           

           Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Соддулам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхбаатар, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Б.Мөнхбаатарын гаргасан тайлбарт: “Миний бие 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс Грандмед эмнэлэгт хүний нөөцийн ажилтнаар томилогдон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, уг гэрээнд зааснаар сарын 700 000 төгрөгөөр цалинжиж байсан. 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн миний ажлын үр дүнг үнэлж дээрх хөдөлмөрийн гэрээний олгогдож буй цалин дээр 1 жилийн хугацаатай контрактын гэрээ байгуулж, ямар нэгэн татвар шимтгэл ногдуулахгүйгээр тогтмол 500 000 төгрөгийн цалин урамшуулал нэмж олгохоор болсон. Гэтэл 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ерөнхий захирал Д.Баттөр ямар ч үндэслэлгүйгээр намайг ажлаас халсан. Грандмед эмнэлгийн ерөнхий захирлын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 16/029 тоот тушаалыг 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч танилцахад намайг ямар үндэслэлээр ажлаас халсан нь тодорхойгүй байна. Ч.Соддуламыг ажлаас халсан үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасны дагуу Ч.Соддулам нь 2016 оны 02 дугаар сард ажлаас халагдсан байхад 2016 оны 04 дүгээр сард тушаалыг хүчингүй болгож, өөрчлөн гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн ажлаас халах тушаалыг үндэслэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ч.Соддуламыг Грандмед эмнэлгийн хүний нөөцийн албаны хүний нөөцийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, асуудлыг шүүхээр шийдвэрлэх хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг хөдөлмөрийн гэрээ болон контракт гэрээгээр давхар авч байсан цалин урамшууллыг гаргуулж өгнө үү.” гэжээ.            

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Уянга, Б.Энх-Од нарын гаргасан хариу тайлбарт: “Нэхэмжлэгч Ч.Соддулам нь 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн “Грандмед эмнэлэг” ХХК-д хүний нөөцийн ажилтнаар ажиллаж байсан бөгөөд түүнийг Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Компанийн дотоод журам болон түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нарийвчлан тусгасан хөдөлмөрийн гэрээг цуцлах дараах ноцтой зөрчил гаргасны улмаас ажлаас халсан. Ажилтан Ч.Соддулам нь ээлжийн амралтын тушаал гаргахдаа ажилтнуудын улсад ажилласан жилийг буруу /илүү/ тооцож тусгасан зөрчил гаргаж байсныг Грандмед эмнэлгийн Санхүүгийн албанаас илрүүлж, удирдлагад танилцуулсан. Грандмед эмнэлгийн ерөнхий захирлын 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №15/68 тоот ээлжийн амралт олгох тушаалыг төлөвлөн нийт 14 ажилтанд ээлжийн амралт олгохдоо Уламжлалын нөхөн сэргээх эмчилгээний тасгийн эрхлэгч Ш.Давхарбаярт ажлын 2 хоногоор илүү буюу 20 хоногоор тооцсон байдаг. Эмч Ш.Давхарбаяр нь 2007 оноос эхлэн нийгмийн даатгал төлж ажилласан бөгөөд улсад нийгмийн даатгал төлж ажилласан хугацаа нь 6 жил 5 сар байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5.1-д заасныг үндэслэн ажлын 3 өдрийн нэмэгдэл амралт тооцож, нийт 18 хоног байх ёстой атал  буруу тооцсон байна. Мөн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр №15/87 тоот ээлжийн амралт олгох тушаалыг төлөвлөн нийт 15 ажилтанд ээлжийн амралт олгохдоо дараах 4 ажилтны ээлжийн амралтын хоногийг мөн буруу буюу хэтрүүлэн тооцсон байна. Л.Мишигдорж 20 хоног байхаас 22 хоног /2 хоног илүү/, Б.Цэдэв 15 хоног байхаас 18 хоног /3 хоног илүү/, Л.Мөнхбат 22 хоног байхаас 26 хоног /4 хоног илүү/, Ц.Түвшинзаяа 15 хоног байхаас 18 хоногоор /3 хоног илүү/ тооцсон. Энэ талаар Грандмед эмнэлгийн Санхүү эдийн засгийн хэлтсийн Ч.Энхцэцэг, цалингийн нягтлан бодогч Д.Сайнбаяр нарын шалгалтын тайланд тодорхой тусгагдсан бөгөөд баримтаар нотлогдсон. Ерөнхий захирлын тушаалаар шалгалт хийх ажлын хэсэг томилогдон 2015 оны 06 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал хугацааны тушаал, эцсийн тайланг хараахан гаргаж амжаагүй байна. Түүнчлэн ерөнхий захирал Д.Баттөр ерөнхий нягтлан бодогч н.Туулын ар гэрт гачигдал гарсан бол яаралтай холбоо барьж унаа мөнгө хэрэг болж байвал байгууллагаас тусална гэж хэлээрэй гэж 2 удаа залган Ч.Соддуламтай ярихад, өөрийн төрсөн өдрийг н.Туулын хамт тэмдэглэж байсан атал н.Туул эгчтэй холбоо барьж чадсангүй гэж худал хэлсэн ёс зүйгүй хандсан байдаг. Дээрх зөрчлүүдийг гаргасан тул эмнэлгийн удирдлага ажлаас халахаар шийдвэрлэсэн бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн №16/029 тоот ажлаас халах тухай тушаалыг ажилтан Ч.Соддулам ажлаас халагдах үедээ өөрийн албан тушаалыг урвуугаар ашиглаж, өөрөө боловсруулан, тушаалд хууль болон журмын үндэслэл заалтыг буруу бичсэн. Грандмед эмнэлгийн Дотоод хяналтын алба, Хүний нөөцийн алба хамтран шалгалт хийж, дүгнэлт гарган удирдлагад танилцуулж, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн №16/029 тоот ажлаас халах тухай тушаалыг хүчингүйд тооцон, 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр №16/098 а тоот тушаал хүчингүйд тооцох тухай тушаал, №16/098б тоот ажлаас халах тухай тушаалыг тус тус гаргасан. Хүний нөөцийн албаны архиваас ажилтан Ч.Соддуламын хувийн хэрэг материалыг шалгахад түүний гарын үсэг зурагдсан Ажлын байрны тодорхойлолтын эх хувь байхгүй, бусад ажлаас гарсан ажилтнуудын материал бүрэн байгаа нь тэрээр зориудаар авсан байх магадлалтай хэмээн дүгнэх боломжтой. Иймээс Ч.Соддуламын өмнө буюу 2013 оноос 2014 онд Грандмед эмнэлэгт хүний нөөцийн ажилтнаар ажиллаж байсан Д.Энхцэцэгийн Ажлын байрны тодорхойлолтоос тухайн ажилтны хүлээх үүргийг нягтлан шалгасан. Хүний нөөцийн ажилтан нь ажлын байрны тодорхойлолтод дурдсанаар хүний нөөцийн бүртгэл хийх, ажилтнуудын хувийн хэргийн баяжилт хийн цэгцлэх, хүний нөөцийн мэдээллээр хангах, тайлагнах, хуулийн зохицуулалтад нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулах, хүний нөөцийн мэдээллийн найдвартай байдлыг хамгаалж, удирдлага болон ажилчдын итгэлийг дааж ажиллах үүрэгтэй. Гэтэл ажилтнуудын ээлжийн амралтын олговор олгох тушаалыг гаргахдаа ажилтан бүрийн мэдээллийг сайтар нягтлан шалгалгүйгээр, илүү тооцон олгож байсан зөрчлийн улмаас манай байгууллагад тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр хохирол учирсан бөгөөд, шалгалтын нэгдсэн тайланг гаргасны дараа танилцаж, хуулийн байгууллагад өргөдөл гомдол гаргахаар төлөвлөж байгаа болно. Илүү тооцон олговор авч байсан ажилтнуудаас 2016 оны ээлжийн амралтын олговрын мөнгөн дүнгээс нь хасалт хийх байдлаар байгууллага өөрт учирсан хохирлоо арилгах болно. Ажилтан Ч.Соддуламыг Хөдөлмөрийн гэрээний 9.5, 9.7, 10.2, 10.2.1, 10.2.3, 10.2.7, 10.2.13-т заасан заалтуудыг үндэслэн ажлаас халсан. Иймд нэхэмжлэгч Ч.Соддуламын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2016/00046 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.Соддуламыг “Грандмед эмнэлэг” ХХК-ийн Хүний нөөцийн албаны хүний нөөцийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 2 042 952 төгрөгийг, контрактын гэрээгээр тохирсон цалинд 2 000 000 төгрөгийг хариуцагч “Грандмед эмнэлэг” ХХК-иас тус тус гаргуулан Ч.Соддуламд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.Соддуламын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг “Грандмед эмнэлэг” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “Грандмед эмнэлэг” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 79 637 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1420 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2016/00046 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Уянга, Б.Энх-Од нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: “Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1420 дугаар магадлалыг эс зөвшөөрч “Грандмед эмнэлэг” ХХК-иас дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шударга бус шийдвэр гаргасан гэж үзэн давж заалдах гомдлоо тайлбарлаж байна. Шүүх “хүчингүй болсон тушаалыг үндэслэн шийдвэр гаргасан”. /2016.02.29-ны өдрийн 16/029 тоот тушаал/ Хүний нөөцийн ажилтан Ч.Соддуламд түүний зөрчлийн талаар мэдэгдэж ажлаас халахаар шийдвэрлэх үед ажилтан өөрийн албан тушаалын онцлог, давуу байдлыг ашиглан. "Ажлаас халах тушаал’'-ийг өөрөө биечлэн боловсруулж бэлтгэн, зориудаар тушаалын үндэслэлийг өөрчлөн гаргасан ноцтой хууль бус үйлдэл болох нь тодорхой байдаг. Давж заалдах шатны шүүх “Нэхэмжлэгч Ч.Соддуламын зориудаар санаатайгаар хуулийн үндэслэл заалтыг буруу бичиж бэлтгэсэн тушаал"-г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцээгүй байна хэмээн дүгнэсэн атал, уг хууль бус тушаалыг хүчингүй болгосон №16/098 а болон №16/098 б тоот тушаалыг хууль зүйн үндэслэлгүйд тооцон илтэд зөрүүтэй дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Манай байгууллага холбогдох журмын дагуу боловсруулагдаагүй 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн №16/029 тоот ажлаас халах тухай тушаалыг хүчингүйд тооцон, 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр №16/098 а тоот “Тушаал хүчингүйд тооцох тухай” тушаал болон №16/098 б тоот “Ажлаас халах тухай" тушаалыг тус гус гаргасан. Нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан үндэслэлээр ажлаас халсан тушаал нь одоог хүртэл хүчинтэй байгаа атал /2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 16/098 а тоот тушаал/ тухайн тушаалыг хүчингүй хэмээн дүгнэхдээ “ямар үндэслэлээр хууль зүйн үндэслэлгүйд тооцсон талаар тайлбарлаагүй. Энэ нь "шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангахгүй байна. Дээр дурдсан “хүчингүй болсон тушаал"-г нэхэмжлэгч Ч.Соддулам өөрөө боловсруулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон атал, шүүх анхааран үзэлгүй, зөвхөн нэхэмжлэгчийн тайлбараар дүгнэн, хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д "шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлнэ” гэсэн заалтад нийцэхгүй байна. Гэтэл шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг “бүх талаас нь үнэлэх” ёстой атал, нэг талаас нь үнэлсэнд гомдолтой байна. Шүүх Грандмед эмнэлгийн Санхүү, эдийн засгийн албанаас гаргасан дүгнэлт болон ажлын хэсгийн комиссын дүгнэлт гэх мэт холбогдох материалуудыг үнэлээгүй нь хэргийг тал бүрээс нь үнэн бодитоор шийдвэрлэсэн гэхэд бодит эргэлзээ төрөхүйц байна. Шүүх "Грандмед эмнэлэг нь 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 16/029 тоот тушаалаа хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гаргаснаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэхээр байна" хэмээн дүгнэсэн нь хуульд нийцээгүй бөгөөд, Грандмед эмнэлэг тус тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гаргаснаа хүлээн зөвшөөрсөн хэрэг бус, харин “ажлаас халагдаж буй ажилтан” өөрийн тушаалыг зориудаар хууль зүйн үндэслэлийг буруутган гаргасан болохыг шалгаж, тогтоож хүчингүй болгосон болохыг үнэлэлгүй зөвхөн нэг талаас үнэлсэн нь хууль бус юм. Ажилтан өөрийн ажил үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, байгууллагад хохирол учруулж, хууль бус зөрчил гарган ажлаас халагдахдаа, албан тушаалынхаа давуу байдлыг ашиглан, байгууллагын нэр хүндэд халдаж, өөрийгөө “гэм буруугүй” мэтээр ойлгуулж, шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин тогтоолгон эргэн ажилдаа орох тохиолдолд байгууллагад буй бусад ажилтнууд “шүүх ялгаж салгалгүй шийдвэр гаргадаг юм байна. Ажлаас халагдахгүй байх ч боломж байдаг юм байна.” гэсэн туйлын сөрөг ойлголттой болох эрсдэлтэй билээ. Иймд дээрх үндэслэлийг харгалзан үзэж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1420 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч Хөдөлмөрийн хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу хэрэглэсэн байх тул хяналтын шатны шүүхээс  шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

Нэхэмжлэгч Ч.Соддулам нь хариуцагч “Грандмед эмнэлэг” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, контрактын гэрээгээр тохирсон урамшуулал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч Ч.Соддулам нь ээлжийн амралтын тушаал гаргахдаа ажилтнуудын улсад ажилласан жилийг буруу тооцсон, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийг биелүүлж ажиллаагүй зэрэг ноцтой зөрчлүүдийг гаргасан гэж маргажээ.

Хариуцагч “Грандмед” ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 16/029 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 3.5.2-т заасныг үндэслэн Ч.Соддуламтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлснийг нэхэмжлэгч Ч.Соддулам нь эс зөвшөөрч, шүүхэд  нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг зөрчөөгүй байна.

Ажил олгогч нь нэхэмжлэгч Ч.Соддуламыг “... ээлжийн амралт олгох тушаал төлөвлөхдөө 5 ажилтны улсад ажилласан жилийг буруу тооцсон зөрчил гаргасан” гэж үзэж эрхэлж буй ажил албан тушаалаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслэл болгосон боловч ажилтны гаргасан гэх дээрх зөрчил нь уг тушаалын үндэслэлтэй нийцэхгүй байх тул “Грандмед эмнэлэг” ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 16/029 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцээгүй гэж үзсэн анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарласан гэж үзнэ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллага дээрх 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 16/029 тоот тушаалаа хүчингүй болгож, 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 16/098а, 16/098б тоот тушаалыг нөхөж гаргахдаа Ч.Соддуламыг ажлаас халсан тушаалын үндэслэлийг засаж гаргасан байна.   

Нэхэмжлэгч нь ажил олгогчийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний 16/029 тоот тушаалыг эс зөвшөөрч гомдол гаргасан, энэ тушаалаар түүний хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан ба шүүх уг тушаалын хууль зүйн үндэслэлийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэх учиртай тул  анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д нийцсэн байна.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Ч.Соддуламтай хөдөлмөрийн гэрээнээс гадна контрактын гэрээ байгуулан ажиллуулж байсан талаар талууд маргаагүй ч ажилтан нэг ажил олгогчид Хөдөлмөрийн хуульд заасан хоёр гэрээгээр зэрэгцэн ажиллах боломжгүй, хөдөлмөрийн гэрээг  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлээр,  харин контрактын гэрээг мөн хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар цуцлахаар  тус тусдаа өөр өөр зүйлээр зохицуулагддаг төдийгүй Ч.Соддуламын гүйцэтгэж байсан ажил үүрэг контрактаар ажиллах ажлын байранд шууд хамаарах үндэслэлгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн “...урамшуулалт цалин олгохоор контракт байгуулсан...” гэх тайлбараас үзэхэд зохигчдын хооронд контрактын гэрээ байгуулагдсан гэж тодорхойлсон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасантай нийцсэн гэж үзэхгүй.

Харин зохигчдын хооронд байгуулагдсан дээрх “контрактын гэрээ”-ний дагуу ажилтанд сар бүр 500 000 төгрөгийг түүний үндсэн цалин дээр нэмж олгож байсан үйл баримтын талаар маргаагүй байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна. 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч байгууллагын нэрийг “Халиун төгөл” ХХК гэж нэг удаа буруу бичсэн  байх ба энэ нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.         

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1420 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2016/00046 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ ... 25 дугаар зүйлийн 25.3 дахь ... ” гэснийг “ ... 47  дугаар зүйлийн 47.1 дэх ...” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

         2. Хариуцагч “Грандмед эмнэлэг” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79.637 /далан есөн мянга зургаан зуун гучин долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                            ШҮҮГЧ                                                      Д.ЦОЛМОН