Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 00793

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морин 0 гудамж, 38 тоотод оршин суух, Бичигт хангай овогт Аюурзаны Ганцэцэг /РД:ШЕ70062404/-ийн хүсэлттэй,

талийгаачтай хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч А.Ганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Тайванжаргал нар оролцов.                                                                                                                                                                                                                                                       

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч А.Ганцэцэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Ч.Чулуунбаатартай 1999 оны 06 дугаар сарын 20-нд танилцаж 2000 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хүү Ч.Буянжаргалыг төрүүлсэн. Тэр цагаас хойш бид хоёр нэг гэрт амьдарч байгаад нөхөр Ч.Чулуунбаатар маань 2016 оны 9 дүгээр сард өвчний улмаас нас барсан. Бид энэ хугацаанд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 0-38 тоотод амьдарч байсан. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан юм. Хүү Ч.Буянжаргалд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болсон тул бид хоёрыг 1999 оны 6 сараас 2016 оны 9 дүгээр сар хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                       

                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь: 

 Хүсэлт гаргагч А.Ганцэцэг нь талийгаач Ч.Чулуунбаатартай хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүсч шүүхэд хандсан байна.

 Хэргийн баримтаас үзэхэд А.Ганцэцэг нь талийгаач Ч.Чулуунбаатартай 1999 оны 6 сараас хойш гэр бүл болж хамтран амьдарч байсан, тэдний дундаас 2000 оны 2 сарын 02-нд хүү Ч.Буянжаргал төрсөн болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Г-238 дугаар төрсний гэрчилгээний хуулбар, гэрч Ч.Цэнд-Аюуш, Ч.Янжиндулам нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

  Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр заасан байна.

А.Ганцэцэг нь талийгаач Ч.Чулуунбаатар болон хүүхдийн хамт Хан-Уул  дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 3-р байрны 127 тоотод бүртгэлтэй оршин сууж байгаад  Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морин 0 гудамж, 38 тоот хаяг руу шилжилт хийлгэсэн болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон байна.

 Ч.Чулуунбаатар нь 2016.09.05-ны өдөр нас барсан тухай 2016.09.05-ны өдөр нас барсны бүртгэлийн 4469-рт бүртгэж 0000188524 тоот гэрчилгээ олгосон нь хэрэгт авагдсан байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

                                                                                                        ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Аюурзаны Ганцэцэгийг талийгаач Ч.Чулуунбаатартай хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дахь хэсэгт зааснаар А.Ганцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй  болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ