Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 252

 

Л.Б нарт холбогдох эрүүгийн

                                                                 хэргийн тухай                                                                      

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 8 дугаар магадлалтай, Л.Б, Ц.Ц, Ч.П, Б.Д нарт холбогдох 1712002630028 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Л.Бгийн өмгөөлөгч М.Алтанчимэг, шүүгдэгч Ч.Пын өмгөөлөгч Н.Энхжаргал нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, З овогт Л.Б,

2.Монгол Улсын иргэн, 1986 оны 2 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Х овогт ЦЦ,

3.Монгол Улсын иргэн, 1988 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, М овогт Ч.П,

4.Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Ш овогт Б.Д.

Шүүгдэгч Л.Б, Ц.Ц, Ч.П нар нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3-т заасан, шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Л.Б, Ц.Ц, Ч.П нарыг бүлэглэн онц харгис хэрцгийгээр бусдын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар хохирогчийн бие махбодид шаналал зовиур үүсгэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Дийг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр  Б.Дт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Л.Б, Ц.Ц, Ч.П нарыг тус бүр 2 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Ц.Ц, Ч.П нарт 2 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар тус тус хойшлуулж, хохирогч Ч.Оюунцэцэгийн нэхэмжилсэн 20.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй орхиж, хохирогч Ч.Оюунцэцэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт” гэж,  

8 дахь заалтад “”Хохирогч Ч.Оийн нэхэмжилсэн 20.000.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Ч.О нь нотлох баримтаа бүрдүүлж” гэснийг “Хохирогч Ч.О нь 6.320.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтын бүрдүүлбэрийг хангасны эцэст” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоолд “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.4-т зааснаар шүүгдэгч Л.Б, Ц.Ц, Ч.П нараас тус бүр 4.560.000 төгрөг гаргуулж, хохирогч Ч.От олгосугай” гэсэн заалт нэмж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Л.Бгийн өмгөөлөгч М.Алтанчимэг гаргасан гомдолдоо: “...Шүүгдэгч Л.Б нь хохирогч Ч.От бэлнээр 3.100.000 мянган төгрөг, мөн арьсанд түрхэх тос, хоол хүнсний зүйл, бусад зардал, бэлэн мөнгө 1.000.000, нийт 4.100.000 төгрөгийг өгсөн. Хохирогч энэ талаар маргаагүй. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 8 тоот магадлалаар хохирогч Ч.О нь эмчилгээний зардлаа урьдчилан төлүүлэхээр нэхэмжлэх эрхтэй бөгөөд “Мөнгөн гүүр” эмнэлгийн нэхэмжлэхийн дагуу арьс нөхөх хагалгаа, эмчилгээний төлбөр 13.680.000 төгрөгийг шүүгдэгч нараар урьдчилан төлүүлэх нь зүйтэй гэж үзэж, шүүгдэгч Л.Б, Ц.Ц, Ч.П нараас тус бүр 4.560.000 төгрөг гаргуулж, хохирогч Ч.От олгохоор 26 тоот шийтгэх тогтоолд нэмж өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн.

Хохирогч Ч.О нь 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор “Би 25.000.000 төгрөг нэхэмжилнэ. Арьсаа солиулах асуудал надад үлдээд байна. Хүмүүсийн яриагаар арьс солиход 25.000.000 төгрөг шаарддаг гэсэн” /хх-36/ гэх мэдүүлэг өгсний дээр шүүх хуралдаан дээр “15.000.000 төгрөг гаргуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг өгсөн.

Хохирогч Ч.О 2018 оны 5 дугаар сарын 17-нд арьс нөхөх мэс засал эмчилгээ хийлгэх эмийн жорыг Батбаярын Даваабаяр гэдэг эмчээр бичүүлсэн ба 2018 оны 5 дугаар сарын 15-нд Ч.Оийн хагалгаа, эмчилгээний төлбөр 13.680.000 төгрөг болно гэсэн “Мөнгөн гүүр хоспитал” ХХК-ний эмнэлгийн нягтлан бодогч Д.Амарцэцэгийн бичсэн нэхэмжлэлийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч дээрх мөнгийг нэхэмжилдэг. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Ч.О нь нотлох баримтаа бүрдүүлж  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч Бд энэ шийтгэх тогтоолоор гаргах төлбөр байхгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Учир нь хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй боловч хохирогчийн нэхэмжлээд байгаа 13.680.000 төгрөг нь түүнээс зайлшгүй гарах зардал гэж үзэх үндэслэлгүй. Ч.О нь биеийн эрүүл мэндээ нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, үзлэг оношлогоо, шинжилгээ хийлгүүлэх, түүний дагуу цаашид арьс нөхөх хагалгаанд орох, эс орохоос амь бие, эрүүл мэндэд аюултай, гоо сайхан, эд эрхтэний тогтолцоо алдагдах байдал бий болсон, эсвэл аймаг /дүүрэг/-ийн нийгмийн даатгалын дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос мөн шийдвэр гарсан акт, тодорхойлолт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл хохирогч Ч.О би арьс нөхөх хагалгаанд орох шаардлагатай гээд байгаа хэдий ч тусгай мэдлэг мэргэжил шаарддаг нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн байгууллагын шийдвэр гараагүй байна.

Иймд хэргийг хянаж Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 8 дугаар магадлалын холбогдох заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Пын өмгөөлөгч Н.Энхжаргал гаргасан гомдолдоо: “ Шүүгдэгч Ч.П нь өөрийн холбогдсон хэрэгт ямар нэгэн маргаангүй, хохирогчид учруулсан хохирол төлбөрөөс өөрт оногдсон хувийг нөхөн төлсөн, түлэгдсэн гэх цаг үеэс эхлэн гарсан бүхий л зардлаас шүүгдэгч нар тэнцүү хувааж төлөхөд өөрт оногдох хувиа төлсөн байдаг. Үүнийг хохирогч хүлээн зөвшөөрсөн, маргадгүй.

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 8 тоот магадлалаар шүүгдэгч Л.Б, Ц.Ц, Ч.П нараас тус бүр 4.500.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.От олгохоор шийдвэрлэснийг буруу гэж үзэж байна. Хэдийгээр хохирогч Ч.Оийн зүгээс “Мөнгөн гүүр” хоспиталын эмчилгээ хийлгэх нэхэмжлэл гэх баримтыг гаргаж өгсөн боловч тус баримт нь ямар үзлэг, оношлогоо, эмчилгээний дүгнэлт, шийдвэрийг үндэслэн гарсан нь тодорхойгүй, тэр талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байтал бодитой нотлогдоогүй зардлыг хангаж шийдвэрлэснийг буруу гэж үзэж байна.

Иймд дээрх хэргийг хянаж Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 8 дугаар магадлалын холбогдох заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Л.Б, Ц.Ц, Ч.П нар нь үйлдэл, сэтгэл санаагаараа нэгдэн, зориудаар ундааны саванд бензин бэлтгэн очиж хохирогч Ч.Оийн гэр доторх эд зүйл болон бие рүү нь бензин цацаж гал тавьсан үйлдэл нь бусдыг санаатай алахыг завдсан гэмт хэргийн шинжтэй байна. Тухайн үед гэрт 5 хүн унтаж байсан бөгөөд галыг даруй унтраагаагүй тохиолдолд тэдгээр хүмүүсийн эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал бий болох боломжтой байсан байхад прокуророос хэргийг буруу зүйлчилж, анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж хэргийг нэг мөр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэсэн хууль зүйн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Л.Бгийн өмгөөлөгч М.Алтанчимэг, шүүгдэгч Ч.Пын өмгөөлөгч Н.Энхжаргал нарын гаргасан гомдлыг үндэслэн Л.Б, Ц.Ц, Ч.П, Б.Д нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Б, Ц.Ц, Ч.П, Б.Д нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Л.Б, Ц.Ц, Ч.П нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутагт Хуучин хүнсний үйлдвэрийн өлөнгийн цехийн хашаанд оршин суух иргэн Ч.Оийг гэртээ унтаж байхад нь бензин цацан шатааж, түүний эрүүл мэндэд биеийн гадаргуугийн 23 хувь нь түлэгдсэн шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.Д нь Л.Б, Ч.П нарыг гал тавьж, хүн шатаалаа гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Л.Б, Ц.Ц, Ч.П нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3-т зааснаар зүйлчилж, бүлэглэн онц харгис хэрцгийгээр бусдын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар хохирогчийн бие махбодид шаналал зовиур үүсгэсэн хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна гэж үзэв.

Шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Б, Ц.Ц, Ч.П нар нь тэдний нөхөр болох Б.Д, Л.Доржгочоо, Л.Галбадрах нарыг гэртээ ирэхгүй, Ч.О, Н.С нартай архи ууж, Ч.Оийн гэрт хамт хонож байгаад дургүйцэн хардаж, тухайн өдөр Ч.Оийн гэрт өлгийтэй хүүхдээ тэврэн очиж тавьсан шаардлагыг нь хүлээж аваагүй маргаан үүссэний улмаас шөнийн цагаар гэрт нь дахин очиж тэднийг гэртээ унтаж байхад нь ундааны саванд хийсэн бензин цацаж, гал тавьсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алахыг завдсан гэмт хэргийн субъектив талын шинжийг агуулаагүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрсдийн хийсэн дээрх үйлдлийн улмаас хүн амь насаа алдаж болох үр дагаврыг урьдаас хүсч, энэ талаар урьдчилан үгсэн тохиролцож, хохирогч Ч.О, Н.С болон тухайн үед хамт байсан өөрсдийн нөхөр болох Б.Д, Л.Дожгочоо, Л.Галбадрах нарыг алах санаа зорилгоор энэ хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хөдөлбөргүй тогтоогдоогүй байна.

Иймд хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын “Шүүгдэгч нарын үйлдэл нь хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэргийн шинжтэй байхад прокуророос хэргийг буруу зүйлчилж, анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах” тухай саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч Л.Б, Ц.Ц, Ч.П нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдал, хохирлыг зохих хэмжээгээр нөхөн төлж, гэм буруугаа ойлгож гэмшсэн, шүүгдэгч Л.Б, Ц.Ц нар нь гурав хүртэлх насны хүүхэдтэй, шүүгдэгч Ч.П нь жирэмсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч тус бүрт 2 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасыг баримтлан хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч Б.Дийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Өмгөөлөгч М.Алтанчимэг, Н.Энхжаргал нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг судалж үзэхэд “Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй.”, мөн хуулийн  505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасан бөгөөд Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, “Мөнгөн гүүр” эмнэлгийн төлбөрийн нэхэмжлэхийг үндэслэн арьс нөхөх хагалгаа, эмчилгээний төлбөр 13.680.000 төгрөгийг шүүгдэгч нараар төлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

Иймд шүүгдэгч Л.Б, Ц.Ц, Ч.П нараас тус бүр 4.500.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.От олгуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч өмгөөлөгч М.Алтанчимэг, Н.Энхжаргал нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг тогтоохдоо мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг үндэслэл болгосон нь буруу бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтаар шүүгдэгч нарын гэм буруу хангалттай тогтоогдсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 8 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Бгийн өмгөөлөгч М.Алтанчимэг, шүүгдэгч Ч.Пын өмгөөлөгч Н.Энхжаргал нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                    Б.ЦОГТ

                  ШҮҮГЧ                                     Б.БАТЦЭРЭН

                                                                 Д.ГАНЗОРИГ

                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН