Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 22

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 578 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Б ын нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Ш т  холбогдох, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч Х.Ш ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б , хариуцагч Х.Ш , нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Х.Ш тэй хамтран амьдарч байхад 2011 оны 03 дугаар сарын 12-ны өдөр охин М  төрсөн. Бид хамт амьдрах боломжгүй болж 2012 оны 05 дугаар 06-ны өдрийн 161 дугаартай шүүхийн шийдвэрээр эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулж, хүүхдийн асрамжийг Х.Ш т өгөхөөр шийдвэрлэсэн. Тус шийдвэр гарсан боловч охин М ийг би өөрөө өсгөн хүмүүжүүлсэн. Х.Ш  нь дургүйгээ хүрэхээр охиноо авчирч орхин, дураа хүрэхээр хулгайлаад авч яваад ямарч тогтворгүй охиныг байлгаж байсан. 2012 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс цэцэрлэгийн насанд хүрээгүй 1 нас 06 сартай байхаас нь эхлэн 3 дугаар цэцэрлэгийн М.Б  багшийн бага бүлэгт 2015 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл 3 жил сурган хүмүүжүүлсэн.2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 4 дүгээр цэцэрлэгийн Энхмаа багшийн удирдсан дунд бүлэгт 2 жил сурч хүмүүжсэн. Энэ хугацаанд би өөрийн гар дээр охиноо асарч байсан. Өвчин туссан ч өөрөө асран 2 удаа Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт өөрөө асарч сахиж байсан. Сургуулийн насанд хүрэхэд нь ээжийнхээ дэргэд сурч байх нь дээр байх гэж бодож 2 жил байлгасан боловч маш их дарамт, зодуур дор байдаг юм. 2019 оны 11 дүгээр сард Х.Ш  нь хүүхдээ ирж ав гэхээр нь очтол аав дээрээ очлоо гэж өвдгөөр нь сөхрүүлж суулгачихсан зодоод уйлуулаад байж байсан. ...Х.Ш  нь өөрөө охиноо гардаж, тогтвортой хүмүүжүүлж чадахгүй дургүйгээ хүрэхээр авчирч өгч, дураа хүрэхээр хулгайлж авч явж, өөрөө харж чадахгүй ээж дээрээ хаячихаад шүүхийн шийдвэр над дээр байгаа гэдгээрээ далимдуулж ухамсаргүй түрэмгий загнаж охиныг минь өнгөрсөн хугацаанд тогтвор суурьшилгүй амьдралаар хүмүүжүүлж ирлээ.

Иймд охин Б.М ийн ирээдүйг бодож, өөрийнх нь хүсэлтийг харгалзан үзэж Д.Б  миний асрамжинд өгч, Х.Ш ээс тэтгэлэг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Х.Ш  нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Б тай 2009 онд хамт амьдран 2011 онд охин М  төрж 2012 онд хоёр тийш болон 2012 онд охин М т хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон боловч Б ын ар амьдралыг өрөвдөж тэтгэлэг авалгүй явсаар 2014 онд тэтгэмжээ цуцлуулсан. Охиныгоо өдий 9 нас хүртэл би өөрөө өсгөн хүмүүжүүлж, бүхий л хэрэгцээгээр нь хангадаг бөгөөд Б аас 100 төгрөг ч авч үзээгүй. Б  нь намайг ажилдаа явсан хойгуур настай ээжийг минь дээрэлхэж охиныг минь авч явдаг байсан. Охиныг сургуульд орсон цагаас хойш заримдаа чихэр боовоор хуурч авч явдаг. Б  нь цоо эрүүл хүн биш сэтгэцийн өвчтэй, ийм хүнд охиноо өгөх нь битгий хэл цуг байлгахаас айдаг. ... Улмаар 2014 оны 5 сард намайг ажлаас ирэх замд отож машиндаа суулгаж 10 цагийн турш Орхон голын эрэг дээр аваачиж зодож хүчирхийлсэн. Тухайн үед шүүхээр орсон боловч Б  нь уйлж гуйгаад байхаар нь өрөвдөж гомдлоо зогсоосон. ... Б  охиныг хулгай хийж авч явж байх үедээ зүүн түрүүний цэцэрлэгт өгч багш нартай нь хуйвалдаж надад өгдөггүй, би аргагүй эрхэнд очиж охиноо булааж авч байсан. Охин минь 2013-2014 онд 4-р цэцэрлэг, 2015-2017 онд 1-р цэцэрлэгт тус тус сурч хүмүүжиж байгаад 2017 оны 09 сарын 01-нд сургуульд орсон. Би охиноо зодож дарамтанд оруулж байсан удаа байхгүй. Харин ч би өөрөө айлын ганц охин учир охиндоо хайртай. Охин минь надаар овогтой байсан ч Б  иргэний бүртгэлийнхэнтэй хуйвалдаж өөрийн овогтой гэрчилгээ гаргуулж хүүхдийн 20000 төгрөгийг өөрийн данстай холбуулсан. Энэ хүн охинд минь хайртай даа бус намайг тамлаж чадах охин бид хоёрыг салгах зорилготой, тодорхой орлогогүй тул охины 20000 төгрөгөөр амьдралаа тэжээх гэж охиныг минь авах хүсэлтэй байна. Б  нь тогтсон амьдралгүй, олон эмэгтэй сольдог, шүүх цагдаагаар байнга зарга хийдэг, архи пиво байнга уудаг, Ийм хүнийг ямар эцэг гэж охиноо өгөх вэ. Би эх хүн учраас охиноо ийм амьдралтай хүнд даатгаж өгч чадахгүй. Миний охин өсгөлүүн том биетэй хүүхэд, Б  маш хүүхэмсэг тэрээр өөрийн төрсөн охиноо оролдохоос сийхгүй маш аймар хүн. Би охиноо цуг амьдруулах нь бүү хэл цуг явуулахаас айж байна. Би сурган хүмүүжүүлэгч багш хүн. Охин М ийг над дээр үлдээж тэтгэмжийг нь сэргээж Б аас гаргуулж өгнө үү. Охин өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч Д.Б ынд байгаа нь үнэн гэжээ.

   Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 578 дугаартай шийдвэрээр:

“1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь хэсэгт зааснаар 2011 оны 03 дугаар сарын 12-ны төрсөн охин Б.М ийг эцэг Д.Б ын асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Б.М ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эх Х.Ш ээр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эцэг Д.Б ад даалгасугай.

3.  Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, харицагчаас 104.414 төгрөгийг гаргуулж, 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг нэхэмжлэгчид, 34.214 /гучин дөрвөн мянга хоёр зуун арван дөрөв/ төгрөгийг Улсын орлогод оруулсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Даариймаад даалгасугай.

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай” гэж шийдвэрлэжээ.

Хариуцагч Х.Ш  давж заалдах гомдолдоо: “...Булган аймаг сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 132 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Миний бие Х.Ш  нь охин Б.М ийг төрсөн цагаас нь авахуулан өөрийн асрамжид байлган хичээл сургуульд сургаж асран хамгаалж хайр халамжаар дутаалгүй өсгөж байсан. Гэвч 2020 оны 05 сараас эцэг Д.Б  охиныг минь байн байн гэрээс нь ирж нууцаар авч явж чихэр жимсээр хууран гэртээ байлгаж байгаад шүүхэд өргөдөл өгч охиныг минь надаас авсан. Д.Б  нь тогтсон амьдралгүй олон хүүхнээс салж сарнисан, архи дарс байнга хэрэглэдэг, одоо суусан хүүхэнтэйгээ байнга хэрүүлтэй байдаг, тогтсон орлого байхгүй. Мөн эхнэрийнх нь дагавар хүүтэй охин минь унтдаг. Хоёр өөр эхийн хүүхдүүдийг нэг өвөрт унтуулж байгаад би эх хүний хувьд маш их эмзэглэж байна. Тэдний гэрээр янз бүрийн эрчүүд байнга эргэлдэж байдаг. Б  эхнэрийнхээ дагавар хүүтэй охиныг минь хаячхаад олон хоногоор тэнээд явчихдаг. Ийм орчинд би охин хүүхдээ байлгамааргүй байна.

Тэгээд ч би эх хүн багш сурган хүмүүжүүлэгч хүн. Би охиндоо хэн хэнээс илүү хайртай охиныхоо төлөө бүхнийг зориулж байсан., цаашид зориулах болно. Иймд би анхан шатны шийдвэрийг зөвшөөрөхгүй байна. Миний бие охиныхоо ирээдүйд маш их санаа зовж байна. Хүүхдийн эрхийн байгууллагаас хүн гаргуулж охиныхоо амьдарч буй орчин нөхцөлийг судлуулж судалгаа хийлгэмээр байна. Иймд миний хүсэлтийг хүлээн авч анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Б  нь хариуцагч Х.Ш ээс хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 2012 оны шүүхийн шийдвэрээр охин Ш.М  миний асрамжид байгаа нэхэмжлэлийг  хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд зохигчид нь 2009 оноос хамтран амьдарч байх хугацаанд 2011 оны 03 дугаар сарын 12-ний өдөр охин Б.М  төрсөн бөгөөд 2012 оны 05 дугаар сарын 16-ний өдрийн 161 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар Ш.М ийн эцгээр Д.Б ыг тогтоож, охин Ш.М ийг эх Х.Ш ийн асрамжид үлдээж, эцэг Д.Б аар Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу тэжээн тэтгүүлэхээр  шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ 2012 оны 161 дугаар шийдвэрээр охин Б.М ийн асран хамгаалагчаар эх Х.Ш ийг тогтоосон байхад асран хамгаалах харгалзан дэмжих эрх, үүрэг дуусгавар болох эсэх талаар  үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Гэр бүлийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т заасан “...үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас асрамж дэмжлэгтэй байгаа хүнийг хараа хяналтгүй, эсхүл шаардлагатай тусламж үзүүлээгүй орхисон бол шүүх асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг шинээр тогтоох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэнэ” гэснийг анхаарч үзээгүй, хэдийгээр охин аавтайгаа байх талаар саналаа өгсөн байгаа боловч эцэг, эхийн хэнийх нь асрамжид байхад хүүхэд амьдрахад таатай орчин, өсч хүмүүжихэд боломжийн  байх талаар холбогдох байгууллагуудаар дүгнэлт  гаргуулах зайлшгүй шаардлагатай байна.

Иймд анхан шатны шүүхийн хууль хэрэглээний хувьд алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулах боломжгүй байх тул хариуцагчийн давж заалдсан гомдлыг хүлээн авч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1,168.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:       

1. Хариуцагч Х.Ш ийн давж заалдсан гомдлыг хангаж, Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 578 дугаар шийдвэрийг  хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч Х.Ш ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.           

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                    Ё.БЯМБАЦЭРЭН

ШҮҮГЧИД                            Д.МӨНХӨӨ

                                                                                            М.ХҮРЭЛБААТАР