Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 578

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Булган аймгийн Булган сумын ...  оршин суух Б  овогт Д.Б-ын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Булган аймгийн Булган сумын ... оршин суух, Ц овогт Х.Ш-т холбогдох хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай 132/2020/00521/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б , хариуцагч Х.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие нь Х.Ш тэй хамтран амьдарч байхад 2011 оны 03 дугаар сарын 12-ны өдөр охин М  төрсөн. Бид хамт амьдрах боломжгүй болж 2012 оны 05 дугаар 06-ны өдрийн 161 дугаартай шүүхийн шийдвэрээр эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулж, хүүхдийн асрамжийг Х.Ш т өгөхөөр шийдвэрлэсэн. Тус шийдвэр гарсан боловч охин М ийг би өөрөө өсгөн хүмүүжүүлсэн. Х.Ш  нь дургүйгээ хүрэхээр охиноо авчирч орхин, дураа хүрэхээр хулгайлаад авч яваад ямарч тогтворгүй охиныг байлгаж байсан. 2012 оны 09 дүгээр сарын 01-нээс цэцэрлэгийн насанд хүрээгүй 1 нас 06 сартай байхаас нь эхлэн 3 дугаар цэцэрлэгийн М.Б  багшийн бага бүлэгт 2015 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл 3 жил сурган хүмүүжүүлсэн. 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 4 дүгээр цэцэрлэгийн Э  багшийн удирдсан дунд бүлэгт 2 жил сурч хүмүүжсэн. Энэ хугацаанд би өөрийн гар дээр охиноо асарч байсан. Өвчин туссан ч өөрөө асран 2 удаа Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт өөрөө асарч сахиж байсан. Сургуулийн насанд хүрэхэд нь ээжийнхээ дэргэд сурч байх нь дээр байх гэж бодож 2 жил байлгасан боловч маш их дарамт, зодуур дор байдаг юм. 2019 оны 11 дүгээр сард Х.Ш  нь хүүхдээ ирж ав гэхээр нь очтол аав дээрээ очлоо гэж өвдгөөр нь сөхрүүлж суулгачихсан зодоод уйлуулаад байж байсан. ... Х.Ш  нь өөрөө охиноо гардаж, тогтвортой хүмүүжүүлж чадахгүй дургүйгээ хүрэхээр авчирч өгч, дураа хүрэхээр хулгайлж авч явж, өөрөө харж чадахгүй ээж дээрээ хаячихаад шүүхийн шийдвэр над дээр байгаа гэдгээрээ далимдуулж ухамсаргүй түрэмгий загнаж охиныг минь өнгөрсөн хугацаанд тогтвор суурьшилгүй амьдралаар хүмүүжүүлж ирлээ.

Иймд охин Б.М ийн ирээдүйг бодож, өөрийнх нь хүсэлтийг харгалзан үзэж Д.Б  миний асрамжинд өгч, Х.Ш ээс тэтгэлэг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Х.Ш шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Д.Б тай 2009 онд хамт амьдран 2011 онд охин М  төрж 2012 онд хоёр тийш болон 2012 онд охин М т хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон боловч Б ын ар амьдралыг өрөвдөж тэтгэлэг авалгүй явсаар 2014 онд тэтгэмжээ цуцлуулсан. Охиныгоо өдий 9 нас хүртэл би өөрөө өсгөн хүмүүжүүлж, бүхий л хэрэгцээгээр нь хангадаг бөгөөд Б аас 100 төгрөг ч авч үзээгүй. Б  нь намайг ажилдаа явсан хойгуур настай ээжийг минь дээрэлхэж охиныг минь авч явдаг байсан. Охиныг сургуульд орсон цагаас хойш заримдаа чихэр боовоор хуурч авч явдаг. Б  нь цоо эрүүл хүн биш сэтгэцийн өвчтэй, ийм хүнд охиноо өгөх нь битгий хэл цуг байлгахаас айдаг. ... Улмаар 2014 оны 5 сард намайг ажлаас ирэх замд отож машиндаа суулгаж 10 цагийн турш Орхон голын эрэг дээр аваачиж зодож хүчирхийлсэн. Тухайн үед шүүхээр орсон боловч Б  нь уйлж гуйгаад байхаар нь өрөвдөж гомдлоо зогсоосон. ... Б  охиныг хулгай хийж авч явж байх үедээ зүүн түрүүний цэцэрлэгт өгч багш нартай нь хуйвалдаж надад өгдөггүй, би аргагүй эрхэнд очиж охиноо булааж авч байсан. Охин минь 2013-2014 онд 4-р цэцэрлэг, 2015-2017 онд 1-р цэцэрлэгт тус тус сурч хүмүүжиж байгаад 2017 оны 09 сарын 01-нд сургуульд орсон. Би охиноо зодож дарамтанд оруулж байсан удаа байхгүй. Харин ч би өөрөө айлын ганц охин учир охиндоо хайртай. Охин минь надаар овогтой байсан ч Б  иргэний бүртгэлийнхэнтэй хуйвалдаж өөрийн овогтой гэрчилгээ гаргуулж хүүхдийн 20000 төгрөгийг өөрийн данстай холбуулсан. Энэ хүн охинд минь хайртай даа бус намайг тамлаж чадах охин бид хоёрыг салгах зорилготой, тодорхой орлогогүй тул охины 20000 төгрөгөөр амьдралаа тэжээх гэж охиныг минь авах хүсэлтэй байна. Б нь тогтсон амьдралгүй, олон эмэгтэй сольдог, шүүх цагдаагаар байнга зарга хийдэг, архи пиво байнга уудаг, Ийм хүнийг ямар эцэг гэж охиноо өгөх вэ. Би эх хүн учраас охиноо ийм амьдралтай хүнд даатгаж өгч чадахгүй. Миний охин өсгөлүүн том биетэй хүүхэд, Б  маш хүүхэмсэг тэрээр өөрийн төрсөн охиноо оролдохоос сийхгүй маш аймар хүн. Би охиноо цуг амьдруулах нь бүү хэл цуг явуулахаас айж байна. Би сурган хүмүүжүүлэгч багш хүн. Охин М ийг над дээр үлдээж тэтгэмжийг нь сэргээж Б аас гаргуулж өгнө үү. Охин өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч Д.Б ынд байгаа нь үнэн гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                            ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Д.Б  нь хариуцагч Х.Ш т холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, хариуцагч Х.Ш  нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хариуцагч  охинд минь хайртай даа бус намайг тамлаж чадах охин бид хоёрыг салгах зорилготой, тодорхой орлогогүй тул охины 20000 төгрөгөөр амьдралаа тэжээх гэж охиныг минь авах хүсэлтэй байх тул охиноо Б ын асрамжинд өгөхгүй гэж маргажээ.

          Зохигчийн дундаас 2011 оны 03 дугаар сарын 12-ны өдөр охин Б.М  төрсөн бөгөөд охин Б.М ийг  асрамжлах эрх эх  Х.Ш т байдаг болох нь хэрэгт авагдсан Б.М ийн төрсний гэрчилгээний хуулбар,  Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 161 дугаартай шийдвэрийн хуулбараар тогтоогдож байна. Гэвч охин Б.М  нь өнөөдрийн байдлаар эцэг Д.Б тай хамт амьдарч байгаа тул нэхэмжлэгч Д.Б  охин Б.М ийг өөрийн асрамжинд авч, эх Х.Ш ээс тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэлээ.

          Учир нь:  охин Б.М ийн асрамжийн талаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр байгаа боловч түүний аав Д.Б  ... Х.Ш  нь өөрөө охиноо гардаж, тогтвортой хүмүүжүүлж чадахгүй дургүйгээ хүрэхээр авчирч өгч, дураа хүрэхээр хулгайлж авч явж, өөрөө харж чадахгүй ээж дээрээ хаячихаад шүүхийн шийдвэр над дээр байгаа гэдгээрээ далимдуулж ухамсаргүй түрэмгий загнаж охиныг минь өнгөрсөн хугацаанд тогтвор суурьшилгүй амьдралаар хүмүүжүүлж байгаа гэх үндэслэлээр охин Б.М ийг өөрийн асрамжинд авах нэхэмжлэл гаргасан учир шүүх хүүхдийн эрх ашгийн үүднээс асрамжийн асуудлыг дахин хэлэлцэж, шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзсэн.

          Хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд зохигч тохиролцож чадаагүй бол хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо хүүхдийн саналыг харгалзан үзэх нь Гэр бүлийн тухай хууль, хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нийцнэ.

          Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт зааснаар хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол хүүхдийн саналыг харгалзана гэсэн байдаг тул  охин Б.М ээс аав, ээжийнхээ хэнтэй нь хамт амьдрах талаар саналыг асуухад аавтайгаа хамт амьдрах саналаа шүүхэд гаргасан.

          Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд үүрэг үүсдэг. Эцэг, эх тусдаа амьдарснаар тэдний дундаас төрсөн хүүхдийг асрамжинд аваагүй эцэг, эхийн хувьд асран хамгаалах, сурган хүмүүлэх үүрэг нь дуусгавар болдоггүй, Гэр бүлийн тухай хуулийн 21, 26 дугаар зүйлд заасан үүрэг тухайн хүүхдийг насанд хүртэл нь үргэлжилдэг. Харин хүүхдийн асрамжийг шүүх шийдвэрлэж байгаа нь асрамжинд авсан эцэг, эх нь зөвхөн хүүхдэдээ ганцаараа халамж, анхааралаа тавьж, асрамжинд аваагүй эцэг, эхийг үүрэг, хариуцлагаас чөлөөлж байгаа явдал биш асрамж бол хүүхдийг хэнтэйгээ хамт амьдрах оршин суух хаягийг тодорхойлж байгаа явдал юм.

          Зохигчийн дундаас төрсөн охин Б.М ийг эх Х.Ш ийн асрамжинд үлдээсэн шүүхийн шийдвэр байгаа боловч охин Б.М  эцгийн асрамжинд шүүхийн шийдвэр гарснаас хойш ихэнх хугацаанд байдаг байсан, шүүх хуралдаан болох өдрийн байдлаар эцэг Д.Б тай хамт амьдарч байгаа, охин өөрөө эцэгтэйгээ хамт амьдрах санал гаргасан зэрэг нь охин Б.М ийн  асрамжийг эцэг Д.Б ад үлдээх үндэслэл бүрдэж байна.

          Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Д.Б   охинд минь хайртай даа бус намайг тамлаж чадах, охин бид хоёрыг салгах зорилготой, тодорхой орлогогүй тул охины 20000 төгрөгөөр амьдралаа тэжээх гэж охиныг минь авах хүсэлтэй байна. Б  нь тогтсон амьдралгүй, олон эмэгтэй сольдог, шүүх цагдаагаар байнга зарга хийдэг, архи пиво байнга уудаг, Ийм хүнийг ямар эцэг гэж охиноо өгөх вэ. Би эх хүн учраас охиноо ийм амьдралтай хүнд даатгаж өгч чадахгүй гэжээ. Хариуцагч дээрх үндэслэлээ нотолсон бичгийн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй гаргаж өгөөгүй тул хариуцагчийн тайлбарыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй.

          Охин Б.М ийг нэхэмжлэгч Д.Б ын асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа тул  Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3-т зааснаар эх Х.Ш ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          Иймд охин Б.М ийг нэхэмжлэгч Д.Б ын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Б.М ийг эх Х.Ш ээр тэжээн тэтгүүлж, тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эцэг Д.Б ад даалгаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 104414 төгрөг гаргуулж, 70200 төгрөгийг нэхэмжлэгчид, 34214 төгрөгийг Төрийн санд оруулж шийдвэрлэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь хэсэгт зааснаар 2011 оны 03 дугаар сарын 12-ны төрсөн охин Б.М ийг эцэг Д.Б ын асрамжид үлдээсүгэй..

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Б.М ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эх Х.Ш ээр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эцэг Д.Б ад даалгасугай.

3.  Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт  даалгасугай.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, харицагчаас 104.414 төгрөгийг гаргуулж, 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг нэхэмжлэгчид, 34.214 /гучин дөрвөн мянга хоёр зуун арван дөрөв/ төгрөгийг Улсын орлогод оруулсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Даариймаад даалгасугай.

7.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.ХИШИГДЭЛГЭР