Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2023/ДШМ/248

 

 

Б.Б, Б.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ариунзул,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/43 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Бэ, Б.М нарт холбогдох эрүүгийн 2205011322051 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Т овгийн Бын Бэ, 1998 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хоол хүргэлтийн ажилтай, ам бүл 5, эхнэр, эгч, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:-/;

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 470 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 702 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 446 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлж, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар биеэр 139 хоногийг эдэлж, эдлээгүй үлдсэн 191 хоногийн ялын үлдэгдэлтэй;

2. Б овгийн Бы М, 1986 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Завхан аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Сүлжээний инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

Шүүгдэгч Б.Бэ нь:

2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” худалдааны төв дотор байрлах лангуунаас хохирогч Б.Бгийн эзэмшлийн “Р” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч улмаар түүнд 1.799.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 19 цагийн орчимд, Б дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Т” худалдааны төвийн 2 давхрын 5 номерын лангуунаас хохирогч Г.Нийн “Ай фоне-12” загварын гар утсыг, нууцаар хууль бусаар авч 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 17 цаг 50 минутын орчимд Б дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” худалдааны төвийн 2 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг гар утасны худалдаа, үйлчилгээний лангуунаас А.Сын эзэмшлийн “Ай фоне 11 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2022 оны 7 дугаар сарын 02-ны Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, “Э” худалдааны төвийн хажуу талын нийтийн байрны 2 давхрын өрөөнд хамт архи ууж байсан А.Гийг ямар нэгэн шалтгаангүйгээр түүний нүүрэн тус газар нь өвдөглөж, эрүүл мэндэд дээд үүдэн зүүн 1 дүгээр шүд /21-р шүд/ хөдөлгөөн орсон, доод уруулд шарх, дал, ууц нуруу, зүүн бугалга, баруун өгзөг, гуяны ар дээд хэсэгт олон тооны цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ - тоотод хохирогч Я.Нтой маргалдан улмаар заазуураар гар, толгой хэсгийг зүсэх зэргээр биед нь баруун гарын шууны ард шууны урт, богино тэнийлгэгч шөрмөс болон хуруунуудын тэнийлгэгч, долоовор, чигчий хурууны тэнийлгэгч шөрмөснүүдийг тасалсан шарх, зүүн зулайн хуйх, дээд уруулын зүүн хэсэг, дээд уруулын зүүн гадна дээд хэсэгт шарх, зүүн сарвууны долоовор хурууны 2 дугаар шивнүүрийн шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.М нь “Т” худалдааны төвийн гадна байхдаа 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагийн орчимд Б.Бийн хулгайлсан А.Сын эзэмшлийн “Ай фоне 11 про макс” загварын гар утсыг гэмт хэргийн улмаас олсон болохыг мэдсээр байж худалдан авч, гар утсыг эзэмших, захиран зарцуулах эрхийг олж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар, Б.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Т овогт Бын Бийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Бы Мг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж худалдан авч, эзэмших, захиран зарцуулах эрхийг олж авсан гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Б.Бэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Бэд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 446 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 6 сар 14 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 6 сар 14 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бэд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн цагдан хоригдсон 20 хоногийг эдлэх ялд оруулан тооцон хасаж,

шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бээс 1.799.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Бд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Я.Н гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6 дахь хэсгүүдэд зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий 3 ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, 1 ширхэг ногоон өнгийн иштэй заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Бэ гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие эхнэр С.Б, том хүү Ө 1 нас 9 сартай, бага охин У 9 сартай нарын хамт Б дүүргийн - тоотод оршин суудаг. Эхнэр С.Б гэртээ хүүхдүүдээ харж ажилгүй суудаг. Миний бие “Т” ХХК-д өрлөгчнөөр 1.200.000 төгрөгийн ажиллаж, ар гэрээ тэжээдэг. Миний бие Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 446 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн боловч 8 дугаар сард цахим бугуйвч зүүж эхэлсэн. Цахим бугуйвч зүүж эхэлсэн үед ямар нэгэн гэмт хэрэгт холбогдоогүй, шүүхийн шийдвэрийн ажиллагаанд хүндрэл учруулаагүй. Өөрийн үйлдсэн гэмт хэргүүдээ үнэн зөвөөр хүлээж, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бусдад учруулсан хохирлыг барагдуулж байсан. Үлдсэн хохирол 1.799.000 төгрөгийг нөхөн төлж барагдуулна. Үйлдсэн гэмт хэрэгтээ маш их харамсаж байна. Миний ар гэрийн байдал, гэм буруугаа ойлгож, хохирол төлбөрийг барагдуулж байгаа байдал зэргийг харгалзан оногдуулсан ялыг хуулийн хүрээнд хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

            Прокурор Г.Ариунзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч Б.Бэ өмнө нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг удаа дараа үйлдэж, ял шийтгэгдэж байсан. Гэмт хэрэгт шалгагдаж байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдэж байгаа нь түүний зан төлөв нь төлөвшөөгүй буюу засарч хүмүүжээгүй байгааг харуулж байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Бэд оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон, Эрүүгийн хуульд заасан хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн гэж дүгнэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Бэ нь:

2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” худалдааны төв дотор байрлах лангуунаас хохирогч Б.Бгийн эзэмшлийн “Р” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч улмаар түүнд 1.799.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 19 цагийн орчимд, Б дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Т” худалдааны төвийн 2 давхрын 5 номерын лангуунаас хохирогч Г.Нийн “Ай фоне-12” загварын гар утсыг, нууцаар хууль бусаар авч 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 17 цаг 50 минутын орчимд Б дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” худалдааны төвийн 2 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг гар утасны худалдаа, үйлчилгээний лангуунаас А.Сын эзэмшлийн “Ай фоне 11 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2022 оны 7 дугаар сарын 2-ны Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, “Э” худалдааны төвийн хажуу талын нийтийн байрны 2 давхрын өрөөнд хамт архи ууж байсан А.Гийг ямар нэгэн шалтгаангүйгээр түүний нүүрэн тус газар нь өвдөглөж, эрүүл мэндэд дээд үүдэн зүүн 1 дүгээр шүд /21-р шүд/ хөдөлгөөн орсон, доод уруулд шарх, дал, ууц нуруу, зүүн бугалга, баруун өгзөг, гуяны ар дээд хэсэгт олон тооны цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ - тоотод хохирогч Я.Нтой маргалдан улмаар заазуураар гар, толгой хэсгийг зүсэх зэргээр биед нь баруун гарын шууны ард шууны урт, богино тэнийлгэгч шөрмөс болон хуруунуудын тэнийлгэгч, долоовор, чигчий хурууны тэнийлгэгч шөрмөснүүдийг тасалсан шарх, зүүн зулайн хуйх, дээд уруулын зүүн хэсэг, дээд уруулын зүүн гадна дээд хэсэгт шарх, зүүн сарвууны долоовор хурууны 2 дугаар шивнүүрийн шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,

шүүгдэгч Б.М нь “Т” худалдааны төвийн гадна байхдаа 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагийн орчимд Б.Бийн хулгайлсан А.Сын эзэмшлийн “Ай фоне 11 про макс” загварын гар утсыг гэмт хэргийн улмаас олсон болохыг мэдсээр байж худалдан авч, гар утсыг эзэмших, захиран зарцуулах эрхийг олж авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Б.Бгийн “...Би 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 18 цаг 30 минутын үед өөрийн ажил болох ... Т худалдааны төв дотроо ... өөрийн гар утсаа лангуун дээрээ тавьсан байсан. Хөлийн чимээ гарахаар нь эргээд хартал нэг үл таних залуу “архи зардаг уу” гэж асуугаад хурдан гараад явсан. Гарч явсан хойно нь лангуун дээрээ очоод утсаа авах гэтэл утас маань байгаагүй. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. ...” /1хх 22-23/,

хохирогч А.Гийгийн “...Би 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ... танил болох Бэ, Бөхбаатар нартай өдөр 12 цагийн орчимд тааралдаж уулзсан. Бэ “...манайд очиж ... сууя” гээд ... Э худалдааны төвийн хажуу талын нийтийн байранд 14 цагийн орчимд очсон. ...Тэгээд бид нар шар айраг ууж, ярьж сууж байгаад Бөхбаатар бид хоёр нойр хүрээд ... унтаж байгаад сэрсэн чинь ... Бэ “би энэний шөрмөсийг таслаадахъя” гэж яриад байсан ба хамт байсан залуу нь хориглоод байсан. Тэгсэн чинь Бэ “одоо эд нарыг дарж авахгүй бол толгой дээр гарах нь” гээд байсан. Тэгсэн чинь нөгөөх залуу нь “за за би эндээс явъя, тэгэхгүй бол хүн амины хэрэгт орох нь” гээд байсан. Тэгтэл Бөхбаатар нь босч ирээд боль гэж хэлсэн чинь Бэ нь согтуурхаад “чи эсхүл хамт хутгалуулах уу” гээд хутга хайгаад байсан. Тэгээд байж байснаа гар утасны цэнэглэгч авч “хутганы оронд энүүгээр зодчихъё” гээд намайг цэнэглэгчээр ороолгоод байсан. Тэгээд би өөдөөс нь босох гэсэн чинь намайг өвдөглөөд миний ам хэсэгт оносон. Тэгээд би гарч яваад цагдаагийн байгууллагад хандсан. Бэ бид хоёр “Гэртээ харих зам” нэртэй асрамжийн газарт хамтдаа өссөн. ...” /1хх 62-63/,

хохирогч Г.Нийн “...Би ... 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн орой 19 цагийн орчимд ... “Т” худалдааны төвийн 2 давхрын 5 номерын лангуун дээр өөрийн эзэмшлийн “Ай фоне 12” маркийн ... гар утсаараа фэсбүүкт ороод сууж байтал 25 орчим насны ... 2 залуу ирээд, хүүхдийн унтлагын болон биеийн тамирын хувцас асуухаар нь гар утсаа ширээн тавьчихаад тухайн асуусан бараануудыг үзүүлэхэд үзэж байгаад явахаар нь гар утсаа үзэхэд байхгүй болчихсон байхаар нь өөрийн гар утас руу 3 удаа залгахад, аваад тасалж байгаад унтраачихсан юм. Ингээд цагдаагийн байгууллагад хандаж байна. ...” /1хх 97-98/,

хохирогч А.Сын “...2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 17 цаг 50 минутын орчимд ... 22-27 настай эрэгтэй хүн орж ирээд “Релми маркийн гар утасны гадна гэр байгаа юу” гэж асуухаар нь би өөрийн гар утсаа сууж байсан ширээний шүүгээнд хийгээд нөгөө эрэгтэйн асуусан гар утасны гэрийг үзээд байж байтал гаднаас мөн маск зүүсэн танихгүй хоёр эрэгтэй хүн орж ирсэн нөгөө 3 залууг гарч явсны дараа өөрийн “Ай фоне 11 про макс” загварын гар утсаа хийсэн газраасаа авах гэтэл миний гар утас байхгүй болсон байсан. ...” /1хх 139-140/,

хохирогч Я.Нын “...Би 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 11 цагийн үед эхнэр Згийн хамт ... явах замдаа ... Бын Бэтэй болон түүний эхнэр Бтэй таарсан. Тэгээд бид 4 манайд очихоор болоод ... гэртээ ирээд Бэ бид гурав архи уусан Бийн эхнэр байгаагүй. Архи дуусаад Бэ 1 шил архи авчирсан би цагийг нь санахгүй нэг мэдсэн гэгээ тасарч ... босож ирэхэд Дамдиндорж гэх манай гэрт амьдардаг залуу орж ирсэн. Бэ нь Дамдиндоржийг зодох гэж дайраад би салгасан. Тэгээд архи уугаад цаашаа юу болсныг санахгүй байна. Нэг сэрэхэд түргэний машин дотор явж байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт ухаан орсон. Толгойн дагз хэсэгт нэг удаа зүсэж, зүүн гарын долоовор хурууг 2 удаа зүссэн, баруун гарын бугуй хугарч 3 хурууны шөрмөсийг зүссэн уг гэмтлүүдийг заазуураар Б.Бэ зүсэж учруулсан. ...” /1хх 192-193/,

гэрч Г.Згийн “...2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ... Бэ залгаад “би буудалд ууж байна” гэхээр нь би “буудалд ууж байхаар манайд ирээч” гэсэн чинь удаагүй хүрээд ирсэн. Удалгүй буцаад манай нөхрийг дагуулж гараад 0.75 литрийн Хараа 1 ширхэг, тамхи, ундаа авч ирсэн. Түүнийг бүгд хувааж уусан юм яриад сууж байгаад Бэ манай нөхөр Ныг зодоод, манай гэрт байсан заазуур аваад толгой, зүүн гар нүүр зэрэг газар нь зүссэн. Тэгээд гараад яваад өгсөн. Тэгэхээр нь би дээд давхарт байдаг найздаа хэлээд цагдаа дуудуулсан юм. Согтуу байсан болохоор ам зөрөөд муудалцсан тэр үед бүгд архи уусан байсан. Гэхдээ би өөрийгөө бүрэн хянах чадвартай байсан. ...” /1хх 195-196/,

гэрч С.Бийн “ ...Н, Бэ, Золоо гурав архи ууж байгаад Н, Бэ хоёр хоорондоо маргалдсан. Юуны улмаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Би тэр хоёрыг болиулах гэтэл Нын эхнэр нь “чи юундаа маяглаад байгаа юм чамайг ингэж салгах гээд байхаар чинь наад хоёр чинь улам маргалдаад байна” гээд суугаад байсан. Тэгээд Н, Бэ хоёр хоорондоо зодолдсон. Хэн нь хаана цохисныг сайн хараагүй. Нын нүүрнээс цус гарсан. Бийн хүзүү болон нүүр амнаас цус гарсан байсан. Тэгээд би Бийг дагуулаад 6-н буудалд байрлах Угалз гэх буудлын 23 тоотод орж хоносон. ...” /1хх 200-201/,

Б.Бийн гэрчээр өгсөн “...Би 2022 оны 6 дугаар сарын 15- ны орой 18 цагийн орчим ... Т худалдааны төвийн 2 давхарт ... худалдагч хийж байсан залуугийн “Ай фоне 11 про макс” маркийн гар утас нь лангууны хэсэгт ил харагдаад байхаар нь лангуун дээрээс хулгайлан авч халаасандаа хийгээд гарч явсан. Ингээд тухайн гар утсаа 90909046 дугаарын утсаар Б.М гэх урьд өмнө нь хулгайн гар утсаа өгч байсан, Т худалдааны төвийн гадна зогсож гар дээрээс худалдаа эрхэлдэг хүнд 200.000 төгрөгөөр худалдсан. Гар утас зарсан мөнгөө бэлнээр авсан ба тухайн хүнд би хулгайлж авсан гар утас гэдгээ хэлээд өгсөн. ...” /1хх 142/,

Б.Бийн яллагдагчаар өгсөн “...Би тухайн үед Нтой зодолдохдоо бас гэмтэл авсан. ...” /1хх 247/,

Б.Мгийн гэрчээр өгсөн: “...Би 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр орой 18 цагийн орчимд Т худалдааны төвийн гадаа гар дээрээс гар утас зарж борлуулаад байж байтал зүс таних Баагий гэх залуу /тухайн залуугийн дугаарыг нь сайн санахгүй байна/ миний 90909046 дугаарын утас руу залгаад “утас өгөх гэсэн юм та хаана байна” гэхээр нь “Т худалдааны төвийн гадаа байна барилгачдын талбай дээр хүрээд ир” гэсэн. ...Тэрээр “ай фоне 11 про макс маркийн гар утас авчаач” гэхээр нь би тухайн утсыг дэлгэцийн үнээр нь бодон 250.000 төгрөгөөр худалдан авсан. ...” /1хх 145-146/,

Б.Мгийн яллагдагчаар өгсөн “...Би анхнаасаа хулгайн утас гэж мэдээгүй. Тэр хүн надад утсаа өгөхдөө хулгайн утас гэж хэлээгүй. ...” /1хх 167-168/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн “...А.Гийд дээд үүдэн зүүн шүд /21-р шүд/ хөдөлгөөн орсон, доод уруулд шарх, дал, ууц, нуруу, зүүн бугалга, баруун өгзөг, гуяны ар дээд хэсэгт олон тооны цус хуралт, зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...” гэсэн 9437 дугаартай /1хх 66-67/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн “...Я.Нын биед баруун гарын шууны ард шууны урт богино тэнийлгэгч шөрмөс болон хуруунуудын тэнийлгэгч, долоовор, чигчий хурууны тэнийлгэгч шөрмөснүүдийг тасалсан шарх, зүүн зулайн хуйх, дээд уруулын зүүн хэсэг, дээд уруулын зүүн гадна дээд хэсэгт шарх, зүүн сарвууны долоовор хурууны 2 дугаар шивнүүрийн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун гарын шууны ард шууны хурууны тэнийлгэгч шөрмөс болон хуруунуудыг тэнийлгэгч, долоовор, чигчий хурууны тэнийлгэгч шөрмөснүүдийг тасалсан шарх гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь тус бүрд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үйлдэгдсэн байх боломжтой байна. ...” гэсэн 359 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /1хх 222-224/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 183-184/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 14-16, 91-92/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 132-134/, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 29-32/,“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 103-104, 183-184/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Бэ, Б.М нарын үйлдэлд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хэрхэн агуулж буй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Бийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд, шүүгдэгч Б.Мг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж худалдан авч, эзэмших, захиран зарцуулах эрхийг олж авсан гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн анхан шатны шүүхээс шинжээчийн дүгнэлт болон хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэн хохирогч Б.Б, Г.Нэ, А.С нарт учирсан бодит хохирлыг зөв тооцож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч Б.Бийн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар, шүүгдэгч Б.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 446 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 6 сар 14 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 6 сар 14 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Б.Бийн “хорих ялыг хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй бөгөөд дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс уг заалтыг хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан.

Шүүх шүүгдэгч Б.Мгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж худалдан авч, эзэмших, захиран зарцуулах эрхийг олж авсан гэмт хэрэгт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 3 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, заалтад заагаагүй ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуульд нийцээгүй байна.

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарна.

Гэвч, Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлсэн.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, давж заалдах шатны шүүхэд хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй.

Түүнчлэн, Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтээр “... эсхүл хүндрүүлж ...” гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн. Үүнтэй холбоотойгоор шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг давж заалдах шатны шүүхээс хүндрүүлэх эрх хэмжээ олгогдоогүй тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулах боломжгүй нөхцөл байдал үүсэж байна.

Мөн зорчих эрхийг хязгаарлах ял нь хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг түүнд хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ бүсийг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр дээрх эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлаж буй ялын төрөл юм.

Анхан шатны шүүх Баянгол дүүрэгт оршин суух хаягтай шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах бүсийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоосон нь дээрх ялын мөн чанарт нийцээгүйн гадна Эрүүгийн хуулийн зорилгыг алдагдуулсан байх тул шүүгдэгч Б.Мгийн зорчих эрхийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Давж заалдах шатны шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг хөндөөгүй тул дээрх өөрчлөлт нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/43 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...нийт оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар тооцсугай. ...” гэснийг “...нийт оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тооцсугай. ...” гэж,

тогтоох хэсгийн 7 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарласугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ