Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 28

 

И.Ч-ын нэхэмжлэлтэй

                                                                      иргэний хэргийн тухай

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 129/ШШ2020/00377 дугаар шийдвэртэй

И.Чын нэхэмжлэлтэй

Б.Зд холбогдох

гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, 19.147.000 төгрөгийн хөрөнгө буюу үнийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, эх И.Чаас нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагч Б.Зын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Т.Д-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч И.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагч Б.З, хариуцагчийн өмгөөлөгч Г.Э, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И.Ч-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарт: “Миний бие И.Ч нь 1999 онд нөхөр Б.Зтай танилцаж үерхэж байгаад 1999 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэг гэрт хамт амьдрах болсон. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2001 оны 11 дүгээр сарын 07-нд хүү З.Б, 2003 оны 02 дугаар сарын 01-нд хүү З.Ба, 2007 оны 08 дугаар сарын 23-нд хүү З.Бат нар төрсөн. Бид хоёр албан ёсоор 2007 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдрах хугацаанд нөхөр Б.З бид хоёр бусад хосуудын адил тусдаа гэр барьж, 2 талаас мал тасалж өгч амьдарсан. Хамтран амьдарсан эхний жилүүдэд бид хоёрын дунд хэрүүл маргаан гардаггүй байсан. 2003 онд нөхөр Б.З машин авч, хүн тээвэрлэх ажил эрхлэх болсноор архи ихээр уудаг болж, ялангуяа том хүү З.Б маань төрөлхийн түнхний мултралтай хазганаж явдгийг нь мэдсээр байж насанд хүрээгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээр мотоцикл, машин унуулж архиддаг болсон. Энэ байдал нь даамжирсаар ааш зан нь ихэд өөрчлөгдөн надад болон хүүхдүүддээ байнга гар хүрдэг болсон. 2016 оны 4 дүгээр сард машинаа үзлэгт оруулчхаад орой ирсэн чинь Б.З нь эрүүл байсан бөгөөд намайг хэл амаар доромжлон гэрээс хөөгөөд орж ирэх юм бол намайг алаад хаяна шүү гэх мэтээр заналхийлж, хаалгаа цоожлоод оруулахгүй байсан. Ингээд миний бие энэ хүний гарт үрэгдэх юм байна гээд өөрийнхөө ахыг дуудаж арга буюу явсан бөгөөд дахиж гэртээ очоогүй юм. Би тухайн үед гэрээсээ өмссөн хувцастайгаа хөөгдсөн. Тэр өдрөөс хойш нөхөр Б.Заас тусдаа өөрийн эцэг, эхтэйгээ амьдрах болсон. Энэ хугацаанд нөхөр Б.З өөр хүнтэй суугаад хүүхэдтэй болсныг би сүүлд мэдсэн. Иймд миний бие Б.Зтай цаашид хамтран амьдрах боломжгүй байгаа тул гурван хүүгээ өөрийн асрамждаа авч, өсгөж хүмүүжүүлэх, Б.Заас гэрлэлтээ цуцлуулж, хуулийн дагуу хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгөөс өөрт болон гурван хүүхдэд оногдох хөрөнгө болох 74.708.000 төгрөгийг гаргуулж өгнө үү...Миний бие Б.Зын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн өмнө нь нэхэмжилж байсан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, одоо Б.Заас 19.147.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн хүү З.Бат, З.Ба нарыг өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Дундын эд хөрөнгөөс цагаан хаш хөөрөг, мөнгөн аягаа хувааж өөрт ногдох болон хүүхдүүдэд ногдох хэсгийг авна. Хуваарьт хөрөнгө болох мөнгөн бүс, монгол гутал, 2 ширхэг шүрийг биетээр нь гаргуулна. Мөнгөн аяга, хөөргийн үнийг 19.147.000 төгрөгт оруулан тооцож нэхэмжилж байна. 2016 оны малын А дансны үнэлгээг үндэслэн нэхэмжлэлээ гаргасан байгаа. Малд ногдох хэсэг нь 17.802.000 төгрөг бөгөөд үлдэх хэсэг болох 1.345.000 төгрөг нь миний хуваарьт хөрөнгө...” гэжээ.

Хариуцагч Б.Зын шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлд: “Миний бие  И.Чтай гэр бүл болж амьдраад бидний дундаас хүү З.Б 2001 оны 11 дүгээр сарын 07-нд, хүү З.Ба 2003 оны 02 дугаар сарын 01-нд, хүү З.Бат 2007 оны 08 дугаар сарын 23-нд тус тус төрсөн бөгөөд эсэн мэнд  өсөж байна. И.Ч бид хоёрын хооронд таарамжгүй харьцаа үүсэж, 2016 оны 04 дүгээр сараас эхлэн И.Ч нь гурван хүүхэд болон надтай хамт амьдрахаа больсон. Энэ цагаас эхлэн гурван хүүхдэд төрөөс сар бүр олгодог 20.000 төгрөгийг И.Ч нь өөрөө авч зарцуулдаг байсан. Иймээс И.Чаас хүүхдэд олгодог  20 000 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сараас 2020 оны 01 дүгээр сарыг дуусталх гурван хүүхэд тус бүрийн 3х20.000=2.760.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Харин гурван хүүхдээ би өөрөө авч өсгөх тул  ээжид нь өгөхгүй. И.Ч нь нэхэмжлэлдээ намайг хилсдүүлж зоддог мэтээр худлаа бичсэн байна. Гэр бүлийн хооронд маргаан гарч байсан хэдий ч би И.Чд гар хүрч байгаагүй. И.Ч нь бусадтай гэр бүлээс гадуур харьцаа тогтоож, түүний улмаас маргалдан 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр яваад түүнээс хойш гурван хүүхэд дээрээ болон гэртээ эргэж ирээгүй байж байгаад 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр эцэг, эх, дүү нарынхаа хамт авдар сав, хувцас хунараа авах гэж ирсэн. Энэ хугацаанд хүүхдүүдтэйгээ 1 сарын хугацаанд утсаар ярьж байсан. Сүүлдээ ерөөсөө холбогдохгүй болсон. Би бага хүү З.Батийг ээжтэйгээ уулзаад ир гэж Улаанбаатар хот руу 2016 оны 08 дугаар сард явуулахад ээж нь холбогдоогүй. И.Ч над руу ганц ч удаа залгаж хүүхдүүдийнхээ талаар асууж лавлаж байгаагүй. Би 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр очиход эх нь уулзахгүй байсан. Мөн 2016 оны 07 дугаар сард очоод уулзах гэтэл эцэг, эх хоёр нь уулзуулахгүй, би хашаанд нь хоноод ирсэн. Түүнээс хойш би дахин очиж чадаагүй. И.Чыг байхгүй байх хугацаанд би гурван хүүхдээ өөрөө өсгөж, сургуульд нь тасралтгүй сургаж, том хүү З.Батлхагвын эмчилгээг тасралтгүй хийлгэж ирсэн. Миний бие 2001 оны 11 дүгээр сарын 07-нд төрсөн хүү З.Б, 2003 оны 02 дугаар сарын 01-нд төрсөн хүү З.Ба, 2007оны 08 дугаар сарын 23-нд төрсөн хүү З.Бат нарыг өөрийн асрамжид авч, И.Чаас хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. И.Чын бүс, гутал, шүрийг би өгнө гэсэн. Харин би хоёр хүүхдээ өгөхгүй. Нэхэмжлэгч талын яриад байгаа шиг 7-8 ширхэг мөнгөн аяга манайд байхгүй бөгөөд 4 ширхэг мөнгөн аяга л байгаа. Би хоёр хүүхдээ өөрийн асрамждаа авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Нэхэмжлэгчид ногдох гэр бүлийн дундын эд хөрөнгийг өгнө. Харин хүүхдүүдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байгаа тул хоёр хүүхдэд ногдох гэр бүлийн дундын эд  хөрөнгөөс ногдох хэсгийг өгөхгүй” гэжээ.

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 129/ШШ2020/00377 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч И.Ч, хариуцагч Б.З нарын гэрлэлтийг цуцалж; Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т заасныг баримтлан 2007 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү З.Батийг эх И.Чын, 2003 оны 02 дугаар  сарын 01-ний өдөр төрсөн хүү З.Баг эцэг Б.Зын асрамжид үлдээж; Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хүү З.Батийг сард 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Заар тэжээн тэтгүүлж, хүү З.Баг сард 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эх И. Чаар тэжээн тэтгүүлж; Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т заасныг баримтлан хариуцагч Б.Заас мөнгөн аяга 1, мөнгөн бүс 1, Монгол гутал 1, улаан шүр хоёр ширхгийг гаргуулж нэхэмжлэгч И.Чд олгож; Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Заас нэхэмжлэгч И.Ч, хүү З.Бат нар ногдох хөрөнгө 11.868.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И.Чд олгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 54 дүгээг зүйлийн 54.1, 54.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч И.Чаас шинжээчийн зардал 292.500 төгрөг гаргуулж Архангай аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газарт, 40.000 төгрөг гаргуулж Архангай аймгийн Шүүхийн Тамгын газарт, хариуцагч Б.Заас шинжээчийн зардал 292.500 төгрөг гаргуулж Архангай аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газарт, 40.000 төгрөг гаргуулж Архангай аймгийн Шүүхийн Тамгын газарт олгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 531.490 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 204.638 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.Чд олгож, И.Чаас улсын тэмдэгтийн хураамж 35.100 төгрөг гаргуулж хариуцагч Б.Зд, хариуцагч Б.Заас улсын тэмдэгтийн хураамж 35.100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И.Чд тус тус  олгож; Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэжээ.

            Хариуцагч Б.Зын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Б.З миний бие Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын өдрийн 129/ШШ2020/00377 дугаартай шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаас хүү З.Батийг эх И.Чын асрамжид үлдээсэн хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Намайг З.Батийг өсгөх боломжгүй талаарх дүгнэлт гаргаагүй, И.Чыг ч хүүхдээ авч өсгөх бүрэн боломжтой гэж үзэх дүгнэлт гараагүй бөгөөд И.Ч нь өөрийн гэсэн орон гэргүй, эрхэлсэн ажилгүй, орлого тодорхойгүй байгаа нь хэргээс харагддаг. Мөн хүүхдийг яг шилжилтийн насан дээр нь амьдрах орчныг нь солино гэдэг бол таатай зүйл биш бөгөөд хүүхдийн хүмүүжилд сөрөг зүйл болдог. Иймээс хүү З.Батийг өөрийн өссөн гэр, дассан сургууль орчинд нь байлгах хүсэлтэй байна. Хүү минь ч өөрөө ийм бодолтой байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 129/ШШ2020/00377 дугаартай шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, хүү З.Батийг эцэг миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч И.Ч нь хариуцагч Б.Зд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдээ өөрийн асрамждаа авах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын хөрөнгөнөөс 19.147.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

 Хариуцагч Б.З нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, улмаар  И.Чаас 2016 оны 04 сараас 2020 оны 01 сарыг дуустал 3 хүүхэд тус бүрд төрөөс олгосон 2.760.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай харилцан тооцогдохгүй, үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамт шийдвэрлэх шаардлагагүй  гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан байна.

Мөн хариуцагч Б.З 3 хүүхдээ асрамждаа авах,  эх И.Чаас тэтгэлэг гаргуулах, хүү З.Батхүлэгийг бие даасан шаардлага гаргах гуравдагч этгээдээр татан оролцуулах сөрөг нэхэмжлэл гаргахад шүүх 3 хүүхдээ асрамждаа авах,  эх И.Чаас тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч, хүү З.Батхүлэгийг бие даасан шаардлага гаргах гуравдагч этгээдээр татан оролцуулах сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т шүүх гэрлэлт цуцлах хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулан хүүхдийн асрамжийн асуудал, хүүхдийн тэтгэлгийн асуудал, гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг хуваах асуудлыг хамтад нь шийдвэрлэж болохыг заасан.

 Энэ дагуу шүүх гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхдээ хариуцагчийн 3 хүүхдэд нь төрөөс олгосон мөнгийг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийг хамтад нь шийдвэрлэх нь зөв байтал хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй байна.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар нэхэмжлэл гаргаж болохоор заасан.

Хариуцагчаас нэмэлт зардал гаргуулахаар нэхэмжлэл гаргахын тулд тэжээн тэтгүүлэгч хэний асрамжид үлдсэнээр хариуцагчийг тодорхойлно.

Гэрлэгчид хэн аль нь 3 хүүхдээ асрамждаа авахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч И.Ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн хүү З.Б-ыг асрамждаа авах, З.Бд ногдох хөрөнгө нэхэмжлэх шаардлагаасаа татгалзсан талаар анхан шатны шүүх дүгнэжээ.

Зохигчдын тайлбараас үзэхэд хүү З.Б нь төрөлхийн түнхний мултралтай, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай тэжээн тэтгүүлэгч байхад шүүх З.Батлхагвын талаар эрх зүйн ямар ч дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Давж заалдах шатны шүүх хариуцагч Б.Зын давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт хийгээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 129/ШШ2020/00377 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.З-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ДАВААСҮРЭН

                                       ШҮҮГЧИД                                       Л.НЯМДОРЖ

                                                                                               В.ЦЭЦЭНБИЛЭГ