Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 123/2017/0027/З |
Дугаар | 221/МА2018/0014 |
Огноо | 2018-01-03 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2018/0014
2018 оны 01 сарын 03 өдөр | Дугаар 221/МА2018/0014 | Улаанбаатар хот |
“ДХ” ХХК-ийннэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, хариуцагч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э нарыг оролцуулан хийж, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 29 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “ДХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Аргалант сумын Засаг дарга, Төв аймгийн Аргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүх шийдвэртээ: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 35 дугаар зүйлийн 35.3.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 60 дугаар зүйлийн 60.2, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 25 дугаар зүйлийн 25.1, 25.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “ДХ” ХХК-ийн “Аргалант сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/96 дугаар захирамж, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 60, 61 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэг. Газар эзэмших
гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, захирамжийн биелэлтийг хангаагүй тухайд:
“ДХ” ХХК нь оршуулгын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй. Аргалант сумын ИТХТ-дийн 2016.09.07-ний 40, 41 дүгээр тогтоол, Засаг даргын 2016.11.07-ны Б/400, Б/401 дугаар захирамжаар Яст ухаад 4 га, Зөнөгт 6 га, Хашаат Бүрэнгийн энгэр орчимд 10 га газрын оршуулгын үйл ажиллагаа явуулах зориулалтаар 40 жилийн хугацаатай эзэмшсэн. Хуулийн хүрээнд газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, кадастрын зураглал хийлгэн 2017.05 сарыг дуустал үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ 6-7 сарын хугацаанд хамгаалах үүрэг хүлээсэн газруудыг бүрэн хамгаалж, цэвэрлэж, арчилж, хаалга хийж, тэмдэг тэмдэглэгээ, хашааны суурь цутгах нүхийг тойруулан ухуулж, хориглох анхааруулах самбар байрлуулж, байнгын манаач ажиллуулж, эргүүлийг тогтмол хийлгэж 35 орчим сая төгрөгийг зарцуулан үйл ажиллагаа явуулсан. Энэ үйл ажиллагааны талаар сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нар гэрчээр мэдүүлэг өгч тухайн хүндрэлтэй нөхцөл байдлыг арилгахын тулд хийж хэрэгжүүлсэн ажил гэдгээ тайлбарласан.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор тусгасан. Гэтэл шүүхээс газар эзэмшигч газрын тухай хууль тогтоомжийн ямар зүйл заалтыг зөрчсөн болохыг тогтоогоогүй, газар эзэмших гэрээ хийгээгүй нь хэний буруутай үйлдэл вэ гэдэгт хууль зүйн дүгнэлт гаргаагүй, гэрээ байгуулаагүй байхад гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн байдлаар шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч талаас газрын кадастрын зураглал хийлгэн газрын даамалд хандсан талаар, газрын даамал нь тухайн үед газрын нэгдсэн санд бүртгэх бүртгэлийн систем ажиллаагүй байсан тул бүртгээгүй улмаар газрын эзэмших гэрээ хийгээгүй байхад сонгууль болж дарга нар солигдсон талаар тайлбар өгсөн байдаг. Газрын даамал үүргээ биелүүлээгүй. Захирамжийн биелэлтийг хангаагүй гэдэг үндэслэл тогтоогдоогүй. Учир нь БОХУБ-гч н.Ширнэн шүүх хурал дээр өгсөн тайлбартаа би бичиг хийж болон утсаар хамгаалах ёстой газарт хүн тавиулах зөвшөөрөл өгч байснаа, мөн багийн Засаг даргын тодорхойлолтоор /баримт хэрэгт цугларсан/ “ДХ” ХХК нь хүн тавиулсан байдаг. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчдын шийдвэр, зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулсан гэдгийг шүүх хянаж үзсэнгүй.
Хоёр. Аргалант сумын Засаг даргын 2017.05.30-ны А/96 дугаартай сөрөг нөлөөлөл бүхий захирамжийн хууль зүйн үндэслэлийн тухайд:
Шүүх захирамжийн хууль зүйн үндэслэлд тайлбар дүгнэлт хийлгүй шийдвэр гаргасан. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг үндэслэсэн байна. Энэ заалтын зохицуулалт нь Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрчлөх буюу хүчингүй болгох юм. Дээрх захирамж нь “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” захирамж болохоос сумын ЗД-ын захирамжийг өөрчилж хүчингүй болгож байгаа асуудалд хамааралгүй бөгөөд сумын ЗД-ын А/400, А/401 дугаар захирамжийг хүчингүй болгоогүй болно. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэсэн. Газрын гэрчилгээ эзэмшигчтэй гэрээ байгуулсан нь уу?, гэрээ байгуулаагүй байж гэрээний нөхцөлийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэх нь учир дутагдалтай. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “...газрын даамал...газар эзэмших гэрээ байгуулж...” гэжээ. Мөн газрын тухай хуулийн ямар зүйл, заалтыг зөрчсөн, түүний үндэслэл нь тусгагдаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно” гэсэн нь хууль бус захиргааны акт гаргасан байхыг шаардаж байна. Хууль бус захиргааны акт нь ЗД-ын газар олгосон захирамж гэж үзвэл түүнийг энэ захирамжаар цуцлаагүй, цаашлаад гэрээний үүргээ биелүүлээгүй гэснээр Засаг даргын А/400, А/401 дугаар захирамжийг хууль бус гэж үзээгүй учир 48.2.1, 48.2.2 заалтуудыг хэрэглэсэн нь хууль хэрэглээний алдаа болжээ. Хуулийн 48.2.2 дахь заалтаар бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байгаа бол захирамжийн үндэслэлд үнэхээр хэн нэгний ашиг сонирхлыг хөндсөн байх үндэслэл тусгагдаагүй. /харин хэн нэгний зохиомол үйл ажиллагааг дэмжсэн, тэдэнд үйлчилсэн шинжтэй байна/ Сумын ИТХТ-диЙн 60, 61 дүгээр тогтоолуудыг үндэслэл болгожээ. Эдгээр тогтоолууд нь ажлын хэсэг байгуулж, гишүүд нь шалгаж дүгнэлт гаргахдаа нэг талыг барьсан оролцогчийн буюу эрх ашиг нь хөндөгдөж байгаа “ДХ” ХХК-ний оролцоог хангаагүй, гаргасан гэх зөрчлийг нотолсон баримт материал байхгүй болно. Дээрх захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 13.1, 15. 24, 25, 26, 27 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг зөрчиж гаргасан захиргааны акт юм.
Гурав. Төлбөр. тооцоо. өргөдөл гомдол гаргасан гэх иргэдийн тухайд:
Оршуулгын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй газар дээрээ төлбөр хураамж авдаг гэдгээ нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгаа, мөн үнийн тариф нь ч нээлттэй ил тод бөгөөд үйлчилгээ үзүүлснийхээ төлөө хөлс авдаг. Шүүх зөвхөн газрын төлбөрт өндөр үнэ авдаг байдлаар, оршуулгын үйл ажиллагааны зардлыг сумын ЗДТГ-ын дансанд төвлөрүүлээгүй, иргэн Ц.Б, Х.Б, Ш.Б нараас мөнгө авсан нь буруу гэж дүгнэсэн. “ДХ” ХХК нь үйлчилгээ үзүүлсэн учраас хөлсөө авсан, суманд газрын төлбөрөө төлдөг, харин журамд заагдсаны дагуу суманд өгөх төлбөрийг сумын Засаг дарга нь хууль зөрчих учир авч болохгүй байгаа талаар болон хэрхэн төлөх зохицуулалтыг ЗДТГ нь хийгээгүйгээс өгөөгүй болохоос компаниас шалтгаалсан зүйл огт байхгүй, тухайн иргэдээс үйлчилгээ үзүүлж төлбөр авсан, харин хууль бус төлбөр аваагүй гэдгийг Цагдаагийн байгууллага шалган эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан Прокурорын шийдвэр хавтаст хэрэгт авагдсан болно.
Дөрөв. Газрын төлөв байдлыг өөрчилсөн тухайд:
“Диваажин хүрээлэн” ХХК хамгаалахаас өмнө ямар замбараагүй байсныг оролцогчдын тайлбар, мэдүүлгээс тодорхой байхад зөвхөн М.З-ын шинэ шарилын зэм зөндөө байсан гэдэг баримтгүй мэдүүлгээр сайн хамгаалаагүй, хашаа хамгаалалт хийхийн тулд өчнөөн хөрөнгө зарцуулан хийсэн хашааны суурь даланг газрын төлөв байдлыг өөрчилсөн гэж шүүх дүгнэсэн. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамжид энэ талаар үндэслэл болгоогүй байхад шүүх өөрийн санаачилгаар үндэслэл болгон тогтоосон байна. Хариуцагч талаас өгсөн зурган баримт материалд сэг зэм нэг ч байхгүй, хашаа барьсан, орчноо тохижуулсан байдал нь нотлогдож байхад газрыг үр ашигтай зохистой ашиглах, хамгаалах үүргээ биелүүлээгүй гэдэг нь учир дутагдалтай дүгнэлт болсон.
Тав. Төсөл сонгон шалгаруулалтын тухайд:
“ДХ” ХХК нь тухайн үед төслөө албан бичигтэй Засаг даргад өгсөн, Засаг дарга авсан /бичиг хэргээр дамжуулан/ болоод 2 компани сонгон шалгаруулалтад оролцсон талаар Засаг дарга мэдүүлэг өгсөн байдаг. Мөн сумын ИТХТ-ийн хурлаар оршуулгын асуудлаар гаргасан тогтоол, шийдвэрүүд хавтаст хэрэгт авагдсан. Шүүхийн шатанд өмгөөлөгч миний бие сонгон шалгаруулалттай холбоотой үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүгч захирамж гарган хүсэлтийг хангаагүй бөгөөд тайлбартаа маргаанд сонгон шалгаруулалт хамааралгүй гэж үзсэн мөртлөө шүүхийн шийдвэрийн үндэслэлд сонгон шалгаруулалтгүй авсан нь тогтоогдож байна гэж үзсэн.
Компани материалаа өгсөн ЗДТГ-аас сонгон шалгаруулсан танайх үйл ажиллагаа явуул гэж газрын захирамж гаргасан. Компани төрийн байгууллагын дотоод ажилд оролцох эрхтэй юу. Гэхдээ энэ үндэслэлийг мөн л сөрөг нөлөөлөл бүхий захирамжид үндэслэл болгоогүй болно. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төсөл өгөөгүй гэдэг тайлбараар тогтоогдож байна гэж шүүх үзсэн, энэ итгэмжлэгдсэн төлөөлөгч нь газрын даамал ажилтай өөрийгөө хамгаалах нь ойлгомжтой юм.
Зургаа. Аргалант сумын ИТХТ-дийн 2017.05.29-ны 60 дугаар тогтоолын түхайд:
Шүүх “Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасан тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн.аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах бүрэн эрхийн хүрээнд Аргалант сумын ИТХ нь 2016.05.11-ны өдрийн хуралдаанаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах, тус сумын Хөшөөт 2-р багийн нутаг Хашаат дахь Бүрэнгийн энгэрт 10 га газрыг оршуулгын газрын зориулалтаар аж ахуйн нэгжид эзэмшүүлэх асуудлыг хэлэлцэн баталсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна” гэснээр 10 га газар нь төлөвлөгөөнд тусгагдаж олгогдсоныг тогтоожээ. Харин ИТХТ-дийн 2016.09.07-ны “Газар эзэмшүүлэхийг дэмжих тухай” 40 дүгээр тогтоолыг хууль бус гэж үзэх үндэслэлтэй сумын ИТХТ-дийн 2017.05.29-ны 60 дугаар тогтоол нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна дүгнэсэн. Гэтэл А/400, А/401 захирамжуудыг хүчингүй болгохыг даалгасан тогтоол гарснаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрх ашиг хөндөгдөж байгаа болно. Учир нь зөвшөөрөлгүй газарт оршуулгын үйл ажиллагаа явуулаагүй, өөрсдийн зардлаар хамгаалсан, төрийн албан хаагчдын зөвшөөрлөөр хүн тавиулсан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Мөн Яст-Ухаад 2016 онд 37, 2017 онд 2, Зөнөгт 2016 онд 2 шарил ил тавьж зөрчил гаргасан гэх боловч захирамж гарсны дараа буюу тухайн газруудыг хүлээлгэн өгөөгүй, хүлээлцүүлээгүй, өмнө нь хичнээн шарил байсан гэдгийг ч тогтоох боломжгүй байж дээрх тоог гаргасан нь үндэслэлгүй юм. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1/з дэхь заалт нь Сумын хурлын бүрэн эрх бөгөөд “хууль тогтоомж, дээд шатны болон тухайн хурлын шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг ЗД хэрхэн зохион байгуулж байгааг шалгах, үнэлгээ өгөх” гэсэн нь Засаг дарга Б.Б-ын ажлыг шалгах үнэлгээ өгөх байтал “ДХ” ХХК-ний үйл ажиллагааг шалгасан /тэмдэглэл/. Газрын тухай хуулийн 20.1 дэх заалтыг хурал өөрөө зөрчсөн гэж үзжээ. Гэтэл яг ямар зүйл, заалтыг зөрчсөн, түүний үндэслэл нь тодорхой бус тогтоол байхад шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн.
Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасны дагуу Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 123/ШШ2017/0029 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг, эсхүл бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх тул, дараахь үндэслэлээр шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулав.
“ДХ” ХХК-аас “Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/96 дугаар захирамж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 60, 61 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгчид Аргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 40, 41 дүгээр тогтоолыг үндэслэн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/400, А/401 дүгээр захирамжуудаар Яст ухаад 4 га, Зөнөгтөд 6 га газрыг харж хамгаалах, Хашаат, Бүрэнгийн энгэр орчимд 10 га газрыг оршуулгын үйл ажиллагаа явуулах зориулалтаар 40 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ. Үүнээс 7 сарын дараа мөн сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/96 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг “...газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, захирамжийн биелэлтийг хангаагүй ...” гэсэн үндэслэлээр дээрх 2 захирамжаар олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгожээ. Мөн Төв аймгийн Аргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 60 дугаар тогтоолоор “... хяналт шалгалтаар 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 41 дүгээр тогтоолын 1, 3.1, 3.2 дахь заалтуудыг зөрчиж Яст-Ухаад 2016 онд 37, 2017 онд 2, Зөнөгт 2016 онд 2 шарил ил тавьж, хээрийн түймэр гаргасан зөрчил илэрсэн ...” гэх үндэслэлээр Төв аймгийн Аргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 40 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын А/400, А/401 дүгээр захирамжуудыг хүчингүй болгохыг сумын Засаг даргад даалгажээ.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” бүрэн эрхийг Засаг дарга хэрэгжүүлэхээр зохицуулсан байх бөгөөд Аргалант сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/400 дугаар захирамжаар сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байхад Яст-Ухаад 6 га, Зөнөг орчимд 4 га газрыг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасныг зөрчиж нэхэмжлэгчид олгосон нь буруу байна. Нөгөөтэйгүүр, энэхүү А/400 дугаар захирамжаар олгогдсон “зөвшөөрөлгүй оршуулгын зан үйлийг зогсоох, тухайн газрыг хашаажуулах, сахиул ажиллуулан хамгаалах” зориулалт нь Газрын тухай хуульд заасан газар эзэмшүүлэх зориулалтад хамаарахгүй, нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүсгэсэн гэхээсээ илүү үүрэг хүлээлгэсэн агуулгатай байна. Тиймээс А/400 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн Газрын тухай хуулиар хамгаалагдсан эрх, хуул ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Харин Аргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 02 дугаар тогтоолоор тус сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулж сумын Хөшөөт багийн нутаг Хашаат дахь Бүрэнгийн энгэрт 10 га газрыг оршуулгын зориулалтаар аж ахуй нэгжид эзэмшүүлэхээр баталж, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор “Оршуулгын үйл ажиллагаа явуулах журам”-ыг баталсны дагуу Аргалант сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/401 дүгээр захирамжаар Хөшөөт багийн нутаг Хашаат дахь Бүрэнгийн энгэр орчимд 10 га газрыг оршуулгын үйл ажиллагаа явуулах зориулалтаар “ДХ” ХХК-д 40 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн ажээ. Энэ нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д заасан сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу олгосон нь үндэслэлтэй байхад анхан шатны шүүх “зөвшөөрөлгүй оршуулгын үйл ажиллага явуулсан бөгөөд Газрын тухай хууль зөрчсөн болох нь дээр дурьдсан нөхцөл байдлуудаар тогтоогдсон” гэж дүгнэж нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.
Маргаан бүхий захиргааны актуудын үндэслэл болсон “... хяналт шалгалтаар 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 41 дүгээр тогтоолын 1, 3.1, 3.2 дахь заалтуудыг зөрчиж Яст-Ухаад 2016 онд 37, 2017 онд 2, Зөнөгт 2016 онд 2 шарил ил тавьж, хээрийн түймэр гаргасан зөрчил илэрсэн ...”, “...газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, захирамжийн биелэлтийг хангаагүй ...” гэх үндэслэлүүд нь Газрын тухай хуульд заасан болзол журмын дагуу А/401 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшиж буй газарт (Бүрэнгийн энгэрт 10 га) хамааралгүй байх бөгөөд А/401 дүгээр захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд 24.1 “... шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцлийг тогтоох”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” заасныг хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Үүнтэй уялдуулан нэхэмжлэлийн шаардлагын сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 60 дугаар тогтоолын 1, 2 дугаар заалтын А/401 дүгээр захирамжид холбогдох хэсэг, сумын Засаг даргын А/96 дугаар захирамжийн Бүрэнгийн энгэрийн 10 га газарт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь хууль, зүйд нийцэхээр байна.
Харин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 61 дүгээр тогтоолоор 2016 оны 41 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчид А/401 дүгээр захирамжаар олгогдсон газар эзэмших эрхийн дагуу үйл ажиллагаа явуулахад шууд саад болохгүй бөгөөд хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь оршуулгын газрын журмыг шинэчлэн гаргах талаар тайлбар ирүүлсэн байх бөгөөд оршуулгын үйл ажиллагааг огт зохицуулалттгүй орхихгүй талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 10 дугаар сарын 09-ний өдрийн 10 дугаар сарын 09-ний өдрийн 29 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 35 дугаар зүйлийн 35.3.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 60 дугаар зүйлийн 60.2, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 25 дугаар зүйлийн 25.1, 25.4, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “ДХ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Аргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 60 дугаар тогтоолын А/401 дүгээр захирамжийг хүчингүй болгосон хэсэг, Аргалант сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/96 дугаар захирамжийн “ДХ” ХХК-ийн Бүрэнгийн энгэрт байрлах 10 га газрын газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгосон хэсгүүдийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч “ДХ” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.ЦОГТ