Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 0484

 

Л.Даваажавын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт тус тус холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                            Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                               Л.Атарцэцэг,

                                              Х.Батсүрэн,

                                              Ч.Тунгалаг,

Илтгэгч шүүгч:                     Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга:    Д.Мөнхцэцэг.

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/262 дугаар захирамжийн иргэн Г.Ө, П.Ц нарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын баталсан 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн ХУД-18/12 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 250/2012 дугаар Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дүгээр газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хэмжээ, зориулалт байршил өөрчлөх тухай захирамжийн иргэн П.Ц-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,  Нийслэлийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/551 дугаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хэмжээ зориулалт байршил өөрчлөх тухай захирамжийн иргэн Г.Ө-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын баталсан 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2016/12-04 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын баталсан 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2016/11-10 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 228/2016 дугаар барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0406 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2018/0505 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б, Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, З.Х, Гуравдагч этгээд Г.Ө, П.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж нар. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны  6 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0406 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/262 дугаар захирамжийн иргэн Г.Ө, П.Ц нарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын баталсан 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн ХУД-18/12 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 250/2012 дугаартай Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дугаар Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хэмжээ, зориулалт байршил өөрчлөх тухай захирамжийн иргэн Г.Ө-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/551 дугаар Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хэмжээ зориулалт байршил өөрчлөх тухай захирамжийн иргэн Г.Ө-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын баталсан 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2016/12-04 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын баталсан 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2016/11-10 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 228/2016 дугаар Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Л.Д-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.      

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2018/0505 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0406 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т... гэснийг Барилгын тухай хуулийн /2008 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.4-т гэж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дүгээр захирамжаар Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хэмжээ, зориулалт байршил өөрчлөх тухай захирамжийн иргэн... гэсний ард “Г.Ө-д” гэснийг “П.Ц-д” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.   

            Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2018/0505 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Л.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Б миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт заасныг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна.

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн зүйл, заалтыг оновчтой, зөв баримтлаагүй, гуравдагч этгээдийн нэрийг бичээгүй байх тул уг алдааг зөвтгөсөн өөрчлөлт оруулахаар шийдвэрлэж, үлдсэн хэсгийг буюу нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлээ тайлбарлахдаа: “...Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Л.Д болон гуравдагч этгээд Г.Ө, Г.Ц нарын хооронд газрын давхцалын асуудлаар маргаангүй байх бөгөөд гуравдагч этгээдүүдийн эзэмшлийн газрын зориулалтыг өөрчлөн, тухайн газар барилга барихаар архитектур төлөвлөлтийн даалгаварууд батлагдаж, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн дагуу маргаан бүхий барилгууд баригдсаны улмаас нэхэмжлэгч Л.Д-ын хувьд өмчлөлийн барилгаа хууль ёсны дагуу ашиглах эрх, ашиг сонирхол зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.”, “...Нэхэмжлэгч Л.Д-ын эзэмшлийн Нийслэлийн хот байгуулалтын мэдээллийн менежментийн системд бүртгэлтэй үйлдвэрлэлийн зориулалттай объект нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр баригдсан болох нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 11/2077 дугаар, 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 11/2294 дугаартай албан бичгүүдээр ирүүлсэн хариу тайлбар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын  2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 02-01/2757 дугаартай албан бичгүүдээр тогтоогдож байна. Иймээс хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын “нэхэмжлэгчийн эзэмшилд буй барилга нь зөвшөөрөлгүй баригдсан тул бусад барилгад зөвшөөрөл олгохдоо тухайн барилгатай зай хэмжээ тооцохгүй” гэх, гуравдагч этгээдийн “зөвшөөрөлгүйгээр барилга барьсан нэхэмжлэгчийн хувьд маргаан бүхий барилгын улмаас хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөхгүй” гэх тайлбаруудыг үгүйсгэх боломжгүй юм.”, “...Г.Ө, П.Ц нарын орон сууцны барилгууд нэхэмжлэгч Л.Д-ын үйлдвэрийн барилгын ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулаагүй, орц гарцыг хаагаагүй байх бөгөөд маргаан бүхий актуудыг хууль бус байсан болохыг тогтоож, хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргээгдэх нь тодорхойгүй байх тул гомдлыг...” хангахгүй орхиж шийдвэрлэлээ гэжээ.

5. Гэвч дараах үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэг: Нэхэмжлэгч Л.Д-ын “үйлдвэрийн” залгаа газарт “үйлдвэрийн зориулалттай” байсан газрыг батлагдсан ерөнхий төлөвлөгөөг зөрчиж, газрын зориулалтыг орон сууцны болгож өөрчилсөн нь, ийн өөрчилсөн газарт орон сууцны зориулалтаар барилга барихыг зөвшөөрч архитектур төлөвлөлтийн даалгавар баталж байгаа нь, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн шийдвэрүүдийг үндэслэж “үйлдвэрийн бүс”-т “орон сууцны” барилга барих зөвшөөрөл олгож байгаа үйлдэл нь бүхэлдээ шууд нэхэмжлэгчийн ашиг сонирхлыг хөндөж байгаа. Арьс боловсруулах үйлдвэр гэдэг бол химийн бодис ашиглан малын арьсыг зумлах, хатаах, будах зэрэг ажиллагаа хийгддэг газар. Энэхүү боловсруулалтыг хийхэд ашигласан химийн бодис, будаг, аюултай хог хаягдал тодорхой орчинд тархаж, өндөр даралттай халуун хий гадагш агаарт цацагдаж байдаг. Хэрвээ гуравдагч этгээд нарын орон сууцны барилгад хүмүүс амьдарч эхэлсэн тохиолдолд халуун хийг тус орон сууцны иргэдрүү гаргах уу, эсхүл тэдгээр иргэдийн эрүүл мэндийн төлөө үйлдвэрийн үйл ажиллагаагаа зогсоох уу гэсэн сонголт үлдэнэ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн эрүүл ахуй, эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн хэмжээ, ерөнхий шаардлага МNS:5105:2001 стандартад бүх төрлийн арьс, шир боловсруулах үйлдвэрийн хамгаалалтын бүсийн хэмжээг 300 метр байхаар заасан. Мөн тус стандартын 6.3-т “спортын байгууламж, хүүхдийн байгууллага, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, орон сууцны барилга байгууламжийг эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд барьж байгуулахыг хориглосон байдаг. Гэвч стандартыг зөрчиж барилга хоорондын зайг 5 метрийн зайтай байхаар архитектур төлөвлөлтийн даалгавар баталсаны улмаас ийм нөхцөл үүсч байгаа.

6. Одоогоор гуравдагч этгээд нарын гомдлын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын газраас нэхэмжлэгчийн үйлдвэр дээр байнгын төлөвлөгөөт бус шалгалт хийж, үйлдвэрийн үйл ажиллагаанд нөлөөлж, зарим тохиолдолд шалгалт дуусах хүртэл үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож байна. Шалгалт явуулж байгаа үндэслэл нь орон сууцны хажууд үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж байна гэсэн гомдлоор хийгдэж байгаа. Мөн гуравдагч этгээд нарын зүгээс арьс боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахыг бүхэлд нь зогсоолгохоор холбогдох төрийн захиргааны байгууллагуудад хандаж, эцэст нь маргаан шүүхээр шийдвэрлэгдсэн. Шүүх өмнө үүссэн эрхийг сүүлд үүссэн эрх үгүйсгэх үндэслэл болохгүй гэж үзээд гуравдагч этгээд нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч нь тус арьс боловсруулах үйлдвэрийг барих, түүнд суурилуулах тоног төхөөрөмжийг авахын тулд 2 тэрбум төгрөгийн зээлийг Капитрон банкнаас авч /энэ тухай дэлгэрэнгүй баримтууд хавтаст хэрэгт авагдсан/ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд дээрх актууд гарсаны улмаас тодорхойгүй нөхцөл үүсч, үүний улмаас уг зээлийн эргэн төлөлтөд нөлөөлөхөөр байна. Мөн арьс боловсруулах гэрээ байгуулсан гадаад, дотоодын худалдан авагчиддаа арьс нийлүүлэх боломжгүй болох, цаашилбал гэрээ цуцлагдаж их хэмжээний хохирол хүлээх зэрэг эрсдэлүүд үүснэ. Иймд дээрх актуудын улмаас нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн барилгаа чөлөөтэй эзэмшиж, ашиглах, түүн дотор үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж нь алдагдаж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “...хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... шүүхэд гаргасан өргөдлийг” нэхэмжлэл гэж тодорхойлсон байдаг. Иймд уг заалтын дагуу бол одоо зөрчигдөж байгаа эрхээс гадна цаашид зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо ч нэхэмжлэгч хамгаалуулах эрхтэй бөгөөд шүүх эрхийг нь хамгаалах хууль зүйн үндэслэлтэй. Тиймээс “нэхэмжлэгч Л.Д-ын хувьд өмчлөлийн барилгаа хууль ёсны дагуу ашиглах эрх, ашиг сонирхол зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдохгүй” байна гэх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй.  гэжээ.

7. Хоёр: Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 11/2077 дугаар, 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 11/2294 дугаартай албан бичгүүд бол тус газрын гаргасан архитектур төлөвлөлтийн даалгаваруудтай холбогдуулан иргэн Л.Д-ыг шүүхэд нэхэмжлэл гаргасаны дараа ирүүлсэн тайлбарууд. Тус тайлбаруудад “нэхэмжлэгчийн барилга зөвшөөрөлгүй, тиймээс тус үйлдвэрийн барилгаас зай хэмжээ тооцохгүй” гэсэн утгатай. Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 151 дүгээр тогтоолын хавсралт Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтанд оруулах дүрмийн 3 дугаар хавсралт Барилга байгууламжийн ангиллаар барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулах журамд зааснаар нэхэмжлэгчийн барилга барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авах, архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төсөл батлуулах шаардлагагүй барилгад хамаарч байгаа. Тодруулбал, нэхэмжлэгчийн үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж байгаа барилга нь угсармал хийцийн буюу хөөсөнцөр хавтангаар хийгдсэн, 2 давхар, 2862.76 м.куб эзэлхүүнтэй барилга юм. Гэтэл дээрх архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажил эхлүүлэх тусгай зөвшөөрөл шаардахгүй материал, хийц, хэмжээ бүхий барилгыг зөвшөөрөл аваагүй гэж тайлбарлаж байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй. Бид энэ тухай анхан шатны шүүхэд тайлбарлаж холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Харин НМХГ-ын 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 02-01/2757 дугаартай албан бичиг бол “Л.Дын гэх барилга нь бичиг баримтгүй байна энэ талаар шалгаж, маргаан бүхий газар нь үйлдвэрийн бүс, орон сууцны бүсийн алинд багтаж байгаа талаар гомдол гаргагчдад хариуг хүргүүлж шийдвэрлэнэ үү” гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл мэргэжлийн хяналтын газрын албан бичиг бол нэхэмжлэгчийг буруутай гэж үзсэн, эсхүл хууль зөрчжээ гэж тогтоосон агуулга байхгүй. Хариуцсан байгууллагын хувьд танайх /НХТЕТГ/ шалгаж иргэд зохих хариуг өгнө үү гэсэн санаа байгаа. Шүүх холбогдох нотлох баримтыг буруу дүгнэсэн, мөн холбогдох гол нотлох баримтуудад дүгнэлт хийлгүй орхисон байна. Тиймээс дээрх албан бичгүүдийг үндэслэж, нэхэмжлэгчийг зөвшөөрөлгүй барилга барьсан гэж дүгнэх нь хууль зүйн үндэслэлгүй.

8. Гурав: Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар хууль бус актын улмаас одоо үүсээд байгаа нөхцөл арилж, нэхэмжлэгчийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах эрх сэргээгдэнэ. Цаашид зөрчигдөж болзошгүй байгаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хамгаалагдана. Газартай холбоотой маргаан зөвхөн газрын давхцал, орц гарцын асуудал байх ёсгүй. Бид ч энэ талаар маргаагүй. Гэвч шүүх маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нэг үндэслэлээ болгосныг зөвшөөрөхгүй. Нэг иргэнийг зөвшөөрөлгүйгээр барилга барьсан /зөвшөөрөл авах шаардлагагүй байхад/ гэж хэлээд, зөвшөөрөлгүй барьсан болохыг нь ямар нэг байдлаар тогтоолгүй залгаа газарт нь байрлах иргэнд хууль зөрчиж шийдвэр гаргаж өгсөн. Хууль зөрчиж гаргасан шийдвэрийн дагуу тухайн иргэд буюу гуравдагч этгээд нар хууль зөрчиж барилга барьсан. Хууль зөрчиж барьсан барилгыг нь хариуцагч байгууллага хуулийн дагуу явж байгаа мэтээр тайлбарлаж, хууль зөрчсөн үйлдлийг нь засахаар баригдаж дууссан барилгад барилга эхлэхэд авах зөвшөөрлийг араас нөхөж олгосон. Хууль зөрчиж гарсан шийдвэрийг үндэслэж гарсан шийдвэрүүд бүхэлдээ хууль бус. Анхан шатны шүүх маргаан бүхий актууд нь хууль зөрчсөн болохыг тогтоосон боловч үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх тогтоох хэсэгтээ анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.2-т гэснийг “Барилгын тухай хуулийн /2008 оны / 9 дүгээр зүйлийг 9.1,4-т” гэж өөрчилсөн. Гэвч тус хуулийн 9.1,4-т “ зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулаагүй” байх гэж заасан байдаг бөгөөд барилга байгууламжид тавигдах ерөнхий шаардлагыг заасан зохицуулалт. Бид Нийслэлийн Засаг даргыг Газрын тухай хууль зөрчсөн, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрыг Хот байгуулалтын тухай хууль зөрчсөн гэж маргаж байгаа. Өөрөөр хэлбэл бидний маргаж буй захиргааны актуудтай энэ хуулийн заалт хамааралгүй. Тиймээс шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.

9. Мөн давж заалдах шатны шүүх бидний гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хамаарах захиргааны байгууллага албан тушаалтны гаргасан актууд, тэдгээрийн хууль зүйн үндэслэлийн талаар огт дүгнэлт хийгээгүй. Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, арьс ширний үйлдвэрүүдийн хашаанаас хойш орон сууцны хотхонууд байдаг. Харин тус орон сууцны хотхонууд байгаа газраас урагш буюу арьс ширний үйлдвэрүүдийн хашаанд замынхаа эсрэг талд маргаан бүхий газар /үйлдвэрийн бүс/-т ганцхан гуравдагч этгээд нарын орон сууцны барилга л үйлдвэрүүдтэй залгаа байрлаж байгаа. Хэрвээ гуравдагч этгээд нарын барилга ашиглалтанд орох, байранд иргэд амьдарч эхлэх юм бол тэдгээр иргэдийн эрх, эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлнө. Тиймээс энэхүү газартай холбоотой маргаан бол зөвхөн нэхэмжлэгч Л.Д-ын эрх, ашгийн асуудал биш юм. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах тохиолдолд нэхэмжлэгчийн зөрчигдөж буй эрх, зөрчигдөж болзошгүй ашиг сонирхлыг хамгаалаад зогсохгүй, цаашид тус байрнууд орж эрүүл мэндээрээ хохирч болох иргэдийн эрхийг ч урьдчилан хамгаалах боломжтой.

10. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0406 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2018/0505 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцсэн тул хэвээр үлдээж шийдвэрлэв.   

12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахыг, 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт, ...хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгохоор тус тус хуульчилсан.

13. Анхан болон давж заалдах шатны шүүхээс, маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэн, түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь дараах үндэслэлүүдээр хуульд нийцсэн байна. 

14. Нэхэмжлэгч Л.Д нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...гуравдагч этгээдийн барилга нь манай газартай тулгаж баригдсан, барилга хоорондын зай алдагдсан, хэт ойрхон буюу 5 м байгаа нь миний өөрийн өмчлөлийн барилгаа хууль журмын дагуу ашиглах эрхэд халдсан, тэдний барьсан барилгад иргэд амьдрах болсноор манай үйлдвэрийн дуу чимээ болон үйлдвэрлэлийн бусад үйл ажиллагаа нь иргэдийн тав тухтай амьдрах эрхэд нөлөөлж, эрх нь зөрчигдөх магадлалтай...” гэж маргажээ. 

15. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Л.Д-т Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаар захирамжаар аж ахуйн зориулалтаар 248 м.кв газар, 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 98 дугаар захирамжаар “үйлчилгээний” зориулалтаар 64 м.кв газрыг тус тус эзэмшүүлсэн бөгөөд улмаар түүний гаргасан хүсэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/893 дугаар захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлж, 690 м.кв газрыг “аж ахуй, үйлчилгээний” зориулалтаар эзэмшүүлсэн. Түүнчлэн, нэхэмжлэгч нь уг газар дээр байрлах 67.2 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өмчлөх эрхийн 000380496 дугаартай гэрчилгээ авсан, одоо тус газарт нэхэмжлэгчийн 2 давхар сендвичэн барилга байрлаж, уг барилгад арьс шир боловсруулах үйлдвэрлэл явуулж байгаа нөхцөл байдал тогтоогджээ.  

16. Харин, нэхэмжлэгчийн эзэмшил газрын хойд талд, гуравдагч этгээд Г.Ө-д анх Нийслэлийн Засаг даргын 2002 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 384 дүгээр захирамжаар авто засварын барилгын зориулалтаар 0.025 га газар эзэмшүүлж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/551 дүгээр захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлж, 350 м.кв газрыг эзэмшүүлсэн. Мөн гуравдагч этгээд П.Ц-д Нийслэлийн Засаг даргын 2010 оны 415 дугаар захирамжаар 370 м.кв газрыг “Сейроу” ХХК-иас шилжүүлэн эзэмшүүлсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/990 дүгээр захирамжаар газрын зориулалтыг “үйлчилгээтэй орон сууц” болгон эзэмшүүлсэн байна. 

17. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/262 дугаар захирамжаар гуравдагч этгээд Г.Ө, П.Ц нарын эзэмшлийн 0.023 га газрын зориулалтыг “үйлчилгээтэй орон сууц” болгон өөрчилж, уг газарт нь Нийслэлийн барилга хот, байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга /хуучнаар/ 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн ХУД-18/12 дугаар орон сууцны барилга барих Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 250/2012 дугаар Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгосон, улмаар тэдэнд газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/551, А/990 дүгээр захирамжуудыг үндэслэн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2016 оны 4 дүгээр сарын 25, 29-ний өдрүүдэд 2016/12-04, 2016/11-10 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавруудыг баталж, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 228/2016 дугаар Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгожээ.

18. Дээрх байдлаар эрх бүхий захиргааны байгууллагаас хуулийн дагуу гуравдагч этгээд Г.Ө, П.Ц нарын эзэмшлийн газрын зориулалтыг өөрчлөн, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгож, гуравдагч этгээдүүд маргаан бүхий газарт барилга барьсны улмаас нэхэмжлэгч Л.Дын, өөрийн өмчлөлийн барилгаа хууль ёсны дагуу өмчлөх эрх зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

19. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Л.Д болон гуравдагч этгээд Г.Ө, П.Ц нарын эзэмшлийн газар хоорондоо давхцалгүй болох нь тогтоогдсон, хэргийн оролцогчид энэ талаар маргаангүй байна.

20. Харин нэхэмжлэгчийн үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байгаа барилга нь зохих зөвшөөрөлгүй баригдсан болох нь хэрэгт авагдсан хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/-ын 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 11/2077, 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 11/2294 тоот албан бичгүүдээр гаргасан тайлбар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 02-01/2757 тоот албан бичгүүдээр тогтоогдсон. Иймээс хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын, “...нэхэмжлэгчийн эзэмшилд буй барилга нь зөвшөөрөлгүй баригдсан барилга тул бусад барилгад зөвшөөрөл олгохдоо тухайн барилгатай зай хэмжээ тооцохгүй” гэсэн, мөн гуравдагч этгээдийн “зөвшөөрөлгүйгээр барилга барьсан нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөхгүй” гэсэн тайлбарыг буруутгах үндэслэлгүй, энэ талаар давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.

21. Барилгын тухай хууль /2008 оны/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т “зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулаагүй”, Барилгын тухай хууль /2016 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т “зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх” гэж тус тус заасан, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл гуравдагч этгээд Г.Ө, П.Ц нарын барьсан орон сууцны барилгын улмаас нэхэмжлэгч Л.Д-ын үйлдвэрийн барилгын ашиглалтын хэвийн нөхцөл  алдагдах, түүний орц гарцыг хаасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул гуравдагч этгээдүүдийг хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэхгүй юм. 

22. Түүнчлэн, маргаан бүхий актуудыг хууль бус байсан болохыг тогтоож, хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргээгдэх нь тодорхойгүй, иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... үйлдвэрийн зориулалттай байсан газрыг батлагдсан ерөнхий төлөвлөгөөг зөрчиж, газрын зориулалтыг орон сууцны болгож өөрчилсөн нь нэхэмжлэгчийн ашиг сонирхлыг хөндөж байгаа, ... архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажил эхлүүлэх тусгай зөвшөөрөл шаардахгүй материал, хийц, хэмжээ бүхий барилгыг зөвшөөрөл аваагүй гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй...” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

23. Дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2018/0505 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              М.БАТСУУРЬ

                                           ШҮҮГЧ                                                        Б.МӨНХТУЯА