Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 0015

 

 

 

 

 

 

 

Ц.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                         Н.Д

Шүүгдэгч                                                          Ц.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч                              Р.Б

Хохирогч                                                         Б.Ж

Хохирогчийн өмгөөлөгч                              Б.Б

Нарийн бичгийн дарга                                Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж, шүүгч Ц.Алтангадас, шүүгч Д.Орхонтамир нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Мн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Мд холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 14-ий өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ш овогт Ц-н М,

Ц.М нь 2022 оны 08 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө        аймгийн       сумын        багийн       дугаар гудамжинд Ж.Б-г толгой, нүүр хэсэгт нь гараараа цохиж, хөлөөрөө дэвсэж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газраас: Ц.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч Ш овогт Ц-н Мг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Шүүгдэгч Ц.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Мн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шүүгдэгч Ц.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Мн цагдан хоригдсон 136 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мгаас 4,588,036 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж-д олгуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлээс 5,411,964 төгрөгийн хэсгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1,6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хэргийн газрын үзлэгийн явцад 2 гэж дугаарлан мааралд шингээж авсан цус мэт зүйл, 3 гэж дугаарлан мааралд шингээж авсан цус мэт зүйл, 8 гэж дугаарлан хураан авсан нүдний шил, яллагдагч Ц.Мгийн баруун, зүүн гараас авсан арчдас 2 ширхэг, толгойн дагз, зулай, баруун, зүүн чамархайгаас харьцуулах шинжилгээнд авсан 4 төрлийн үс, баруун, зүүн гарнаас харьцуулах шинжилгээнд авсан 10 ширхэг хумс, хатаасан цус 1 ширхэг, амь хохирогч Ж.Б-н толгойн дагз, зулай, баруун, зүүн чамархайгаас харьцуулах шинжилгээнд авсан 4 төрлийн үс, баруун, зүүн гарнаас харьцуулах шинжилгээнд авсан 10 ширхэг хумс, хатаасан цус 1 ширхэг, Ж.Б-н тархины 5 ширхэг зураг, хохирогч Ж.Б-н цогцост үзлэг хийх явцад хураан авсан №1 цэнхэр өнгийн хагас ханцуйтай фудволк 1 ширхэг, №2 хөх өнгийн дотоож 1 ширхэг, амь хохирогчийн өмсөж явсан гэх №1 цагаан өнгийн урдаа цахилгаантай, юүдэнтэй цамц 1 ширхэг, түүний халаасанд байсан 100 төгрөгний дэвсгэрт, 2 ширхэг 50 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг цэнхэр өнгийн асаагуур 1 ширхэг, №2 саарал өнгийн ханцуйтай даавуун цамц 1 ширхэг, №3 бараан өнгийн женсин өмд1 ширхэг, №4 цагаан өнгийн үдээстэй пүүзэн гутал 1 хос, №5 бараан өнгийн цүнх 1 ширхэг цүнхний урд талын халаасанд байх сумны хошуу 1 ширхэг, Ц.Мгийн амьдардаг байшинд хийсэн үзлэгийн явцад хураан авсан №1 хар өнгийн юүдэнтэй, /малгайтай/ цамц 1 ширхэг, №2 цагаан өнгийн даавуун өмд 1 ширхэг, яллагдагч Ц.Мгаас гаргаж өгсөн №1 хар цагаан өнгийн шоон хээтэй товчтой цамц 1 ширхэг, №2 хар өнгийн үдээстэй, цагаан ултай ногоон эрээн өнгийн пүүзэн гутал 1 хос, ногоон өнгийн богино түрийтэй 1 хос оймс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримтын хариуцсан комисст даалгаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.М давж заалдах гомдолдоо:

 

... Би тухайн өдөр найзын хамт хүний төрсөн өдөрт оролцоод найзыгаа өөрийн гэрт аваачиж амраах зорилготой авч явах замд найз минь өөрийгөө авч явах чадваргүй байсны улмаас аргагүй эрхэнд гудамд үлдээсэн. Энэ байдлаас болж найз минь амь хохирсон үйлдэлд маш их харамсаж байна. Найзыг минь үхэлд хүргэсэн гэмтлийн шалтгааны талаар миний хувьд ямар нөхцөл байдлаас үүссэн гэмтэл эсэх дээр одоог хүртэл би эргэлзэж байна. Миний хувьд найзынхаа толгой хэсэгт хөлөөрөө өшиглөх, дэвсэх үйлдэл гаргаагүй. Гэтэл анхан шатны шүүх намайг хохирогчийг толгой руу өшиглөх, дэвсэх, цохих зэргээр зодож гэмтэл учруулж алсан гэж үзэж байх тул өөрийн холбогдсон хэргийг давж заалдах шүүхээр хянуулах хүсэлтэй байна гэжээ.

 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.М тайлбартаа: Зүүн талаараа хэд хэдэн удаа унасан. Би найзыгаа явахгүй болохоор нь хацар луу нь гараараа 6-7 удаа цохисон. Дагзаараа хойш унасан. Би хөлөөрөө толгой руу нь дэвсэж өшиглөөгүй. Доошоо хараад хэвтээд байсан. Гэрт ороод эмээд загнуулаад буцаж гарч чадаагүй. Олон жил найзалсан найзыгаа алах гэсэн санаа зорилго надад байгаагүй гэв.

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б тайлбартаа: Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж бусдыг болгоомжгүй алсан гэсэн зүйл ангиар ял оногдуулж өгнө үү гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Б.Ж тайлбартаа: Анхан шатны шүүх дээр өөрөө зөвшөөрч байсан. Мн болон ар гэрийн зүгээс уучлал гуйгаагүй, хохирол төлөөгүй, одоо ийм гомдол гаргаж байгаад нь би их гайхаж байна.  Эхнэрт худлаа хэлсэн байсан. Ганц хүүгээ алуулсан, хамгийн гол нь хүн чанар гаргаагүйд гомдолтой байна гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Б.Б тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож тогтоогддог. Давж заалдах шатны шүүхээс ялыг нэмэх боломжгүй. Шүүгдэгч сайн ойлгох ёстой. Хохирогч одоо 60 настай. Дахиж үр хүүхэд заяах боломжгүй. Цохисон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа мөртлөө би буруугүй гэж байгаа нь үндэслэлгүй гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн улмаас үүсэх хор уршигт хайхрамжгүй хандсан. Хохирогчид учирсан гэмтэл нь газарт унаснаас үүсэх боломжгүй нь тогтоогдсон. Үйлдэл нь санаатай үйлдэл гэж дүгнэж байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Ц.Мд холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дугаар зүйлд зааснаар хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

          Шүүгдэгч Ц.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө        аймгийн       сумын       багийн        дугаар гудамжинд хүнд зэргийн согтолттой найз Ж.Б-г гэрт нь хүргэж өгөхөөр явах замдаа түүний нүүр хэсэгт нь цохиж, газарт хэвтэж байхад нь мөр, толгой хэсэгт нь өшиглөж зодсоны улмаас хохирогчийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины хатуу бүрхүүл хальсан доорх зүүн талын дух, чамархай оройг хамарсан их хэмжээний цусан хураа, үүний улмаас тархи дарагдсан гэмтэл учруулан алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

 

          Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо тухайн хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Мд холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин агуулга зэргийг үнэлж хэргийг шийдвэрлэжээ.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

 

          Хавтаст хэрэгт шүүгдэгч Ц.Мн сэжигтнээр өгсөн ... Б-г үүрээд явж байхдаа би хөл алдаад биеийн баруун талаараа Б бид хоёр унасан. Энэ үед Б уурлаад миний нүүрэн тус газарт хөлөөрөө жийж, хувцаснаас заамдаад миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохисон. Би уурлаад Б-н нүүрний хоёр талд нь 6-7 удаа хоёр гараараа ээлжилж цохисон. Б-н хамарнаас нь цус гарсан тул тэр өвдөглөөд хамраа гараараа дараад суучихсан. Намайг хэл амаар доромжлоод байсан тул цээж хэсэг рүү нь баруун хөлөөрөө жийхэд Б хойшоогоо унаад зүүн тал руугаа харж газар хэвтэхээр нь Б-н тохойноос дээш хэсэгт 3 удаа дэвссэн ... Б дээшээ хараад хэвтэхээр нь үүрч явсан цүнхнээс нь цамцыг нь гаргаж ирээд хамрынх нь цусыг арчаад эргээд цүнхэнд нь хийсэн. Б-н толгой доор нь үүрч явсан цүнхийг нь тавиахад “эндээ жаахан унтаж байгаад явмаар байна” гэж хэлээд босохгүй болохоор нь 10 минут орчим хүлээж байгаад өргөөд явах гэж байгаад алдаад газар унагаасан. Тухайн үед Б нь биеэ хөдөлгөж чадахгүй чичрээд байсан ... Ойролцоогоор 30 минутын дараа муухай дуугарч байгаад дээшээ харсан чигээрээ бөөлжсөн ... гэсэн мэдүүлгүүд нь

 

            гэрч Г.Г-н ... Машинаас буухад Ж.Б нь сэрүүн ухаантай байсан. Харин өөрийнхөө хөлөөр зогсож, явж чадахгүй нэлээд согтчихсон байсан. Өөрийнхөө хийж байсан үйлдлийг мэдэж байсан эсэхийг хэлж мэдэхгүй байна. Харин М нь бага зэргийн согтолттой, хэвийн байдалтай байсан ба Б-г түшээд гэрт нь хүргэж өгөхөөр явсан ... гэсэн мэдүүлэг,

 

            гэрч П.Б-н ... Бид нар баар орж 2 шил архи авч уугаад бүжиглэж байгаад гарсан. Хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна. Баар хаагаагүй байсан. М-г эхнэрийнх нь хамт гэрт нь хүргэж өгөөд хоёр найзыг нь хүргэж өгөх гэхэд гэр нь ойрхон байдаг, бид хоёр алхаад явчихъя та нар яв гэж хэлээд үлдсэн.... гэсэн мэдүүлэг,

 

          гэрч Э.Б-н ... Бааранд ороод захиалсан архинаас цагаан өнгийн малгай өмсөж нүдний шил зүүсэн эрэгтэй хамгийн их ууж согтсон. Бусад нь нэг их согтсон байгаагүй. М-н гэрийн гадна тэднийг буулгахад саарал өнгийн цамц, цагаан өнгийн малгай өмсөж, нүдний шил зүүсэн эрэгтэй хөл дээрээ сайн тогтож чадахгүй найз нь гээд эрэгтэй гэрт нь хүргэж өгнө гээд сугадаад үлдсэн. Бид нар хоорондоо ямар нэгэн хэрүүл маргаан болон зодоон хийгээгүй ... гэсэн мэдүүлэг,

 

          Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 111 дугаартай ... Талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл тархины хатуу бүрхүүл хальсан доорх зүүн талын дух, чамархай оройг хамарсан их хэмжээний цусан хураа, хуйхан доор болон гавлын ясны гадна хальсан доор цус хуралт, өвчүү, цээжинд булчинд цус хуралт, толгой, баруун гуя, зүүн тохойны зөөлөн эдийн олон тооны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ... Шинэ гэмтлүүд бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө үүссэн байж болно. Гавал тархины битүү гэмтэл нь үхлийн шалтгаан болсон гэмтэл болно. Толгой хэсгийн гэмтлүүд нь гавал тархины битүү гэмтэлтэй шалтгаант холбоо бүхий гэмтлүүд болно. Бусад зөөлөн эдийн цус хуралт, зулгаралтууд нь ... гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь хөлөөр өшиглөх, дэвсэх үед үүсэж болно ... Талийгаачийн үхлийн шалтгаан нь гавал тархины битүү гэмтэл, тархины хатуу бүрхүүл хальсан доорх зүүн талын дух, чамархай, оройг хамарсан их хэмжээний цусан хураа, үүний улмаас үүссэн тархи дарагдал болно гэсэн амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон дүгнэлт,

 

          Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 273 дугаартай ... Ж.Б-н цогцосноос авсан цусанд этилийн спирт 3,0 промиль процент илэрсэн болно. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт,

 

          Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11дүгээр сарын 29-ний өдрийн 19 дугаартай ... Амь хохирогч Ж.Б-н биед учирсан гавал тархины битүү гэмтэл болох тархины хатуу бүрхүүл доорх цусан хурааны хэмжээ их байгаа тул эмнэлгийн тусламж авсан тохиолдолд амь насыг нь аврах боломжгүй байжээ ... гэсэн дүгнэлт зэргээр давхар нотлогдож байна.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй бөгөөд Ц.Мн сэжигтнээр өгсөн дээрх мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан гэрч, шинжээч нарын мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй, тохирч байх ба анхан шатны шүүх түүний мэдүүлгийг нотлох баримтаар тооцсоныг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.

 

            Мөн шүүгдэгч нь “... миний хувьд найзынхаа толгой хэсэгт хөлөөрөө өшиглөх, дэвсэх үйлдэл гаргаагүй ...” гэсэн боловч амь хохирогчийн биед үүссэн “гавал тархины битүү гэмтэл” болох тархины хатуу бүрхүүл хальсан доорх зүүн талын дух чамархай хэсгийг хамарсан цусан хураа нь дагз хэсгээр унах үед үүсээгүй байж болно гэж шинжээч эмч Ж.Г мэдүүлсэн байна.

 

          Шүүгдэгч Ц.М нь тухайн үед Ж.Б-г гэрт нь хүргэж өгөхөөр сугадаж түшээд явж байхад тэрээр олон удаа унасан, ... амь хохирогч уурлаж Ц.М руу хөлөөрөө жийж, шанаа руу нь цохиход Ц.М түүний  нүүр рүү нь удаа дараа цохиж, хамраа дараад сууж байхад нь жийж унаган  дэвссэн ... үүний дараа амь хохирогч нь “унтмаар байна” гэж хэлээд идэвхтэй үйлдэл хийгээгүй, чичирч, хурхирч, бөөлжиж эхэлсэн ... шүүгдэгч нь түүнийг авч явах гээд чадаагүй зэрэг байдлаас үзэхэд амь хохирогч нь Ц.Мн цохисон, дэвссэн үйлдлийн улмаас гавал тархиндаа гэмтэл авч нас барсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч нь амь хохирогч Ж.Б-г цохихдоо эрүүл мэндэд нь хохирол учруулах бүрэн боломжтой болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй, тэрээр өөрийн үйлдлийн улмаас учирч болох хор уршгийг хүсээгүй боловч түүний цохилтын улмаас хохирогчийн биед амь насанд нь аюултай гэмтэл учирсан байх тул түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

          Гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг ял оногдуулахдаа баримталдаг.

 

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Мд Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 8 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр болон хувийн байдалд тохирсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн ... найзыгаа үхэлд хүргэсэн гэмтэл учруулсан гэхэд эргэлзэж байна ... гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Мн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР

 

ШҮҮГЧ                                                           С.ЦЭЦЭГМАА