Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 33

 

МК ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 129/ШШ2020/00588 дугаар шийдвэртэй

МК ХХК-ийн нэхэмжлэлтэй

С.А-т холбогдох

зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2 492 590 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагчийн төлөөлөгч М.А-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч М.А, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний төлөөлөгчийн тайлбарт: “Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 40402994 тоот гэрээ байгуулан 95559996 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг, мөн гар утас, төхөөрөмж худалдах-худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Huawei P30 /breathing crystal/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон, төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 1 924 027 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 367 324 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 201 239 төгрөг буюу нийт 2 492 590 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: “Хариуцагч С.А нь гар утсыг худалдан авснаас хойш утасны төлбөр, хэрэглээний төлбөрт зохих төлөлтүүдийг төлж явсан байдаг. Иймд гар утасны төлбөрт 1 924 027 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 367 324 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 201 239 төгрөг буюу нийт 2 492 590 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хариуцагчид дээрх хугацаанд гар утасны төлбөр, дараа төлбөрт үйлчилгээний хураамжийн төлбөр зэргийг нэхэмжилсэн мэдэгдэл огт ирж байгаагүйгээс гадна торгуулийн үлдэгдэл төлбөр гэх 367 324 төгрөгийг хэрхэн яаж тооцсон нь тодорхойгүй, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 201 239 төгрөг нь хэдий үеийн хэрэглээний төлбөр болох нь ойлгомжгүй байна. Нийт нэхэмжлэлээс төлсөн төлбөрүүдийг хасаж тооцуулах саналтай байна” гэжээ.

            Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 129/ШШ2020/00588 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч С.А-аас зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 1 924 027 төгрөг, торгуулийн үлдэгдэл 367 324 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 201 239 төгрөг, нийт 2 492 590 төгрөг гаргуулж нэхэмжлэгч МК ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 831 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.А-аас улсын тэмдэгтийн хураамж 54 831 төгрөг гаргуулж нэхэмжлэгч МК ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч М.Аийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүх хариуцагч С.Ааас зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 1 924 027 төгрөг, торгуулийн үлдэгдэл 367 324 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 201 239 төгрөг, нийт 2 492 590 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МК ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад шүүх үндэслэл бүхий үнэлэлт дүгнэлт хийгээгүй, тухайлбал С.Ааас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 201 239 төгрөгийг гаргуулахдаа Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг тус тус баримталсан нь буруу болсон байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хуулийн дээрх заалт нь үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгтэй хамааралгүй, худалдах-худалдан авах гэрээ, түүнчлэн үүргийн гүйцэтгэлийг хангах аргатай холбоотой эрх зүйн зохицуулалт юм. Мөн хавтаст хэрэгт авагдсан МК ХХК болон С. А нарын хооронд байгуулсан гэрээ нь үүрэн холбооны ямар үйлчилгээ үзүүлж байгаа нь ойлгомжгүй, МК ХХК-ийн ямар дугаарыг ашиглах талаар тусгаагүй, үйлчилгээний үнэ, нөхцөл нь тодорхойгүй байтал анхан шатны шүүх түүнийг нотлох баримтын хэмжээнд үнэлж, хариуцагч С.Ааас 201 239 төгрөг гаргуулж нэхэмжлэгч МК ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй болсон байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 129/ШШ2020/00588 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

МК ХХК С.Ат холбогдуулан зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 1 924 027 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 367 324 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 201 239 төгрөг, нийт 2 492 590 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч С.А “...гар утсыг худалдан авснаас хойш утасны төлбөр, хэрэглээний төлбөрт зохих төлөлтүүдийг төлж явсан байдаг... хариуцагчид дээрх хугацаанд гар утасны төлбөр, дараа төлбөрт үйлчилгээний хураамжийн төлбөр зэргийг нэхэмжилсэн мэдэгдэл огт ирж байгаагүйгээс гадна торгуулийн үлдэгдэл төлбөр гэх 367 324 төгрөгийг хэрхэн яаж тооцсон нь тодорхойгүй, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 201 239 төгрөг нь хэдий үеийн хэрэглээний төлбөр болох нь ойлгомжгүй байна” гэж нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас 2 492 590 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгожээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны зүйлийг зөв тодорхойлж, түүний эрх зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч МК ХХК нь 95559996 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг багцын сарын хураамж 24 900 төгрөгөөр ашиглуулахаар, Huawei P30 маркийн гар утсыг 2 099 000 төгрөгөөр худалдахаар 2019.05.01-ний өдөр хэрэглэгч С.Атай гэрээ байгуулсан нь тогтоогджээ.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр болохыг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасантай нийцүүлэн дүгнэсэн байна.

Хэрэглэгч төлбөрийг 24 сард багтааж сар тутам төлөх үүргийг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй, гар утсыг худалдан авснаас хойш утасны төлбөр, хэрэглээний төлбөрт зохих төлөлтүүдийг төлж явсан гэх боловч нэхэмжлэгч нь хэрэглэгчийн төлсөн 1 849 330 төгрөгийг түүний гүйцэтгэх үүргээс хасаж тооцон төлөгдөөгүй үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн байна.

Хариуцагч С.А үүргээ тохирсон хугацаанд биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч МК ХХК гар утасны төлбөр, торгууль, хэрэглээний төлбөр шаардсан нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг зөрчөөгүй байна.

Зээлээр худалдах-худалдан авах гэрээ МК ХХК болон С.А нарын хооронд байгуулагдсан тул гэрээний талууд үүргийн гүйцэтгэлийн талаар бие биедээ харилцан шаардлага гаргах ба “хариуцагчид дээрх хугацаанд гар утасны төлбөр, дараа төлбөрт үйлчилгээний хураамжийн төлбөр зэргийг нэхэмжилсэн мэдэгдэл огт ирж байгаагүй” гэх хариуцагчийн тайлбар нь түүнийг гэрээний үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй.   

Анхан шатны шүүхийн торгуулийн талаар хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцсэн байна. Хариуцагч С.А нь гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд торгууль төлөх үүрэг хүлээсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч МК ХХК гэрээний дагуу торгууль нэхэмжилснийг буруутгах үндэслэлгүй байна.

Хариуцагч “үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 201 239 төгрөг нь хэдий үеийн хэрэглээний төлбөр болох нь ойлгомжгүй байна” гэх боловч хавтаст хэрэгт харилцагчийн 2018.01.01-2019.11.01-ний өдрийг хүртэлх хугацааны гүйлгээний баримт авагдсан, С.А уг баримтыг үгүйсгэх нотлох баримтыг шүүхэд гаргаагүй тул түүний татгалзал үндэслэлгүй болно.

Эдгээр үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 129/ШШ2020/00588 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 54 830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ДАВААСҮРЭН

                                          ШҮҮГЧИД                                    Д.БЯМБАСҮРЭН    

                                                                                              В.ЦЭЦЭНБИЛЭГ