Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 0485

 

                                        Н ХХК-ийн нэхэмжлэлтэй, Онцгой байдлын ерөнхий

                                              газарт холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                            Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                               Л.Атарцэцэг,

                                              Х.Батсүрэн,

                                              Ч.Тунгалаг,

Илтгэгч шүүгч:                     Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга:    Д.Мөнхцэцэг.

Нэхэмжлэлийн шаардлага: “Онцгой байдлын ерөнхий газрын 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №2/545 тоот Гэрээ байгуулах эрхийг цуцлах тухай мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, ОБЕГ/201801002 тендерийн 6 дугаар багц Биохимийн шинжилгээний иж бүрэн автомат анализатор, нэг удаагийн оношлуур нийлүүлэхээр шалгарсан Н ХХК-тай 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 1/502 тоот мэдэгдлийн дагуу гэрээ байгуулахыг Онцгой байдлын ерөнхий газарт даалгах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0441 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2018/0550 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, Ж.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч Д.Т, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, Г.А, Д.Б нар. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны  7 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0441 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30.1, 31, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 6.1, 6.2.2-т заасныг тус тус баримтлан Онцгой байдлын ерөнхий газрын 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №2/545 тоот Гэрээ байгуулах эрхийг цуцлах тухай мэдэгдлийг ОБЕГ/201801002 тоот тендерийн 6 дугаар багц буюу Биохимийн шинжилгээний иж бүрэн автомат анализатор худалдан авах тендерийг хуульд нийцүүлэн дахин шийдвэрлэх хүртэл 30 хоногийн хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн.    

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2018/0550 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0441 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн. 

            Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: “Н” ХХК-ий нэхэмжлэлтэй Онцгой байдлын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0441 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2018/0550 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0441 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт “...дахин үнэлгээ хийхийг даалгасан атал хариуцагчаас тендерийн үнэлгээг хууль журамд нийцүүлэн зөвтгөн явуулалгүй өмнөх тендерийн өгөгдлийн хүснэгтийн дагуу явуулсан байдаг” гэжээ. Энэ нь тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчид өгөх зааварчилгааны 9-ийн 9.1-т “Захиалагч тендер хүлээн авах эцсийн хугацаа дуусахаас өмнө тендерийн баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулж болно” гэж тендер нээснээс хойш тендерийн баримт бичигт ямар нэгэн нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглосон заалтыг зөрчсөн үндэслэл, дүгнэлт болсон.

5. Тус шийдвэрийн тогтоох хэсэгт Онцгой байдлын ерөнхий газрын 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №2/545 тоот “Гэрээ байгуулах эрхийг цуцлах тухай” мэдэгдлийг ОБЕГ/201801002 тоот тендерийн 6 дугаар багц буюу “Биохимийн шинжилгээний иж бүрэн автомат анализатор” худалдан авах тендерийг хуульд нийцүүлэн дахин шийдвэрлэх хүртэл 30 хоногийн хугацаатай түдгэлзүүлсүгэй” гэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 45 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна”, 29 дүгээр зүйлийн 29.4-т “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 30 хоногоор сунгаж болно” гэж заасан хугацаа дууссан, Сангийн яамны 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6-1/2725 дугаар албан бичгээр тухайн тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-т заасны дагуу хүчингүй болгосон зэргийг үнэлэхгүйгээр шийдвэрлэсэн байна Хэдийгээр Онцгой байдлын ерөнхий газрын 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ байгуулахаас татгалзсан шийдвэрийг түдгэлзүүлсэн ч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендерийн хугацаа дууссан, Сангийн яамнаас тус тендерийг хүчингүй болгосон нөхцөл арилаагүй нь тухайн тендерийг цаашид үргэлжлүүлэх эрх зүйн боломжгүй шийдвэр гаргасан.

6. Нэхэмжлэгч Онцгой байдлын ерөнхий газрын тендерийн цахим материалд “Космостек Монгол” ХХК-тай байгуулсан гэрээний талаар мэдээллийг тендерт ирүүлээгүй нь, тендерийн хугацаанд Сангийн яам, Онцгой байдлын ерөнхий газарт гаргасан гомдолдоо “Космостек Монгол” ХХК-тай байгуулсан гэрээний талаар дурдаагүй нь, нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл Эрүүл мэндийн яамнаас тусгай зөвшөөрөл аваагүй тул эмнэлгийн тоног төхөөрөмж импортлох эрхгүй болох нь, “Космостек Монгол” ХХК нь эмнэлгийн тоног төхөөрөмж импортлох тусгай зөвшөөрөлтэй хэдий ч нэхэмжлэгчийн захиалга өгсөн БНХАУ-ын компанитай гэрээ байгуулаагүй, тус компани тухайн тоног төхөөрөмжийг улсын хилээр оруулах боломжгүй байгаа нь тус тус шүүхэд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа болно.

7. Онцгой байдлын ерөнхий газрын 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2/545 дугаар албан бичгээр “Н” ХХК-тай гэрээ байгуулахаас татгалзсан шийдвэр нь тендерийн хугацаанд нэхэмжлэгчийн тендерт ирүүлсэн баримтад үндэслэн гарсан нь мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар батлагдаж байна.

8. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2018/0550 дугаар магадлалд “...нэхэмжлэлийг шүүгч М.Цэцэгмаагаас шүүгч Б.Адъяасүрэнд шилжүүлсэн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолгүй, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д зааснаар шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулсан Ерөнхий шүүгчийн захирамжгүй байхад шүүгч Б.Адъяасүрэн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр “Н” ХХК-ийн нэхэмжлэлээр Онцгой байдлын ерөнхий газарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж. 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.2-т заасан “хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн” гэх үндэслэл болно” гэж дүгнэн "... шүүхийн шийдвэрт дүгнэлт өгөх боломжгүй байх тул...” гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байна.

9. Шүүгч М.Цэцэгмаа нь Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч бөгөөд томилолтоор нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд түр хугацаагаар ажиллаж байсан гэх бөгөөд шүүгч Б.Адъяасүрэн нь тус захиргааны хэргийг ашиг сонирхлын үүднээс өөрөө хэргийг дураар авч, шийдвэрлэсэн гэх үндэслэлгүй гэж үзэж байна. Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх нь нэг байранд байрладаг, хэрвээ тухайн шүүгчийг томилсон Ерөнхий шүүгчийн захирамж шүүхийн хавтас хэрэгт дутуу байгаа бол түүнийг анхан шатны шүүхээс нөхөн авах бүрэн боломжтой бөгөөд энэ нь нэхэмжлэгч, хариуцагчаас шалтгаалаагүй үйлдэл болно.

10. “Н” ХХК-ийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн зарлан мэдэгдэх хуудсыг Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлсэн, урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан болон бусад захирамжийг тус шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн гүйцэтгэн явуулж байсан бөгөөд шүүгч М.Цэцэгмаа энэ хэрэгт ямар нэгэн байдлаар оролцоогүйг хавтас хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь шүүхэд оролцогчоос хамааралгүй нөхцөл байдлаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121,3.2-т заасныг удирдлага болгон дүгнэлт өгөх боломжгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэл хангалттай бус бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй, нэхэмжлэгч, хариуцагчийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх шийдвэр болсон гэж үзэж байна.

11. “Н” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 1/502 дугаар албан бичгээр хүргүүлсэн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д зааснаар илт хууль бус болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байх тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0441 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2018/0550 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

13. Нэхэмжлэгч Н ХХК нь Онцгой байдлын ерөнхий газарт холбогдуулан “Онцгой байдлын ерөнхий газрын 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2/545 тоот “Гэрээ байгуулах эрхийг цуцлах тухай” мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, ОБЕГ/201801002 тендерийн 6 дугаар багц “Биохимийн шинжилгээний иж бүрэн автомат анализатор, нэг удаагийн оношлуур” нийлүүлэхээр шалгарсан Н ХХК-тай 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 1/502 тоот мэдэгдлийн дагуу гэрээ байгуулахыг Онцгой байдлын ерөнхий газарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. 

14. Анхан шатны шүүхээс Онцгой байдлын ерөнхий газрын 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2/545 тоот “Гэрээ байгуулах эрхийг цуцлах тухай” мэдэгдлийг, ОБЕГ/201801002 тоот тендерийн 6 дугаар багц буюу “Биохимийн шинжилгээний иж бүрэн автомат анализатор” худалдан авах тендерийг хуульд нийцүүлэн дахин шийдвэрлэх хүртэл 30 хоногийн хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасантай нийцээгүй байна. 

15. Нэхэмжлэгч Н ХХК нь Онцгой байдлын ерөнхий газрын 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2/545 тоот “Гэрээ байгуулах эрхийг цуцлах тухай” мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Илт хууль бус захиргааны актын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны хүрээнд шалгах бол харин, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх”-ээр заасан.

16. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Н ХХК нь маргаан бүхий  захиргааны акт болох “Гэрээ байгуулах эрхийг цуцлах тухай” 2/545 тоот мэдэгдлийг илт хууль бус захиргааны акт гэж маргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ үндэслэлийг тодруулж хууль зүйн дүгнэлт хийлгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж, илт хууль бус гэж маргаж байгаа захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

17. Түүнчлэн, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн хоёрдахь шаардлага болох “ОБЕГ/201801002 тендерийн 6 дугаар багц “Биохимийн шинжилгээний иж бүрэн автомат анализатор, нэг удаагийн оношлуур” нийлүүлэхээр шалгарсан Н ХХК-тай 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 1/502 тоот мэдэгдлийн дагуу гэрээ байгуулахыг Онцгой байдлын ерөнхий газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4, 107.5-д заасныг мөн зөрчжээ. 

18. Анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүхээс энэ үндэслэлүүдэд дүгнэлт хийлгүйгээр, зөвхөн хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзсэн нь учир дутагдалтай. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэлийг хүлээн авсан дардас дээр шүүгч М.Цэцэгмаа гэж бичигдсэн байх боловч шүүгч Б.Адъяасүрэн захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэргийг шийдвэрлэсэн байна.

19. Ийнхүү анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэн, мэдэгдэл, тендерийг хуульд нийцүүлэн дахин шийдвэрлэх хүртэл 30 хоногийн хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж дүгнэн, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байх тул хяналтын шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан журмын дагуу шийдвэр, магадлалд хууль зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй юм.    

20. Иймээс анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч М.Цэцэгмаа оролцох болсон үндэслэлийг тодруулж, нэхэмжлэлийн шаардлага тус бүрт хууль зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2018/0550 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын  журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             М.БАТСУУРЬ

                  ШҮҮГЧ                                                                    Б.МӨНХТУЯА