Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2018/0550

 

“Н” ХХК-ийн  нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, Ж.С-Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, Д.Б-Э, Д.Б, Г.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0441 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, Ж.С-Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М гаргасан давж заалдах гомдлоор, “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Онцгой байдлын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0441 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30.1, 31, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 6.1, 6.2.2-т заасныг тус тус баримтлан Онцгой байдлын ерөнхий газрын 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №2/545 тоот “Гэрээ байгуулах эрхийг цуцлах тухай” мэдэгдлийг ОБЕГ/201801002 тоот тендерийн 6 дугаар багц буюу “Биохимийн шинжилгээний иж бүрэн автомат анализатор” худалдан авах тендерийг хуульд нийцүүлэн дахин шийдвэрлэх хүртэл 30 хоногийн хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, Ж.С-Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч Д.Т нар давж заалдах гомдолдоо: “...Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0441 дүгээр шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Нэг. Анхан шатны шүүх “Хариуцагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг зөрчсөн” гэх нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэлтэй гэж дүгнэсэн атлаа Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нийцүүлэн гэрээ байгуулах эрхийг цуцалсан Онцгой байдлын ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №2/545 тоот мэдэгдлийг илт хууль бус гэж үзэх боломжгүй хэмээн дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь: 1. Хариуцагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 54 дүгээр зүйлийн 54.7-д заасныг зөрчиж, “А М” ХХК-аас гаргасан гомдлыг хүлээн авч, шийдвэрлэсэн, түүнчлэн тусгай зөвшөөрөл шаардаагүй атлаа тусгай зөвшөөрөлгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчид олгосон гэрээ байгуулах эрхийг цуцалсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсоноос гадна уг үйл баримтыг хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрсөн.

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар тендерт оролцогчдоос гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллага болох Сангийн яам хариуцагчийн шийдвэр хууль зөрчсөн болохыг тогтоосон тул хариуцагч Онцгой байдлын ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №2/545 тоот мэдэгдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д зааснаар илт хууль бус захиргааны акт болох нь тогтоогдоно.

Хариуцагчийн зүгээс гагцхүү “Н” ХХК нь эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох тусгай зөвшөөрөлгүй учраас Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д зааснаар гэрээ байгуулах эрхийг цуцалсан” гэх үндэслэлээр л нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, зөвхөн амаар тайлбарлаж, маргадаг.

Гэтэл хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д заасны дагуу мөн хуулийн 47 дугаар зуйлийн 47.1.7-д заасныг баримтлан гаргасан ямар ч захиргааны акт байхгүй, №2/545 тоот мэдэгдлийг гаргахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ хүдалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д заасныг үндэслэсэн байдаг.

Хэрэв хариуцагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасны дагуу бүх тендерээс татгалзсан бол мөн хуулийн 30.4.1-д зааснаар “Тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгааныг судалж, тендерийн баримт бичгийн агуулгад шаардлагатай өөрчлөлт оруулж нээлттэй тендер шалгаруулалт явуулах”, ийнхүү явуулсан тендер шалгаруулалтын үр дүнд 30.1-       д заасан нөхцөл байдал дахин үүсвэл мөн хуулийн 30.4.3-д зааснаар шууд гэрээ байгуулах шийдвэрийг гаргахаар хуульчилсан.

Харин хариуцагчийн зүгээс хуульд заасан арга хэмжээг огт авч хэрэгжүүлэлгүй өмнөх ТШӨХ-ийн дагуу дахин үнэлгээг хийж, мөн л тусгай зөвшөөрөлгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерийг шалгаруулаагүй нь хариуцагчийг удаа дараа хууль зөрчсөн болохыг нотолно.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан нөхцөл байдал үүсээгүй буюу “Н” ХХК нь эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх, импортлох тусгай зөвшөөрөлтэй “К М” ХХК-тай “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан байсан тул гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжтой байсан. Учир нь нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл бүхий этгээдтэй урт хугацааны “Хамтран ажиллах гэрээ”-тэй болох талаар хариуцагч талд мэдэгдэж байсан тул энэ асуудлаар нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй юм.

Нэгэнт хариуцагчийн баталсан “Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт”-ийн ТОӨЗ 5.2 /и/-д зааснаар “Тендерт оролцогч туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлж болох хувь хэмжээ нь гэрээний үнийн дүнгийн 10 хүртэл хувь байна. Үүнээс дээш хувийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх бол түншлэлийн гэрээ байгуулж, тендерийн хамт ирүүлэх ба түншлэлийн гишүүн нь ТОӨЗ-нд дурдсан бусад шалгуурыг хангасан байх шаардлагатай”, “Тендерт оролцогчид өгөх зааварчилгаа”-ны 17.1.в-д “ТШӨХ-д шаардсан бол тухайн төрлийн бараа нийлүүлэх тусгай зөвшөөрлийг үндэслэн тендерт оролцогчийн эрх бүхий эсэхийг тогтооно”, 18.1.ж-д “Гэрээний үнийн 10-аас дээш хувьтай тэнцэх дүнтэй ажлыг туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэх бол түүний чадварын талаарх мэдээллийг нотлох баримт болгон ирүүлнэ” гэж тус тус заасан байсан тул нэхэмжлэгч нь “Тендерт оролцогчид өгөх зааварчилгаа”-ны 12-т заасан бүрдлийг хангаж, холбогдох баримтуудаа хавсаргасан болно.

“К М” ХХК-ийн хувьд дээрх тендерийн баримт бичигт заасан “Түншлэл” болон “Чадварын талаарх мэдээллээ хүргүүлбэл зохих туслан гүйцэтгэгч” гэдэгт хамаарахгүй болох нь “Хамтран ажиллах гэрээ”-ний 3.3 дахь заалтаас тодорхой харагдана.

Хоёр. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ “Үндэслэх хэсэг”-т хариуцагч Онцгой байдлын, ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №2/545 тоот мэдэгдлийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн атлаа шийдвэрийнхээ “Тогтоох хэсэг”-т Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгосон нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Эцэст нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Онцгой байдлын ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №2/545 тоот мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоосноор Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар уг захиргааны акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй болох тул тухайн захиргааны актыг үндэслэн гаргасан Онцгой байдлын ерөнхий газар, Сангийн яамны дараа дараагийн захиргааны актууд мөн эрх зүйн үйлчлэлгүй болох тул 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүчин төгөлдөр болсноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх хамгаалагдаж, хариуцагчийн зарласан тендер хэрэгжиж, хэрэгцээ шаардлага нь хангагдана.

Хариуцагч Онцгой байдлын ерөнхий газраас зарласан тендерийн хэрэгцээ шаардлага хэвээр байгаа, нэхэмжлэгч “Н” ХХК нь тус компанид олгосон гэрээ байгуулах эрхийг хэрэгжүүлж, биохимийн шинжилгээний иж бүрэн автомат анализатор, нэг удаагийн оношлуурыг нийлүүлэх бүрэн боломжтой болохоо баримтаар нотолсоор байхад хариуцагч нь огт үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийг хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй хэмээн маргаж буй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-д заасан “үр нөлөөтэй байх”, 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зэрэг захиргааны үйл ажиллагаанд баримталбал зохих тусгай зарчмуудыг зөрчсөн үйлдэл юм.

Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хэмээн дүгнэсэн атлаа нэхэмжлэгчид учирсан хохирлын асуудалд огт дүгнэлт хийлгүй, хэрэг маргааныг шийдвэрлэлгүй Онцгой байдлын ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №2/545 тоот мэдэгдлийг түдгэлзүүлсэн нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хамгаалах бус харин хариуцагчид илт хууль бус шийдвэрээ өөрсдийн эрх ашигт нийцүүлэн засварлах боломжийг олгосонд гомдолтой байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0441 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хамгаалж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М давж заалдах гомдолдоо: “...шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Тус шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...дахин үнэлгээ хийхийг даалгасан атал хариуцагчаас тендерийн үнэлгээг хууль журамд нийцүүлэн зөвтгөн явуулалгүй өмнөх тендерийн өгөгдлийн хүснэгтийн дагуу явуулсан байдаг” гэжээ.

Энэ нь тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчид өгөх зааварчилгааны 9-ийн 9.1-т “Захиалагч тендер хүлээн авах эцсийн хугацаа дуусахаас өмнө тендерийн баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулж болно” гэж тендер нээснээс хойш тендерийн баримт бичигт ямар нэгэн нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглосон заалтыг зөрчсөн үндэслэл, дүгнэлт болсон байна

2. Тус шийдвэрийн Тогтоох хэсэгт “...Онцгой байдлын ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №2/545 тоот “Гэрээ байгуулах эрхийг цуцлах тухай" мэдэгдлийг ОБЕГ/201801002 тоот тендерийн 6 дугаар багц буюу “Биохимийн шинжилгээний иж бүрэн автомат анализатор” худалдан авах тендерийг хуульд нийцүүлэн дахин шийдвэрлэх хүртэл 30 хоногийн хугацаатай түдгэлзүүлсүгэй” гэсэн нь:

- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 45 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна”, 29 дүгээр зүйлийн 29.4-д “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 30 хоногоор сунгаж болно” гэж заасан хугацаа дууссан.

- Сангийн яамны 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6-1/2725 дугаар албан бичгээр тухайн тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасны дагуу хүчингүй болгосон зэргийг үнэлэхгүйгээр шийдвэрлэсэн байна. Хэдийгээр Онцгой байдлын ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ байгуулахаас татгалзсан шийдвэрийг түдгэлзүүлсэн ч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендерийн хугацаа дууссан, Сангийн яамнаас тус тендерийг хүчингүй болгосон нөхцөл арилаагүй нь тухайн тендерийг цаашид үргэлжлүүлэх эрх зүйн боломжгүй шийдвэр гаргасан байна.

3. Нэхэмжлэгч:

- Онцгой байдлын ерөнхий газрын тендерийн цахим материалд “К М” ХХК-тай байгуулсан гэрээний талаар мэдээллийг тендерт ирүүлээгүй нь,

- Тендерийн хугацаанд Сангийн яам, Онцгой байдлын ерөнхий газарт гаргасан гомдолдоо “К М” ХХК-тай байгуулсан гэрээний талаар дурдаагүй нь,

- Нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл Эрүүл мэндийн яамнаас тусгай зөвшөөрөл аваагүй тул эмнэлгийн тоног төхөөрөмж импортлох эрхгүй болох нь,

- “К М” ХХК нь эмнэлгийн тоног төхөөрөмж импортлох тусгай зөвшөөрөлтэй хэдий ч нэхэмжлэгчийн захиалга өгсөн БНХАУ-ын компанитай гэрээ байгуулаагүй, тус компани тухайн тоног төхөөрөмжийг улсын хилээр оруулах боломжгүй байгаа нь тус тус шүүхэд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа болно.

4. Онцгой байдлын ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2/545 дугаар албан бичгээр “Н” ХХК-тай гэрээ байгуулахаас татгалзсан шийдвэр нь тендерийн хугацаанд нэхэмжлэгчийн тендерт ирүүлсэн баримтад үндэслэн гарсан нь мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар батлагдаж байна.

5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1-д “тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгааныг судалж, тендерийн баримт бичиг агуулгад шаардлагатай өөрчлөлт оруулж, нээлттэй тендер шалгаруулалт явуулах" гэж заасныг Онцгой байдлын ерөнхий газраас хэрэгжүүлэхийн тулд нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох зайлшгүй шаардлагатай зэргийг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0441 дүгээр шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй байх шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хууль бус бүрэлдэхүүнтэйгээр хэргийг шийдвэрлэсний улмаас давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.2-т заасан “хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн” гэдэгт шүүгч оролцож болохгүй, дахин оролцож болохгүй хуулийн заалтыг зөрчсөн, хуульд заасан хамтын зарчмаар шийдвэрлэх хэргийг шүүгч дангаараа буюу дутуу бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцсэн, хуваарийн дагуу томилогдоогүй, эсхүл шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг томилсон Ерөнхий шүүгчийн захирамжид нэр нь заагдаагүй шүүгч хэргийг хянан шийдвэрлэсэн, шүүх таслах эрх олгогдоогүй, эрх нь дуусгавар болсон юмуу түдгэлзсэн хүнийг шүүгчээр оролцуулсан зэргийг ойлгохоор байна.

“Н” ХХК Онцгой байдлын ерөнхий газарт холбогдуулан 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “Онцгой байдлын ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Гэрээ байгуулах эрхийг цуцлах тухай” №2/545 тоот мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, ОБГЕГ/201801002 тендерийн 6 дугаар багц “Биохимийн шинжилгээний иж бүрэн автомат анализатор, нэг удаагийн оношлуур” нийлүүлэхээр шалгарсан “Н” ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1/502 тоот мэдэгдлийн дагуу гэрээ байгуулахыг Онцгой байдлын ерөнхий газар даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Уг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хүлээн авч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн нийт шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор батлагдсан “Нэхэмжлэл, хэрэг, өргөдөл, хүсэлтийг шүүгчид хуваарилах, хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг томилох журам”-ын дагуу шүүгч М.Ц-д хуваарилсан болох нь нэхэмжлэлд дарагдсан шүүхийн дардсаар тогтоогдож байна.

Гэтэл нэхэмжлэлийг шүүгч М.Ц-аас шүүгч Б.А-д шилжүүлсэн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолгүй, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д зааснаар шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулсан Ерөнхий шүүгчийн захирамжгүй байхад шүүгч Б.А 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “Н” ХХК-ийн нэхэмжлэлээр Онцгой байдлын ерөнхий газарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.2-т заасан “хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн” гэх үндэслэл болно.

Ийнхүү анхан шатны шүүхийн хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөх, шүүхийн шийдвэрт дүгнэлт өгөх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шийдвэрлэв.

Түүнчлэн уг маргаан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлд заасан тусгай журмаар хянан шийдвэрлэх маргаан байх бөгөөд анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгт “...шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор... гомдол гаргах эрхтэй” гэж мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т /Энэ хуулийн 113.1-д заасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй/ заасан хугацааг буруу бичсэн алдаа гаргасан, нэхэмжлэгч болон хариуцагч нар шүүхийн шийдвэрт бичигдсэнчлэн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргасныг буруутгах боломжгүй тул давж заалдах шатны шүүх тэдгээрийг гомдлыг хүлээн авч хэргийг бүхэлд нь хянасан болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0441 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгож, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 5 /тав/ хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ШҮҮГЧ                                                         Б.ТУНГАЛАГСАЙХАН

                               ШҮҮГЧ                                                         Д.БААТАРХҮҮ

                               ШҮҮГЧ                                                         Н.ХОНИНХҮҮ