Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 152/2022/00001/и |
Дугаар | 152/ШШ2024/00498 |
Огноо | 2024-11-11 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 152/ШШ2024/00498
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ..... дүүрэг, ... дугаар хороо,.... тоотод оршин суух, регистрийн дугаар ..., Х ургийн овогт Г-гийн Г-ын,
Хариуцагч: Х анги,
Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, ... дүгээр баг, ... дугаар байр, ... тоотод оршин суух, регистрийн дугаар ..., Э ургийн овогт Л-ын О нарт холбогдох,
Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр 21,800,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу /цахимаар/, хариуцагч О.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, Б.Г, хариуцагчийн өмгөөлөгч Т.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Л.О болон Хилийн цэргийн 0245 дугаар ангийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, хариуцагч Хилийн цэргийн 0245 дугаар ангиас 21,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Увс аймаг, Улаангом сум, 11 дүгээр баг, 3/12 дугаар байр, 5 тоот хаягт байрлах, 36 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-1520001381 дугаартай, гэрчилгээний 000229684 дугаар бүхий 2 өрөө орон сууцыг хууль ёсоор өмчлөх эрхтэй. Үүнийг Монгол Улсын Улсын бүртгэлийн газраас албан ёсоор гэрчилж гэрчилгээ олгосон байдаг. Миний бие анх 1999 онд тус байрны үнэ болох 800,000 төгрөгийг Ж.Шд төлсөн боловч байрны ордерийг хүнд өгсөн гээд нэр дээрээ шилжүүлэн авч чадаагүй байж байгаад 2008 оны 3 дугаар сард даралт харваж эмчлүүлж байгаад 2009 онд Улаанбаатар хот руу нүүх шаардлага гарсан. Тухайн үед ажиллаж байсан 0245 дугаар ангийн жижүүр Д.Дугаржавт онгоц нисэх болсон тул байрны түлхүүрээ үлдээсэн. Ингээд олон жил эмчилгээ хийлгэж байгаад байрны өмчлөлийн асуудлаар шүүхээр орж миний бие Ж.Шд 2003 онд 228,022 төгрөг нэмж төлсөн ба 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүхийн шийдвэрээр тус орон сууцыг өмчлөх эрхтэй болсон. Миний бие Улаанбаатар хотод олон жил эмчилгээ хийлгэж байсан тул орон сууцандаа очиж чадалгүй явсаар байсан. Улмаар орон сууцандаа очиж амьдрах гэтэл миний орон сууцанд Л.О гэж хүн 2 жилийн өмнөөс амьдарч байсан. 2021 оны 12 дугаар сарын эхээр өөрийн байрандаа амьдрахаар Увс аймагт очиж Л.Ог миний орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардахад чөлөөлж өгөхгүй гэсэн. Уг байрны өмчлөлийн асуудлаар тухайн үед ямар нэгэн маргаан үүсгэж байгаагүй, Хилийн цэргийн ангид орон сууцаа хүлээлгэж өгөөгүй бөгөөд орон сууц хүлээлгэж өгсөн ямар нэгэн баримт байхгүй. Би өвчин зовлонтой, үхэл хагацал үзэж гэр бүлийн хүнээ алдсан, өөрөө цус харваж ухаантай, ухаангүй байх үед Хилийн цэргийн нэг ангийн захирагчийн шийдвэрээр хувь хүний өмчийг хууль бусаар эзэмшиж байгаад гүнээ харамсаж гомдож байна. Би ойлгохдоо орон нутагт зах хязгаар газар томилолтоор ирж байгаа албан хаагчид нэг нь ч гэсэн миний байранд амьдарч түрээсийн хэдэн төгрөг өгвөл эм тариа, эмчилгээний зардалд хэрэгтэй болов уу гэж бодож итгэж найдаж байсан. Иймд Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж, 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж, мөн зүйлийн 106.2-д "Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй" гэж, мөн зүйлийн 106.3-д "Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, ... бусад тохиолдолд нүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна" гэж заасны дагуу Л.О, түүний гэр бүл, хамаарал бүхий этгээдийн хууль бус эзэмшлээс миний орон сууцыг бүхэлд нь албадан чөлөөлж, Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд байр чөлөөлөх ажиллагааг даалгаж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Манай аав Г.Г нь Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт байрлах 3-12 дугаар айлын 5 тоотод оршин суудаг байсан. Тухайн орон сууцыг 1999 онд иргэн Ж.Шгаас худалдаж аваад 2009 он хүртэл амьдарч байсан. 2008 онд ажлаа хийж явахдаа одоогийн Боршоо боомтод даралт харваж, хөдөлмөрийн чадвараа 65 хувь алдсан. Тухайн үед тэтгэврийн нас нь болоогүй байсан учраас хэлж ярих чадвараа алдсан байсан ч ажлаа хийж байсан. Тухайн үеийн ангийн захирагч чи ажлаа хийж чадахгүй, хэлж, бичиж чадахгүй байна, байнгын эмчилгээнд явдаг ажлаа гүйцэтгэх боломжгүй, ажлаа өг гэдэг байдлаар дарамталж байсан. Удалгүй Багануурын цэргийн ангид томилогдоод 5 өнчин хүүхдээ тэжээхийн тулд, мөн нэгдсэн эмнэлэгтээ ойрхон байх үүднээс тушаал бууруулж ч хамаагүй Улаанбаатар хот дахь анги руу шилжүүлээд өгөөч гэх хүсэлтээ гаргаж, Багануурын цэргийн ангид шилжин ажилласан. Ажил үүргээ гүйцэтгэж байгаад миний аав 2008 онд даралт харваж хөдөлмөрийн чадвараа алдсан, гэтэл ажлаас нь энэ тал дээр ямар ч тусламж дэмжлэг үзүүлээгүй учраас би маш их гомдолтой байна. Аав минь 2011 онд тэтгэвэрт гарсан. Шилжин явахдаа ангийн жижүүрээр тэр өдөр гарч байсан Д.Дугаржав гэдэг хүнд байрныхаа түлхүүрийг хүлээлгэж өгөөд би эргэж ирээд байранд орно, ашиглаж байж болно гэдгийг захиад явсан. Хилийн цэргийн 0245 дугаар анги байгууллагын санхүүгийн баримтдаа уг байрыг бүртгээд яваад байсан учраас уг байрыг байгууллагын өмч гэж хууль бусаар эзэмшиж бусдад буюу албан хаагч нар түрээсэлж байсан. 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөрийг зах зээлийн хамгийн бага хэмжээний дүнгээр тооцож 21,800,000 төгрөг нэхэмжилсэн. Иймд хариуцагч Л.О болон Хилийн цэргийн 0245 дугаар ангийн хууль бус эзэшлээс орон сууцыг чөлөөлж, хариуцагч Хилийн цэргийн 0245 дугаар ангиас түрээсийн төлбөр 21,800,000 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн тухайд хариуцагч Хилийн цэргийн 0245 дугаар ангитай нэхэмжлэгч Г.Г нь маргаан бүхий орон сууцыг худалдах-худалдан авах гэрээ байхгүй болно. Нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн анхны өмчлөгч Ж.Ш гэх хүнтэй өр төлбөрийн асуудалтай байсан тул 2013 онд өр төлбөрөө барагдуулсны дагуу дээрх иргэнээс маргаан бүхий байрыг худалдан авч Улсын бүртгэлийн газарт холбогдох бүх материалиа бүрдүүлж хүсэлт өгсөнөөр уг орон сууцыг нэхэмжлэгч Г.Гынх гэж үзээд Ү-1520001381 дугаартай гэрчилгээ олгогдсон байдаг. Хилийн цэргийн 0245 дугаар анги нь нэхэмжлэгч талтай ямар нэгэн худалдах-худалдан авах гэрээ байхгүй атлаа ганц түлхүүр үлдээгээд явсныг ашиглаж тухайн орон сууцыг хууль бусаар эзэмшиж ашигласаар байгаа, өөрийн данс тооцоондоо бүртгэн авч одоог хүртэл албан хаагчдаа амьдруулж байгаа юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Л.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Увс аймаг, Улаангом сум, 11 дүгээр баг, 3-12 дугаар байр, 1 дүгээр орц, 05 тоот хаягт оршин суух Лхагва-Очир овогтой О миний бие иргэн Ггийн Гоос гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаар Хилийн цэргийн 0245 дугаар ангийн захирагчийн орлогч, Сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгааны албаны даргаар томилогдон одоог хүртэл тус ангид ажиллаж байна. Тус 2 өрөө орон сууцанд 2020 оны 7 дугаар сараас одоог хүртэл амьдарч байгаа бөгөөд тус байр нь Хилийн цэргийн 0245 дугаар ангийн албаны мэдлийн орон сууц тул иргэн Ггийн Гоос гаргасан нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй байна гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, Б.Г нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Хилийн цэргийн 0245 дугаар анги нь иргэн Г.Гын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Г.Г нь 1998-2009 оны хооронд Хилийн цэргийн 0245 дугаар ангид захирлын орлогч, соёл сурталчилгааны албаны дарга, захирагчийн орлогч, ар тал хангалтын даргаар тус тус ажиллаж байсан. 1999 онд Г.Г нь цэргийн хүнсэнд мал өгнө гээд тус ангиас бэлэн мөнгө авсан бөгөөд Сагил сумын Боршоо багийн зусланд зусаж байсан хүргэнээсээ 3 тэмээ авсан байдаг. Тухайн үед 2 тэмээ нь 1 км хүрэхгүй газар яваад буцаж зугтан өөрийн сүрэгтээ нийлснийг тэмээний эзэнд хэлээд 1 тэмээг цааш авч явсан. Улмаар оны эцэс болж тооцоо хийхэд Г.Г нь манай байгууллагад өртэй гарч, уг өрөндөө 2 өрөө орон сууцаа өгөхийг хүлээн зөвшөөрч өгсөн. 1999 оны өвөл манай албанаас орон сууцны зөрүү 300,000 төгрөгийг өгсөн ба нэхэмжлэгч нь энэ талаар нэхэмжлэл болон тайлбартаа хэлсэн байдаг. Энэ байр манай ангийн дансанд 1999 оноос одоог хүртэл 24 жил болж байна. Тухайн үед Хилийн цэргийн 0245 дугаар ангид Г.Г нь даргын зөвлөлийн гишүүн, удирдах албан тушаалд ажиллаж байр эзэмших эрхтэй албан тушаалуудыг хашиж байсан тул тэрээр ажлаа хийж байх хугацаандаа апбаны байрандаа амьдарч байгаад 2009 оны 6 дугаар сард шилжин явахдаа байраа хүлээлгэн өгсөн. Уг байранд 2009 оноос хойш Хилийн цэргийн 0245 дугаар ангийн сургалтын албаны дарга, дэд хурандаа Д.Дугаржав, ахмад Б.Пүрэвдорж, эрүүл мэндийн төвийн дарга, ахлах дэслэгч Х.Анхбаяр, цэргийн сургалт сахилга, албаны зохион байгуулалтын тасгийн дарга, ахмад Б.Энхжаргал нар амьдарч байсан одоогоор захирагчийн захиргаа хариуцсан орлогч, дэд хурандаа Л.О гэрээ байгуулан тус байранд одоог хүртэл амьдарч байна. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн тухайд хариуцагч талаас худалдах-худалдан авах гэрээний дагуу байрны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нь маргаан бүхий байрыг анх худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр эзэмших эрхийг шилжүүлэн авсан бөгөөд энэхүү үйл баримтын талаар талууд маргахгүй байгаа болно. Хэдий худалдан авсан байрыг хариуцагчийн эзэмшилд шилжүүлэн өгсөн ч тухайн үед нэхэмжлэгч Г.Г нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хуулийн дагуу шилжүүлэн авч чадаагүй байсан тул эзэмших эрхийг шилжүүлэн өгөхдөө өмчлөх эрхийг шилжүүлж өгч чадаагүй байна. Нэхэмжпэгч Г.Г нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг анхны өмчлөгч .Ж.Ш гэх хүнээс 2014 онд шилжүүлэн авч одоо тус байрны хууль ёсны өмчлөгч болсон. Хариуцагч болох Хилийн цэргийн 0245 дугаар анги нь маргаан бүхий байрны эзэмших эрхийг хуулийн дагуу буюу худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр илээр шударгаар олж авсан бөгөөд байрыг өөрийн хөрөнгийн адил шударгаар тасралтгүй 24 жилийн хугацаанд эзэмшсэн байх тул Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах эрх бүхий этгээд байна. Иймд тус шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасны дагуу өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000229684 дугаартай гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Г.Гын эмнэлгээс гарах шилжих үеийн эпикриз, Г.Гын үзлэгийн баримт, Г.Гын 2008-2010 онд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, А.Дуламжавын нас барсны бүртгэлийн лавлагаа, БХХСАХНЭ-ийн мэдрэлийн тасгийн эрхлэгч эмчийн 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн тодорхойлолт, Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 229 дүгээр шийдвэр, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, итгэмжлэл, 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн эмч Б.Мөнх-Очийн тодорхойлолт, Увс аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 22 дугаартай албан бичиг, хавсралт, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 159 дүгээр магадлал, итгэмжлэл, 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
6. Хариуцагчаас Хилийн цэргийн 0245 дугаар ангийн захирагчийн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/31 дүгээр “Журам батлах тухай” тушаал, хавсралт, албаны мэдлийн орон сууц ашиглах, эзэмших журам, хилийн заставуудад албаны орон сууцаар хангагдах албан тушаалтнуудын нэрс, ангийн төвийн албаны орон сууцаар хангагдах албан тушаалтнуудын нэрс, албаны орон сууц эзэмшигчтэй байгуулсан гэрээ, 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хилийн цэргийн 0245 дугаар ангийн албаны орон сууцанд байрлах албан тушаалтны жагсаалт, 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр албаны орон сууц эзэмшигчтэй байгуулсан гэрээ, 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр албаны орон сууц эзэмшигчтэй байгуулсан гэрээ, 2012, 2014, 2015, 2016, 2018, 2020, 2021 оны жилийн эцсийн эд хөрөнгийн тооллогын бүртгэл, Барилга, байгууламжийн хэмжээсийн 2012, 2018 оны бүртгэл, тооллогын бүртгэл, Увс аймгийн Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 25 дугаар “Хилийн цэргийн 0245 дугаар ангид” гэх албан бичиг, 3-р 12 айл 1-р орц 5 тоот гэх 2 хуудас баримт, 3-12 айлын 5 тоот орон сууцны 2010-2021 оны цэвэр бохир усны төлбөрийн жагсаалт, Увс Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн хэрэглэгчийн /Л.О/ дансны дэлгэрэнгүй тайлан /2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл/, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн өмгөөлөл хуувь зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, итгэмжлэл, 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Хилийн цэргийн 0245 дугаар ангийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлбөрийн даалгаврын баримт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 283 дугаар шийдвэр, Хилийн цэргийн төв архиваас 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гаргасан дугаар а/1468 архивын лавлагаа, Хилийн цэргийн 0252 дугаар ангиас 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 11/78 дугаартай албан бичиг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
7. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Хилийн цэргийн 0245 дугаар ангийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 11/31 дүгээр албан бичиг, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 3-12 айлын 5 тоот, 36 м.кв хэмжээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-1520001381 дугаартай, гэрчилгээний 000229684 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийг, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр В.Мэндбаяр, Л.Баянмөнх, Д.Дугаржав нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, Увс аймаг дахь шүүхийн тамгын газрын архиваас Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 229 дүгээр шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 76 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 489 дүгээр тогтоолыг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Гын хариуцагч Л.О болон Хилийн цэргийн 0245 дугаар ангийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр 21,800,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Хилийн цэргийн 0245 дугаар ангийн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Манай аав Г.Г нь Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт байрлах 3-12 дугаар айлын 5 тоотод оршин суудаг байсан. Тухайн орон сууцыг 1999 онд иргэн Ж.Шгаас худалдаж аваад 2009 он хүртэл амьдарч байсан. 2008 онд ажлаа хийж явахдаа одоогийн Боршоо боомтод даралт харваж, хөдөлмөрийн чадвараа 65 хувь алдсан. Тухайн үед тэтгэврийн нас нь болоогүй байсан учраас хэлж ярих чадвараа алдсан байсан ч ажлаа хийж байсан. Тухайн үеийн ангийн захирагч чи ажлаа хийж чадахгүй, хэлж, бичиж чадахгүй байна, байнгын эмчилгээнд явдаг ажлаа гүйцэтгэх боломжгүй, ажлаа өг гэдэг байдлаар дарамталж байсан. Удалгүй Багануурын цэргийн ангид томилогдоод 5 өнчин хүүхдээ тэжээхийн тулд, мөн нэгдсэн эмнэлэгтээ ойрхон байх үүднээс тушаал бууруулж ч хамаагүй Улаанбаатар хот дахь анги руу шилжүүлээд өгөөч гэх хүсэлтээ гаргаж, Багануурын цэргийн ангид шилжин ажилласан. Ажил үүргээ гүйцэтгэж байгаад миний аав 2008 онд даралт харваж хөдөлмөрийн чадвараа алдсан, гэтэл ажлаас нь энэ тал дээр ямар ч тусламж дэмжлэг үзүүлээгүй учраас би маш их гомдолтой байна. Аав минь 2011 онд тэтгэвэрт гарсан. Шилжин явахдаа ангийн жижүүрээр тэр өдөр гарч байсан Д.Дугаржав гэдэг хүнд байрныхаа түлхүүрийг хүлээлгэж өгөөд би эргэж ирээд байранд орно, ашиглаж байж болно гэдгийг захиад явсан. Хилийн цэргийн 0245 дугаар анги байгууллагын санхүүгийн баримтдаа уг байрыг бүртгээд яваад байсан учраас уг байрыг байгууллагын өмч гэж хууль бусаар эзэмшиж бусдад буюу албан хаагч нар түрээсэлж байсан. 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөрийг зах зээлийн хамгийн бага хэмжээний дүнгээр тооцож 21,800,000 төгрөг нэхэмжилсэн. Иймд хариуцагч Л.О болон Хилийн цэргийн 0245 дугаар ангийн хууль бус эзэшлээс орон сууцыг чөлөөлж, хариуцагч Хилийн цэргийн 0245 дугаар ангиас түрээсийн төлбөр 21,800,000 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч Г.Г нь 1998-2009 оны хооронд Хилийн цэргийн 0245 дугаар ангид захирлын орлогч, соёл сурталчилгааны албаны дарга, захирагчийн орлогч, ар тал хангалтын даргаар тус тус ажиллаж байсан. 1999 онд Г.Г нь цэргийн хүнсэнд мал өгнө гээд тус ангиас бэлэн мөнгө авсан бөгөөд Сагил сумын Боршоо багийн зусланд зусаж байсан хүргэнээсээ 3 тэмээ авсан байдаг. Тухайн үед 2 тэмээ нь 1 км хүрэхгүй газар яваад буцаж зугтан өөрийн сүрэгтээ нийлснийг тэмээний эзэнд хэлээд 1 тэмээг цааш авч явсан. Улмаар оны эцэс болж тооцоо хийхэд Г.Г нь манай байгууллагад өртэй гарч, уг өрөндөө 2 өрөө орон сууцаа өгөхийг хүлээн зөвшөөрч өгсөн. 1999 оны өвөл манай албанаас орон сууцны зөрүү 300,000 төгрөгийг өгсөн ба нэхэмжлэгч нь энэ талаар нэхэмжлэл болон тайлбартаа хэлсэн байдаг. Энэ байр манай ангийн дансанд 1999 оноос одоог хүртэл 24 жил болж байна. Тухайн үед Хилийн цэргийн 0245 дугаар ангид Г.Г нь даргын зөвлөлийн гишүүн, удирдах албан тушаалд ажиллаж байр эзэмших эрхтэй албан тушаалуудыг хашиж байсан тул тэрээр ажлаа хийж байх хугацаандаа апбаны байрандаа амьдарч байгаад 2009 оны 6 дугаар сард шилжин явахдаа байраа хүлээлгэн өгсөн. Уг байранд 2009 оноос хойш Хилийн цэргийн 0245 дугаар ангийн сургалтын албаны дарга, дэд хурандаа Д.Дугаржав, ахмад Б.Пүрэвдорж, эрүүл мэндийн төвийн дарга, ахлах дэслэгч Х.Анхбаяр, цэргийн сургалт сахилга, албаны зохион байгуулалтын тасгийн дарга, ахмад Б.Энхжаргал нар амьдарч байсан одоогоор захирагчийн захиргаа хариуцсан орлогч, дэд хурандаа Л.О гэрээ байгуулан тус байранд одоог хүртэл амьдарч байна. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа “Хариуцагч талаас худалдах-худалдан авах гэрээний дагуу байрны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нь маргаан бүхий байрыг анх худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр эзэмших эрхийг шилжүүлэн авсан бөгөөд энэхүү үйл баримтын талаар талууд маргахгүй байгаа болно. Хэдий худалдан авсан байрыг хариуцагчийн эзэмшилд шилжүүлэн өгсөн ч тухайн үед нэхэмжлэгч Г.Г нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хуулийн дагуу шилжүүлэн авч чадаагүй байсан тул эзэмших эрхийг шилжүүлэн өгөхдөө өмчлөх эрхийг шилжүүлж өгч чадаагүй байна. Нэхэмжпэгч Г.Г нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг анхны өмчлөгч .Ж.Ш гэх хүнээс 2014 онд шилжүүлэн авч одоо тус байрны хууль ёсны өмчлөгч болсон. Хариуцагч болох Хилийн цэргийн 0245 дугаар анги нь маргаан бүхий байрны эзэмших эрхийг хуулийн дагуу буюу худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр илээр шударгаар олж авсан бөгөөд байрыг өөрийн хөрөнгийн адил шударгаар тасралтгүй 24 жилийн хугацаанд эзэмшсэн байх тул Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах эрх бүхий этгээд байна. Иймд тус шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасны дагуу өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгаж өгнө үү” гэж тодорхойлсон.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийг “Нэхэмжлэгч Г.Г нь Хилийн цэргийн 0245 дугаар ангитай маргаан бүхий орон сууцыг худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй болно. Нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн анхны өмчлөгч Ж.Ш гэх хүнтэй өр төлбөрийн асуудалтай байсан тул 2013 онд өр төлбөрөө барагдуулсны дагуу дээрх иргэнээс маргаан бүхий байрыг худалдан авч Улсын бүртгэлийн газарт холбогдох бүх материалиа бүрдүүлж хүсэлт өгснөөр уг орон сууцыг Г.Гын гэж үзээд Ү-1520001381 дугаартай гэрчилгээ олгогдсон байдаг. Хилийн цэргийн 0245 дугаар анги нь нэхэмжлэгч талтай ямар нэгэн худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй байж ганц түлхүүр үлдээгээд явсныг ашиглаж тухайн орон сууцыг хууль бусаар эзэмшиж ашигласаар байгаа ба өөрийн данс тооцоондоо бүртгэн авч одоог хүртэл албан хаагчдаа амьдруулж байгаа юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх үндэслэлээр няцаасан.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
7. 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс улсын бүртгэлийн Ү-1520001381 дугаарт бүртгэлтэй, Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт байрлах, 3-12 айлын орон сууцны 5 тоот, 36 м.кв талбай бүхий орон сууцыг иргэн Г.Гыг өмчлөгчөөр бүртгэн, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000229684 дугаартай гэрчилгээг олгосон байна.
Дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн Г.Г нь орон сууцыг Хилийн цэргийн 0245 дугаар анги болон Л.О нарын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр 21,800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Г.Гын улсын бүртгэлийн гэрчилгээнд орон сууцны байршлыг Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, Хилийн цэргийн 0245 дугаар ангийн эд хөрөнгийн бүртгэлд орон сууцны байршлыг Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг гэж багийг зөрүүтэй тэмдэглэсэн байх боловч тухайн газар нь 5 дугаар багт харьяалагдаж байгаад 11 дүгээр баг болж өөрчлөгдсөн үйл баримтын талаар талууд маргаагүй болно.
8. 2003 онд Ж.Ш нь Г.Год холбогдуулан 180,000 төгрөг эсхүл 2 өрөө орон сууц гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг Увс аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 283 дугаар шийдвэрээр 2 өрөө орон сууц гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Г.Гоос 228,022 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Шд олгохоор шийдвэрлэсэн байна.
Дээрх хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч Г.Г “Амьдралын гачигдлаас болоод мөнгийг төлж чадахгүй байна. Одоо би байраа өгч чадахгүй. 2000 онд 0245 дугаар ангид өрөндөө өгсөн” гэх тайлбарыг гаргасан байна.
Дараа нь 2014 онд нэхэмжлэгч Г.Гоос хариуцагч Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн 0245 дугаар ангид холбогдуулан Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 3 дугаар 12 айлын орон сууцны 5 тоот, 2 өрөө байрыг Хилийн цэргийн эд хөрөнгийн дансанд 700,000 төгрөгийн барьцаанд авсныг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасныг Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 09-нйи өдрийн 229 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.2, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн 0245 дугаар ангид холбогдох “Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 3 дугаар 12 айлын орон сууцны 5 тоот, 2 өрөө байрыг Хилийн цэргийн эд хөрөнгийн дансанд 700,000 төгрөгийн барьцаанд авсныг чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэгч Г.Гын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч тал дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан боловч Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 76 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 489 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байх ба шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Түүнчлэн энэхүү иргэний хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх үед Хилийн цэргийн 0245 дугаар анги нь Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн улсын ахлах бүртгэгч Г.Бурмаад холбогдуулан Г.Год үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000229684 дугаар гэрчилгээ бичиж олгосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 000229684 дугаар бүхий гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гомдол гаргасан боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 159 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
9. Зохигчдын дээрх иргэний хэрэг болон энэхүү иргэний хэрэгт гаргасан тайлбараас үзэхэд 1999 онд Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн 0245 дугаар ангийн соёл, сурталчилгааны албаны даргын үүргийг гүйцэтгэж байсан Г.Г өөрийн ангидаа хүнсний зориулалтаар 3 тэмээ нийлүүлж, түүний төлбөр болох 600,000 төгрөгөөр иргэн Ж.Шгаас маргаан бүхий орон сууцыг худалдан авсан байна. Улмаар Г.Гын нийлүүлсэн 3 тэмээний 2 нь зугатаж алга болсон бөгөөд Хилийн цэргийн 0245 дугаар ангийн жилийн эцсийн тооллогын үеэр илэрсэн 400,000 төгрөгийн өрийг барагдуулах үүднээс Г.Г нь байраа албандаа шилжүүлэн өгч, зөрүү 300,000 төгрөгийг тухайн үед ажиллаж байсан санхүүгийн албаны дарга, х/ч Мэндбаяраас хүлээн авсан болох нь тогтоогдож байна.
Мөн гэрч Д.Дугаржавын “Миний бие нь 2009 онд 0245 дугаар ангийн сургалтын тасгийн даргаар ажиллаж байсан. Г.Гын даралт харваж, бие нь муудсан тул Улаанбаатар хот руу явсан бөгөөд 2014 онд намайг сургуульд суралцахаар явахад Г.Г буцаж ирээгүй, шилжээд явсан. Г.Гыг явах үед би албаны байр хүлээж аваагүй. Албаны байрыг ар талын албаны дарга эсвэл барилга орон сууцны албаны дарга, санхүүгийн дарга, ангийн захирагч аль нэгэнд хүлээлгэж өгсөн байх. Би Г.Гоос албаны байр хүлээн авахад оролцоогүй тул энэ талаар мэдэхгүй. Би 0245 дугаар ангид ажиллаж байх үедээ буюу 2009 онд 12 айлын орон сууцны 1 дүгээр орцны 5 тоот байранд амьдарч байсан. Тухайн байрыг би ангиас хүлээн авч амьдарсан бөгөөд Г.Гоос хүлээн аваагүй. Намайг анх хүлээн авахад байранд эд хогшил байгаагүй, тааруухан нөхцөл байдалтай байр байсан. Би албан тушаалын хувьд албаны байрыг хариуцаж байгаагүй тул Г.Г шилжих үедээ орон сууцны өмчлөх эрхийг Хилийн цэргийн ангид шилжүүлж өгөөгүй талаар мэдэхгүй” гэх, гэрч В.Мэндбаярын “Г.Год тэмээний үнэ болон байрны зөрүү болгож хэдэн төгрөг өгснийг мэдэхгүй байна. Ямар ч байсан 5 тэмээ билүү, 3 тэмээний үнэ гээд ангиас Г.Год мөнгө өгсөн. Мөнгөний үнийн дүнг мэдэхгүй байна. Идшэнд зарцуулна гэж өгсөн. 2000 оны үйл явдал учир сайн санахгүй байна. Цэргийн ангийн идшийг зун бэлтгэдэг байсан ба тухайн үед Г.Г нь “Надад хүүхдүүд рүү явуулах мөнгөний хэрэг байна, намар цэргийн идшинд зориулж тэмээ өгнө” гээд ангиас мөнгө авсан юм. Цэргийн идэшний мөнгийг урьдчилаад өгсөн байсан тул намар мөнгөний өр зээлийн асуудал үүссэн. Оны эцэс байсан учраас тэмээ ч байхгүй, мөнгө ч байхгүй байсан тул Г.Г өрөндөө тухайн байраа өгсөн. Би тухайн үед Хилийн цэргийн 0245 дугаар ангийн санхүүгийн албаны дарга хийдэг байсан ба Г.Гоос төлбөрөө нэхэхэд тэрээр Улаангом сумын Хангамжийн 15 дугаар байрны замын эсрэг талд байсан байрыг ангид хүлээлгэн өгсөн. Өрөндөө байраа өгсөн гэсэн үг. Г.Г өөрөө амьдарч байсан байр байсан. Өөрөө ангид өгч, орлогод авахуулаад тухайн байрандаа үргэлжлүүлэн амьдарч л байсан шүү дээ. Намайг ажиллаж байх хугацаанд байрны үнэ болгож авсан ямар нэгэн мөнгө төгрөг төлөгдөөгүй, намайг ажлаа өөрчилснөөс хойш юу болсныг мэдэхгүй. Хилийн цэргийн анги нь байрыг Г.Г өөрөө ангид хүлээлгэн өгсөн хугацаанаас хойш буюу 2000 оноос хойш эзэмшиж байгаа. Тухайн үед Г.Г нь өмчлөх эрхийг Хилийн цэргийн 0245 ангид шилжүүлж өгсөн байх ёстой. Ангийн үл хөдлөх эд хөрөнгийн орлогод тухайн үедээ бүртгэж аваад явсан шүү дээ. Тусдаа барилга, орон сууцны алба гэж байсан. Тэд тухайн жилдээ нэмэгдэж орж ирсэн үл хөдлөх эд хөрөнгийг ангийн нэр дээр бүртгүүлэх асуудлыг хариуцан хийх ёстой байсан. 20-30 жилийн өмнөх зүйл учир сайн санахгүй байна. Намайг байхад Г.Г мөнгөө ангид тушаагаагүй. Мөнгөө өгөөгүй мөртлөө өөрийн нэр дээр байсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг ашиглан ийм асуудал гаргаж болохгүй гэж үзэж байна. 2002 онд намайг ажлаа Л.Баянмөнхөд хүлээлгэн өгсний дараа чухам Г.Г тэр мөнгөө төлсөн эсэхийг би мэдэхгүй байна” гэх, гэрч Л.Баянмөнхийн “Би Хилийн цэргийн 0245 дугаар ангид 2001-2015 оны хооронд санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан. Г.Гын байрны мөнгө өгсөн асуудлын үед буюу тухайн үед би байгаагүй. Надаас өмнөх Мэндбаяр дарга байх үед 1999 онд болсон юм билээ. Миний хувьд 2014 онд нэхэмжлэл гарсны дагуу шүүх хуралд дуудагдаж байсан. Г.Гын талаар судлаад үзэхэд ангийн мах, мал бэлтгэх комисст Г.Г 3 тэмээ худалдаад мөнгийг авсан. Үнийн дүнг санахгүй байна, ямар ч байсан 3 тэмээний өртөг гэсэн. 3 тэмээг Г.Гын дүүгийнхээс авсан байдаг бөгөөд 2 тэмээ нь буцаад мал руугаа явсан байдаг. Буцаад очсон, ижилдээ байгаа мал учраас дүүгийнд нь байж зайг гээд 1 тэмээг нь хүнсэндээ хэрэглэсэн байдаг. Жилийн эцсээр 2 тэмээг авах гээд очиход тэмээ нь байхгүй болчихсон байдаг. Тийм учраас Г.Г дээр төлбөр үүсгэсэн. Анги жилийн эцсээр 2 тэмээгээ авчирч өг гэхэд одоо 2 тэмээ байхгүй гэсэн, анги өр үүсгээд төлбөр болгоно гэхэд Г.Г төлбөрөө барагдуулж амьдарч байсан орон сууцаа ангид өгсөн байдаг. Орон сууцаа өгчихөөд зөрүү мөнгө авсан, үнийн дүнг санахгүй байна. Анги байрыг төлбөрт аваад зөрүү мөнгийг Г.Год өгсөн гэсэн үг. Байрыг Г.Г нь юу гэж хэлээд хилийн цэргийн ангид өгч байсныг мэдэхгүй, би 2001 оноос хойш ажилласан учраас өмнөх асуудлыг мэдэхгүй. Байрны үнэ болгож авсан мөнгийг буцааж Хилийн цэргийн ангид төлсөн эсэхийг мэдэхгүй. Намайг 2001 онд ажил хүлээн авах үед тухайн байр санхүүгийн данс бүртгэлд байсан. Тухайн үед Г.Год өмчлөх эрхийг Хилийн цэргийн 0245 дугаар шилжүүлж өгсөн эсэх талаар би мэдэхгүй. Миний ажиллаж байх үед албаны орон сууцнуудад гэрчилгээ гэдэг зүйлүүдийг улсын бүртгэлээс гаргаж өгдөгггүй байсан. Албаны орон сууц учраас гэрчилгээ шаардлагагүй, байшин ангийн данс бүртгэлд байдаг боловч яг ангийн хөрөнгө гэдэг байдлаар гэрчилгээжүүлсэн зүйл байдаггүй байсан. Г.Г 2014 онд өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулан авч нэхэмжпэл гаргаж байсныг санаж байна” гэх мэдүүлгээр дээрх үйл баримт тогтоогдож байна.
10. Нэхэмжлэгч тал нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж, мөн зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж зааснаар орон сууцыг албадан чөлөөлж өгөхийг шаарддаг.
Маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Г.Гыг 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон байх хэдий ч Г.Г нь Хилийн цэргийн 0245 дугаар ангид 3 тэмээ нийлүүлэхээс 1 тэмээг нийлүүлж, 2 тэмээг зохих ёсоор шилжүүлээгүйн улмаас үүссэн өрийг Г.Г барагдуулах зорилгоор өөрийн байрыг албандаа шилжүүлэн өгсөн байх тул тухайн орон сууцыг хариуцагч Хилийн цэргийн 0245 дугаар анги хууль бусаар эзэмшиж байсан гэж үзэх боломжгүй юм.
Мөн хариуцагчаас 2012 оноос 2021 оныг дуусталх хугацааны Хилийн цэргийн 0245 дугаар ангийн жилийн эцсийн эд хөрөнгийн тооллогын бүртгэлүүдийг ирүүлсэн байх ба тус бүртгэлд зарим онуудад Улаангом сумын 5 дугаар баг, 3 дугаар 12 айлын орон сууцны 5 тоот, 2 өрөө орон сууцны хаягийг тусган тоолж бүртгэсэн, зарим онуудад хаягийг тусгаагүй, 2 өрөө орон сууц гэж бүртгэсэн байна. Түүнчлэн орон сууцны хэрэглээний төлбөрийг Хилийн цэргийн 0245 дугаар анги төлж байсан болох нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар орон сууцыг шаардах эрхгүй байна.
11. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна” гэж, 76 дугаар зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж, мөн зүйлийн 76.2-т “... шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан.... үеэс үүснэ” гэж тус тус заажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “1999 онд Г.Г нь цэргийн хүнсэнд мал өгнө гээд тус ангиас бэлэн мөнгө авсан бөгөөд Сагил сумын Боршоо багийн зусланд зусаж байсан хүргэнээсээ 3 тэмээ авсан байдаг. Тухайн үед 2 тэмээ нь 1 км хүрэхгүй газар яваад буцаж зугтан өөрийн сүрэгтээ нийлснийг тэмээний эзэнд хэлээд 1 тэмээг цааш авч явсан. Улмаар оны эцэс болж тооцоо хийхэд Г.Г нь манай байгууллагад өртэй гарч, уг өрөндөө 2 өрөө орон сууцаа өгөхийг хүлээн зөвшөөрч өгсөн. 1999 оны өвөл манай албанаас орон сууцны зөрүү 300,000 төгрөгийг өгсөн” гэх тайлбарыг нэхэмжлэгч тал эсэргүүцээгүй тул нэхэмжлэгчийн шаардах эрх 1999 онд үүссэн гэж үзэв. Нэхэмжлэгчээс хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг нотлохоор 2008-2010 оны хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, ХСҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмчлэгч эмчийн эмнэлгээс гарах үеийн эпикриз, АШУҮИС-ийн эмнэлгийн дотоод шүүрлийн эмчийн үзлэгийн тэмдэглэлийг ирүүлсэн байна. 2008-2010 оны хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актаар Г.Гын хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг 50-60 хувиар тогтоосон байх ба нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадвараа бүрэн бус хэсэгчлэн алдсан байх тул тухайн баримтаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон гэж үзэх боломжгүй байна. АШУҮИС-ийн эмнэлгийн дотоод шүүрлийн эмчийн үзлэгийн тэмдэглэлд Г.Гын биед үзлэг хийснийг тэмдэглэсэн байх боловч үзлэг хийсэн он, сар, өдрийг бичээгүй байх тул тухайн баримтыг хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсаныг нотлох баримт гэж үзэхгүй. ХСҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмчлэгч эмчийн эмнэлгээс гарах үеийн эпикризэд Г.Гын эмнэлэгт хэвтсэн өдрийг тэмдэглээгүй байх ба хагалгаа хийгдсэн он, сар, өдөр - 2020.07.21 гэж, тэмдэглэлийг бичсэн он, сар, өдөр – 2020.07.28 гэж тэмдэглэсэн байх тул тухайн 7 хоногийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэн, хөөн хэлэлцэх хугацааг 7 хоногийн хугацаагаар түр зогсоох үндэслэлтэй. Тухайн баримтаар хөөн хэлэлцэх хугацааг 7 хоногийн хугацаагаар түр зогсоосон хэдий ч нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн үе буюу 1999 оноос эхлэн 2009 оны хооронд нэхэмжлэлийн шаардлагыг гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул тухайн 7 хоногийн хугацаа нь хөөн хэлэлцэх хугацааг тоолоход ач холбогдолгүй байна.
Дээрх үйл баримтаас дүгнэн зохигчдын хооронд үүссэн маргааныг иргэний эрх зүйн гэрээнээс үүссэн гэж үзэх боломжгүй байх тул тухайн маргаантай харилцаанд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан ерөнхий хөөн хэлэлцэх 10 жилийн хугацаа үйлчилнэ гэж үзсэн болно.
Нэхэмжлэгч Г.Гын хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул тухайн шаардлагатай холбогдуулан нэхэмжилсэн түрээсийн төлбөр 21,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
12. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч Хилийн цэргийн 0245 дугаар анги болон О.О нарт холбогдох бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр 21,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Гын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
13. Сөрөг нэхэмжлэлийн талаар:
Хариуцагч Хилийн цэргийн 0245 дугаар анги нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.
Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна гэж заасан.
Хилийн цэргийн 0245 дугаар анги нь маргаан бүхий орон сууцыг байгууллагынхаа үндсэн хөрөнгийн бүртгэлд хөтлөн, албаны орон сууцны зориулалтаар албан хаагчиддаа эзэмшүүлж ашиглуулж байсан болох нь хэрэгт авагдсан тус ангийн жилийн эцсийн эд хөрөнгийн тооллогын бүртгэлүүд, албаны орон сууц эзэмшигчтэй байгуулсан гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар хариуцагч Хилийн цэргийн 0245 дугаар ангийн нэхэмжлэгч Г.Год холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
14. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351,650 төгрөгөөс илүү төлсөн 14,500 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, 337,150 төгрөгийг улсын орлогод үлдээж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Хилийн цэргийн 0245 дугаар ангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Гоос 70,200 төгрөг гаргуулан хариуцагч Хилийн цэргийн 0245 дугаар ангид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч Хилийн цэргийн 0245 дугаар анги болон О.О нарт холбогдох бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр 21,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Гын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар хариуцагч Хилийн цэргийн 0245 дугаар ангийн сөрөг нэхэмжлэлийг хангаж, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг нэхэмжлэгч Г.Год даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351,650 төгрөгөөс илүү төлсөн 14,500 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, 337,150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Хилийн цэргийн 0245 дугаар ангийн сөрөг нэхэмжлэлдээ төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Гоос 70,200 төгрөг гаргуулан хариуцагч Хилийн цэргийн 0245 дугаар ангид олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ