Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2024/00440

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2024/00440

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, Үйлдвэрийн Баруун бүс-4, өөрийн байранд байрлах, * /РД:2826143/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, *** дүгээр хороо, Чингүнжавын гудамж, *** байр, **тоот хаягт байрлах, * ХХК /РД:5451302/,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг,*** дугаар хороо, Кристал таун, **** байр, *** тоот хаягт оршин суух, * ургийн овогт * * /РД: **/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 62,414,514 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нурдаулет,

хариуцагч * ХХК-ийн төлөөлөгч ***,

хариуцагч * ХХК-ийн өмгөөлөгч **,

хариуцагч М.*,

хариуцагч М.Гантулгын өмгөөлөгч Ө.Алтангадас,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Удвал хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч * ХХК, М.* нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч талаас дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

* барилгын угсралтын гол дагалдах хэрэгсэл худалдан борлуулж, үйлдвэрлэх, түрээсийн үйл ажиллагаа явуулдаг. Манай компани дээрх үйлчилгээнээс барилгын угсралтын гол хэрэгсэл болох хэв хашмал, дотор булан, туслаас, гадна буланг ашиглуулахаар * ХХК 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ТГ-№ 22-074 дугаартай гэрээ байгуулсан. Гэрээний хавсралт 1-д заасны дагуу 600мм хэв хашмалаас 500 ширхэг, 450мм хэв хашмалаас 16 ширхэг, 300мм хэв хашмалаас 60, 200мм хэв хашмалаас 60 ширхэг, дотор булан 41 ширхэг, гадна булан 20 ширхэг, тулаас өндөрлөгч 24 ширхэг, 6м труба 70 ширхэг, 3м труба 15 ширхэг, 2м труба 120 ширхэг бараа материалуудыг түрээсэлсэн. Уг зүйлсийг 6 дугаар сарын 26-ны өдөр манай компаниас авсан бөгөөд үүнээс хойш түрээсийн хугацааг тооцож эхэлсэн. 3 сарын барьцааг оролцуулан, 30 хоногийн түрээсийн төлбөр буюу 10,158,360 төгрөгийг төлж барагдуулсан. Барааг 7 дугаар сарын 26-ны өдөр буцааж өгөх ёстой байсан бөгөөд 7 дугаар сарын 25-ны өдөр буцаалт хийсэн боловч бараа дутуу ба эвдрэл доголдолтой байсан. Энэ нь 559,130 төгрөг болсон. 2022 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 25,654,189 төгрөг, акт нь 559,130 төгрөг, нийт 26,213,319 төгрөг болсон ба үүнээс 10,158,360 төгрөгийг төлж, 16,054,959 төгрөгийн өртэй байна. Барааг буцааж өгөөгүй тул бид түрээсийн төлбөрийг үргэлжлүүлэн тооцож, 01 дүгээр сар, 2 дугаар саруудад буюу өвлийн улиралд барилгын үйл ажиллагаа зогсонги байдалтай холбогдуулж түрээсийг зогсоосон. 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үлдэгдэл бараа материалыг буцааж өгөөгүй тул тус өдрийг хүртэл түрээсийг тооцож 21,595,035 төгрөг, барааг буцааж өгөх эсэх нь тодорхой бус мөн харилцагч компанитай холбогдоход барааг буцаах боломжгүй гэсэн тул гэрээний хавсралт 1.2-т заасны дагуу үлдэгдэл барааны үнийг хуучин барааны үнээр үнэлж 24,764,520 төгрөг, нийт 62,414,514 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

2. Хариуцагч М.*ас хариу тайлбартаа: Миний бие *ХХК-д 2022 оны 6-н сараас итгэмжлэл олгосны дагуу Хэнтий аймагт баригдаж буй барилга дээр хэрэглэгдэх барилгын материалыг агуулсан Бараа материал бүрэн тоо ширхэг нь дутаагүй өгсөн. Хүлээн авсан хүн нярав Хэнтий аймагт хариуцсан инженер нь материал бүрэн ирснийг утсаар хэлсэн. ******/ Ингээд би энэ * ХХК-д ажиллахгүй болж хамааралгүй болсон. Энэ компанид ажиллахгүй болсон тул хариуцагчаар оролцох боломжгүй гэжээ.

 

3. Хариуцагч * ХХК-иас хариу тайлбартаа: Манай * компанийн хувьд 2022 оны 3 дугаар сараас ******* ХХК-ийн барилгын ажилд инженерээр томилон ажиллуулсан. 2022 оны 9 дүгээр сард Бүрдэн тойрог ХХК-иас барилга угсралтын ажлын хөлс болох 173,380,238 төгрөгийн санхүүжилтийг авч гэрээ байгуулан ажилласан *-д түрээсийн төлбөрийг төлөх байсан. Гэтэл *** нь компанийн удирдлагын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн бэлэн мөнгө, бартер тооцуулан LX570 автомашиныг залилан мэхлэж авч манай компани болон бусад компани болох *-д их хэмжээний хохирол учруулсан. *-ийн барилга угсралтын хэв хашмалыг олгуулахаар *т даалгаж өгсөн боловч *ХХК-ийн агуулахад орхиж явсан байсан ба тус компани нь мөн өр төлбөрийн барьцаанд авснаар өнөөдрийг хүртэл *-ийн түрээсэлсэн хэв хамшалыг хүлээлгэн өгөх боломжгүй байдал үүссэн. Иймээс манай * ХХК *ын гэмт хэргийн үйлдлийг шалгуулахаар Баянгол дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж, одоогоор 230500261 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэн шалгагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, *ын гэм буруутай асуудлыг шүүхээр тогтоолгож төлүүлэх хүсэлт, гомдолтой байна гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, итгэмжлэл /хх 3/, *-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм /хх 4-6/, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн 28ё2-3/4526 тоот албан бичиг /хх 7/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2023/03013 дугаар шийдвэр /хх 8/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШЗ2023/12522 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх 9/, *-ийн түрээсийн бараа материал гарах, орох хуудас /хх 11-14/, Барилгын угсралтын хэрэгсэл түрээсээр ашиглуулах гэрээ, хавсралт /хх 15-17/, * ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 18/, * ХХК-ийн итгэмжлэл /хх 19/, * ХХК 2022 оны түрээсийн тооцооллын товчоо /хх 20-21/,

 

5. Хариуцагч М.*ас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх 30/, *ХХК-ийн 24/02 тоот тодорхойлолт /хх 40/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 43-44/,** Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 45-49/,

 

6. Хариуцагч * ХХК-иас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх 34/, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн *** тоот албан бичиг /хх 39/, * ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 41/,

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч *-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч * нь нэхэмжлэлийн шаардлын үндэслэлээ ...2022 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 25,654,189 төгрөг, акт нь 559,130 төгрөг, нийт 26,213,319 төгрөг болсон ба үүнээс 10,158,360 төгрөгийг төлж, 16,054,959 төгрөгийн өртэй байна. ...2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үлдэгдэл бараа материалыг буцааж өгөөгүй тул тус өдрийг хүртэл түрээсийн төлбөрт тооцож 21,595,035 төгрөг, барааг буцаан өгөх боломжгүй гэсэн тул гэрээний хавсралт 1.2-т заасны дагуу үлдэгдэл барааны үнийг хуучин барааны үнээр үнэлж 24,764,520 төгрөг, нийт 62,414,514 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч * ХХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр *-тай 18,036,040 төгрөгөөр эцсийн байдлаар тооцоо нийлсэн байхад одоо 62,414,514 төгрөгийг шаардаж байна. Хэв хашмалын ашиглалтын үнээс 20,000,000 төгрөгийг хасна гэж байсан. ...Биднээс шалтгаалахгүйгээр, * өөр компанийн хашаанд бараа материалыг тавьж, харин тэр компани эд хөрөнгийг барьцаанд авчихсан асуудал үүссэн байдаг. Иймд бид үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн.

 

4. Хариуцагч М.* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр * ХХК-иас олгосон итгэмжлэлийн дагуу *-иас барилгын хэв хашмалыг Хэнтий аймагт баригдаж байгаа барилга руу ачуулж, * аймагт байсан компанийн инженер уг бараа материалыг бүрэн бүтэн хүлээж авсан гэж тайлбарласан.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1. 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нэг талаас *, нөгөө талаас * ХХК нар * тоот Барилгын угсралтын хэрэгсэл түрээсээр ашиглуулах гэрээ байгуулагдсан байх бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

 

Дээрх гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь гэрээний хавсралтад дурдсан 5 нэр төрлийн, 926 ширхэг барилга угсралтын материалыг 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл, нийт 7,158,360 төгрөгөөр хариуцагч *-д түрээслүүлэх, хариуцагч нь дээрх эд зүйлсийг хөлсөлсний төлбөрт нийт 10,158,360 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүргийг хүлээсэн байна.

 

Гэрээний зүйл, зориулалт, шинж, талуудын эрх үүрэг, төлбөр төлөх нөхцөл, гэрээний хугацаа зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид хариуцагчийн эзэмшил, ашиглалтад гэрээнд заасан барилга угсралтын материалыг түр хугацаагаар шилжүүлэх, хариуцагч нь барилга угсралтын материал ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

5.2. Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцдог.

 

Гэрээний хавсралтад заасан 5 нэр төрлийн, 926 ширхэг барилга угсралтын материалыг хөлслүүлэх хугацаа 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болсон байх боловч талууд тухайн эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашиглаж байсан нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Өөрөөр хэлбэл, хавтаст хэрэгт талуудын хооронд байгуулагдсан гэх 2022 оны 9 дүгээр сарын 27ы өдрийн ** ХХК 2022 оны түрээсийн тооцооллын товчоо гэх, мөн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн  **ХХК 2022 оны түрээсийн тооцооллын товчоо гэх баримтууд авагдсан байх бөгөөд хариуцагч нь гэрээнд заасан барилга угсралтын материалаас зарим хэсгийг өөрсдийн ашиглалтад байхгүй гэж, харин нэхэмжлэгч нь хариуцагчийг барилга угсралтын материалаас 284 ширхэгийг буцаан өгөөгүй талаар тайлбар гаргасан.    

 

2022 оны 9 дүгээр сарын 27ы өдрийн *ХХК 2022 оны түрээсийн тооцооллын товчоо-гоор 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хариуцагч нь нэхэмжлэгчид түрээсийн төлбөрийн үлдэгдэлд 18,036,040 төгрөгийн, алданги төлбөрт 733,945.21 төгрөг, акт төлбөрт 559,130 төгрөгийн, нийт 19,329,115.21 төгрөгийн үлдэгдэлтэй, 10,158,360 төгрөгийн орлого орсон, мөн хариуцагчийн эзэмшилд 486 ширхэг эд зүйл байгаа талаар дурдсан байх бөгөөд хариуцагчийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл барилга угсралтын материалыг ашигласан агуулгатай байна. Түүнчлэн хариуцагчаас гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,000,000 төгрөг барьцаалсан, түрээсийн төлбөрт 7,158,360 төгрөг төлсөн байх бөгөөд 2022 оны 9 дугаар сарын 27ы өдрийн *ХХК 2022 оны түрээсийн тооцооллын товчоооор 10,158,360 төгрөгийг орлого орсон гэж суутгасан байна.

 

Харин 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн *ХХК 2022 оны түрээсийн тооцооллын товчоо-нд тусгаснаар хариуцагч нь  2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нэхэмжлэгчид тооцоо нийлсэн эхний үлдэгдэлд 16,054,959 төгрөг, түрээсийн төлбөрт 21,595,035 төгрөг, акт төлбөрт 24,764,520 төгрөг, нийт 62,414,514 төгрөгийн үлдэгдэлтэй, мөн хариуцагчийн эзэмшилд 284 ширхэг эд зүйл байгаа талаар дурдсан байх ба хариуцагчийг барилга угсралтын материалыг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдийг хүртэл ашигласан агуулгатай байна.

 

Дээрх 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн *ХХК 2023 оны түрээсийн тооцооллын товчоо-г нэхэмжлэгч тал дангаар үйлдсэн буюу хариуцагч тал баталгаажуулж гарын үсэг зураагүй байна. Харин 2022 оны 9 дугаар сарын 27ы өдрийн *ХХК 2022 оны түрээсийн тооцооллын товчоо-г талууд харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн ...2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үлдэгдэл бараа материалыг буцааж өгөөгүй гэх тайлбарыг хариуцагчийн зүгээс үгүйсгээгүй бөгөөд хариуцагч * ХХК-ийн төлөөлөгчөөс ...*-ийн барилга угсралтын хэв хашмалыг олгуулахаар *т даалгаж өгсөн боловч *ХХК-ийн агуулахад орхиж явсан байсан ба тус компани нь мөн өр төлбөрийн барьцаанд авснаар өнөөдрийг хүртэл *-ийн түрээсэлсэн хэв хамшалыг хүлээлгэн өгөх боломжгүй байдал үүссэн гэх тайлбарыг гаргасан.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа 2022 оны 9 дүгээр сарын 27ы өдрөөр дуусгавар болсон байх боловч хариуцагч * ХХК-ийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гэрээний зүйл болох 284 ширхэг эд зүйлийг ашигласан буюу хөлсөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5 дахь хэсэгт эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглан гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэйг заасан. Мөн Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4.Гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй заажээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч *ХХК-иас 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ТГ№22-074 тоот Барилгын угсралтын хэрэгсэл түрээсээр ашиглуулах гэрээ-ний үлдэгдэл төлбөрт 16,054,959 төгрөг, эд хөрөнгө хөлсөлсөн төлбөрт 21,595,035 төгрөг, гэрээний зүйл болох 284 ширхэг эд зүйлийн төлбөрт 24,764,520 төгрөг, нийт 62,414,514 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

5.3. Нэхэмжлэгч нь хариуцагч * хамтран хариуцагчаар татсан үндэслэлээ хариуцагч * ХХК-ийн зүгээс * хамтран хариуцагчаар татах санал гаргасны дагуу хамтран хариуцагчаар тодорхойлсон гэж тайлбарласан боловч энэ нь хариуцагч М.* нэхэмжлэгч нарын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл болохгүй. Үүнээс гадна 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ТГ№22-074 тоот Барилгын угсралтын хэрэгсэл түрээсээр ашиглуулах гэрээ-ний харилцаанд хариуцагч М.* нь * ХХК-иас 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 22 тоот албан бичгээр олгогдсон итгэмжлэлийн дагуу дээрх гэрээний харилцаанд оролцсон бөгөөд Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно гэж заасан тул хариуцагч М.*ас Барилгын угсралтын хэрэгсэл түрээсээр ашиглуулах гэрээ-ний үүргийг шаардах эрхгүй байна.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 470,023 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч * ХХК-иас 470,023 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *-д олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *ХХК-иас 62,414,514 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *-д олгож, хариуцагч М.*д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 470,023 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *ХХК-иас 470,023 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН