Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 02015

 

МАГАДЛАЛ

 2020.09.23                                           Дугаар 2015

 

 

 

 

 

 

                                       Ж.Алтантуяагийн нэхэмжлэлтэй иргэний

                                                           хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

              

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/01616 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Алтантуяагийн нэхэмжлэлтэй, Ш.Хэнмэдэхэд холбогдуулан гаргасан хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ж.Алтантуяа, түүний өмгөөлөгч С.Цэмбэлмаа

Хариуцагч Ш.Хэнмэдэх, түүний өмгөөлөгч Н.Баттунсаг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Ш.Хэнмэдэхтэй 2006 онд танилцаж, 2007 онд хамтран амьдрах болсон. Бидний дундаас 2008 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүү Х.Элбэгсайхан, 2010 оны 7 дугаар сарын 29-ний өдөр охин Х.Төвшинсайхан нар төрсөн. Бид таарамжгүй харилцааны улмаас 2013 оноос тусдаа амьдарч байгаа. Тэрээр 2013 оны 11 дүгээр сараас Д.Уянга гэх эмэгтэйтэй хамтран амьдрах болсон. Энэ хооронд хүүхдүүдээ санаж байна гэж ирэн очин байдаг байсан. Миний бие 2018 оны 6 дугаар сараас хүүхдүүдээ бодон, түүнд итгэж Өмнөговь аймгаас түр оршин суугчаар ирсэн. 2018 оны 8 дугаар сард мөн л хардалт, үл ойлголцлоос болж муудалцан хүүхдүүдийг авч үлдэн намайг гэрээсээ хөөж явуулсан, үүнээс хойш хүүхдүүд Ш.Хэнмэдэхийн асрамжид байгаа. Хүүхдүүд эцэгтэйгээ хамт байхдаа сэтгэл санаагаар унасан, бие нь өвдсөн байдалтай байсан. Ш.Хэнмэдэх хүүхдүүдэд эхийнх нь талаар янз бүрийн зүйл хэлдэг. Миний бие 2014 оноос үндэсний сурын спортоор хичээллэж 2017 онд спортын дэд мастер цол авсан. Энэ байдлыг Ш.Хэнмэдэх дэмждэггүй. Миний бие “Заг инженеринг” ХХК-д ажиллаж байгаа. Иймд хүү Х.Элбэгсайхан, охин Х.Төвшинсайхан нарыг эхийнх нь асрамжид үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ш.Хэнмэдэхийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид анх 2007 онд танилцаж хамтран амьдрах болсон. 2008 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүү Х.Элбэгсайхан, 2010 оны 7 дугаар сарын 29-ний өдөр охин Х.Төвшинсайхан нар төрсөн. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас 2013 оноос тусдаа амьдрах болсон. Тэр шалтгаангүй гэр орноосоо хөндийрч, нялх хүүхдүүдээ эцэгт нь орхиж алга болсон тул Баянгол дүүргийн 12 дугаар хорооны цагдаагийн хэсгээр эрэн сурвалжлуулж, Дэнжийн мянгад байр хөлслөөд амьдарч байсныг тогтоосон. Өмнөговь аймагт гэр бэлдэж, хашаа барихад нь санхүүгээр тусалсан. Хүүхдүүд тэндээ сургууль цэцэрлэгт орж, миний бие улирлын ажилтай тул өвөл ирж очин байж санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан. 2018 оны 6 дугаар сард 2 хүүхдээ Оюуны ундраа сургуульд оруулсан. Хүү 2019 оны 6 дугаар сард Шинэ эхлэл тусгай хөтөлбөрт сургуулийн уралдаанд тэнцэж 6 дугаар ангид сурч байна. Охин 2018 оны 9 дүгээр сараас 11 дүгээр сарыг хүртэл Эх нялхасын эмнэлэгт хялгасан судасны өрөвсөлт өвчнөөр өвдөж хэвтэн эмчлүүлж байхад эх нь ирээгүй. Мөн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд хэвтэж эмчлүүлсэн. Хүүхдүүдээ хараа хяналтгүй байлгаж байгаагүй, архи, тамхи хэрэглэдэггүй, тэдний сурч боловсрох, эрүүл саруул орчинд торниход нь чадлынхаа хирээр анхаардаг. Ж.Алтантуяагийн зан араншин өсвөр насны хүүхдийн хүмүүжил, сурлага, зан ааш, зөв хүн болж төлөвшихөд нь муугаар нөлөөлж байна. Хүүхдүүд эхээсээ маш их айдаг. Иймд хүүхдийн асрамжид нухацтой хандаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хүү Х.Элбэгсайхан /РД: КЮ08232111/, охин Х.Төвшинсайхан /РД: УШ10272987/ нарыг эх Ж.Алтантуяагийн асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2008 оны 3 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Х.Элбэгсайхан, 2010 оны 7 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Х.Төвшинсайхан нарт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Ш.Хэнмэдэхээс гаргуулан олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарлаж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх өмгөөлүүлэхээр эрхээр хангаагүй. Өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй талаар мэдэгдсэн боловч шүүх хурлыг хийсэн. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Хоёр хүүхдээс санал нь авахыг хүссэн боловч аваагүй. Хүүхдүүд эхээсээ илүү эцэгтэй хамт байвал тэдний ирээдүйд ач тустай гэж үзэж байна. Яагаад Улаанбаатар хотод сайн сургуульд суралцах боломжтой, эцгийнхээ хараа хяналтад сургуульдаа ойрхон орон сууцанд амьдрах зэрэг давуу талууд байна. 2018 онд хүүхдүүдээ хөдөөнөөс шилжүүлж "Оюуны ундраа цогцолбор" сургуульд орсон. Дараа жил нь хүүгээ "Шинэ эхлэл" тусгай хөтөлбөрт сургуульд орсон. Хүүхдийн хоол, хувцас, хичээлийн хэрэглэл, бусад урсгал зардал зэрэг нилээдгүй зардал шаардлагатайг Ж.Алтантуяа үүнийг төсөөлөхгүй байна.

Охин бага балчир тул эх нь буруу үлгэр дууриал үзүүлэх магадлалтай. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн, тухайн харилцаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Алтантуяа нь хариуцагч Ш.Хэнмэдэхэд холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2007 оноос хамтран амьдарч, 2008 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүү Х.Элбэгсайханыг, 2010 оны 7 дугаар сарын 29-ний өдөр охин Х.Төвшинсайхан нарыг төрүүлсэн байна. Тэд хамт амьдрах хугацаанд хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2013 оноос хойш тусдаа амьдарч байгаа болох нь зохигчдын хэн алины тайлбараар тогтоогджээ.

Шүүх хүүхдийн асрамжийг тогтоохдоо, түүний эцэг, эхийн үүргийг хуваарилах зорилготой бөгөөд тухайн хүүхдийн өсөж бойжих орчин, хүүхдэд хандах эцэг, эхийн хандлага, хэнд нь илүү ээнэгшин дассан байдал, эцэг эхийн халамж, анхаарал, ёс суртахууны болон эдийн засгийн байдал, хүүхдийн одоогийн амьдарч буй нөхцлийг өөрчлөх зайлшгүй шалтгаан байгаа эсэх зэргийг харгалзан үзэх учиртай.

 

Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн асрамжийн талаар маргасан тул шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хүүхдийн асрамжийн талаар Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулжээ. /1хав-101-102,108-146-167х/ Энэхүү шинжээчийн дүгнэлт нь хүүхдийг эцэг, эсхүл эхийн асрамжид байлгахыг шийдвэрлэхэд харгалзан үзэх нэг нотлох баримт болно. Уг дүгнэлтэд хүү Х.Элбэгсайхан, охин Х.Төвшинсайхан нарыг эх Ж.Алтантуяагийн асрамжид үлдээх нь хүүхдийн эрх ашигт илүү нийцэх талаар дүгнэлт гаргасан бөгөөд үүний зэрэгцээ шүүх хүүхдийн асрамжийг шийдвэрлэхдээ хүүхдийн насны онцлог, эхдээ ээнэгшин дассан байдлыг харгалзан үзэх учиртай.

 

Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлж, 2 хүүхдийн насны онцлог, эхдээ ээнэгшин дассан байгаа байдлыг анхаарч хүүхдүүдийн амьдарч буй нөхцлийг өөрчлөх зайлшгүй шалтгаан хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй зэргийг үндэслэн, хүүхдүүдийг өсөн бойжих, зөв төлөвшиж хүмүүжихэд эхийн асрамжид байх нь тэдгээрийн эрх ашигт илүү нийцнэ гэж дүгнэснийг буруутгах үндэсгүй.

 

Нэхэмжлэгч Ж.Алтантуяа өөрийн 2  хүүхдээ хайр халамжаар дутаадаг, хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх боломжгүй, боловсрол хүмүүжилд сөргөөр нөлөөлнө гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсон гэж үзэхгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Хэдийгээр шүүх хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээсэн ч Ш.Хэнмэдэхийн эцэг байх эрх хязгаарлагдахгүй талаар шүүх шийдвэртээ дүгнэсэн ба хүүхдийн эрх ашиг аливаа хэлбэрээр зөрчигдөхөд хүрвэл түүний асрамжийг өөрчлүүлэх талаар эцэг Ш.Хэнмэдэх нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болно.

 

Дээр дурдсаныг үндэслэн, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар Х.Элбэгсайхан, Х.Төвшинсайхан нарыг эхийнх нь асрамжид үлдээн, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасан хэмжээгээр эцэг Ш.Хэнмэдэхээс тэтгэлэг гаргуулж, хүүхдүүдийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Иймээс “шүүх зохигчийн эрх тэгш байх зарчмыг зөрчсөн, нотлох баримтыг буруу үнэлж шийдвэр гаргасан” гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/01616 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                 ШҮҮГЧИД                                     Ш.ОЮУНХАНД

 

                                                  Д.БАЙГАЛМАА