Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2020/01616

 

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2020/01616

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1 дүгээр баг, Баруун сайхан, 18 дугаар гудамж, 26 тоот хаягт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр байр, 40 тоот хаягт түр оршин суух, Улаан бүрэн овогт Жанчивын Алтантуяа /РД: КД77052004/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, 32 дугаар байр, 24 тоот хаягт оршин суух, Жавцаг овогт Шүхэржавын Хэнмэдэх /РД:ХЖ62012272/-д холбогдох,

 

Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Алтантуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Цэмбэлмаа, хариуцагч Ш.Хэнмэдэх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Алтантуяагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Ж.Алтантуяа нь хариуцагч Ш.Хэнмэдэхтэй 2006 онд танилцаж, 2007 онд хамтран амьдрах болсон. Бид 2008 оны 3 дугаар сарын 21-нд хүү Х.Элбэгсайхан, 2010 оны 7 дугаар сарын 29-нд охин Х.Төвшинсайханыг тус тус төрүүлсэн. Бид гэрлэлтээ батлуулаагүй, Ш.Хэнмэдэх нь намайг үргэлж харддаг, хэл амаар доромжилдог, хаяа гар хүрдэг, өмнөх амьдралтайгаа хэт ойрхон байдаг байсан. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас 2013 оноос тусдаа амьдарч байгаа. Тэрээр 2013 оны 11 дүгээр сараас Д.Уянга гэх эмэгтэйтэй хамтран амьдрах болсон. Энэ хооронд хүүхдүүдээ санаж байна гэж ирэн очин байдаг байсан. 2018 оны 6 дугаар сараас хүүхдүүдээ бодон, түүнд итгэж Өмнөговиос би түр оршин суугчаар ирсэн. 2018 оны 8 дугаар сард мөн л хардалт, үл ойлголцлоос болж муудалцан хүүхдүүдийг авч үлдэн намайг гэрээсээ хөөж явуулсан, үүнээс хойш хүүхдүүд Ш.Хэнмэдэхийн асрамжинд байгаа, намайг үргэлж хэл амаар доромжилдог, хүүхдүүдийг өгөхгүй, хэзээ нэг цагт аминд чинь хүрнэ шүү гэж заналхийлж айлган сүрдүүлдэг, мөн хүүхдүүдтэй уулзуулахгүй, утсаар яриулахгүй асар их дарамтанд байна. Хүүхдүүд аав дээрээ байхдаа сэтгэл санаагаар унасан, бие нь өвдсөн байдалтай байсан. 2014 онд Ш.Хэнмэдэх нь Уянгаа гэх эхнэрээ жирэмсэн болсон гэж хэлсэн. Тэр цагаас хойш би 2 хүүхэдтэйгээ айлаар байхаар өөрийн гэсэн орон гэртэй больё гэсэн бодолтой болж бүтэн жил мөнгө цуглуулж 5 ханатай гэрийг цэвэр өөрийн хүч хөдөлмөрөөр мөн ах, дүүгийнхээ тусламжтайгаар барьсан. Хашааг нь зах банзаар барьсан. Гэртээ цай ууж ёслоход 1 сая төгрөг Ш.Хэнмэдэх өгсөн нь үнэн. Намайг Оюу толгой нисэхийн урд орой охины биеэр нь улаан тууралт гарсан байсан, эмчид үзүүлээрэй гэж хэлээд явсан, 28 хоног ажилтай байсан тул 10 дугаар сар гаргаж ирсэн, Хэнмэдэх болон түүний ээж нь охиныг маань эх чинь хаяад явсан, чамайг өвчтэй байхад чинь хүртэл утсаар ч ярихгүй хаясан гэх мэтээр сэтгэл санаагаар унагасан байсан. Би хүүхдүүдээ эмнэлэгт хэвтсэн байхад нь нууцаар эргэдэг, мөн нууцаар утсаар ярьдаг, утсаар ярихад Хэнмэдэх цаана нь үг зааж өгөх, яриа чагнах, наад мангартайгаа юугаа ярьдаг юм гэх мэт элдэв муу үгийг хүүхдүүдийн дэргэд хэлдэг. Би 2014 онд үндэсний сурын спортоор хичээллэж 2017 онд спортын дэд мастер цол авсан. Аймаг, улсын наадамд амжилттай оролцож байсан. Нэг удаа Номгон сумын наадамд явсан хойгуур манай ээж рүү ярьж хүүхэдтэй чинь ална гэж заналхийлснийг сүүлд мэдлээ. Түүний тайлбарт дурдсан өөрөөс нь түрүүлж гар хүрдэггүй гэдэг нь түүний хүчирхийлэгч гэдгийг нь баталж байна. Тэрээр шарх сорвигүй цэвэрхэн үйлддэг. Хана мөргүүлэх, хамар ам руу хуруугаа хийх, бөгжөөрөө тонших, нүд чичлэх, гэзэгдэх, хөл гар дээр гуталгайгаа гишгэж эргүүлэх, гар мушгих, хүний амнаас гарахааргүй үгээр доромжлох, хамгийн муухай нь бүх хувцас тайлж аваад гар гар, яв, цаадуулдаа очиж хэл гэдэг, шалдан бичлэг хийнэ, түүнд миний шалдан, нус нулимстайгаа холилдсон бичлэг хэд хэд байх ёстой.

 

Одоо би Заг инженеринг ХХК-д ажиллаж байгаа, ажилтай байхад сэтгэл санаа тайван амар байдаг. Тэрээр бэлгийн замын халдварт өвчин авчихаад над руу гүтгэсэн, мөн утсаа гээчихээд намайг авсан гэж гүтгэсэн. Эгч бид 2-ыг гэрээсээ хөөчихөөд би тэгээгүй гээд зогсож байсан. Тэрээр байрандаа очоод хүүхдүүдтэйгээ хамт бай, би очихгүй гэдэг. 1-рт тэр байранд олон жилийн муухай дурсамж бий, намайг явангуут дараагийн эхнэрээ авч ирж амьдарсан, өмнөх эхнэр, хүүхдүүд нь орж гардаг энэ бүгд нь надад сэтгэл зүйн хувьд хүнд байдаг. 2-рт Хэнмэдэх үнэхээр хэлсэн ярьсандаа байдаг хүн биш, утас авч өгчихөөд энэ чинь миний авч өгсөн утас гээд чөлөөтэй авч үзэж байгаа хүн байранд нь амьдарвал ямар дарамт шахалт ирэхийг би мэдэж байна. Эцэст нь хэлэхэд миний тэвчээр уучлалыг олон жил энэ хүн ашиглалаа, одоо хүүхэд авч яваа нь түүний сайных биш, миний муугийнх биш гэдгийг ойлгоно уу. Эхийг нь хайрлахгүйгээр хүүхдийг барьцаалж, эмэгтэй хүнийг хажуудаа байлгах аргамжаа болгож байна. Түүнд хань ижлээ хайрлах, халамжлах, хүндлэх, өмөөрөх ухамсар байдаггүй. Өнгөрсөн хугацаанд би ядарсан зүдэрснээ гайхуулж хороо багаас тусламж гуйж үзээгүй, тэгэхэд Хэнмэдэх нь ганцхан жилийн дотор өөрийгөө өрх толгойлсон эцэг гэж бүртгүүлж, эх нь хүүхдүүдээ хаяад хүн дагаад явсан гэж хэлээд хувцас авсан байна лээ. Түүнд ухамсар гэж байдаг бол өнгөрсөн хугацаанд тэрээр намайг болон хүүхдүүдээ хэрхэн гомдоож байснаа ухаарч гэмших ёстой. Өмнөговь аймгийн 3 дугаар арван жилийн сургуулийн багш Мягмарсүрэн, Ариунтуяа, сургалтын алба миний хүүхдүүдийн сурлага, урлаг, хүмүүжил ямар түвшинд байгааг гэрчлэх болно. Хэнмэдэх та өдий наслахдаа эмэгтэй хүнд түрүүлж гар хүрдэггүй, гүтгэдэггүй гэж ярьж байхаар өөрийгөө яагаад ийм байдалд ордог, яагаад олон хүний амьдрал, сэтгэл санаагаар тоглож яваагаа дүгнэ. Иймд хүү Х.Элбэгсайх, охин Х.Төвшинсайхан нарыг эх Ж.Алтантуяа миний асрамжинд үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ш.Хэнмэдэхийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ж.Алтантуяагийн нэхэмжлэлд дараахь тайлбарыг гаргаж байна. Бид анх 2007 онд танилцаж хамтран амьдрах болсон. 2008 оны 3 дугаар сарын 21-нд хүү Х.Элбэгсайханыг, 2010 оны 7 дугаар сарын 29-нд охин Х.Төвшинсайханыг тус тус төрүүлсэн. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас 2013 оноос тусдаа амьдрах болсон. Тэр онцын шалтгаангүй гэр орноосоо хөндийрч, нялх хүүхдүүдээ аавд нь орхиж, тал хагас сураг чимээтэй 2 сар, огт сураггүй 2 сар тэнэж алга болсон тул Баянгол дүүргийн 12 дугаар хорооны цагдаагийн хэсгээр эрэн сурвалжлуулж, Дэнжийн мянгад байр хөлслөөд суучихсан байгааг нь тогтоосон. Би 2 хүүхдээ л бодож Алтантуяагийн ая эвийг нь олж байгаад төрсөн ах Зоригтоор нь 2 хүүхэдтэй нь Өмнөговь аймагт хүргэж өгсөн. Алга болсон хойгуур нь 2 хүүхэд салхин цэцгээр өвдөж бараг эдгэж цоохор нүүртэй л явсан. Тэгээд тэнд нь гэр орон бэлдэж, хашаа барихад нь санхүүгээр тусалсан. Хүүхдүүд тэндээ сургууль цэцэрлэгт орж, би улирлын ажилтай тул өвөл нь 2 нялх үрээ бодож хөөгдөж туугдан ирж очин байж санхүүгийн дэмжлэг өгч өдий хүрсэн. Ингэж явсаар 2018 оны 6 дугаар сард 2 хүүхдээ хот руу шилжүүлж Оюуны ундраа сургуульд оруулсан. Хүү 2019 оны 6 дугаар сард Шинэ эхлэл тусгай хөтөлбөрт сургуулийн уралдаанд тэнцэж 6 дугаар ангидаа урам зоригтой, дүүрэн баяртай сурч байна. 2018 оны 9 дүгээр сараас 11 дүгээр сарыг хүртэл охин маань Эх нялхасын эмнэлэгт хялгасан судасны өрөвсөлт өвчнөөр өвдөж хэвтэж байхад ээж нь ирээгүй. Бас өвөл Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд хэвтэж эмчлүүлсэн. Миний бие хүүхдүүдийг нас биед хүртэл нь ээжийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрөхгүй. Өндөр эрсдэлтэй орчин, Алтантуяа нь хүүхдүүдээ тогтмол анхаарал тавьдаггүй. Нум сум сонирхож их, бага цагаар, олон хоногоор 80 гарсан ээж дээрээ бараг хараа хяналтгүй хүүхдүүдээ үлдээгээд алга болдог. Ээж нь 2 хүүхдээ авбал тодорхой орлогогүй тул энэ сургуулиудаас нь гаргаж Өмнөговь руу авч явна. Ингэснээр аавын хараа хяналтнаас бүрэн гарч тэдний эрх ашиг ноцтой зөрчигдөх эрсдэлтэй орчинд очно. Би эхнэрээсээ одоо ч салах хүсэлгүй, 2 хүүхэдтэй нь ойр байлгаж хэн хэнээс нь хяналт салгахгүй байхыг хүснэ. Миний бие хүүхдүүдээ хараа хяналтгүй байлгаж байгаагүй, архи, тамхи хэрэглэдэггүй, тэдний сурч боловсрох, эрүүл саруул орчинд торниход нь чадлынхаа хирээр анхаарч явна. Би эхнэртээ одоо ч хайртай хэвээр, өөрөөс нь түрүүлж нэг ч удаа гар хүрч, доромжилж, дарамталж, хүчирхийлж байгаагүй. Тэр маш зөрүүд муйхар, гөжүүд, ууртай хүн. Ах, дүүс, ээжийнхээ ч үгэнд ордоггүй, юм ярихаар чихээ бөглөөд хэдэн цагаар ч хамаагүй суудаг. Уйлж байгаад худлаа унаж, татаж, багтардаг, өөрийн гэсэн ажилгүй, орлогогүй, бага насны хүүхдийг асран хамгаалж, харж хандаж, өсгөж хүмүүжүүлж чадахгүй хүн. Би өдий олон жил наслахдаа хүнийг ор үндэсгүй худлаа гүтгэж огт үзээгүй. Эхнэрийн маань бодит байдал ид өсвөр насны хүүхдүүдэд минь сөргөөр нөлөөлж тэдний хүмүүжил, сурлага, зан ааш, зөв хүн болж төлөвшихөд нь муугаар нөлөөлж байна. Хүүхдүүд маань хоёулаа ээжээсээ маш их айж яах учраа олохгүй бүлтэгнэж бараг салгалдаг. Би байраа зарж хүүхдүүдийнхээ сургуульд ойр байр авч өгөөд болдог бол ээжтэй нь хамт байлгаж, өөрөө тусдаа ч хамаагүй байх бодолтой байгаа. Иймд та бүхэн бидний амьдралыг нухацтай шинжлэн 2 хүүхдийн хувь заяанд хохирол шийдвэр гаргаж өгнө гэдэгт итгэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Алтантуяа нь хариуцагч Ш.Хэнмэдэхэд холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Ш.Хэнмэдэх нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Ж.Алтантуяа, хариуцагч Ш.Хэнмэдэх нар 2006 онд танилцан, 2007 оноос гэрлэлт батлуулахгүйгээр хамтран амьдарч, 2008 оны 3 дугаар сарын 21-нд хүү Х.Элбэгсайхан, 2010 оны 7 дугаар сарын 29-нд охин Х.Төвшинсайханыг тус тус төрүүлсэн, тэд хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2013 оноос хойш тусдаа амьдарч байгаа нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан №0148317, 0000499898 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Ш.Хэнмэдэх нь эхнэр, хүүхэддээсээ салахгүй, хүүхдүүдээ ээжтэй нь хамт байлгахыг хүсч байна, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШЗ2019/14733 дугаар захирамжаар Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд шинжээчийн дүгнэлтэд эцэг, эх хэнийнх нь ч асрамжинд хүүхдүүдийг үлдээх нь тэдний эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхгүй. Иймээс эцэг, эхийн чадамжийг үнэлэх багц оношилгоо, хүүхдийн сэтгэл зүйн байдал болон нөхцөл байдал, ярилцлага, ажиглалтыг үндэслэн хүү Х.Элбэгсайхан, охин Х.Төвшинсайхан нарын асран хамгаалагчаар нэхэмжлэгч Ж.Алтантуяаг тогтоох нь зүйтэй гэж зааснаар, мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч Ц.Цэвэл, Ө.Уламбаяр, Д.Долгор, Т.Нарангоо нарын ... Хэнмэдэх нь маш их хартай, Ж.Алтантуяаг байнга хардаж хэм амаар доромжилдог, гар хүрдэг, хүүхдүүдийнхээ хажууд эхийг нь элдэвээр доромжилдог гэх мэдүүлэг, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст Ж.Алтантуяагийн гаргасан гомдол, хохирогчоор асуусан тэмдэглэл, Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээний маягт зэргээс үзвэл хүү Х.Элбэгсайхан, охин Х.Төвшинсайхан нарыг эх Ж.Алтантуяагийн асрамжид үлдээх нь зүйтэй байх бөгөөд эцэг Ш.Хэнмэдэхээс тэтгэлгийг хуульд заасан хугацаа, хэмжээгээр гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү Х.Элбэгсайхан /РД: КЮ08232111/, охин Х.Төвшинсайхан /РД: УШ10272987/ нарыг эх Ж.Алтантуяагийн асрамжид үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2008 оны 3 дугаар сарын 21-ны өдөр төрсөн хүү Х.Элбэгсайхан, 2010 оны 7 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Х.Төвшинсайхан нарт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Ш.Хэнмэдэхээс гаргуулан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР