Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2016/0429/З |
Дугаар | 221/МА2018/0017 |
Огноо | 2018-01-03 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2018/0017
2018 оны 01 сарын 03 өдөр | Дугаар 221/МА2018/0017 | Улаанбаатар хот |
“ЖХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, өмгөөлөгч Э.У, Т.У нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 750 дугаар эс зөвшөөрч шийдвэрийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу ”ЖХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүх шийдвэртээ: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.3, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ЖХ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын “ЖХ” ХХК-д холбогдох хэсэг, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А-277 дугаар тушаалын “ҮОС” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Жаврын хөндий ХХК-ний нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, 2015 оны 6 сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын “ЖХ” ХХК-д, холбогдох, 2015 оны 7 сарын 8-ны өдрийн А-277 дугаар тушаалын “ҮОС” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт миний үйлчлүүлэгч “ҮОС” ХХК нь гуравдагч этгээд билээ.
Шийдвэрийн үндэслэх хэсэгт: “ЖХ” ХХК-д газар ашиглах эрх олгосон БОАЖсайдын 2010 оны 10 сарын 22-ны өдрийн А/328 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд газар ашиглах гэрээ байгуулах үүргийг өгсөн байна гэж дүгнэсэн. Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсрал Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.4-т заасан “Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно. Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, БО-ны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна” гэдэг нарийвчилсан зохицуулалт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа нь газар ашиглах гэрээг төрийн байгууллагатай байгуулах үүрэг нь “ЖХ” ХХК-ний үүрэг байхаас гадна түүнийг хэзээ байгуулах үүрэгтэй байсныг нарийвчлан зохицуулсан энэхүү журмыг хэрэглээгүй нь буруу юм.
Нэхэмжлэгчээс дээр дурдсан хугацаа өнгөрснөөс 2 жилийн дараа буюу 2013 онд анх Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хандсан гэдэг боловч энэ талаар холбогдох баримт байхгүйн дээр Улсын дээд шүүхээс буцсаны дараа цугларсан баримтуудаар ч нотлогдоогүй. 2011-2013 он хүртэлх хугацаан дээр дүгнэлт хийгээгүй атлаа 2012 оны 8 сарын 1-ний өдрийн НИТХ-ын ажлын хэсэг байгуулах тухай тогтоолоор тухайн цаг хугацаанд тухайн байршилд газар ашиглахыг хориглосон байсан хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж байгаа нь хэт хийсвэр дүгнэлт юм.
Төлбөрийн хувьд 2014 онд төлбөл зохих төлбөрийн 50 хувийг төлсөн нь холбогдох хуулийн “... газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” байх шаардлагыг зөрчсөн.
“ЖХ” ХХК-ийн газар ашиглах эрх цуцлагдаагүй байхад 2015 оны 5 сарын 27-ны өдөр “ҮОС” ХХК-ний газар ашиглах хүсэлтийг хүлээн авч, “ЖХ” ХХК-д газар ашиглах эрхийг нь цуцалсан талаараа мэдэгдээгүй, гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад гуравдагч этгээдэд шилжүүлсэн гэж дүгнэсний тухайд, “ЖХ” ХХК-д эрх цуцалсан талаар мэдэгдээгүй гэдгийг гэрчүүдийн мэдүүлгээр эрх цуцлагдаж байх хугацаанд нэхэмжлэгч энэ талаар мэдсэн болохыг нотолсноор үгүйсгэдэг.
“ҮОС” ХХК-ний хүсэлтийг хүлээн авахдаа өргөдөл хүсэлтийн цахим санд бүртгэгдсэнээс биш энэ асуудлыг шийдвэрлэсэн асуудал биш байсан. Харин “ЖХ” ХХК-ний газар ашиглах эрхийг цуцалсны дараа гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад гуравдагч этгээдэд шилжүүлсэн явдал нь “ЖХ” ХХК-ний газар ашиглах эрх цуцалсан шийдвэрт нөлөөлөхгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015.6.16-ны өдрийн А-236 дугаар тушаалаар “ЖХ” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр цуцалсан нь хуульд нийцсэн гэдэг нь хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдсон юм.
Газрын төлбөрийг бүрэн төлөөгүй талаар:
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т Газар ашиглах гэрээнд газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа"-г тусгахаар зааснаас үзэхэд Жаврын хөндий ХХК нь газар ашиглах гэрээ байгуулснаас хойш газрын төлбөр төлснийг буруутгах боломжгүй, нэхэмжлэгч 2013.5.09-ний өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга: Богд-Хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, ''ЖХ" ХХК гурвалсан гэрээ байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу 2013 онд 13 860 000 төгрөг, 2014 онд 6 930 000 төгрөг, 2015 онд 13 680 000 төгрөг нийт 34 650 000 төгрөгийг газрын төлбөрт төлсөн байна. Хариуцагч “ЖХ” ХХК-ийн газрын төлбөр төлсөн эсэхийг судалж тооцоо нийлж, акт үйлдээгүй, гэрээг дүгнээгүй, гэрээ байгуулснаас хойш газрын төлбөрийг төлсөн байхад газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан нь үндэслэлгүй байна гээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1-д "Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна" гэж заасан бөгөөд”ЖХ” ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010.10.22-ны өдрийн А-328 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд газар ашиглах гэрээ байгуулах үүргийг өгсөн байна. Шүүх хариуцагчаар татагдсан БОНХАЖЯ-ны Сайдад газар ашиглагч “ЖХ” ХХК нь газрын төлбөрөө төлсөн эсэхийг судлах, газар ашиглагчтай тооцоо нийлэх, тэдэнтэй акт үйлдэх, тэдний гэрээг дүгнэх ямар нэгэн үүрэг олгогдоогүй, харин дүүргийн Засаг дарга нь гэрээг жил бүр дүгнэж акт үйлдэх, газрын төлбөрийн мэдээллийг сар бүр Хамгаалалтын захиргаанд хүргүүлэх, Хамгаалалтын захиргаа нь төлбөрийн зохих хэсгийг газрыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулахдаа Дүүргийн Засаг даргатай хамтран ажиллах үүрэг хүлээсэн, газар ашиглагч газраа ашигласан эсэхээс үл шалтгаалан газрын төлбөрийг гэрээнд заасны дагуу улирал бүр тэнцүү хэмжээгээр төлөх үүргийг хүлээсэн тухай эрх зүйн акт байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг буруу үнэлж алдаа гаргасан ба шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Түүнчлэн гэрч н.Ш-д нь Хамгаалалтын захиргаа нь судалгаа, шинжилгээ. хяналт шалгалтыг явуулдаг гэж мэдүүлсэн.
Гурвалсан гэрээнд зааснаар газар ашиглагч нь төлбөрийг 2011/135 тоот гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т зааснаар тэнцүү хэмжээгээр буюу 3 465 000 төгрөгөөр улирал бүрийн эхний сарын 25-ны дотор төлөх үүрэг хүлээсэн байсан.
2015.5.12-ны өдрийн байдлаар зөвхөн 2013.4.11-ны өдөр 13,860,000 төгрөг, 2014.6.18-нд 6,930,000 төгрөг нийт 20 790 000 төгрөгийг төлсөн байсан юм. Нэхэмжлэгч нь гэрээ байгуулсан гэх 2013.5.9-ны өдрөөс хяналт шалгалт явуулсан гэх 2015.5.12-ны өдрийг хүртэл нийт 24 сард 27 720 000 төгрөгийг бүрэн төлсөн байх ёстой байжээ.
Хэргийн 3-р хавтасны 114-116 талд авагдсан албан бичгийн хүрээнд газар ашиглагч иргэн, аж ахуй нэгж байгууллага нь газрын төлбөрөө гэрээнд заасны дагуу төлсөн эсэх судалгааг 2015.05.12-ны өдөр Хамгаалалтын захиргаанаас явуулахад нэхэмжлэгч болох “ЖХ” ХХК нь газрын төлбөрөө бүрэн төлөөгүй өөрөөр хэлбэл газар ашиглах гэрээ цуцлагдах аж ахуй нэгж байгууллагын жагсаалтад орсон үйл баримт тогтоогдсоны дараа 2015.5.29-ны өдөр 2 удаа тус бүр 6 930 000 төгрөг нийт 13 680 000 төгрөгийг төлсөн байгаа нь газар ашиглах гэрээнд заагдсан төлбөрийг хугацаандаа бүрэн төлсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлд тооцогдохгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч газрыг 2 жил ашиглаагүй талаар:
Нэхэмжлэгч компани зураг төслөө батлуулахаар 2013.8.25-ны өдөр 03 тоот албан бичгээр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хандсан, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжилтнүүдтэй удаа дараа уулзаж барилгын ажилаа эрхлэх хүсэлтээ илэрхийлсэн гэх боловч энэ талаарх баримтууд хавтас хэрэгт авагдаагүй, шүүхээс энэ талаар холбогдох газруудаас тодруулаагүй, Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газрын бичиг баримтад үзлэг хийгээгүй атлаа зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үнэн гэж үзээд хэргийг нэхэмжлэгчид ашигтай байдлаар нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байгаа.
Харин НИТХ-ын 2012.8.01-ны өдрийн хуралдааны 08-р тогтоол, МУ-ын ЗГ-ын 2015.1.12-ны өдрийн 10-р тогтоол, НИТХ-ын 2014.12.15-ны өдрийн 227-р тогтоол, НМХГ-ын 2014.07.10-ны өдрийн 02-02/2193 тоот мэдэгдэл зэрэгт Хан-Уул дүүргийн 11-р хороо, Богдхан уулын дархан цаазат газрын зориулалтын асуудлыг шийдвэрлэтэл мөн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдах хүртэл барилгын зураг батлахгүй, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгохгүй барилга барих ажлыг түдгэлзүүлэх тухай албан бичиг явуулсан нь нэхэмжлэгчийн ашиглахаар гэрээ байгуулсан газраас өөр байршилд байгаа, маргааны үйл баримтад хамааралгүй. Зайсан толгойн орчимд гэх байршил маргаан бүхий газрыг ашиглах тушаалаар олгогдсон талбайд хамаарахгүй ба эдгээр тогтоол, шийдвэрүүд нь нэхэмжлэгчийн газраа зориулалтын дагуу ашиглахад саад болсон гэх нөхцөл байдал нотлогдоогүй “ЖХ” ХХК-ийн ашиглаж байсан газарт хамааралгүй байна гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаагаар ашиглаагүй гэж үзэх боломжгүй ба Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015.6.16-ны өдрийн А-236 дугаар тушаалыг зөвтгөх үндэслэл болохгүй гэж хоёрдмол агуулгатай дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болсон юм.
Манай байгууллагыг газар ашиглах хүсэлт өгөх үед “ЖХ” ХХК нь газрын төлбөрөө бүрэн төлөөгүй, газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэх хяналт шалгалт, судалгаа 2015.05.12-ны өдөр хийгдээд газар ашиглах гэрээ цуцлагдах аж ахуй нэгж байгууллагын жагсаалтад аль хэзээний орсон байсан байна.
“ЖХ” ХХК-ийн газар ашиглах эрхийг нь 2015.6.16-ны өдөр цуцалсан талаараа мэдэгдээгүй, гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад “ЖХ” ХХК-ийн ашиглаж байсан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Богдхан уулын Дархан цаазат газрын Арцатын амны 3,5 га газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015.7.8-ны өдрийн А-277 дугаар тушаалаар “ҮОС” ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т "хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна", 40 дүгээр зүйлийн 40.2-т Газар ашиглах эрх дуусгавар болоход иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ашиглаж байсан газраа чөлөөлж, энэ хуулийн 37 дугаар зүйлд заасан гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор тухайн газар нутгийн Хамгаалалтын захиргаа буюу сум, дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгнө” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй юм. Яагаад гэхээр энд давхцал яригдах боломжгүй: нэгэнт цуцлагдах аж ахуй нэгжийн жагсаалтад бичигдэж судалгаанд хамрагдан тушаал гарсны дараа тухайн газрыг манайд ашиглуулах шийдвэр гарсан юм. Нэхэмжлэгч газраа чөлөөлөх, Хамгаалалтын захиргаа буюу Дүүргийн Засаг даргад газраа хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр гуравдагч этгээдийн эрх ашгийг хохироосон шийдвэрийг шүүх гаргаж болохгүй байсан гэж үзэж байгаа.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015.8.16-ны өдрийн А-236 дугаар тушаалаар “ЖХ” ХХК-д Энхтайваны аманд 4,6 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэснийг нэхэмжлэгч "уулын оройд ашиглах боломжгүй газар ... " гэж тайлбарласан нь үндэслэлтэй, өөрөөр хэлбэл: энэхүү 4,6 га газар нь нэхэмжлэгчийн өмнө ашиглаж байсан 3,5 га газраас илэрхий дордуулсан газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн нь шүүхээс нэхэмжлэгч, гуравдагч этгээдийг эвлэрүүлэх зорилгоор Энхтайваны аманд хийсэн газрын үзлэгээр тогтоогдлоо гэсэнд гомдолтой байгаа. Учир нь: Нэхэмжлэгчид 4,6 га газрыг дахин шинээр ашиглуулах шийдвэр гаргах болсон шалтгаан нь “ЖХ” ХХК нь урдны 3,5 га газар ашиглах эрхээ цуцлагдсаныг мэдээд дахин шинээр газар ашиглуулах хүсэлт гаргасныг эрх бүхий газар нь шийдвэрлэсэн, шинээр олгохоор шийдвэрлэсэн 4,6 га газар нь өмнө ашиглаж байсан газраас илэрхий дордуулсан гэх нотлох баримт огт байхгүй, 4,6 га газар нь 3,5 га газартай харьцуулахад ашиглах боломжгүй гэсэн ямар нэгэн шинжээчийн дүгнэлт гараагүй байхад шүүх өөрөө ийм дүгнэлт хийсэнд гомдолтой байна.
Нэхэмжлэгч өөрийнх нь газар ашиглах эрхийг цуцалсан талаарх баримтыг гардаж аваагүй гэх хэдий ч 2016.3.1-ны өдөр Ерөнхий Сайд Ч.С-т гомдол гаргахдаа энэ талаар мэдсэн байсан нь гомдол гаргах эрхийг хязгаарлаагүйг нотолж байгаа.
Түүнчлэн шүүхээс холбогдох газруудад тухайлбал:
> 2016.11.17-ны өдрийн 1/12525 албан бичгээр "ЖХ" ХХК-нд ... 3,5 га-г эзэмшиж байхдаа хэрэгжүүлж байсан Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг,
> 2016.11.17-нд Хамгаалалтын захиргаанд: Жаврын хөндий ХХК нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлгээ хийлгүүлсэн эсэх тухай баримтуудыг,
> 2016.11.17-нд ХУД-ийн ЗД-д: "ЖХ" ХХК-ийн гэрээг 2011-2015 онуудад дүгнэсэн эсэх баримтуудыг,
> 2017.7.19-нд БОАЖЯ-нд: 2015.8.15-ны өдрийн А/321 дүгээр тушаал, түүний хавсралт, хэрэгжүүлэх төсөл: холбогдох баримтуудыг,
> 2017.7.19-нд болон 2017.8.11-ны өдөр НХТЕТГ-т: ... танайх НМХГ-ын 2014.7.10-ны өдрийн 02-02/2193 дугаар албан бичгийн дагуу... ямар арга хэмжээ авч ажилласан, барилгын үйл ажиллагааг зогсоосон эсэх, хэрэв зогсоосон бол ямар хугацаанд зогсоосон талаарх баримтууд ... хэсэгчилсэн төлөвлөгөө батлагдсан эсэх, хэрэв батлагдсан бол хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө зэргийг шаардсан хэдий ч тухайн газруудаас дээрх баримтуудыг ирүүлээгүй байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлэн дутуу баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэлийг бий болгож байна гэж үзэж байна.
Мөн Улсын Дээд шүүхээс хэргийг хэлэлцээд хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахдаа газар ашиглах гэрээг дүгнэсэн эсэх, газар ашиглах гэрээний болзол нөхцөлийг нэхэмжлэгч хэрхэн зөрчсөн зэргийг нотлох нь зүйд нийцэх талаар дурдсан байсан юм.
Иймд хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж хэрэгт ач холбогдол бүхий дээрх баримтуудыг бүрэн гүйцэд бүрдсэний дараа хэргийг шинээр дахин хэлэлцүүлэх, хэрэв хэргийг буцаах шаардлагагүй гэж үзэх тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Улсын дээд шүүхийн тогтоолд заасан ажиллагааг хийсэн, маргаан бүхий нөхцөл байдлын талаар үндэслэлтэй дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
“ЖХ” ХХК-аас “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын “ЖХ” ХХК-д холбогдох, 2015 оны 07 дугаар сарын 08-ны А-277 дугаар тушаалын “ҮОС” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-236 дугаар тушаалаар “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлт гаргаагүй ...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн 3,5 га газар ашиглах эрхийг цуцалсан бөгөөд мөн сайдын 2015 оны А/277 дугаар тушаалаар маргаан бүхий 3,5 га газрыг 5 жилийн хугацаагаар ашиглах зөвшөөрлийг “ҮОС” ХХК-д олгожээ.
1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/236 дугаар тушаалаар газар ашиглах зөвшөөрөл олгосны дагуу “ЖХ” ХХК-д аялал жуучлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2011/135 дугаар гэрчилгээг олгожээ. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т газар ашиглах гэрээнд газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацааг тусгахаар зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээд нь мөн 37 дугаар зүйлийн 1-д заасны дагуу Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдөр гурвалсан гэрээ байгуулсан байна. Энэхүү гэрээ байгуулагдаж, газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа тодорхой болсны дагуу жил бүр газрын төлбөрөө төлж ирсэн байтал нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр цуцалсан нь үндэслэлгүй, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор зохицуулсан байна. Газар ашиглах гэрээ байгуулснаас хойш газрын төлбөр төлсөн хууль зөрчөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэжээ.
2. Газар ашиглах эрхийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй” гэх үндэслэлийн тухайд:
Анхан шатны шүүх “ЖХ” ХХК-ийн газар ашиглах эрх цуцлагдаагүй байхад 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “ҮОС” ХХК-ийн газар ашиглах хүсэлтийг хүлээн авч, “ЖХ” ХХК-д газар ашиглах эрхийг нь цуцалсан талаараа мэдэгдээгүй, гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад...” нэхэмжлэгчийн ашиглаж байсан газрыг гуравдагч этгээдэд ашиглуулах шийдвэр гаргасан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан мэдэгдэх үүргээ хариуцагч биелүүлээгүй, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь зөв байна.
Анхан шатны шүүхээс Улсын дээд шүүхийн тогтоолд заасан нотлох баримтыг цуглуулахаар 2017 оны 07 дугаар сарын 19, 8 дугаар сарын 11, 09 дүгээр сарын 06-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд, 2017 оны 07 дугаар сарын 19, 8 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд тус тус ханджээ.
Анхан шатны шүүхийн “... 02/02/2193 дугаар албан бичгийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлсэн нь нэхэмжлэгчийн газраа зориулалтын дагуу ашиглахад саад болсон нөхцөл байдал болсон гэдэг нь нотлогдохгүй, ... “ЖХ” ХХК-ийн ашиглаж байсан газарт хамааралгүй байна” гэсэн дүгнэлт үндэслэлгүй байна. “ЖХ” ХХК-ийн “газраа зориулалтын дагуу ашиглаж болохгүй нөхцөл байдлууд үүссэний улмаас төлөвлөгдсөн төслийг хэрэгжүүлж, үйл ажиллагаа явуулж чадаагүй” гэх тайлбар шүүхийн хийсэн ажиллагааны дагуу хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.
Үүнд: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 02-02/2193 дугаар албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын зориулалтын асуудлыг шийдвэрлэтэл барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл болон улсын комисс ажиллуулахгүй байхыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт мэдэгдсэний дагуу Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас ямар шийдвэр гарсан, барилгын үйл ажиллагааг зогсоосон эсэх, үүнээс шалтгаалан нэхэмжлэгчид ямар үр дагавар учирсан талаар тодруулахад:
Нэхэмжлэгч 2013 оны 05 дугаар сард газар ашиглах гэрээ байгуулсан. Гэтэл гурвалсан гэрээ байгуулж, улмаар “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 08[1], 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 227[2] дугаар тогтоолууд, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 02-02/2193 дугаар албан тоотоор Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хандаж Богдхан уулын дархан цаазат газарт ... хууль, дүрэм журмуудын хэрэгжилт хангалтгүй ... зэрэг үндэслэлүүдийг дурдаж Богдхан уулын дархан цаазат газрын зориулалтын асуудлыг шийдвэрлэтэл барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл болон улсын комисс ажиллуулахгүй ... байхыг мэдэгджээ. Нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй байсан талбайн байршил нь дээрх албан бичигт дурдсан “барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл болон улсын комисс ажиллуулахыг” хориглосон газарт хамаарч байгаагаас гадна уг албан бичиг хаяглагдсан этгээд болох Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар нь газрыг зориулалтын дагуу ашиглахад шаардлагатай төсөл, төлөвлөгөөг батлах, зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд байна.
Түүнчлэн, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 227 дугаар тогтоолоор Зайсан толгойн орчимд шинээр барилга барих асуудлыг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдах хүртэл зогсоохыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн. Уг тогтоолд заасан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдах хугацаа маргааны үйл баримтад хамааралтай эсэх, Зайсан толгойн орчимд гэх байршил маргаан бүхий газрыг ашиглах тушаалаар олгогдсон талбайд хамаарах эсэх, нэхэмжлэгчид хэрхэн нөлөөлсөн тухайд:
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаар тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газрын ойр орчмын газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг судалж санал боловсруулах ... зэрэг чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 227 дугаар тогтоолоор "Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичигт Зайсангийн орчмын газрыг олон нийтийн ажил хэргийн төв, орон сууцны бүс, ногоон байгууламжийн бүс гэсэн зориулалтаар ашиглахаар тогтоож, Зайсан толгой орчимд шинээр барилга барих асуудлыг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдах хүртэл зогсоохыг Нийслэлийн Засаг даргад даалгажээ.
Үүнээс үзвэл, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 02-02/2193 дугаар албан тоот нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн аманд гүйцэтгэж байгаа барилга байгууламжид хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийн дагуу гарсан ч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хандаж Богдхан уулын дархан цаазат газарт ... хууль, дүрэм журмуудын хэрэгжилт хангалтгүй ... зэрэг үндэслэлүүдийг дурдаж Богдхан уулын дархан цаазат газрын зориулалтын асуудлыг шийдвэрлэтэл барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл болон улсын комисс ажиллуулахгүй ... байхыг мэдэгдсэнээс үзвэл Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо болон Богдхан уулын дархан цаазат газрын зориулалтыг бүхэлд нь шийдвэрлэх хүртэл барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл болон улсын комисс ажиллуулахгүй, хуулийн хэрэгжилтийг хангах агуулгатай байна.
Нэхэмжлэгчийн “зураг төслөө батлуулахаар 2013 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 03 тоот албан бичгээр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хандсан боловч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 8 дугаар сарын 01-ны өдрийн хуралдааны 08 дугаар тогтоолоор барилга барих хүсэлт хүлээн авахгүй түдгэлзүүлсэн байгаа гээд хүлээж аваагүй” гэх тайлбар үндэслэлтэй байна.
Хариуцагч маргаан бүхий шийдвэрийг 2015 оны 5 дугаар сард “газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдэг үндэслэлээр гаргасан байгаа, гэтэл 2012 оны 8 дугаар сарын 08 дугаар тогтоол, 2014 оны 07 дугаар сарын 10-ны албан бичгээс эхлээд 2015 оны 1 дүгээр сарын Засгийн газрын тогтоол зэргээр Богдхан уулын дархан цаазат газарт үйл ажиллагаа явуулахыг хориглосон шийдвэрүүд гарч ирсэн байгаа нь нэхэмжлэгчийн ашиглаагүй гэх 2 жилийн хугацаанд буюу 2013 онд гурвалсан гэрээ байгуулсан үеэс 2015 онд газар ашиглах зөвшөөрөл цуцлах хүртэл хугацаа хамаарч байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 02-02/2193 дугаар албан бичгээр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хандаж, Богдхан уулын дархан цаазат газрын зориулалтын асуудлыг шийдвэрлэтэл барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл болон улсын комисс ажиллуулахгүй байхыг мэдэгдсэн байх ба улмаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 227 дугаар тогтоолоор Зайсан толгой орчимд шинээр барилга барих асуудлыг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдах хүртэл зогсоохоор шийдвэрлэсэн байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаар тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газрын ойр орчмын газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг судалж санал боловсруулах, үүнтэй холбогдуулан иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд байгаа газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд олгох нөхөн олговрын хэмжээг тооцох ажлын хэсэг байгуулсан зэргээс үзэхэд Жаврын хөндий ХХК газар ашиглах тухай гэрээ байгуулснаас хойш өөрөөс нь үл хамаарах шалтгааны улмаас газраа ашиглах боломжгүй, газраа 2 жил дараалан ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байжээ.
Нэгэнт дээрх эрх бүхий байгууллагуудын шийдвэрээр маргаан бүхий газарт барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох болон барилга барих асуудлыг үргэлжлүүлэх боломжгүй байсан нь тогтоогдож байх тул хариуцагчаас дээрх нөхцөл байдлыг харгалзалгүй нэхэмжлэгч хуулийн этгээдийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэж газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-д зааснаар “гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалтай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор ...” нэхэмжлэгч газар ашиглах гэрээ байгуулах үүрэгтэй байсан. 2011-2013 он хүртэлх хугацаан дээр дүгнэлт хийгээгүй” гэх боловч уг үндэслэл нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан маргаан бүхий актын үндэслэл болоогүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 750 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
[1] Хэргийн 1 дүгээр хавтас, 110-р тал
[2] Хэргийн 1 дүгээр хавтас, 162-р тал