Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2016/01079

 

А.Мейрамханы хүсэлттэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 279 дүгээр шийдвэртэй,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 212/МА2016/00023 дугаар магадлалтай,

А.Мейрамханы

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад өмгөөлөгчид төлсөн хөлс 3 000 000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 1 000 000 төгрөг, нийт 4 000 000 төгрөгийн хохирлыг Засгийн газрын нөөц сангаас гаргуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 5/50, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 5/98, 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 5/99 дүгээр тогтоолоор надад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Би эрүүгийн хэргийг шалгах явцад өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч сэтгэл санааны хохирол амссан. Иймд миний өмгөөлөгчид төлсөн хөлс 3 000 000 төгрөг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дугаар зүйлийн 390.1.5-д заасан үндэслэлээр сэтгэл санааны хохиролд 1 000 000 төгрөгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1, 391.2, 391.3-т заасан үндэслэлээр нийт 4 000 000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулан А.Мейрамхан надад олгуулж өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 279 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т заасныг баримтлан Монгол Улсын Засгийн Газрын нөөц сангаас эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад мөрдөн байцаагч, прокурорын хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирол 4 000 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ожых овогт Абилхайрын Мейрамханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 212/МА2016/00023 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 279 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Монгол Улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-ийг баримтлан” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 230 дугаар зүйлийн 230.2, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7.-д заасныг тус тус баримтлан” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, А.Мейрамханы өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9.-т зааснаар хүсэлт гаргагчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. А.Мейрамханыг Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч тус Прокурорын газрын 2013 оны 5/50, 5/98, 5/99 дүгээр тогтоолоор тус тус Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн прокурорын тогтоол нь хүчин төгөлдөр үйлчилж байна.

А.Мейрамхан эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа өмгөөлөгч сонгон авсан нь 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Эрүүгийн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ээр нотолж, гэрээний 3.1-д “хөлсөнд 3 000 000 төгрөг”, 3.2-т үүнээс урьдчилгаан 1 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан бэлэн төлөхөөр талууд тохиролцсон. Эрүүгийн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний өмгөөллийн хөлс нь сэжигтэн, яллагдагчийн хувьд нууц байх нь зохимжтой гэж үздэг учраас мөрдөн байцаагчид хүргүүлсэн гэрээний нэг хувьд өмгөөллийн хөлсний талаар “Тохиролцсон” гэж бичигддэг юм. Практикт өмгөөллийн хөлсийг үйлчлүүлэгч нар ихэвчлэн бэлнээр төлдөг. Яллагдагч А.Мейрамхан нь өмгөөллийн хөлсөнд 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 2 000 000 төгрөг нийт 3 000 000 төгрөг төлсөн. Гэтэл анхан шатны шүүх өмгөөллийн хөлс авсан тасалбарууд эрүүгийн хавтаст хэрэгт авагдаагүй, эргэлзээтэй байна гэж буруутгасан нь хууль зүйн үндэслэл муутай байна. Мөнгө хүлээлгэж өгөх, хүлээн авах нь зөвхөн үйлчлүүлэгч, өмгөөлөгчийн хооронд явагддаг хувийн асуудал тул бусад иргэд, байгууллага хөндлөнгөөс оролцох ёсгүй.

А.Мейрамхан Ногооннуур сумын Засаг даргаар ажиллаж байсан, Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч тул хилс хэрэгт шалгагдах явцад сэтгэл санааны дарамтанд орж гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдан сэтгэл санааны хохирол амссан. Хоёр шатны шүүх А.Мейрамханы хүсэлтийг хэрэгсэхгүй болгохдоо үндэслэл муутай дүгнэлт хийсэн. Улс төрийн хариуцлагатай алба хашиж байгаа сумын Засаг даргыг өмгөөлөгч нэг ч төгрөг авахгүй, үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлж өмгөөлнө гэсэн ойлголт байхгүй. Өмгөөллийн хөлс төлөхөд мөнгө хүлээж авсан, өгснийг нотлох санхүүгийн баримт үйлдэж тасалбар гэдэг юм.

Шүүгч А.Мейрамхан, М.Бауыржан нарт холбогдох эрүүгийн хэргийг өөрийн санаачилгаар татсан ч нотлох баримтаар авагдсан яллагдагч А.Мейрамханыг байцаасан тэмдэглэлүүд, өмгөөлөгчийн хүсэлтүүд, хавтаст хэрэгтэй танилцсан тэмдэглэл зэрэг өмгөөлөгчийн талаар үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж байсан нотлох баримтуудыг үнэлэхгүй мөртлөө зөвхөн “Тохиролцсоноор” гэсэн үгийг мушгин гуйвуулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох шийдвэрийн үндэслэл болгож байгаад гомдолтой байна. Шүүх бол хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа байх ёстой. Гэтэл хоёр шатны шүүх хилс хэрэгт шалгагдаж хэрэгсэхгүй болсон, Үндсэн хуульд заасан эрхийн дагуу хууль зүйн туслалцаа авсан А.Мейрамханы хүсэлтэд таагүй хандаж, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116- 2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтыг ноцтой зөрчиж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүйд болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хоёр шатны шүүх А.Мейрамханы хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх ба хэрэгт цугларсан  баримтыг харьцуулан, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг магадлалд өөрчлөлт оруулах замаар зөвтгөх боломжтой гэж үзэв.

А.Мейрамхан нь өмгөөлөгчийн хөлс 3 000 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 1 000 000 төгрөг нийт 4 000 000 төгрөг гаргуулах шаардлагаа хууль бусаар гэмт хэрэгт шалгагдаж, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан гэх үйл явдалд үндэслэжээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг төр хариуцахаар зааж өгсөн нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хөндөгдсөн эрхийг сэргээх эрхийг баталгаатай болгох агуулгатай. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4.-т зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг төр хариуцан арилгах үүрэгтэй байна.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 5/50, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 5/98, 5/99 дүгээр хүчин төгөлдөр тогтоолоос үзэхэд А.Мейрамханд холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байх ба А.Мейрамхан нь хууль бусаар яллагдагчаар татагдсан, гадагш явахгүй гэсэн баталгаа гаргасан, эрх нь зөрчигдсөн байх боловч хэрэгт байгаа баримтаар учирсан хохирол тогтоогдоогүй тул хүсэлтийг хангах үндэслэлгүй  талаар хоёр шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлт хийжээ. Өмгөөлөгчийн зардлын талаарх эргэлзээтэй баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1.-д “...эдийн бус хохирлыг Иргэний хуульд заасан журмын дагуу нөхөн төлнө.” гэж заасан боловч Иргэний хуульд энэ талаар зохицуулаагүй байна. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2.-т гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөхийг  заасан тул хуулийг төсөөтэй хэрэглэх үндэслэлгүй. Иймд хүсэлт гаргагчийн шаардлагаас сэтгэл санааны хохирол 1 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг хангах боломжгүй байжээ.

Харин шүүх хүсэлт гаргагчийн шаардлагад холбогдох хуулийг оновчтой хэрэглээгүйг зөвтгөх шаардлагатай гэж үзэв. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4.-т хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг төр хариуцахаар тусгайлан зохицуулсан байхад хуулийн нийтлэг зохицуулалт болох 497 дугаар зүйлийн  497.1. дэх хэсгийг давхар хэрэглэсэн нь буруу болохоос гадна Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1., 8.3.7.-д Засгийн газрын нөөц сангийн талаар зохицуулсан байх тул хүсэлт гаргагчийн шаардах эрхэд хамаарахгүй, эдгээр үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 212/МА2016/00023 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...497 дугаар зүйлийн 497.1., Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7...” гэснийг хасч, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1...” гэснийг нэмж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9.-д зааснаар хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Я.Сьезд хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.УНДРАХ

   ШҮҮГЧ                                                      П.ЗОЛЗАЯА