Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 023

 

А.Мейрамханы хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 279 дүгээр шийдвэртэй, тус аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багт оршин суух Ожых овогт Абилхайрын Мейрамханы хүсэлттэй иргэний хэргийг хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, А.Мейрамханы өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад өмгөөлөгчид төлсөн хөлс 3000000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 1000000 төгрөг, нийт 4000000 төгрөгийн хохирлыг Засгийн газрын нөөц сангаас гаргуулах тухай.

 

Хүсэлтийн агуулга: Намайг аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай №5/50, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай №5/98, 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай №5/99 дүгээр тогтоолоор яллагдагч Х.Мейрамхан надад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн юм. Яллагдагч А.Мейрамхан би эрүүгийн хэргийг шалгах явцад мэргэжлийн өмгөөлөгч Я.Сьездийг хөлслөн авч хууль зүйн туслалцаа авч байсан ба түүнчлэн сэтгэл санааны дарамтад орж гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдан өөрөөр хэлбэл сэтгэл санааны ч хохирол амсаж байсан юм. Иймд яллагдагч А.Мейрамхан би хууль зүйн туслалцаа авахад өмгөөлөгчид төлсөн хөлс 3000000 төгрөг, эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дугаар зүйлийн 390.1.5-д заасан үндэслэлээр сэтгэл санааны хохирлын үр дагаврыг арилгах хохирол болох 1000000 төгрөгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1, 391.2, 391.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр нийт 4000000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулан А.Мейрамхан надад олгох тухай шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсье. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 279 дүгээр шийдвэрээр: 1. Монгол Улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т заасныг баримтлан Монгол Улсын Засгийн Газрын нөөц сангаас эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад мөрдөн байцаагч, прокурорын хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирол 4000000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ожых овогт Абилхайрын Мейрамханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай; 2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. гэж шийдвэрлэжээ.

 

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх А.Мейрамханы хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шийдвэр гаргахдаа хууль зүйн үндэслэл муутай дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Өмгөөлөгч хүн хэн нэгнийг нэг ч төгрөг авахгүйгээр өмгөөлж, хууль зүйн туслалцаа үзүүлэх ямар ч үндэслэлгүй. Шүүх өмгөөлөгчийн талаар үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж байсан нотлох баримтуудыг үнэлэхгүй, дурдахгүй мөртлөө зөвхөн тохиролцсоноор гэсэн үгийг гуйвуулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хүсэлтийг хангаж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан боловч тус иргэний хэргийн үйл баримтад Иргэний хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй байх тул дараах үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1.-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Иргэн А.Мейрамхан нь Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад өмгөөлөгчид төлсөн хөлс 3000000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 1000000 төгрөг, нийт 4000000 төгрөгийн хохирлыг Засгийн газрын тусгай сангаас гаргуулах тухай хүсэлт гаргажээ. Хэрэгт авагдсан баримтуудыг судлахад, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 5/50 дугаар прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2.-т заасан гэмт хэрэгт холбогдсон А.Мейрамханы цэцэрлэгээс 160000 төгрөг завшсан гэх үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1.-т зааснаар хэрэгсэхгүй болгожээ.

Түүнчлэн, тус аймгийн прокурорын газрын 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 5/98, 5/99 дүгээр прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3.-т заасан гэмт хэрэгт холбогдсон А.Мейрамхан, М.Бауыржан нар болон А.Мейрамхан, М.Бауыржан, Х.Халиасхар нарт холбогдох эрүүгийн хэргийг тус тус Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1.-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон байна.

 

1. А.Мейрамханы хүсэлтийн эхний шаардлага нь Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад өмгөөлөгчид төлсөн хөлс 3000000 төгрөгийг Засгийн газрын тусгай сангаас гаргуулахыг шаарджээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлийн 388.1.-т хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд учирсан эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэх, сэтгэл санааны үр дагавраа арилгуулах шаардах эрхийн үндэслэлийг хуульчилжээ. Энд заасан хууль зөрчсөн ажиллагаа гэдэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2.-т заасан тохиолдлуудыг ойлгох бөгөөд мөн зүйлийн 389.2.3.-т заасан тухайн хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, эсхүл тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон бол гэмт хэрэгт холбогдон шалгагдсан этгээдэд хохирлоо нөхөн төлүүлэх эрх үүсдэг байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.-т нөхөн төлүүлэх эд хөрөнгийн хохирлыг нарийвчлан, тухайлан зохицуулсан ба мөн зүйлийн 390.1.5.-д гэмт хэрэгт холбогдон шалгагдсан этгээдийн хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсийг нөхөн төлүүлэх эд хөрөнгийн хохиролд тооцохоор хуульчилжээ.

Иймээс, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон дээрх үйл баримтыг үндэслэвэл, А.Мейрамхан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2.3, 390 дүгээр зүйлийн 390.1.5.-д зааснаар эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хууль зүйн туслалцаа авахдаа өмгөөлөгчид төлсөн хөлсийг шаардах эрхтэй байна.

Анхан шатны шүүх хэргийн 6, 25 дугаар талд авагдсан бичмэл нотлох баримтуудыг харьцуулан судалж, А.Мейрамханы уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасан зохицуулалтад нийцжээ. Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн эрүүгийн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг[1] 201304000023 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан мөн өдрийн гэрээтэй[2] харьцуулан судлахад, үйлчлүүлэгч А.Мейрамханы өмгөөлөгчид төлсөн хөлсний хэмжээг тогтооход эргэлзээтэй ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. Иймээс хэргийн 7 дугаар талд авагдсан тасалбаруудыг шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй.

 

2. А.Мейрамхан нь гэмт хэрэгт холбогдон, шалгагдсаны улмаас сэтгэл санааны үр дагаврыг арилгуулахаар Засгийн газрын тусгай сангаас 1000000 төгрөг гаргуулахаар шаарджээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлийн 388.1, 391 дүгээр зүйлд сэтгэл санааны хохирлын үр дагаврыг арилгуулах нийтлэг үндэслэлийг тодорхойлсон ба 391 дүгээр зүйлийн 391.1.-т зааснаар эд хөрөнгийн бус хохирлыг Иргэний хуульд заасан журмын дагуу нөхөн төлүүлэхээр хуульчилжээ.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2.-т зааснаар гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд сэтгэл санааны үр дагавар буюу эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэвэл, А.Мейрамханы холбогдсон эрүүгийн хэргийн ангилал, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байдал зэргийг харгалзан, нотлох баримтад үндэслэгдээгүй тул түүний Засгийн газрын тусгай сангаас 1000000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

 

3. Анхан шатны шүүх тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад Баян-Өлгий аймгийн прокурорын газраас 2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 5/50, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 5/98, 5/99 дүгээр прокурорын тогтоолтой эрүүгийн хэргийн материалыг татан авч, нотлох баримтаар судалсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.-д нийцжээ. Учир нь А.Мейрамханы шүүхэд гаргасан хохирол арилгуулах тухай хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3.-т заасан иргэний хэрэг үүсгэх үндэслэлд хамаарах бөгөөд түүний энэ хүсэлтийг шүүх мөн хуулийн 133 дугаар зүйлд зааснаар онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэсэн нь хуульд заасан журамд нийцсэн байна.

Энэхүү иргэний хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 31 дүгээр зүйлийн 31.1.-т заасан үндэслэл, журмын дагуу прокурорыг төрийн нэрийн өмнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болох боловч анхан шатны шүүхээс Баян-Өлгий аймгийн прокурорын газарт 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 203 дугаар албан бичгийг хүргүүлж, тус газраас шүүхэд хариу ирүүлж байсан зэргийг харгалзаж, А.Мейрамханы хүсэлттэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурорыг татан оролцуулаагүйг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзээгүйг тэмдэглэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

А.Мейрамханы хүсэлтийг дээр дурдсан үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ, хэргийн үйл баримтад Иргэний хуулийн гэм хор учруулснаас хариуцлага хүлээх нийтлэг үндэслэл, эдийн бус гэм хорыг арилгах ерөнхий зохицуулалтаас гадна Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн холбогдох заалтыг баримталж, шийдвэрт зохих өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9.-т зааснаар хүсэлт гаргагчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 279 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Монгол Улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-ийг баримтлан гэснийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 230 дугаар зүйлийн 230.2, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7.-д заасныг тус тус баримтлан гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, А.Мейрамханы өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9.-т зааснаар хүсэлт гаргагчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ТУЯА

ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН

С.ӨМИРБЕК


[1] Хэргийн 6 дугаар тал.

[2] Хэргийн 25 дугаар тал.