Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 01955

 

МАГАДЛАЛ

 2020.09.14                                           Дугаар 1955

 

 

 

 

 

 

Г.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

              

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/01887 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Т-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Г-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 22 409 438 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.Төмөрбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2001 оноос тахианы аж ахуй эрхэлж Хятад улсаас тахианы тэжээл оруулж ирдэг байсан. 2010-2011 онд “Их жигүүр” ХХК-ийн захирал Б.Гбайсан. Б.Г“тахианы тэжээл байхгүй, тахиа үхээд байна” гээд тахианы тэжээл авч эхэндээ төлбөрийг өгч байсан боловч сүүлдээ өгөөгүй. 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 22 000 000 төгрөг өгч авахаар тохиролцож хэлцэл хийсэн. Үүнээс хойш 5 100 000 төгрөгийн цемент өгсөн. Үүнийг хасаж 16 900 000 төгрөгийг Б.Гтөлөөгүйгээс болж “Хаан банк” ХХК-аас зээл авч 6 509 438 төгрөгийн хүү төлж хохирсон тул үүнийг нэмж нийт 23 409 438 төгрөг төлөхөөс түүний сүүлд төлсөн 1 000 000 төгрөгийг хасаж 22 409 438 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Гнь “Их жигүүр” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2009-2012 онд ажиллаж байсан. Гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үедээ Г.Т-аас БНХАУ-д үйлдвэрлэсэн өндөглөгч тахианы тэжээл 20 орчим тонн 17 000 000 төгрөгийн тэжээл зээлээр авсан. Тухайн үед талууд зээлээр авахдаа хүү тооцоогүй. Уг тэжээлийг хэрэглэсний дараагаас тахианы өндөглөх чадвар муудаж компанийн үйл ажиллагаа доголдсон. Г.Т2015 онд Б.Гантулгыг гүйцэтгэх захирал байсан учраас төлбөрийг төлөх ёстой гэж төлбөр барагдуулах хэлцэл хийсэн. 5 000 000 төгрөгөөс 6 000 000 төгрөг орчим хүү тооцож үлдэгдэл 22 000 000 төгрөгт хэлцэл хийсэн. Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-аас зээл авсан нь хариуцагчид хамааралгүй. Мөн Б.Гхэлцэл хийснээс хойш 5 800 000 төгрөгийн цемент өгсөн, 8 сард 1 000 000 төгрөг шилжүүлсэн. Эдгээр төлбөрийг хасаж 15 200 000 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Г-аас 15 900 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Т-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 509 438 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 237 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Б.Гнь “Их жигүүр” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Г.Т-аас 17 000 000 төгрөгийн үнэ бүхий өндөглөгч тахианы тэжээл авсан. Нэхэмжлэгчийн шахалтаар гэрээ байгуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нотлох баримтыг тал бүрээс нь үндэслэл бүхий дүгнээгүй гэж үзэж гомдол гаргаж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Тнь хариуцагч Б.Г-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 16 900 000 төгрөг, хохирол 6 509 438 төгрөг, нийт 23 309 438 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн төлсөн 1 000 000 төгрөгийг хасаж 22 409 438 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан үндэслэлээ, төлбөр барагдуулах гэрээ байгуулснаас хойш 5 800 000 төгрөгийн үнэ бүхий цемент нийлүүлсэн, мөн 8 дугаар сард 1 000 000 төгрөг төлсөн, үлдэгдэл 15 200 000 төгрөг төлөх үлдэгдэлтэй, харин хохирол төлбөр үндэслэлгүй гэж маргасан байна.

 

Нэхэмжлэгч Г.Тнь хариуцагч Б.Г-д 2013 онд 20 000 000 төгрөгийн үнэ бүхий тахианы тэжээл нийлүүлж, хожим 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төлбөр барагдуулах гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар шүүх дүгнэсэн нь зөв.

 

Талуудын тохиролцсоны дагуу худалдагч тал болох Г.Тнь худалдан авагч Б.Г-д тахианы тэжээлийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн, харин худалдан авагч тал болох Б.Гнь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байна. Иймд талууд 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төлбөр барагдуулах хэлцэл байгуулаж, худалдан авагч нь гэрээний үнийг хэсэгчлэн төлөх үүрэг хүлээж, 2015 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 50 тн цемент буюу 7 000 000 төгрөг төлөх, 2015 оны 8 дугаар сарын 03-наас хойшх сар бүрийн 3-нд 500 000 төгрөгийг 20 сарын хугацаанд төлж барагдуулах, мөн төлбөл зохих хүүгийн хэмжээг 2 000 000 төгрөгөөр тооцон нийт 22 000 000 төгрөг төлөхөөр тохиролцжээ. Энэ нь зохигчийн хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүргийн харилцаа үүссэн гэж үзнэ.

 

Хариуцагч Б.Гнь 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 5 100 000 төгрөгийн үнэ бүхий цементийг нэхэмжлэгч Г.Тнийлүүлсэн болох нь хэрэгт авагдсан зарлагын падаан болон зохигчийн тайлбараар тогтоогдсон. Мөн хариуцагч 2015 оны 8 дугаар сард гэрээни үүрэгт 1 000 000 төгрөг төлсөн талаар зохигч маргаагүй. Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн татгалзлаа нотлоогүй байна. Иймд худалдах, худалдан авах гэрээний үүрэг 22 000 000 төгрөгөөс төлсөн 6 100 000 төгрөгийг хасаж, үлдэх 15 900 000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй тул шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг төлбөр барагдуулах гэрээний дагуу төлбөр төлөөгүйн улмаас “Хаан банк” ХХК-аас 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 26 000 000 төгрөгийн зээл авч хүүд 6 509 438 төгрөг төлж хохирсон гэж хариуцагчаас уг мөнгөн хөрөнгийг шаардсан боловч Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хохирол гаргуулах тухай шаардлагыг хангах үндэслэлгүй талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/01887 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 237 450 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.ЭНХТӨР

 

                                        ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                               Д.БАЙГАЛМАА