Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 132/ШШ2024/00443

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          ******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: ******* аймаг, Хангал сум,*******, Найрамдал 1 дүгээр гудамж, 101 тоотод оршин суух, Цэрэн-Очирын Энхзулын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: ******* аймгийн тойргийн нотариатч П.Золжаргалд холбогдох,

 Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Б.Баярцэцэгт олгосон 0097 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, уг гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийн Ц.Энхзулд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай 132/2023/00389/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд:

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвсүрэн

         Хариуцагчийн өмгөөлөгч М.Даваасүрэн

         Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Баярцэцэг

         Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Мөнхзул,

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл нар оролцов.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч ******* аймгийн тойргийн нотариатч П.Золжаргалд холбогдуулан 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Б.Баярцэцэгт олгосон 0097 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл болонн дугаарртай өвлөх эрхийн гэрчилгээний Ц.Энхзулд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Б.Баярцэцэг нь Ц.Энхзулын эзэмшиж байгаа*******ы Найрамдал 101 дүгээр байр 1 тоот орон сууцны өвлөгчөөр 2019 оны 11 сарын 29-ний өдөр 08 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ-г хууль бусаар олж авч улмаар түүнийгээ үндэслэн ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр, мөн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дээр дурдсан орон сууцны өмчлөгчийн Ү-0411000325 тоот гэрчилгээ авсан байдаг. Энэ асуудлаар Б. Баярцэцэг, Ц.Энхзул нарын хооронд маргаан үүсэж, ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 09 тоот шийдвэрээр түүнд өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагааг хууль бусад тооцож, Б.Баярцэцэгт олгосон Ү-0411000325 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний 420 тоот магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Мөн Б. Баярцэцэгийн нэхэмжлэлтэй маргаан бүхий*******ы Найрамдал гудамж 101 дүгээр байр 1 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, Ц.Энхзулаас байрыг албадан чөлөөлүүлэх, мөн өвлөх эрхээ алдсан болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэг ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 107 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагууд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэгдэж, талууд давж заалдах гомдол гаргаснаар ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 00012 дугаартай магадлалаар эцэслэн шийдвэрлэгдсэн.

Эдгээр хэргийн явцад МНТ-ын ******* салбарын дарга, нотариатч П.Золжаргал нотариатын бүртгэлийн талаар 2021 оны 05 дугаар сарын 24-нд 21/03 тоотоор захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тайлбар ирүүлж байсан. Өөрөөр хэлбэл маргаантай харилцааны талаар мэдэж байсан.

Гэтэл ******* аймгийн тойргийн нотариатч П.Золжаргал Б.Баярцэцэгийн үндэслэлгүй хүсэлтийг хүлээн авч шүүхийн маргаан дуусаагүй байхад 2022 оны 03 дугаар сарын 28-нд*******ы давхар байр 5-р байрны 1-р орц /амбааргүй/ байрлалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Бат-Эрдэнийн Баярцэцэгт өвлүүлэхээр тоот Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль бус болжээ. Үүнд:

    1.Б.Баярцэцэгийн өвлөх эрх авахаар хүсэж байгаа орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага шүүхээр хэрэгсэхгүй болгосон өвлүүлэгч А.Баярцэцэг нь 1999 онд нас барсан, уг орон сууцны өмчлөгчийн эрх олж аваагүй байсан талаар шүүхийн дүгнэлт байсаар байхад өмчлөх эрх, хөрөнгийг өвлүүлсэн.

         2.Иргэний хуулийн ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-д заасан зохицуулалтыг анхаараагүй, хянаж үзээгүй зэргээр Нотариатын тухай хуулийн 3.1.1 Хууль дээдлэх зарчим, 21.2.5 Нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн зөв эсэхийг хянаж нягтлах нотариатчийн үүрэг, 21.3.3 Нотариатын үйлдэл хийж болохгүй нөхцөл байдлыг нуун дарагдуулж нотариатын үйлдэл хийх хориглолтыг зөрчиж өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.

Б.Баярцэцэг нь үндэслэлгүй, хууль зөрчсөн баримт бичиг бүхий хүсэлт гарган, нотариатч П.Золжаргал хууль зөрчин тоот өвлөх эрхийн гэрчилгээг олгосныг үндэслэн одоо*******ы Найрамдал 1 дүгээр гудамж 101-р байр 1 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож Ц.Энхзулаас байрыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд дахин гаргасан байна.

Нотариатын хууль зөрчсөн үйлдэл, түүний үндсэн дээр олгосон өвлөх эрхийн гэрчилгээ нь иргэн Ц.Энхзул миний орон байрны эрхийг ноцтойгоор хөндөж байгаа учир ******* аймгийн тойргийн нотариатч П.Золжаргалын 2022 оны 03 дугаар сарын 28-нд Б.Баярцэцэгт 0097 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл болон тоот гэрчилгээний Ц.Энхзулд холбогдох хэсгийг хүчингүй болгоно уу гэв.

         2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* аймгийн тойргийн нотариатч П.Золжаргал миний бие 2022 оны 03-р сарын 28-ны өдрийн 0097 тоот өвлөх эрхийн гэрчилгээг Нотариатын тухай хууль болон холбогдох хууль зүйн актын дагуу өвлүүлэгч Алгаагийн Баясаааясгалан/-ийн өвлөгдөх хөрөнгийг хууль ёсны өвлөгч Бат-Эрдэнийн Баярцэцэгт олгосон болно. Үүнд:

         Өвлүүлэгч нас барах хүртэл нь хэн хэнтэйгээ хамт амьдарч байсан тухай ******* аймаг Хангал сумын 4 дүгээр багийн засаг дарга Д.Гантулгын олгосон 2022/03/28-ны өдрийн тодорхойлолтоор Б.Баярцэцэг нь хамт амьдарч байсан нь нотлогдож байна.

          Нотариатын тухай хуулийн 43.2.3-т зааснаар ...өмч болохыг нотлох баримтанд Б.Баярцэцэг нь 1991оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдааны протокол болон дуудлага худалдаанд орсон байруудын судалгаа, байр худалдан авсан иргэдийн нэрийн жагсаалт, ягаан тасалбар хүлээн авсан акт, хавсралтад орсон байруудын материал-ыг Орхон аймгийн ЗДТГ-н хууль эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хуулбар үнэн тамга тэмдгийн дардастай авч ирсэн болно.

    Өвлүүлэгч А.Баясгалангийн хууль ёсны өвлөгч болох нөхөр Д.Бат-Эрдэнэ нь 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдөр нас барсан тухай 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 21110701000101 тоот УБЕГ-ын нас барсаны бүртгэлийн лавлагаа, хууль ёсны өвлөгч болох Б.Баттүвшин, Б.Түвшинбаяр нар нь өөрт ногдох хэсгийг өвлөхөөс татгалзан Б.Баярцэцэгт өвлүүлэх тухай өвлөхөөс татгалзах хүсэлт, өвлөгч Бат-Эрдэнийн Баярцэцэгийн Өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн тухай хүсэлт, А.Баясгалангийн 1999 оны 12 дүгээр сарын 29-ны өдөр нас барсан тухай иргэний бүртгэлийн 2111070100010 тоот УБЕГ-ийн нас барсны бүртгэлийн лавлагаа, А.Баясгалан, Д.Бат-Эрдэнэ нарын 1982 оны 06 дугаар сарын 24-ны өдөр гэрлэсэн тухай 21110701000103 тоот УБЕГ-ийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Б.Баярцэцэг нь нас барагчийн төрсөн охин нь мөн болохыг нотолсон 21110701000100 тоот УБЕГ-ын төрсний бүртгэлийн лавлагаа, А.Баясаагийн хэдэн хүүхэд төрүүлж байсан эсэх лавлагаа, Монголын нотариатын танхимын Өвийн нэгдсэн сангийн лавлагааны хариу зэргийг үндэслэн Б.Баярцэцэгт өвлөх эрхийн гэрчилгээ нээсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Энхзулын маргаж байгаа орон сууцыг 2017 онд Гантулгаас худалдаж авсан гэх боловч иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2, 111дүгээр зүйлд заасан заалтуудыг хангаагүй учир хүн амын орлогын албан татвар болон, улсын бүртгэлийн тухай хуулийн заалтуудыг зөрчсөн байна гэж үзэж байна. Өвлүүлэгч Баясгалан нь уг байрыг 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдаагаар бага хувьчлалын 34 ягаан тасалбараар худалдаж авсан болох нь Орхон аймгийн архиваас авсан дуудлага худалдааны холбогдолтой баримтуудаар нотлогдож байх тул *******ийн өмч болохыг тогтоон өв нээсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Ц.Энхзулын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох саналтай байна. 05, 01 гэсэн дугаарууд тухайн үеийн нотолгоо дотор зөрүүтэй бичигдэж явсан боловч сүүлдээ 01 тоот гэдэг нь тогтоогдсон гэв.

  3.Гуравдагч этгээд Б.Баярцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Энхзулын нэхэмжлэлтэй Монголын нотариатчидын танхимын ******* аймгийн тойргийн нотариатч П.Золжаргалд холбогдох иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Баярцэцэг болон түүний өмгөөлөгч Г.Мөнхзул ын зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Ц.Энхзул нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Баярцэцэг миний хувьд өвлөх эрхийн гэрчилгээг анх 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Иргэний хуулийн 520, 531 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн ******* аймгийн Хангал сумын 4-р багийн даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгч А.Сод-Эрдэнэ олгосон.

    Тухайн үед нотариатын үүрэг гүйцэтгэгч буюу Хангал сумын 4-р багийн даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгч А.Сод-Эрдэнэ нь Нотариатын тухай хуулийн 25.3-т Энэ хуулийн 16.2, 16.3-т заасан нотариатын үүрэг гүйцэтгэгч нь энэ хуулийн 25.1.4 (өвлөх эрхийн гэрчилгээ), 25.1.11, 25.1.12-т зааснаас бусад нотариатын үйлдлийг гэрчлэх эрхтэй байна гэсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр орсныг мэдээгүй байсан. Өөрөөр хэлбэл, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Нотариатын тухай хуулийн 25.3-т орсон нэмэлт өөрчлөлтөөр нотариатын үүрэг гүйцэтгэгч нь өвлөх эрхийн гэрчилгээг гэрчлэхгүй болсон байсан. Энэ талаар ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн  09 тоот шийдвэр, 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 420 тоот магадлал дээр маш тодорхой зааж өгсөн бөгөөд өв хүлээн авагч Б.Баярцэцэг нь нотариатын үүрэг гүйцэтгэгч бус харин ******* аймгийн тойргийн нотариатаар гэрчлүүлэх ёстой гэсэн шийдвэр гарсан юм.

    Тухайн нотариатын үүрэг гүйцэтгэгчийн Нотариатын тухай хуулийн өөрчлөлтийг мэдээгүй үйлдлээс болж одоог хүртэл миний бие өөрийн ээж ааваас өвлөж авсан хөрөнгийг хүлээн авч амьдарч, засан сайжруулж, захиран зарцуулж чадахгүй хохирч байгаа юм.

Өвлүүлэгч нас барах хүртэл нь хэн хэнтэйгээ хамт амьдарч байсан тухай ******* аймгийн Хангал сумын 4-р багийн Засаг дарга Д.Гантулгын олгосон 2022 оны 03 сарын 28-ны өдрийн тодорхойлолтоос Б.Баярцэцэг нь хамт амьдарч байсан нь нотлогдсон. Нотариатын тухай хуулийн 43.2.3- т өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг" гэж заасны дагуу өмч болох нотлох баримтад Б.Баярцэцэг нь 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдааны протокол болон дуудлага худалдаанд орсон байрнуудын судалгаа, байр худалдан авсан иргэдийн нэрийн жагсаалт, 34 ширхэг ягаан тасалбар хүлээн авсан акт, хавсралтад орсон байрнуудын материал зэргүүдийг Орхон аймгийн ЗДТГ-ын хууль эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хуулбар үнэн тамга тэмдгийн дардастай нотариатчид өгсөн болно.

   Өвлүүлэгч А.Баясаагийн хууль ёсны өвлөгч болох нөхөр Д.Бат-Эрдэнэ нь 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдөр нас барсан тухай 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2111070100010 тоот Улсын бүртгэлийн ерөнхий газрын нас барсны бүртгэлийн лавлагаа, хууль ёсны өвлөгч болох Б.Баттүвшин, Б.Түвшинбаяр нар нь өөрт ногдох хэсгийг өвлөхөөс татгалзаж Б.Баярцэцэгт өвлүүлэх тухай өвлөхөөс татгалзсан хүсэлт, өвлөгч Бат-Эрдэнийн Баярцэцэгийн өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн тухай хүсэлт, А.Баясаагийн нас барсны бүртгэлийн лавлагаа, А.Баясаа, Д.Бат- Эрдэнэ нарын 1982 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гэрлэсэн тухай гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Б.Баярцэцэг нь нас барагчийн төрсөн охин нь мөн болохыг нотолсон төрсний бүртгэлийн лавлагаа А.Баясаагийн хэдэн хүүхэд төрүүлж байсан эсэх лавлагаа, төрүүлсэн хүүхэд буюу Б.Түвшинхүү нь 1986 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр нас барсан тухай нас барсны бүртгэлийн лавлагаа 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №1390 тоот Монголын нотариатчидын танхимын өвийн нэгдсэн сангийн лавлагааны хариуг тус тус үндэслэн Иргэний хуулийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгч болох Б.Баярцэцэгт өвлөх эрхийн гэрчилгээг олгосон.

     Нэхэмжлэгч Ц.Энхзул нь 2021 оны 2 дугаар сард ******* аймаг дах захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, нотариатын үүрэг гүйцэтгэгч ******* аймгийн Хангал сумын 4-р багийн даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгч А.Сод- Эрдэнийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр олгосон №08 тоот Өвлөх эрхийн гэрчилгээг хүчин болгуулахаар хандсан бөгөөд тухай хэрэг ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 09 тоот шийдвэр, 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 420 тоот магадлалаар эцэслэн шийдвэрлэгдсэн. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Баярцэцэг миний бие тухай хэргийг эцэслэн шийдвэрлэгдсэнээс хойш 7 сар гаруйн дараа буюу 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Иргэний хууль, Нотариатын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн актуудыг үндэслэн ******* аймгийн тойргийн нотариатчаас тоот өвлөх эрхийн гэрчилгээг олж авсан болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангаж өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 132/ШШ2022/00107 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-ийн 9-14/

-******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 214/МА2022/00012 дугаартай магадлал /хх-ийн 15-19/

-Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 420 дугаартай магадлал /хх-ийн20-22/

-Нотариатч П.Золжаргалаас ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүргүүлсэн тайлбар, холбогдох нотлох баримтууд /хх-ийн 61-72/

-А.Баясгалангийн нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-ийн 24/

-Гэрч Г.Бат-Энхийн гэрчийн мэдүүлэг

-******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 9 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, бусад баримт

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хүсэлтээр:

-өвлөх эрхийн гэрчилгээ, бусад баримт /хх-ийн 39-51/-ыг,

-*******ийн бичгээр гаргаж өгсөн хүсэлт, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн талаар тодруулга бүрдүүлсэн байна.

Хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс хариу тайлбарыг бичгээр гаргасан.

ҮНДЭСЛЭХ нь:

         1.Шүүх Ц.Энхзулын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ц.Энхзул нь нотариатч П.Золжаргалд холбогдуулан 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Б.Баярцэцэгт олгосон 0097 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ-г хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотариатч П.Золжаргалын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Б.Баярцэцэгт  тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл болон тоот Өвлөх эрхийн гэрчилгээ-ний Ц.Энхзулд холбогдох /хуучин 5-р байрны 1-р орц 1 тоот, одоо*******ы Найрамдал 1-р гудамж 101-р байрны 1 тоот/ хэсгийг тус тус хүчингүй болгоно гэж өөрчилжээ.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

Нотариатын тухай хууль зөрчсөн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн нотариатын үйлдэл болон түүний үндсэн дээр олгосон өвлөх эрхийн 0097 дугаартай гэрчилгээний холбогдох хэсгийг хүчингүй болгуулна гэж,

Хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хуульд заасан шаардлага хангасан баримтуудыг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээг олгосон гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлсон.

  Талуудын маргааны зүйл нь нотариатын үйлдэл байх бөгөөд энэ нь хууль ёсны эсэх, бусдын эрх ашгийг зөрчсөн эсэхийг тогтоолгох тухай байна.

3.Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1.******* аймгийн тойргийн нотариатч П.Золжаргал нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хуучин хаягаар Хялганат тосгоны давхар байр 5-р байрны 1-р орц /амбааргүй/ хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгийн өвлөх эрхийг Б.Баярцэцэгт олгож, 0097 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ олгожээ. /хх-ийн 40 дүгээр хуудасны ар тал/

3.2 Б.Баярцэцэг нь өөрийн төрсөн эхийн нэр дээр*******ы давхар байр 1 дүгээр орц, 5 тоот хаягт байрлалтай /хуучин хаягаар/ үл хөдлөх хөрөнгийг өвлөх эрхийн гэрчилгээ олгуулахаар хүсэлт гаргасан байхад нотариатч П.Золжаргал нь өвлөх эрхийн гэрчилгээнд*******ы давхар байр 5 дугаар байрны 1-р орцны хэдэн тоотод байрлалтай хөрөнгийг өвлөх эрх олгосон талаар тодорхой нэрлэн заагаагүй байна./хх-ийн 40 дүгээр хуудасны ар тал/

4. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд хандах эрхийг тухайн нотариатч болон сонирхогч этгээдэд олгосон байдаг. Энд заасан сонирхогч этгээд гэдэг нь тухайн нотариатын үйлдлийн улмаас эрх ашиг нь шууд хөндөгдөж буй этгээдийг ойлгох бөгөөд нотариатч П.Золжаргалын Б.Баярцэцэгт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл нь нэхэмжлэгчийн эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг хөндөж байх тул нэхэмжлэгч Ц.Энхзулыг нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар сонирхогч этгээд гэж үзнэ.

5. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг, 43.2.4-т өвлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр, Нотариатын үйлдэх хийх зааврын 8.2.9-д өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг, 8.2.13-т өвлөгдөх хөрөнгөд өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон эсэх, өв хүлээн авах, өвлөх эрхийн гэрчилгээ олгох, өв хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргасан эсэх, гэрээслэл үйлдсэн эсэх, өв хөрөнгөтэй холбоотой маргаан байгаа эсэх талаарх Нотариатчдын танхимын өв, гэрээслэлийн нэгдсэн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтыг үндэслэж өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээ олгох талаар зохицуулсан байна.

5.1. Хариуцагч П.Золжаргал нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн Б.Баярцэцэгийн хүсэлт, түүний иргэний үнэмлэхний хуулбар, Д.Бат-Эрдэнэ, А.Баясаа нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Б.Баярцэцэгийн төрсний бүртгэлийн лавлагаа, А.Баясаа, Д.Бат-Эрдэнэ, Б.Түвшинхүү нарын нас барсны бүртгэлийн лавлагаа, А.Баясаагийн нэгдүгээр маягтын лавлагаа /төрүүлсэн хүүхдийн тоо/, өв хүлээн авахаас татгалзах тухай Б.Баттүвшин, Б.Түвшинбаяр нарын хүсэлт, ******* аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А.Баясаа нь тус суманд 1981-2000 онд албан ёсны бүртгэлтэй оршин сууж байсан талаарх тодорхойлолт,*******д 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдааны протокол, Хялганат хорооноос дуудлагын худалдаанд орсон байрнуудын судалгаа, Хялганат хорооноос хувьчлагдсан орон сууцыг худалдан авсан эздээс ягаан тасалбарыг хүлээн авсан актын нэгдсэн товчоо, Хавсралт №1-д орсон байрнуудын материал зэргийг үндэслэсэн болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. /хх-ийн 40-51/

6. Хариуцагч нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо дээр дурдсан Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх зааврын холбогдох заалтыг хэрэгжүүлээгүй болох нь дараах үйл баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч нь Б.Баярцэцэгт өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо өвлөгдөх эд хөрөнгө нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг, өв хөрөнгөтэй холбоотой маргаан байгаа эсэх талаарх баримтыг бүрэн гүйцэт шалгаагүй байна.Хариуцагч *******ийн хүсэлтийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, тухайн өдрөө дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ-г олгосон. Энэ үед маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө өвлүүлэгч А.Баясгаланд хуульд заасан журмаар үүсээгүй тул *******ийг өв хүлээн авах журмаар уг эд хөрөнгийн өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 107 дугаар шийдвэр гарсан, уг шийдвэрт зохигчид давж заалдах гомдол гаргаж, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны 00012 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

6.1.Маргааны зүйл болж буй*******ы Найрамдал 1 дүгээр гудамж 101 дүгээр байрны 1 тоотод байрлалтай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон улсын бүртгэлтэй холбоотой буюу ******* аймгийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдох Б.Баярцэцэгт ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр олгосон улсын бүртгэлийн Ү-411000325 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний 1 тоотод холбогдох хэсэг, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Ү-0411000325 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн захиргааны үйл ажиллагаа /захиргааны акт/-г хууль бус болохыг тогтоож, Б.Баярцэцэгт олгосон өмчлөх эрхийг хүчингүйд тооцуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт хариуцагч П.Золжаргал 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 2/03 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн. /хх-ийн 61/

6.2.Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 420 дугаартай магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 20-21/

Дээрхээс үзэхэд хариуцагч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгогдож буй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой асуудлаар сонирхогч этгээдийн зүгээс шүүх дээр маргаантай асуудал хэлэлцэгдэж байсан болохыг мэджээ.

6.3. Б.Баярцэцэгийн нэхэмжлэлтэй, Ц.Энхзулд холбогдох,*******ы Найрамдал 1 дүгээр гудамж 101 дүгээр байрны 1 тоот орон сууцны өмчлөгч нь Б.Баярцэцэг болохыг тогтоолгож, Ц.Энхзулыг уг орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шаардлага бүхий хэргийг ******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хянан шийдвэрлэж 107 дугаартай шийдвэрээр А.Баясаа нь Давхар байр №5 /I орц/ 1 тоотод байрлах орон сууцыг худалдан авахаар Хялганатын Ой модны үйлдвэр-ийн танхимд 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдаанд оролцсон боловч дуудлага худалдааны протоколд Худалдан авагчид 15 хоногийн дотор материалаа бүрдүүлсний дараа хөрөнгө эзэмших эрхийн гэрчилгээг олгохоор тогтов гэсний дагуу орон сууцыг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлж өмчлөх эрхээ үүсгээгүй.

Хялганат хорооноос дуудлагын худалдаанд орсон байрнуудын судалгаа-ны 33 дугаарт А.Баясгалангийн худалдан авсан гэх байрны 1-6 тоотод Гантулга,  Энхтөр, Энхтуяа, Батмөнх, Бат-Эрдэнэ, Мөнхтөр зэрэг айлууд оршин суудаг талаар тэмдэглэгдсэн тэмдэглэгээ, 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдаанд оролцсон үе, түүнээс хойш А.Баясгаланг нас барах хүртлэх буюу 1999 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл, нас барснаас хойш 2013 он хүртэл 101 дүгээр байрны 01 тоотод Гантулга гэх айл оршин сууж байсан, тухайн орон сууц нь А.Баясгалангийн эзэмшилд байгаагүй.

Шүүх хуралдаан дээр хариуцагч болон гуравдагч этгээдээс А.Баясгалан хувьчлалаар өмчлөгч болсон үүнийг хэрэгт өгсөн өмч хувьчлалын баримтууд нотолно, тухайн үед гэрчилгээ олгож байгаагүй гэж маргаж байгаа ч Хялганат хороонд 1991 оны 12 дугаар сарын 01 өдөр явагдсан дуудлага худалдааны баримтын Хавсралт №01д орсон байруудын материал гэсэн хүснэгтэн мэдээллийн 46-д А.Баясгалан бүртгэгдсэн байх бөгөөд хүснэгтийн гэрчилгээ гэсэн баганад дугаар бичигдээгүй, мөн хүснэгтийн 1-3, 8-42, 48 дэс дугааруудад бүртгэгдсэн эзэмшигчдэд гэрчилгээ гэсэн баганад дугаар бичигдсэн байгаа нь дээрх тайлбарыг няцааж байна./хх-ийн 114/

А.Баясгалан нь дуудлага худалдаанд оролцож худалдан авсан орон сууцаа эзэмших, ашиглах, хадгалан хамгаалах эрхээ хэрэгжүүлэхэд нь иргэн Гантулгын  хууль бус эзэмшил саад учруулж байна гэж үзвэл зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах замаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан боловч тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацааны дотор зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байна. Маргаан бүхий Давхар байр №5 /I орц/ 1 /хуучнаар/ тоотод байрлах орон сууцыг өмчлөх эрх А.Баясгаланд хуульд заасан журмын дагуу үүсээгүй тул нэхэмжлэгч Б.Баярцэцэгийг өв хүлээн авах замаар маргаан бүхий орон сууцны өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 9-14/

6.4. ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 12 дугаартай магадлалаар анхан шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. /хх-ийн 15-19/

6.5.Хэрэгт нотлох баримтаар авагдсан Захиргааны хэргийн болон Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрүүд, Давж заалдах шатны шүүхийн магадлалуудад Б.Баярцэцэг нь хяналтын журмаар гомдол гаргаагүй.

Өөрөөр хэлбэл*******ы Найрамдал 1 дүгээр гудамж 101 дүгээр байрны 1 тоотод байрлалтай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон улсын бүртгэлтэй холбоотой болон өмчлөх эрхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байна.

7. Нотариатч өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг, 43.2.4-т өвлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр, Нотариатын үйлдэх хийх зааврын 8.2.9-д өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг, 8.2.13-т ...өв хөрөнгөтэй холбоотой маргаан байгаа эсэх ...талаарх лавлагаа байгаа эсэхийг нягтлан шалгаж тодруулалгүйгээр өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн өргөдөлд хавсаргасан Хялганат тосгонд 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдааны протокол, Хялганат хорооноос дуудлагын худалдаанд орсон байрнуудын судалгаа, Хялганат хорооноос хувьчлагдсан орон сууцыг худалдан авсан эздээс ягаан тасалбарыг хүлээн авсан актын нэгдсэн товчоо, Хавсралт №1-д орсон байрнуудын материал, бусад баримтад үндэслэн Б.Баярцэцэгт 0097 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь буруу байна.

Учир нь нотариатч *******ийн хүсэл зоригийг тодруулж авалгүйгээр Улсын бүртгэлийн байгууллагын татгалзалд үндэслэн*******ы давхар байр 5-р байрны 1-р орц/амбааргүй/ хаягт байрлалтай... гэж өөрчилсөн нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хянаж нягтлах эрх, үүргээ хэрэгжүүлэлгүй, нотариатын үйлдэл хийж болохгүй маргаан бүхий хөрөнгөтэй холбоотой өвлөх эрхийн гэрчилгээ олгосон гэж дүгнэв.

Иймд нотариатч П.Золжаргалын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Б.Баярцэцэгт  тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл болон тоот Өвлөх эрхийн гэрчилгээ-ний Ц.Энхзулд холбогдох /хуучин 5-р байрны 1-р орц 1 тоот, одоо*******ы Найрамдал 1-р гудамж 101-р байрны 1 тоот/ хэсгийг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

9. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг Төрийн санд үлдээж, хариуцагчаас П.Золжаргалаас 140,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

         1. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2.3, 43.2.4-т заасныг баримтлан нотариатч П.Золжаргалын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Б.Баярцэцэгт 0097 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийн Ц.Энхзулд холбогдох хэсэг, дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээний Ц.Энхзулд холбогдох/хуучин хаяг: 5-р байрны 1-р орц 1 тоот, шинэчилсэн хаяг:*******ы Найрамдал 1-р гудамж 101-р байрны 1 тоот/ хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

        2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.