Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 104

 

Д.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00802/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  08 дугаар сарын 12-ны өдрийн 898 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Э-д холбогдох

"2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, Угалз, 2 дугаар гудамж 2 тоот хаягт байрлах 168м.кв талбай бүхий дэлгүүр, граш зэрэг үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах 531м.кв талбай бүхий газар болон “Т- Г-” ХХК-ийн 100 хувийн хувьцааг нэхэмжлэгч Д.Г-ын өмчлөл, эзэмшилд буцаан шилжүүлэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.А-, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.Г- миний бие эхнэр Д.Б-той 2001 онд гэр бүл болсноос хойш 3 хүүхдийн эцэг, эх болон амьдарч байна. Бид хоёр энэ хугацаанд бусдын л адил хувиараа хөдөлмөр эрхэлж ирсэн. Энэхүү хөдөлмөрийн үр дүнд Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, Угалз 2 дугаар гудамж, 2 тоот хаягт байрлах 531м.кв талбай бүхий газрын хууль ёсны эзэмшигч болсон. Улмаар тус газар дээрээ 2010 онд 168.8м.кв талбай бүхий хүнс, барааны дэлгүүр болон граш барьсан. Тус дэлгүүрийн үйл ажиллагаагаа тогтмол явуулахын тулд “Т- Г-” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Анх дэлгүүр, грашийн өмчлөгчөөр манай эхнэр Д.Б-, харин компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр миний бие бүртгэгдсэн. Гэтэл дэлгүүрийн хэвийн үйл ажиллагааг явуулахад банкнаас зээл авах, гэрээ байгуулах зэрэг асуудалд надаас гадна эхнэрийн зөвшөөрөл байнга шаардагдаж төвөгтэй байдал үүссэн тул эхнэр бид хоёр ярилцаж байгаад 2016 онд дэлгүүр, граш зэрэг үл хөдлөх хөрөнгийг миний нэр дээр шилжүүлсэн.

2019 онд манай том охин гэнэт өвдөж манай гэр бүлд мөнгөний хэрэг гарсан. Мөн манай эхнэр дэлгүүрийн үйл ажиллагаагаа өдөр шөнөгүй эрхэлж гэр бүлдээ тавих анхаарал багасаад байсан тул миний бие уурлаж энэ дэлгүүрийг зарчих юм бол бүх асуудал зүгээр болчих юм байна гэж бодсон. Гэтэл манай эхнэр дэлгүүр зарах гэж байгааг мэдээд надад уурласан. Энэ асуудлаас болоод миний бие эхнэртээ гар хүрч, улмаар 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр дэлгүүр, граш, газар, компанийн хувьцаа зэргээ бүгдийг нь Б.Э- гэдэг хүнд зарсан.

Гэхдээ дээрх хөрөнгөө шилжүүлэх гэрээ хийхдээ 2 өөр гэрээ хийсэн. Учир нь худалдан авсан Б.Э- хэлэхдээ Үл хөдлөх хөрөнгийн үнийн дүн бага байвал бага татвар төлдөг гэж ойлгуулсан. Тиймээс анх нотариатч Д.Г- дээр 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1530 дугаар үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1529 дугаар Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан. Тус гэрээгээр дээрх үл хөдлөх хөрөнгөө 140.000.000 төгрөгөөр худалдахаар гэрээний нөхцөлдөө тусгасан.

Харин дараа нь нотариатч Д.Б- дээр очиж 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 3251 дугаар үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 3250 дугаар Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 3252 дугаар Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулсан. Тус гэрээгээр татвар бага төлнө гэхээр нь үл хөдлөх хөрөнгөө 50.000.000 төгрөгөөр худалдсан болгож гэрээндээ тусгасан. Улмаар 50.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий 3251 дугаар үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 3250 дугаар газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон 3252 дугаар компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ зэргийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Өөрөөр хэлбэл 140.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг халхавчлах зорилгоор 50.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ дахин хийсэн.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10 дугаар зүйлд заасны дагуу Д.Г- болон Б.Э- нарын хооронд байгуулагдсан 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 3251 дугаар Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 3250 дугаар Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 3252 дугаар Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, Угалз 2 дугаар гудамж, 2 тоот хаягт байрлах 168м.кв талбай бүхий дэлгүүр, граш зэрэг үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах 531м.кв талбай бүхий газар болон “Т- Г-” ХХК-ийн 100 хувийн хувьцааг нэхэмжлэгч Д.Г-ын өмчлөл, эзэмшилд буцаан шилжүүлэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Э- нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодорхойлох үүрэг хүлээдэг. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх зарчмыг хангахын нэг үндэс нь дээр дурдсан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хамаардаг. Гэтэл нэхэмжлэгч нь шүүхэд маргаан бүхий эд хөрөнгүүдийг буцаан шилжүүлэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгах гэсэн шаардлагыг гаргасан байх бөгөөд уг хэрэгт хариуцагчаар Б.Э- татагдан оролцож байгаа, Улсын бүртгэлийн байгууллага хариуцагчаар татагдаагүй, магадгүй хариуцагчаар татагдах боломжгүй буюу энэ тохиолдолд иргэний шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарах эсэхэд эргэлзээ бий болох тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байгааг шүүхээс анхаарч үзнэ үү.

Нэхэмжлэгч Ц.Г- нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 3251 дугаар Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон мөн өдрийн 3250 дугаар Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ, 3252 дугаар Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагын үндэслэлээ гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байсан бөгөөд эхнэр дургүйцээд байхад би өөрөө дур мэдэн Б.Э-д зарсан, хөрөнгө шилжүүлэхдээ 2 өөр гэрээ хийсэн бөгөөд эхлээд талуудын тохиролцсон, хүсэл зоригийн хүрээнд 140.000.000 төгрөгөөр дараа нь өөр нотариат дээр очиж 50.000.000 төгрөгөөр худалдах нөхцөлтэй гэрээ байгуулснаараа 50.000.000 төгрөгийн хэлцэл нь халхавчлах зорилгоор хийсэн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тайлбарлажээ.

Гэтэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэж заасны дагуу Ц.Г-ын эхнэр болох Д.Б- мөн нь л дээр дурдсан үндэслэлээр буюу маргаан бүхий эд хөрөнгүүд нь Ц.Г-ын хуваарьт хөрөнгө биш, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байсан, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар 50.000.000 төгрөгийн хуурамч хэлцлээрээ маргаан бүхий эд хөрөнгүүдийн гэрчилгээнүүдийг гаргуулж авсан гэж дээр дурдсан 3 хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргасныг Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаж дээрх 3 хэлцлийг хуульд нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Эндээс үзвэл яг нэг асуудлаар 2 өөр үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй бөгөөд 2 дахь нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүй тохиолдолд 3 дахь нэхэмжлэлийг дахин өөр үндэслэлээр гаргах боломжтой гэж харагдахаар байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.6-т зааснаар гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь 2 шатны шүүх шийдвэрлээд хүчин төгөлдөр болсон гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна.

Д.Г- болон Б.Э- нарын хооронд хийгдсэн гурван хэлцэл нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 195 дугаар зүйлийн 195.1, 195.3, 196 дугаар зүйлийн 196.1.1-т заасантай нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл буюу талуудын сайн дурын хүсэл зоригийн үндсэн дээр харилцан тохиролцож хийгдсэн. Өөрөөр хэлбэл бидний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүсэж, талууд өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр дээрх гэрээг байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлсэн болно.

Ингээд миний хувьд хувийн бизнес эрхэлж, дэлгүүр ажиллуулах хүсэл сонирхолтой байсан бөгөөд тухайн дэлгүүрийн байршил бусад нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар Д.Г-, Д.Б- нартай харилцан тохиролцож 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж 140.000.000 төгрөгөөр Дархан-Уул аймаг Дархан сум 3 дугаар баг Угалз 2 дугаар гудамжны 2 тоот 168м.кв дэлгүүр, грашийн зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2003014491 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө болон 531м.кв үйлчилгээний зориулалттай 000556490 дугаар гэрчилгээтэй газрыг худалдан авсан бөгөөд Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн өгсний үндсэн дээр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан болно. Миний хувьд Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 183 дугаар зүйлийн 183.1-т заасны шударга өмчлөгч гэж үзэж байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудын хүрээнд Д.Г-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  08 дугаар сарын 12-ны өдрийн 898 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Г-ын хариуцагч Б.Э-д холбогдуулан гаргасан 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 3251 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, 3250 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 3252 дугаартай “Т- Г-” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, Угалз, 2 дугаар гудамж 2 тоот хаягт байрлах 168м.кв талбай бүхий дэлгүүр, граш зэрэг үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах 531м.кв талбай бүхий газар болон “Т- Г-” ХХК-ийн 100 хувийн хувьцааг нэхэмжлэгч Д.Г-ын өмчлөл, эзэмшилд буцаан шилжүүлэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478.150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б- давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 898 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Д.Г- би хариуцагч Б.Э-тай 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1530 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, 1529 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулж, дээрх үл хөдлөх эд хөрөнгөө 140.000.000 төгрөгөөр худалдсан. Үүний дараа тус өдөр өөр нотариатч дээр очин 3251 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, 3250 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, 3252 дугаартай “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-гээр дээрх эд хөрөнгүүдээ 50.000.000 төгрөгөөр худалдсан мэт гэрээ байгуулсан. Учир нь бага татвар төлдөг гэж хэлсний дагуу өмнөх 140.000.000 төгрөгөөр байгуулсан гэрээг халхавчлах зорилгоор 50.000.000 төгрөгөөр байгуулсан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Энэ үйлдэл нь өөрөө Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10-т заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдохоор байна.

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэлтэй шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбогдсон, энэ хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор эрх зүйн үндэслэл нь үгүйсгэгдэх хэлцлийг ойлгоно. Өөрөөр хэлбэл талууд худалдах худалдан авах хэлцлээс өөр хэлцэл хийгээгүй, уг хэлцлийн дагуу дээрх хөрөнгүүдийн өмчлөх эрх шилжиж улсын бүртгэлд бүртгэгдсэн байдал нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10-т заасан үндэслэлд хамаарахгүй гэж тайлбарласнаас өөр тайлбар хийгээгүй.

Өөрөөр хэлбэл шүүх уг маргааныг хянан шийдвэрлэхдээ талуудын дунд хийгдсэн хэлцэл нь хүчин төгөлдөр эсэх дээр дүгнэлт хийхээс урьтаж маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн эсэх талаар болон нэхэмжлэгч Д.Г- нь дээрх эд хөрөнгүүдийг бие даан захиран зарцуулах эрхтэй байсан эсэх дээр дүгнэлт хийх ёстой байсан боловч энэ талаар анхан шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй.

Гэр бүлийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-т “Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна. 128.2-т гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна”, 128.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж заасны дагуу Б.Э-тай хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр байх тул Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Г- нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 3251 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, 3250 тоот “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, 3252 тоот “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, Угалз, 2 дугаар гудамж 2 тоот хаягт байрлах 168м.кв талбай бүхий дэлгүүр, граш зэрэг үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах 531м.кв талбай бүхий газар болон “Т- Г-” ХХК-ийн 100 хувийн хувьцааг нэхэмжлэгч Д.Г-ын өмчлөлд буцаан шилжүүлэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч талаас эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл зохигч талууд харилцан тохиролцож 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1530 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах”, 1529 тоот “Газар эзэмших эрхээ үнэ төлбөргүй шилжүүлэх”, “Компанийн хувьцаа худалдах худалдан авах” гэрээнүүдийг байгуулан Д.Г-ын эзэмшлийн 168м.кв талбай бүхий дэлгүүр, граш зэрэг үл хөдлөх хөрөнгө, 531м.кв талбай бүхий газар, “Т- Г-” ХХК-ийн 100 хувийн хувьцаа зэргийг нийт 140.000.000 төгрөгөөр Б.Э-д худалдсан байна.

Мөн өдрөө дахин үл хөдлөх эд хөрөнгө, компанийн хувьцаа зэргийг нийт 50.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах, газар эзэмших эрхийг үнэ төлбөргүй шилжүүлэх 3250, 3251, 3252 тоот гэрээнүүдийг байгуулан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн болон иргэний газар эзэмших эрх, “Т- Г-” компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг хариуцагч Б.Э-ын нэр дээр шилжүүлэн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Дээрх 3250, 3251, 3252 тоот гэрээнүүдийг талууд үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татвар бага төлөх зорилготой байгуулсан гэж зохигчид тайлбарладаг ба энэ талаар талууд маргаагүй байна.

Анхан шатны шүүх газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдээр тохиролцсон талуудын тохиролцоо ижил, харин үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдээр анх тохиролцсон тохиролцоо нь улсад татвар бага төлөх зорилгоор 50.000.000 төгрөгөөр худалдсан гэж гэрээ байгуулсан гэдэг нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, талууд худалдах, худалдан авах хэлцлээс өөр хэлцэл хийгээгүй, уг гэрээ хэлцлийн дагуу эд хөрөнгүүдийн өмчлөх эрх шилжсэн, гэрээний үнийн дүн зөрүүтэй нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б- “...хариуцагчтай үнийн дүн зөрүүтэй хоёр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдоно, шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт талууд худалдах худалдан авах хэлцлээс өөр хэлцэл хийгээгүй, гэхээс өөр тайлбар хийгээгүй, маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн эсэх, Д.Г- ганцаараа бие даан захиран зарцуулах эрхтэй талаар дүгнээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэж давж заалдах гомдол гаргасан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэдэг нь талууд гэрээний эрх, үүргийг хүлээх хүсэл зорилгогүй, цаашид хууль зүйн ямар нэгэн үр дагавар гаргахыг хүсдэггүй зөвхөн хэлцлийн гадаад илэрхийллийг бий болгохыг урьтал болгодог шинжтэй байдаг.

Өөрөөр хэлбэл ямарваа хууль зүйн үр дагавар үүсгэхгүйн тулд өөр агуулгатай хэлцлийг өөр агуулгатай хэлцлээр халхавчлах зорилгоор хийсэн хэлцлийг ойлгох бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Талууд 3251 тоот гэрээг байгуулж улсад үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татвар бага төлөх хүсэл зорилгодоо хүрч хэрэгжүүлжээ.

Иймд талууд анхнаасаа хэлцлийн зорилгыг ухамсарлаж байсан, хэлцэл хийснээр тодорхой эрх зүйн үр дагавар бий болсон байх тул дээрх “үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл”-д хамааруулан, улмаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох хууль зүйн үндэслэлгүй юм.

Түүнчлэн талуудын маргааны зүйл болсон хөрөнгүүдийг нэхэмжлэгч Д.Г-ын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө эсэх, түүнийг дангаараа бие даан захиран зарцуулах эрхтэй этгээд мөн эсэх талаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 101 тоот шийдвэр болон мөн аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 27 дугаар магадлалаар шийдвэрлэж, уг шийдвэрүүд нь хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу шүүхээс дахин нотлох шаардлагагүй болно.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хуулийн хэрэглэвэл зохих зүйл хэсгийг маргааны зүйлд нь оновчтой, зөв хэрэглээгүй байх тул энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  08 дугаар сарын 12-ны өдрийн 898 дугаар шийдвэрийн “ТОГТООХ нь” хэсгийн 1 дэх заалтад “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Г-ын хариуцагч Б.Э-д холбогдуулан гаргасан 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 3251 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”, 3250 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, 3252 дугаартай “Т- Г-” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-нүүдийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Дархан-Уул аймаг, Дархан сум 3 дугаар баг, Угалз 2 дугаар гудамж, 2 тоот хаягт байрлах 168м.кв талбай бүхий дэлгүүр, гарааш, зэрэг үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах 531м.кв талбай бүхий газар болон “Т- Г-” ХХК-ийн 100 хувийн хувьцааг нэхэмжлэгч Д.Г-ын өмчлөл, эзэмшилд буцаан шилжүүлэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг

 “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.38, 56.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Г-ын хариуцагч Б.Э-д холбогдуулан гаргасан 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 3251 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”, 3250 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, 3252 дугаартай “Т- Г-” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-нүүдийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Дархан-Уул аймаг, Дархан сум 3 дугаар баг, Угалз 2 дугаар гудамж, 2 тоот хаягт байрлах 168м.кв талбай бүхий дэлгүүр, граш, зэрэг үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах 531м.кв талбай бүхий газар болон “Т- Г-” ХХК-ийн 100 хувийн хувьцааг нэхэмжлэгч Д.Г-ын өмчлөл, эзэмшилд буцаан шилжүүлэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478.150 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7-д зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                          

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   О.НАРАНГЭРЭЛ

                                                       ШҮҮГЧИД                                   Л.АМАРСАНАА

                                                                                                           М.МӨНХДАВАА