Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 897

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/00802/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... тоотод оршин суух, /утас .../, ... регистрийн дугаартай, ... овогт Ж.Д-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... байрны ... тоотод оршин  суух, /утас ..., ... регистрийн дугаартай, ...овогт Б.М-д холбогдох

 

1 300 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Ж.Д Номингийн 9 давхарын 13 тоот байрыг Б.М-тай бичгийн гэрээ байгуулан жилийн хугацаатай суухаар 1 300 000 төгрөгийг өгч уг байранд 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр орсон болно. Гэтэл Б.М нь өөрийн өмчийн бус эзэнгүй байрыг би уг байрны итгэмжлэгдсэн төлөөлөгч хэмээн худал хэлж миний мөнгийг авсан. Уг байр нь хувь хүний өмч бишээр зогсохгүй Монгол улсын ч өмч бус байр юм. Оршин суугчид нь ямар ч түрээс төлөхгүй хэрэглээгээ төлж амьдардаг болно. Б.М нь тус байрны 29 тоотод оршин суух Д.С гэгчтэй хуйвалдан миний мөнгийг аваад зогсохгүй хэд хэдэн хүнийг миний адил хохироосон талаар оршин суугчид нь гэрчилнэ. Б.М, Д.С нар нь мөнгийг маань авчхаад хөхөө өвлөөр хөөж тууж, тог, ус тасалж янз бүрээр дарамталсаар өнөөдрийг хүрсэн. Би эрхэлсэн тодорхой ажилгүй, хөгшин аав, хоёр хүүхдийн хамтаар өрх толгойлон амьдардаг. Уг хоёр эмэгтэйд аавынхаа тэтгэврийн зээлийг авч өгсөн. Одоо ч зээл дуусаагүй хэцүүхэн амьдарч явна. Тиймээс миний хүнд нөхцөлийг ойлгон харгалзан үзэж намайг хохиролгүй болгож өгнө үү. Би уг байранд орохдоо 1 жилийн хугацаатай гэрээ хийсэн. Гэрээний хугацаа дууссан боловч би одоо амьдарч байгаа. Цаашид үргэлжлүүлэн амьдрах хүсэлтэй байгаа бөгөөд намайг гарахыг шаардаж байгаа. Энэ эзэнгүй байрыг бусдад түрээслэх эрхгүй, эзэмшигч биш хүмүүс түрээсэлж мөнгө олж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, намайг залилж мөнгө авсан гэв.

 

Хариуцагч Б.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Ж.Д-ийн нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ж.Д нь ... сумын ... багийн ... байрны ... тоот ...өрөөг /Ж.У-ийн эзэшмлийн/ 1 жилийн хугацаатай 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл өөрөө зөвшөөрөл /хөлслөх/ авч өгөөч гэж гуйж байгаад сар 108 000 төгрөгөөр байранд суухдаа хөлс төлөх санааг өөрөө гаргаж Б.М-д хэлээд зөвшөөрөл авч уг байранд суухаар болсон юм. Ж.Д нь байранд сууж байхдаа хэрэглээний хөлс төлөхдөө цаг хугацаандаа төлдөггүй байсан. Байрны хурал хийж цаг тухайд нь хэрэглээний хөлсөө төлдөггүй бусад айлуудыг хохироож байгаа айлын гэрлийг хязгаарлаж хөлсийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Ж.Д-д шаардлага тавихад уурлан хэрүүл маргаан үүсгэж зохисгүй авир гаргадаг. Та нар гэрэл тавь би мөнгийг нь өгнө би ухаан алдаж унадаг, үхвэл та нар миний амь насыг хариуцна гэж айлд орж амгалан тайван байдал алдагдуулан хэрүүл хийдэг. Бид тухайн үед нь цагдаа дуудаж байсан. Байранд суух хугацаа дуусгавар болох хугацаа болж байгаа тул цаашид үнэгүй суух зорилготой байна. Ж.Д өвөл байрандаа хүн суулган мөнгө авсан. Энэ байранд айлын хаалга эвдэж орсон хэсэг бүлэг хүмүүс байдаг. Ийм учраас манай байрны эзэмшигч хүмүүс байраа алдахгүйн тулд түр айл суулгадаг нь нууц биш. Цаашид Ж.Д-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Д нь хариуцагч Б.М-д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний дагуу төлбөрт шилжүүлсэн 1 300 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байгаа болно.

 

Нэхэмжлэгч Ж.Д нь хариуцагч Б.М-тай харилцан тохиролцож ... сумын ... багт байрлах ... байрны ... тоотыг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатайгаар, 1 жилийн хугацаанд 1 300 000 төгрөгөөр тохирч орон сууц хөлслүүлэх гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурж баримт үйлдсэн байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн байна.

 

Зохигч талууд нь гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож баримт үйлдэн, эд хөрөнгийг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлсэн талаар маргаагүй тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар талуудын хооронд гэрээ байгуулсанд тооцно.

 

Талуудын хооронд байгуулсан орон сууц хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч нэхэмжлэгч нь орон сууцыг өөрийн эзэмшилд байлгаж, одоог хүртэл амьдарч байгаа үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ж.Д нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага тодруулж гаргасан тайлбартаа .... давхар байр нь эзэнгүй өмч, хэн дуртай нь дайрч ороод хаалгыг нь эвдэж орж суудаг, би амьдарч байхдаа энэ бүхнийг мэдсэн. Байрыг хөлслөх эрхгүй этгээд болох Б.М, Д.С нар надад хөлслүүлж хууль бусаар мөнгө олж байгаа тул орон сууцны төлбөрт шилжүүлсэн 1 300 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шүүхэд хандсан гэжээ.

 

Иргэний хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д Хөлслөн авсан орон сууцыг бүхэлд нь буюу түүний хэсгийг хөлслөгчид хугацаанд нь шилжүүлээгүйгээс уг гэрээ түүнд ашиггүй болсон, эсхүл хөлслөгч хожим нь уг орон сууцыг ашиглах эрхгүй болсон бол энэ хуулийн 294.3-т заасан хугацааг үл харгалзан хөлслөгч гэрээг цуцлах эрхтэй, мөн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3-т Гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацаанд гэрээ цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно гэжээ.

 

Нэхэмжлэгчийн эзэмших эрхгүй этгээдтэй гэрээ байгуулсан гэсэн үндэслэл нь орон сууц хөлслөх гэрээнээс татгалзах үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний хугацаанд дээрх хуульд зааснаар орон сууц хөлслөх гэрээнээс татгалзах эрхтэй байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй гэрээний хугацаа дуусаж, талуудын хооронд байгуулагдсан гэрээ бүрэн биелэгдсэн байна

 

Иймд нэхэмжлэгч Ж.Д-ийн хариуцагч Б.М-д холбогдуулан гаргасан орон сууц хөлслөх гэрээний дагуу төлбөрт шилжүүлсэн 1 300 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбар, түүний хамт Орон сууцны байрыг түрээслэх тухай 2003 оны 6 дугаар сарын 02-ны гэрээ, Ж.У-с Б.М-д олгосон итгэмжлэлийн хуулбар, Хан-Уул дүүргийн шүүхэд гаргасан тайлбар ирүүлсэн боловч эдгээр баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байх бөгөөд орон сууц хөлслөх гэрээ нь тухайн маргаанд хамааралгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Хариуцагч Б.М нь шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр Д.С-д олгосон байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар Ж.Д-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.М-д холбогдох орон сууц хөлслөх гэрээний дагуу төлбөрт шилжүүлсэн 1 300 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35 750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учиртайг мэдэгдсүгэй.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.АЛТАНТУЯА