Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 105

 

Ж.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00802/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  08 дугаар сарын 12-ны өдрийн 897 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ж.Д-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.М-д холбогдох

"1.300.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Д-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Ж.Д- Номингийн 9 давхрын 13 тоот байрыг Б.М-тай бичгийн гэрээ байгуулан жилийн хугацаатай суухаар 1.300.000 төгрөгийг өгч уг байранд 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр орсон болно. Гэтэл Б.М- нь өөрийн өмчийн бус эзэнгүй байрыг би уг байрны итгэмжлэгдсэн төлөөлөгч хэмээн худал хэлж миний мөнгийг авсан. Уг байр нь хувь хүний өмч бишээр зогсохгүй Монгол улсын ч өмч бус байр юм. Оршин суугчид нь ямар ч түрээс төлөхгүй хэрэглээгээ төлж амьдардаг болно. Б.М- нь тус байрны 29 тоотод оршин суух Д.С- гэгчтэй хуйвалдан миний мөнгийг аваад зогсохгүй хэд хэдэн хүнийг миний адил хохироосон талаар оршин суугчид нь гэрчилнэ. Б.М-, Д.С- нар нь мөнгийг маань авчхаад хөхөө өвлөөр хөөж тууж, тог, ус тасалж янз бүрээр дарамталсаар өнөөдрийг хүрсэн. Би эрхэлсэн тодорхой ажилгүй, хөгшин аав, хоёр хүүхдийн хамтаар өрх толгойлон амьдардаг. Уг хоёр эмэгтэйд аавынхаа тэтгэврийн зээлийг авч өгсөн. Одоо ч зээл дуусаагүй хэцүүхэн амьдарч явна. Тиймээс миний хүнд нөхцөлийг ойлгон харгалзан үзэж намайг хохиролгүй болгож өгнө үү. Би уг байранд орохдоо 1 жилийн хугацаатай гэрээ хийсэн. Гэрээний хугацаа дууссан боловч би одоо амьдарч байгаа. Цаашид үргэлжлүүлэн амьдрах хүсэлтэй байгаа бөгөөд намайг гарахыг шаардаж байгаа. Энэ эзэнгүй байрыг бусдад түрээслэх эрхгүй, эзэмшигч биш хүмүүс түрээсэлж мөнгө олж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, намайг залилж мөнгө авсан гэжээ.

Хариуцагч Б.М-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С- нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Ж.Д-гийн нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ж.Д- нь Дархан сумын 16-р багийн Номингийн 9 давхар байрны 13 тоот 2 өрөөг /Ж.У-ийн эзэмшлийн / 1 жилийн хугацаатай 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл өөрөө зөвшөөрөл /хөлслөх/ авч өгөөч гэж гуйж байгаад сард 108.000 төгрөгөөр байранд суухдаа хөлс төлөх санааг өөрөө гаргаж Б.М-д хэлээд зөвшөөрөл авч уг байранд суухаар болсон юм. Ж.Д- нь байранд сууж байхдаа хэрэглээний хөлс төлөхдөө цаг хугацаандаа төлдөггүй байсан. Байрны хурал хийж цаг тухайд нь хэрэглээний хөлсөө төлдөггүй бусад айлуудыг хохироож байгаа айлын гэрлийг хязгаарлаж хөлсийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Ж.Д-д шаардлага тавихад уурлан хэрүүл маргаан үүсгэж зохисгүй авир гаргадаг. Та нар гэрэл тавь би мөнгийг нь өгнө би ухаан алдаж унадаг, үхвэл та нар миний амь насыг хариуцна гэж айлд орж амгалан тайван байдал алдагдуулан хэрүүл хийдэг. Бид тухайн үед нь цагдаа дуудаж байсан. Байранд суух хугацаа дуусгавар болох хугацаа болж байгаа тул цаашид үнэгүй суух зорилготой байна. Ж.Д- өвөл байрандаа хүн суулган мөнгө авсан. Энэ байранд айлын хаалга эвдэж орсон хэсэг бүлэг хүмүүс байдаг. Ийм учраас манай байрны эзэмшигч хүмүүс байраа алдахгүйн тулд түр айл суулгадаг нь нууц биш. Цаашид Ж.Д-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  08 дугаар сарын 12-ны өдрийн 897 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар Ж.Д-гийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.М-д холбогдох орон сууц хөлслөх гэрээний дагуу төлбөрт шилжүүлсэн 1.300.000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35.750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа давж заалдсан гомдолдоо:

            Нэхэмжлэгч Ж.Д-гийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд Номингийн 9 давхар орон сууц хувь хүний өмч бишээр зогсохгүй Монгол улсын өмч ч бус эзэнгүй байрыг М- уг байрны итгэмжлэгдсэн төлөөлөгч хэмээн надад итгүүлж миний мөнгийг авсан байна. Иймд би ч гэсэн орон сууцны төлбөрт төлсөн 1.300.000 төгрөгийг түүнээс буцаан гаргуулна гэсэн шаардлагыг шүүхэд гаргасан байна. Хариуцагч тус шаардлагыг үгүйсгэж тайлбарласан байдаг боловч тодорхой баримтаар үгүйсгэж чадаагүй, энэ талаар нотлох баримтын шаардлага хангасан баримт хэрэгт гаргаж өгөөгүй байна.

Өөрөөр хэлбэл: Нэхэмжлэгч Ж.Д-гийн орон сууцанд төлсөн хөлсийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр байна гэсэнтэй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг буруутгах үндэслэлгүй талуудын хооронд байгуулагдсан хэлцэл хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус хэлцэл байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д зааснаар талуудын хооронд гэрээ байгуулсанд тооцож орон сууцны төлбөрт шилжүүлсэн 1 300 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шүүхэд хандсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь бодит байдал дээр хэний өмчлөлийн орон сууц болохыг шалгаагүй хэнийх болох нь тодорхойгүй байрыг хоёр хүн хоорондоо тохиролцож хөлслүүлж мөнгө өгч авалцсан гэдгээр хандан дүгнэлт хийсэн нь буруу гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Ж.Д- хариуцагч М- нарын хооронд байгуулсан орон сууц хөлслөх хэлцэл хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бусад тооцогдохоор байх тул нэхэмжлэгч Ж.Д-гийн орон сууцны үнэд төлсөн 1 300 000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагыг хангаж, анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С- давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С- миний бие нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тус шүүхэд гаргасан гомдолтой танилцаад доорх тайлбарыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримт үйл баримтад зөв дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна гэж би үзэж байгаа.

Ж.Д- нь хүний байранд 1 жилийн хугацаанд түр сууя гэж гуйж орчхоод адаг сүүлд нь байр хөлсөлсөн мөнгөө нэхэмжлээд шүүхэд хандаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тус шүүхэд гаргасан гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн 897 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв болжээ. 

Харин хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, талуудын маргааны үндэслэлд эрх зүйн дүгнэлтийг бүрэн гүйцэд хийж, Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтөж, магадлалд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Эд хөрөнгийн эрхийн талаар:

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл зохигчид Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багт байрлах “Номин”-гийн гэх байрны 9 дүгээр давхрын 13 тоот 2 өрөө орон сууцыг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нэг сарын 108.000 төгрөгийг төлбөртэйгөөр буюу нийт 1.300.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасны дагуу “Орон сууц хөлслөх гэрээ”-ний харилцаа үүссэн бөгөөд талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлжээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээ нь хуульд нийцсэн талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж чадсан байх тул шүүх хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1-т зааснаар хөлслүүлэгч нь гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг хөлслөгчид шилжүүлэх үүрэгтэй.

Талууд эд хөрөнгийн биет байдлын тал дээр маргадаггүй бөгөөд нэхэмжлэгч нь одоог хүртэл тухайн орон сууцанд амьдарч байгаа нь хэрэгт авагдсан талуудын тайлбараар тогтоогддог. 

Зохигчид хэргийн үйл баримтыг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх нь иргэний эрх зүйн зарчим бөгөөд ийнхүү мэтгэлцэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй, туршилт, үзлэг  хийлгэх, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авхуулах тохиолдолд шүүхэд хүсэлтээ гаргаж нотлох баримтыг цуглуулах эрхтэй байдаг.

Гэтэл нэхэмжлэгч Ж.Д-гээс хариуцагч Б.М-г уг орон сууцыг бусдад хөлслүүлэх эрхгүй хэмээн эд хөрөнгийн эрхийн доголдлын талаар маргаж, түрээсийн хөлсөнд төлсөн 1.300.000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаарддаг боловч ч энэ талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6-д заасан үүргийнхээ дагуу баримтаар нотолж чадаагүй байна.

Хөлслөгчийн хөлслөн авсан эд хөрөнгийн талаар гуравдагч этгээд ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй байвал тухайн эд хөрөнгийг Иргэний хуулийн 290 дүгээр зүйлийн 290.3-т зааснаар “эрхийн доголдолгүй” гэж үздэг.

Иймд нэхэмжлэгч Ж.Д- нь энэ талаар шүүхэд шаардлага гаргах эрхгүй этгээд байх бөгөөд дээрх эд хөрөнгийн талаар түүний хуульд заасан эрх нь зөрчигдсөн гэж үзэх хууль зүйн боломжгүй.

2. Хууль хэрэглээний хувьд:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Б.М- нь өөрийн өмчийн бус эзэнгүй, Монгол улсын ч өмч биш байрыг “...би уг байрны итгэмжлэгдсэн төлөөлөгч хэмээн худал хэлж надад түрээсэлсэн тул түрээсийн төлбөрт төлсөн 1.300.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна...” хэмээн тодорхойлсон байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийн мөнгөөр хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн шаардсан гэх агуулгатай байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө шаардах эрхтэй гэж заасан.

Өөрөөр хэлбэл, хэн нэгэн этгээд нөгөөдөө хөрөнгө шилжүүлж өгөх эрх, үүрэггүй атлаа шилжүүлснээс нөгөө тал нь хөрөнгөжсөн тохиолдолд уг шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардах эрхийг олгосон хуулийн зохицуулалт юм.

Мөн хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглан захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэг хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-т зааснаар үүсдэг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагч Б.М-г уг байрыг эзэмших эрхгүй этгээд мөн эсэх талаар баримтаар нотолж чадаагүй байх тул хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тооцон нэхэмжлэгчийн түрээсийн төлбөрт төлсөн мөнгийг буцаан гаргуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцэхгүй.

Гэтэл анхан шатны шүүх хуулийн уг зохицуулалтыг хэрэглэхгүйгээр хэрэглэх ёсгүй хууль болох Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  08 дугаар сарын 12-ны өдрийн 897 дугаар шийдвэрийн “ТОГТООХ нь” хэсгийн 1 дэх заалтад “...Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар Ж.Д-гийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.М-д холбогдох орон сууц хөлслөх гэрээний дагуу төлбөрт шилжүүлсэн 1.300.000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар Ж.Д-гийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.М-д холбогдох орон сууц хөлслөх гэрээний дагуу төлбөрт шилжүүлсэн 1.300.000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.750 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7-д зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                         

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                                                    ШҮҮГЧИД                                    Л.АМАРСАНАА

                                                                                                         М.МӨНХДАВАА