Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 1791

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“К-” ХХК дахь банкны

 эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/00712 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “К-” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.У-, Ш.Х-, Ц.А- нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 201 341 256.60 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.С, Д.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч А.У-, Ш.Х-, Ц.А- нар нь “К-” ХХК-тай 2015 оны 11 сарын 30-ны өдөр ЗГ-15/204 дугаартай орон сууцны ипотекийн зээлийн гэрээг байгуулж, 161 598 000 төгрөгийг сарын 0.67 хувь, жилийн 8.0 хувийн хүүтэйгээр 2015 оны 11 сарын 30-ны өдрөөс 2035 оны 11 сарын 30-нь өдрийг хүртэл хугацаатай зээл авсан. Зээлдэгч А.У-, Ш.Х-, Ц.А- нар нь “К-” ХХК-тай 2016 оны 6 сарын 23-ны өдөр БГ-15/204 дугаартай барьцааны гэрээ байгуулж, дээрх зээлийн гэрээний үүргийг хангуулахаар дараах үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Улсын бүртгэлийн Ү-2205061007 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 3-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16020/ Дундгол гудамж 34б байр, 38 тоот хаягт байршилтай 70.26 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2201010256 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, “Хүнс трейд” ХХК-ийн 48 дугаар байр, 22 тоот хаягт байршилтай 27 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, барьцааны бүртгэлийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, №11-571933, №11-572122 дугаартай барьцаалбарууд үйлдэгдсэн. Зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 1 798 909.25 төгрөг, үндсэн хүүнд 10 173 107.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 22 012.63 төгрөг, нийт 11 994 029.16 төгрөг төлсөн. Зээлдэгч нарт зээлийн гэрээний үүргээ биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлж байсан. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зээлдэгч нар зөрчсөн, зохих ёсоор биелүүлээгүй учраас зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, 2019 оны 12 сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 159 799 090.75 төгрөг, хүү 41 167 438.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 346 227.62 төгрөг, нотариатын хөлс 28 500.00 төгрөг нийт 201 341 256.60 төгрөгийг А.У-, Ш.Х-. Ц.А- нараас гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нар нь 2015 оны 11 сарын 30-ны өдөр К-наас 161 598 000 төгрөгийг, 8 хувийн хүүтэй, 2035 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаатай зээлснийг хүлээн зөвшөөрч байна. Зээл 2017 оноос төлөгдөхөө больсон. Зээл төлөгдөх боломжгүй болсон шалтгаан нь тухайн үед уг зээлийг А.У- Ш.Х- нар нь төлдөг байсан. К- дампуурснаас болж, зээлээ хаана төлөхөө мэдэхгүй байсан. К-ны эрх бүхий албан тушаалтанд шаардлага хүргүүлсэн гэтэл энэ хугацаанд банкинд төлөгдөх зээлийн хүү эргэн төлөгдөх хуримтлал үүссэн. Уг хуримтлалаа төлөх гэсэн боловч А.У-ын эрхэлж байсан бизнес явагдах боломжгүй зогссон тул зээл төлөх боломжгүй болсон. Үндсэн хүү төлөх санхүүгийн боломжгүй байгаа учир зээлийг төлж чадахгүй байгаа. Ц.А-гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах байрыг барьцаагаар үүрэг хангуулна гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. А.У- Ш.Х- хоёрын зээлийн гэрээний барьцаанд байгаа байр нь ээж Ц.А-гийн эзэмшлийн байр тул барьцааны үүрэг хангуулах боломжгүй байна. Нийт үнийн дүн үндсэн хүү болох 41 167 438 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь их хэмжээний мөнгө тул төлөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.У-, Ш.Х-, Ц.А- нараас 201 341 256.60 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “К-” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.У-, Ш.Х-, Ц.А- нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны гэрээнд заасан А.У-ын өмчлөлийн улсын эрхийн улсын бүртгэлийн Ү-2205061007 дугаартай, Баянгол дүүрэг,3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16020/ Дундгол гудамж 34б байр, 38 тоот хаягт байршилтай, 70.26 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Ц.А-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201010256 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, “Хүнс трейд” ХХК-ийн 48 дугаар байр, 22 тоот хаягт байршилтай, 27 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцнаас тус тус үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч А.У-, Ш.Х-, Ц.А- нараас улсын тэмдэгтийн хураамжинд 1 164 656 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Хариуцагч А.У- нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр К-наас 161 598 000 төгрөгийн зээл авсан юм. Улмаар зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 34б байр, 38 тоот хаягт байршилтай, 3 өрөө орон сууц, мөн ээж Ц.А-гийн Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, 48 дугаар байр, 22 тоот хаягт байршилтай, 27 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Мөн хариуцагч нь зээл болон зээлийн хүүд нийт 11 994 029 төгрөг төлсөн 2017 оноос зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн учир нь хариуцагч А.У- нь ажиллуулж байсан хувийн бизнесийн орлогоо хүнд залилуулсан тул зээлийн эргэн төлөлт хийхэд хүндрэлтэй болсон. Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтөд төлсөн 11 994 029 төгрөгөөс үндсэн зээлийн эргэн төлөлтөд гэж суутгасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул түүний төлсөн мөнгөнөөс 2 000 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

            Нэхэмжлэгч “К-” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч А.У-, Ш.Х-, Ц.А- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 201 341 256.60 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасны зарим хэсгийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид 2015 оны 11 сарын 30-ны өдөр орон сууцны ипотекийн гэрээ байгуулж, уг гэрээгээр “К-” ХХК нь 161 598 000 төгрөгийг, сарын 0.67 хувийн, жилийн 8 хувийн хүүтэй, 2035 оны 11 сарын 30-ны өдөр хүртэл хугацаатайгаар зээлдүүлэх, хариуцагч А.У-, Ш.Х-, Ц.А- нар нь зээлийн төлбөрийг гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь төлөхөөр харилцан тохиролцож, зээлийг олгосон болох нь талуудын тайлбар, орон сууцны ипотекийн гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 8-14-р тал/

           

            Мөн өдөр талууд барьцааны гэрээ байгуулж, хариуцагч А.У-ын өмчлөлийн Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16020/, Дундгол гудамж, 34б байр, 38 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205061007 дугаарт бүртгэлтэй, 70.26 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Ц.А-гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, “Хүнс трейд” ХХК-ийн 48 дугаар байр, 22 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201010256 дугаарт бүртгэлтэй, 27 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалжээ. /хх-ийн 15-22-р тал/  

 

                        Анхан шатны шүүх талуудын байгуулсан зээл болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.2 дэх хэсэгт заасантай нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж зөв дүгнэсэн байна.

 

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “… зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй” гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаас гадна талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.1.2, 3.1.6-т зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хэмжээний талаар нарийвчлан тохиролцсон байгаа нь хуулиар хориглоогүй хэлцэл тул уг хэлцлээр хүлээсэн үүргээ хариуцагч нар нь биелүүлэх үүрэгтэй юм.          

 

            Зээлдэгч “К-” ХХК нь 2017 оны 4 сарын 25, 2017 оны 8 сарын 24, 2019 оны 11 сарын 07-ны өдрүүдэд хариуцагч нарт зээлийн гэрээний үүргийг биелүүлэх мэдэгдлийг хүргүүлсэн байх бөгөөд хариуцагч нар нь үндсэн зээлд 1 798 909 төгрөг, зээлийн хүүд 10 173 107 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 22 012 төгрөг, нийт 11 994 029 төгрөг төлж, зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй байна. /хх-ийн 28-30-р тал/  

                        Иймд хариуцагч А.У-, Ш.Х-, Ц.А- нараас үндсэн зээлд 159 799 090.75 төгрөг, зээлийн хүүд 41 167 438.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 346 227.62 төгрөг, нотариатын зардалд 28 500 төгрөг, нийт 201 341 256.60 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “К-” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, хариуцагч нар нь зээлийн төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

            Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо хариуцагч А.У-ын хувийн бизнес доголдож, хүнд залилуулсны улмаас зээлийн эргэн төлөлт хийхэд хүндрэлтэй болсон, зээлийн гэрээний үүрэгт төлсөн 11 994 029 төгрөгөөс 2 000 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцуулах хүсэлтэй байна гэх боловч Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4 дэх хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр зээлийг төлөх үүрэгтэй байх тул хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэл нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм.

           

            Түүнчлэн талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.5.4-т “банкинд төлсөн зээлдэгчийн төлбөрөөс тэргүүн ээлжинд зээлийн хүүг тооцон хасч, үлдэх төлбөрийг үндсэн зээлийн төлбөрт суутгана” гэж заасан байх тул 2 000 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцуулах тухай хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.  

 

                        Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/00712 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас төлсөн 46 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.            

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАТЗОРИГ

     

             ШҮҮГЧ                                Д.НЯМБАЗАР

                                 

                                                                             Г.ДАВААДОРЖ