Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2020/00712

 

2020 оны 03 сарын 24 өдөр Дугаар 183/ШШ2020/00712 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 0-р хороо, өөрийн байранд байрлах, К ХХК дахь эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо,  мянгат, 0 байр 0 тоотод оршин суух, Б овогт А-гийн У /РД:000000000/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, 0 мянгат, 0 байр  тоотод оршин суух, Ховогт Ш-гийн Хулан /РД:0000000000/,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 0 дүгээр хороо, гудамж, тоотод оршин суух, Б овогт Ц-ийн А /РД:0000000000/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 201,341,256.60 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, Д.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х нар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч К ХХК дахь эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч А.У, Ш.Х, Ц.А нар нь К банктай 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ-00/000 дугаартай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээг байгуулж, 161,598,000 төгрөгийг сарын 0.67 хувь, жилийн 8.0 хувийн хүүтэйгээр 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2035 оны 11 дүгээр сарын 30-нь өдрийг хүртэл хугацаатай зээл авсан. Зээлдэгч А.У, Ш.Х, Ц.А нар нь К банктай 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр БГ-00/000 дугаартай барьцааны гэрээ байгуулж, дээрх зээлийн гэрээний үүргийг хангуулахаар дараах үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Улсын бүртгэлийн Ү-0000000 дугаартай Баянгол дүүргийн -р хороо, Үйлдвэрийн төвийн бүс /1/ Дундгол гудамж 00 байр, 00 тоот хаягт байршилтай 70.26 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн Ү-00000000 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 00-р хороо, Хүнс трейд ХХК-ийн 0 дугаар байр, 00 тоот хаягт байршилтай 27 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, барьцааны бүртгэлийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, №00-000000, №00-0000000 дугаартай барьцаалбарууд үйлдэгдсэн. Зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 1,798,909.25 төгрөг, үндсэн хүүнд 10,173,107.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 22,012.63 төгрөг, нийт 11,994,029.16 төгрөг төлсөн. Зээлдэгч нарт зээлийн гэрээний үүргээ биелүүлэх мэдэгдлийг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр, 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр, 2019 оны 11 дүгээр 07-ны өдрүүдэд "К банк ХХК, мөн К ХХК дахь эрх хүлээн авагчийн зүгээс хүргүүлж байсан. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зээлдэгч нар зөрчсөн, зохих ёсоор биелүүлээгүй учраас зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, Зээлийн ЗГ-00/000 дугаартай гэрээний үүрэгт 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 159,799,090.75 төгрөг, үндсэн хүү 41,167.438.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 346,227.62 төгрөг, нотариатын хөлс 28,500.00 төгрөг нийт 201.341.256.60 төгрөгийг А.У, Ш.Х. Ц.А нараас гаргуулах, А.У-ын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай Баянгол дүүргийн 0-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс дундгол гудамж 00 байр,  тоот хаягт байршилтай 70.26 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Ц.А-гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 0-р хороо, Хүнс трейд ХХК-ийн  дугаар байр,  тоот хаягт байршилтай 27 м.кв талбайтай 2 өрөө орон сууц тус тус барьцаалсан тул эдгээр үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч А.У, Ш.Х, Ц.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нар нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр К банкнаас 161,598,000 төгрөгийн зээл авч 8 хувийн хүүтэйгээр 2035 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаатай ипотекийн зээл авсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Зээл 2017 оноос төлөгдөхөө больсон. Зээл төлөгдөх боломжгүй болсон шалтгаан нь тухайн үед уг зээлийг А.У Ш.Х нар нь төлдөг байсан. К банк дампуурсанаас болж зээлээ хаана төлөхөө мэдэхгүй байсан. К банкны эрх бүхий албан тушаалтанд шаардлага хүргүүлсэн гэтэл энэ хугацаанд банкинд төлөгдөх зээлийн хүү эргэн төлөгдөх хуримтлал үүссэн. Уг хуримтлалаа төлөх гэсэн боловч А.У-ын эрхэлж байсан бизнес явагдах боломжгүй зогссон тул зээл төлөх боломжгүй болсон. Үндсэн хүү төлөх санхүүгийн боломжгүй байгаа учир зээлийг төлж чадахгүй байгаа Барьцаагаар үүрэг хангуулахаар Ц.А-гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороонд байрлах байрыг барьцаагаар үүрэг хангуулна гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. А.У Ш.Х хоёрын зээлийн гэрээний барьцаанд байгаа байр нь ээж Ц.А-гийн эзэмшлийн байр тул барьцааны үүрэг хангуулах боломжгүй байна. Нийт үнийн дүн үндсэн хүү болох 41,167,438 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь их хэмжээний мөнгө тул төлөх боломжгүй гэж үзэж байна гэв.

 

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч К ХХК дахь эрх хүлээн авагч, хариуцагч А.У, Ш.Х, Ц.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 201,341,256.60 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

К банк ХХК нь Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-97 дугаар тушаалаар К ХХК дахь эрх хүлээн авагчаар М А-ийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс нэг жилийн хугацаатай томилсон байх бөгөөд Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан Банкны эрх хүлээн авагч нь банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байх бөгөөд банкны активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулж, нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах, орлогыг хуваарилах чиг үүрэгтэй байна. гэснээр дээрх нэхэмжлэлийг К ХХК дахь эрх хүлээн авагч М.А гаргах эрхтэй этгээд мөн болно.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч К банк ХХК нь хариуцагч А.У, Ш.Х, Ц.А нартай 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ-00/000 дугаартай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж, 161,598,000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 2015 оны 11 сарын 30-ны өдрөөс эхлэн 2035 оны 11 сарын 30-ны өдөр хүртэл 240 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар олгож, буцаан төлөх хуваарийг хавсралтаар тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулсан, гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгө 161,598,000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн, гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаа үйл баримтад зохигчид маргаагүй байна.

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон А.Уын өмчлөлийн улсын эрхийн бүртгэлийн Ү-00000000 дугаартай Баянгол дүүрэг, дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс  Дундгол гудамж  байр,  тоот хаягт байршилтай, 70.26 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Ц.А-гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-00000000 дугаартай Сонгинохайрхан дүүрэг 0 дугаар хороо, Хүнс трейд ХХК-ийн  дугаар байр, 00 тоот хаягт байршилтай, 27 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалж, барьцааны гэрээнүүдийг барьцаалбарт бүртгүүлж, баталгаажуулжээ. /хх 15-23/

 

Шүүх дээрх гэрээ тус бүрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэн, үндсэн зээл 159,799,090.75 төгрөг, үндсэн хүү 41,167,438.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 346,227.62 төгрөг, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан нотариатын зардал 28,500 төгрөг нийт 201,341,256.60 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, түүний зориулалт болон зээлийг буцаан төлөх эргэн төлөлтийн хуваариас үзвэл урт хугацаатай гэрээ байна. Хариуцагч нарын төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гэрээ цуцлах шаардлага, зээлийн гэрээний үндсэн үүргийн талаар зөвшөөрч маргаагүй, харин хариуцагч А.Уын эрхэлж байсан бизнес явагдах боломжгүй зогссон учраас өндөр үнийн дүнтэй хүү төлөх боломжгүй гэж маргаж байх тул зөвшөөрч буй үйл баримтад шүүх эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй юм.

 

Хариуцагч А.У эрхэлж байсан бизнес явагдах боломжгүй зогссон учраас хүү төлөх боломжгүй гэж маргаж байх боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, зээлийн гэрээний хүү төлөх үүргээс чөлөөлөх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч өөрийн татгалзлаа нотлох үүрэгтэй боловч үүргээ биелүүлээгүй, хүү төлөх үүргээс чөлөөлөх хүндэтгэн үзэх шалтгаан нотлогдоогүй учраас шүүх уг үүргээс чөлөөлөх үндэслэлгүй байна.

 

Хариуцагч Ц.А өөрийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-00000000 дугаартай Сонгинохайрхан дүүрэг 0 дугаар хороо, Хүнс трейд ХХК-ийн 0 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, 27 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, мөн хуулийн 242.2-д Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж заасан бөгөөд Ц.А нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ-00/000 дугаартай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч болсон байх тул нэхэмжлэгч тал зээлийг хариуцагчаас шаардах эрхтэй юм.

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Иргэний хуулийн 165 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан барьцааны гэрээг байгуулсан байна. /х.х 15-18,/

 

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ гэж, мөн 12.3-т Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж зааснаас гадна Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д Барьцааны гэрээг бичгээр байгуулна, түүнчлэн 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх ... гэж тус тус зааснаар ийнхүү барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр БГ-00/000 тоот байгуулсан барьцааны гэрээг хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна. Мөн Барьцааны зүйл болох эд хөрөнгийг өмчлөх эрхийг тодорхойлсон нотлох баримт хэрэгт авагджээ. /х.х 20-21/

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй. Мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болдог. Гагцхүү бусдын эд хөрөнгийг өөр этгээдийн үүрэгт барьцаалуулах эсэхийг тухайн эд хөрөнгийн өмчлөгч өөрөө гэрээ байгуулах, эсхүл ийнхүү барьцаалуулахыг зөвшөөрсөн байх ёстой.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д зааснаар барьцаа нь хуульд заасан үндэслэлээр, эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний дагуу үүсдэг байна. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.4-т зааснаар барьцаалуулагч өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй бөгөөд барьцааны гэрээг байгуулахдаа бусад этгээдийн зөвшөөрлийг урьдчилан авахаар хуульд заасан бол зөвшөөрлийг хуульд заасан хэлбэрээр авсан байх ба үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулах зөвшөөрөл олгосон итгэмжлэл хэрэгт авагдсан байх тул барьцааны гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлтэй хийсэн хүчин төгөлдөр хэлцэл байх тул уг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна. /х.х - 23/

Иймд нэхэмжлэгч К ХХК дахь эрх хүлээн авагч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар шаардсныг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.У, Ш.Х, Ц.А нараас 201,341,256.60 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К ХХК дахь эрх хүлээн авагчид олгосугай.

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.У, Ш.Х, Ц.А нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны гэрээнд заасан А.Уын өмчлөлийн улсын эрхийн бүртгэлийн Ү-0000000 дугаартай Баянгол дүүрэг, дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс Дундгол гудамж 0 байр, 0 тоот хаягт байршилтай, 70.26 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Ц.Агийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-0000000 дугаартай Сонгинохайрхан дүүрэг 0 дугаар хороо, Хүнс трейд ХХК-ийн 00 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, 27 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцнаас тус тус үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч А.У, Ш.Х, Ц.А нараас улсын тэмдэгтийн хураамжинд 1,164,656 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ