Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2023/ДШМ/319

 

 

 

 

       2023            03            23                                         2023/ДШМ/319

 

Ш.Гд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Н.Батсайхан, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Анхбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Наранбаяр,

шүүгдэгч Ш.Г, түүний өмгөөлөгч Б.Шихихутаг,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/48 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Наранбаяр, шүүгдэгч Ш.Г, түүний өмгөөлөгч Б.Шихихутаг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ш.Гд холбогдох 2105014862444 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Майга шар овгийн Шижээгийн Гантуяа, 1979 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, 4 хүүхдүүдийн хамт, Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар баг, дэнжийн 3 дугаар гудамжны 4 тоотод оршин суух хаягтай боловч одоо Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Туул 4 дүгээр гудамжны 5 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ЙР79042200/,

 

Ш.Г нь 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр байрны 21 тоотын орчимд орцны 3 давхарт хамтран амьдрагч Ч.Намхайг архи нэхэж гарын булчин хэсгээс барихад нь түлхэх үед Ч.Намхай толгойн ар, нуруу хэсгээрээ хана мөргөж унахдаа зүүн чамархайгаас зулайн суман заадал дайрч баруун дагзны төвгөрийн доод хэсэг хүрсэн шугаман хугарал, зүүн тал бөмбөлөгийн дух, зулай хэсгийн хатуу хальсан доорх тархмал цус хуралт, тархины эдийн няцрал, зүүн чамархай, зулайн орой хэсэг, дагзны хуйханд тархмал цус хуралт, баруун шуу, өвдөг, 2 шилбэнд зулгаралт гэмтэл авч улмаар 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 05 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр байрны 21 тоот гэртээ дээрх гэмтлийн улмаас нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ш.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Майга шар овогт Шижээгийн Гантуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ш.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ш.Гд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ггаас 9.666.211 /есөн сая зургаан зуун жаран зургаа мянга хоёр зуун арван нэг/-н төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Наранбаярт олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгтэн хадгалан үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ш.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Наранбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний өмгөөлөгч Б.Чинбат нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 15-т зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явүулах хүсэлтийг гаргаж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралд “...Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлттэй танилцахад амь хохирогч Ч.Намхайн цогцост зүүн чамархайгаас зулайн суман заадал дайрч, баруун дагзны товгорын доод хэсэг хүрсэн шугаман хугарал, зүүн тал бөмбөлөгийн дух, зулай хэсгийн хатуу хальсан доорх тархмал цус хуралт, тархины эдийн няцрал, зүүн чамархайн зулайн орой хэсэг, дагзны хуйханд тархмал цус хүралт гэмтэл тогтоогджээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлд тухайлбал цохигдох, мөргөгдөх, унах үед үүссэн байх боломжтой. ...” гэсэн илтэд эргэлзээтэй, үндэслэлгүй дүгнэлт гаргасан байна. Учир нь зүүн чамархайгаас зулайн суман заадал дайрч баруун дагзны товгорын доод хэсэг хүрсэн шугаман хугарал, зүүн тал бөмбөлөгийн дух, зулай хэсгийн хатуу хальсан доорх тархмал цус хуралт, тархины эдийн няцрал, зүүн чамархайн зулайн орой хэсэг дагзны хуйханд тархмал цус хуралт гэмтлүүд нь мөргөгдөх, унах үед үүсэх ямар ч боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, хүн өөрөө унах, мөргөгдөх үедээ ар дагз болон дух, зулай хэсгээрээ гэмтэл авдаг нь шинжлэх ухаанаар нотлогдсон ба хүн өөрөө зүүн шанаагаараа хэд хэдэн удаа унах ямар ч боломжгүй юм. Энэ гэмтэл нь хатуу мохоо зүйлээр зүүн шанаа руу санаатай хэд хэдэн удаа хүчтэй цохих үед үүсэх боломжтой ба нэг удаагийн цохилтоор ч үүсэх боломжгүй юм.

Хэрэг мөрдөн байцаалтын шатанд байхад би хэрэгт хяналт тавьж байгаа прокурор М.Анхбаярт "давтан шинжээч томилуулах” хүсэлтийг гаргасан боловч илтэд үндэслэлгүйгээр хүсэлтийг хангаагүй тул “хэргийг прокурорт буцааж, яллагдагч Ш.Г болон түүний хүү Гомбодорж нарыг холбогдуулан шалгаж, гэм буруугийн хэлбэрийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шалгуулах, давтан шинжээч томилуулах хүсэлтийг гаргаж байна” гэхэд хяналтын прокурор М.Анхбаяр “...өмгөөлөгч Б.Чинбат надад ямар ч хүсэлт гаргаж байгаагүй. Худлаа ярьж байна. ..." гэсэн тайлбарыг гаргасан юм.

Ингээд шүүх хуралд би хяналтын прокурор М.Анхбаяр болон дээд шатны прокурорт гаргаж байсан хүсэлт, гомдлоо хариуны хамт гаргаж өгөхөд хяналтын прокурор М.Анхбаяр "ийм явдал болсонд харамсалтай. Үүнийг магадлая" гээд өнгөрсөн юм.

Дээрх байдлаас үзэхэд энэ гэмт хэрэг нь болгоомжгүй хэлбэрийн гэмт хэрэг биш санаатай бүлэглэн үйлдсэн хүн амины хэрэг гэж би үзэж байгаа тул хэргийг прокурорт буцааж, үнэн зөвөөр шалгуулах гомдлыг гаргаж байна.

Шүүх хуралд миний бие “амь хохиргчийн оршуулгын зардалыг бүрэн төлчихвөл өөр ямар нэгэн санал хүсэлт гаргахгүй" гэхэд шүүгдэгч Ш.Ггын өмгөөлөгч Б.Шихихутаг “...үлдсэн хохирлыг сар бүр нэг зуун мянган төгрөг цувуулж төлөөд дуусгана. ..." гэсэн тайлбар хийсэнд маш их гомдолтой байна.

Учир нь би амь насны хохирол болон сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй, зөвхөн оршуулгын зардлыг нэхэмжилсэн.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Шихихутаг нь “өмгөөлөгчийн зардал болох 2.000.000 төгрөгийг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй" гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна

Учир нь, мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч нар "Ш.Г болон түүний хүү Гомбодорж нарын мэдүүлгээр амь хохирогч Ч.Намхай өөрөө унаж нас барсан нь тогтоогдсон тул хэргийг нь хаах саналтай прокурорт хүргүүлнэ" гэж танилцуулсан тул би арга буюу 2.000.000 төгрөгийн хөлс төлж өмгөөлөгч авч өмгөөлөгч хүсэлт гомдол гаргаж, 1 жил гаран араас нь уйгагүй хөөцөлдсөний үр дүнд энэ хэрэг шүүхээр шийдэгдэж байгаа юм.

Хэрэв би 2.000.000 төгрөгийн хөлс төлж өмгөөлөгч аваад араас нь хөөцөлдөөгүй бол энэ хэрэг шүүгдэгч Ш.Г болон түүний хүү Гомбодорж нарын мэдүүлгээр "амь хохирогч Ч.Намхай өөрөө унаж нас барсан байна" гээд прокурорын шатанд хаагдах байсан.

Гэтэл өмгөөлөгчийн зардлыг гэмт хэргийн хохиролд тооцох хууль зүйн зохицуулалт байхгүй гэсэнд гомдолтой байна.

Шүүгдэгч Ш.Г нь мөрдөн байцаалтын шатанд анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө "амь хохирогч Ч.Намхай өөрөө унаж нас барсан" гэж удаа дараа мэдүүлж байсан юм.Гэтэл шүүх хуралд улсын яллагдагч М.Ганбаяр "шүүгдэгч Ш.Г нь үйлдсэн хэргээ анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлж байсан гээд 1 жилийн хорих ял санал болгосонд маш их гомдолтой байна. Учир нь хүн алчихаад ядахдаа оршуулгын зардлыг нь бүрэн төлөхгүй байхад улсын яллагч нь ямар учраас 1 жилийн хорих ял санал болгож, шүүхээс прокурорын саналаар 1 жил хорих ял оногдууллаа гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна

Иймд хэргийг прокурорт буцаахгүй бол шүүгдэгч Ш.Ггын хорих ялын хэмжээг нэмэгдүүлэх гомдлыг гаргаж байна. Хохиролд шүүх хуралдаан болохоос өмнө нийт 9.000.000 төгрөг авсан. Үлдсэн хохирлоо бүрэн барагдуулбал ял шийтгэлийг хөнгөрүүлэхэд татгалзах зүйл байхгүй. ...” гэв.

Шүүгдэгч Ш.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өрх толгойлсон 4 хүүхэдтэй, биеийн эрүүл мэндийн хувьд хүнд байдалтай байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлж эхэлж байгаа. 4 хүүхдүүдийн маань 3 нь насанд хүрээгүй бөгөөд 9-өөс 15 хүртэлх насны охидуудтай учир тэдний аюулгүй байдал, эрүүл мэндэд маш их санаа зовж байна. Биеийн эрүүл мэндийн байдлын хувьд “зүрх судасны гүн дутагдал, зүрхний ховдол цооролттой” тул хагалгааны заалттай байсан боловч шүүх хурлаа хүлээгээд хойшлуулсаар өнөөдрийг хүрлээ. Үе үе ухаан алдаж унадаг ба группт орох заалттай. Улсын 1 дүгээр эмнэлэгт 13а маягттай ирсэн байсан. Одоогоор биеийн байдал улам хүндэрч, сэтгэл санааны байдал хүнд байна. Иймд насанд хүрээгүй охидуудын минь цаашдын нөхцөл байдал, миний эрүүл мэнд, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа цаашид ажил хийж хохирлоо төлж барагдуулах зэргийг харгалзаж үзэж надад оногдуулсан 1 жилийн хорих ялыг өөрчилж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ш.Ггийн өмгөөлөгч Б.Шихихутаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ш.Гангуяа нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тухайн хэрэг гарахад хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл, байнгын хүчирхийлэл, дарамт нөлөөлсөн бөгөөд Ш.Г нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийгөө илчилсэн. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмжиж байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Наранбаярт 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 3.000.000 /гуран сая төгрөг/ төлсөн. Үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Ш.Г нь өрх толгойлсон ганц бие эмэгтэй, 4 хүүхдийн хамт амьдардаг, үүнээс гурав нь бага насны хүүхэд, биеийн эрүүл мэндийн байдал муу, зүрхний гүн дутагдал оноштой, унаж татдаг ба зүрхний яаралтай мэс засалд орох шаардлагатай байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд тус тус зааснаар ял оногдуулахгүйгээр хорих ялыг тэнсэж өгөхийг хүсч байна.

Шийтгэх тогтоолоор хохирлын тооцоог буруу гаргасан байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Наранбаяр нь зөвхөн оршуулгын зардал нэхэмжилсэн боловч үүнд өмгөөлөгчийн хөлс 2.000.000 /хоёр сая/ төгрөг орсон байна. Өмгөөлөгчийн хөлс зардлыг гэмт хэргийн хохиролд тооцох хууль зүйн үндэслэл байхгүй юм. Мөн түүнчлэн “талийгаачийн хойтын буянд уншуулах өргөл барьц” гэсэн 2.000.000 төгрөгийн зардлын баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, үндэслэлгүй бармт байна. Иймд хохирлын үлдэгдлээс нийт 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг хасч тооцохыг хүсч байна. Давж заалдах шатны шүүх хуралдааны болохоос өмнө хохиролд 6.000.000 төгрөг нэмж өгсөн ба нийт 9.000.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. ...” гэв.

Прокурор М.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон ба Эрүүгийн хуулийн зорилтод нийцүүлэн ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал харгалзан үзэж ял оногдуулсан. Хохиролын тухайд шүүхээс 12.666.250 төгрөгийн хохирол нь үндэслэлтэй гарсан бөгөөд үүнээс 3.666.250 төгрөгийн хохирол өнөөдрийн байдлаар төлөгдөөгүй үлдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ... гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Ш.Г нь 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр байрны 21 тоотын орчимд орцны 3 давхарт хамтран амьдрагч Ч.Намхайг архи нэхэж гарын булчин хэсгээс барихад нь түлхэх үед Ч.Намхай толгойн ар, нуруу хэсгээрээ хана мөргөж унахдаа зүүн чамархайгаас зулайн суман заадал дайрч баруун дагзны төвгөрийн доод хэсэг хүрсэн шугаман хугарал, зүүн тал бөмбөлөгийн дух, зулай хэсгийн хатуу хальсан доорх тархмал цус хуралт, тархины эдийн няцрал, зүүн чамархай, зулайн орой хэсэг, дагзны хуйханд тархмал цус хуралт, баруун шуу, өвдөг, 2 шилбэнд зулгаралт гэмтэл авч улмаар 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 05 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр байрны 21 тоот гэртээ дээрх гэмтлийн улмаас нас барсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 13/, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /1хх 15/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 16-17, 18-19/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 21-22, 23/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх 80-85/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /1хх 117/, хохирлын баримтууд /1хх 201-213, 219/ зэрэг нотлох баримтууд болон,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Наранбаярын “...хамгийн сүүлд ахтайгаа нас барахын урд орой утсаар холбоо барьсан. Эхлээд хүү Гомбодорж нь өөрийнхөө утсаар над руу залгаж “ахыгаа ав, архи уугаад төвөгтэй байна, хамт амьдарч чадахгүй юм шиг байна, таарахгүй байна, та ирж ахыгаа ав” гэж хэлсэн. ...Тэгтэл утсыг нь Гантуяа авч дахиж надтай “ахтай чинь таарахгүй байна, болж бүтэхгүй байна” гэж хэлсэн. Тэгтэл дахиад утсаар нь талийгаач надтай ярьсан. Ах маань “би танайд очмоор байна” гэхээр нь “Гачуурт явж байна, наанаа ганц шөнө хоночих, маргааш очоод авъя” гэж хэлсэн. ...Өглөө 04 цагийн үед над руу Гантуяа залгаад “ах чинь эвгүй болчихлоо, сонин болчихлоо” гэж хэлсэн. Би “жаахан байж байгаад яваад очъё” гэхэд “жаахан байх хэрэггүй, ер нь эвгүйтчихлээ, түргэн дуудчихлаа, бараг өнгөрчихлөө” гэсэн. Тэгснээ Гантуяа нь “Би хүн алчихлаа” гээд орилоод уйлаад байсан. Би хамаг хурдаараа давхиад талийгаачийн амьдарч байсан байранд ирэхэд 103-ын эмч ирээд үзчихсэн, гарч явж таарсан. Эмч нь надад ахыг өнгөрчихсөн байна гэж хэлсэн. Би үүдний хэсэгт шагайж харахад ах маань коридор хэсэгтээ, толгой нь үүд рүүгээ хараад, доошоо харсан, газарт хэвтэж байсан. ...Илт цус нөж нүдэнд харагдаагүй. ...” /1хх 31-34, 171/,

гэрч Г.Гомбодоржийн “...2021 оны 07 дугаар сарын 24-ний өглөө би гэртээ хоночихоод эрт гэрээс гараад явчихсан. Ямар ч байсан гэрт манай 3 дүү, талийгаач Намхай ах нар хамтдаа үлдсэн, харин ээж маань өмнөх өдөр нь 10 жилийн найзуудтайгаа уулзана гэж явчихаад ирээгүй байсан. Тэгээд би гадуур явж байгаад орой гэрт ирсэн чинь талийгаач Намхай ах, ээж Гантуяа болон манай 3 дүү нар гадуур хоолонд орсон байдалтай надад хоол аваад ирчихсэн байсан. Мөн Намхай ах согтуу “Би Өвөрхангай луу явлаа, дүү рүүгээ явлаа, намайг явуул” гээд байсан бөгөөд ээж харин “Явуулахгүй, яах гээд байгаан” гэсэн байдалтай харьцаж байсан. Тэгээд авч ирсэн хоолыг нь идчихээд талийгаачийн төрсөн дүү Наранбаяр луу би өөрийнхөө утаснаас бил үү, ээжийн утаснаас бил үү ямар ч байсан залгаад “Энэ 2 хэрэлдээд байна, та ирж ахыгаа авахгүй бол болохгүй байна, ер нь цаашдаа ийм байдалтай бүтэхгүй байна” гэж хэлтэл ээж хажуугаар орж ирж утас аваад бас л “Ахыгаа ирж ав” гэх зэрэг үгнүүдийг Наранбаярт хэлсэн, тэгсэн чинь Наранбаяр ах утасны цаанаас “Ах нь хотоос хол зуслан дээр байна, одоо очих боломж алга, нэг өдөр аргалаад хонуулчих, маргааш очиж авъя” гэж хэлээд утсаа тасалсан. ...Шөнө ээж нөгөө өрөөнд “Хүүе Намхай, хүүе хүүе сэргээрэй, яачихваа” гэсэн дуунаар би сэрээд босоод хартал талийгаач 00-н өрөөний харалдаа кордидорын шалан дээр доошоо харсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. Тэгээд ээж сандараад манай дүү нар босч ирээд бид хэд эмнэлэг дуудсан. ...” /1хх 39-41, 110-112/,

насанд хүрээгүй гэрч Г.Анужаргалын “...Харин Намхай ах ээж 2 гэр лүүгээ орцгоосон. Удалгүй Намхай ах гадаа гараад ирчихсэн тамхи татаад зогсож байгаа харагдсан, тэрний дараа ээж гэрийн цонхоор бид 3-аас “Намхай ахыгаа харсан уу” гэж асуухаар нь “Харсаан, тамхи татаад зогсож байсан” гэж хэлсэн. Ингээд хэсэг хугацааны дараа Ану-Үжин эгч гэр лүү ороод ээж гарч ирээд Анубаясгалан бид 2-г дагуулаад байрны ойр орчмоор Намхай ахыг хайж явсан боловч Намхай ах олдоогүй, тэгээд ээж зүрхнийхээ эмийг уух гээд гэрлүүгээ орсон ба Анубаясгалан бид 2 гадаа үлдэж үргэлжлүүлэн тоглосон. Тэгсэн нэг мэдсэн чинь Намхай ах шилтэй архи барьчихсан байрны шатны хажууд байдаг сандал дээр сууж байхаар нь би гэр лүү орж ээжид хэлсэн. Тэгээд ээж гарч яваад Намхай ахыг дагуулаад ороод ирсэн гэж санаж байна, удалгүй Намхай ах гэр дотор “Би явна, намайг явуул” гэх мэтээр чанга чанга яриад байсан. Унтаж байсан чинь гэнэт ээж Намхай ахын нэрийг дуудаад орилоод байхаар нь сэрээд хартал Намхай ах 00-н өрөөний үүд хэсгийн шалан дээр доошоо хараад хэвтчихсэн ээж, ах 2 тэр хавиар сандраад гүйгээд байсан. Тэгээд ээж Ану-Үжин эгчээр түргэн тусламж руу залгуулаад удалгүй эмч орж ирж Намхай ахыг үзсэн, тэрний араас манай гэрт цагдаа нар орж ирсэн. ...” /1хх 93-95/,

насанд хүрээгүй гэрч Г.Анужингийн “...Тухайн үед Намхай ах өглөөгөө бодвол арай гайгүй биеэ авч явж байсан хэдий ч ойртохоор амнаас нь архи үнэртээд байсан. Дүү нартайгаа гэрийнхээ тэр хавиар тоглоод байж байтал ээж гэнэт хойшоо харсан цонхоороо толгойгоо гаргаж ирээд “Намхай ахыгаа харсан уу, ойр хавьд чинь байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь би ойр хавиа хартал Намхай ах байхгүй байсан учраас “Мэдэхгүй ээ, хараагүй” гэж хариулчихаад үргэлжлүүлэн тоглосон. Ингээд удалгүй ээж гэрээс гарч ирээд дүүтэй хамт гадуур Намхай ахыг хайсан, тэр үеэр би гэрлүүгээ орчихсон байсан. ...Намхай ах гэрт ороод ирчихсэн ээжтэй хэрэлдээд байх шиг байсан. Тэгсэн шөнө ээж гэнэт орилж чарлаад уйлаад гар нь салгалаад “Анужин миний охин яаралтай эмнэлэг дуудаарай” гэж хэлсэн. Тэр дуунаар гэрт байсан хүмүүс бүгд сэрээд би хэний утсаар гэдгийг нь санахгүй байна 103 луу залгаад ээжид өгсөн. Тэгээд ээж тэр хүнтэй утсаар ярьж байгаад салгатал удалгүй гэрт эмч ирж Намхай ахыг үзээд нас барчихсан байна гэж хэлсэн ба удалгүй манай гэрт эмчийн араас цагдаа нар ирсэн. ...” /1хх 97-100/, 

шинжээч эмч С.Чулуунсүхийн “...Амь хохирогчийг үхэлд хүргэсэн шалтгаан болох гавал тархины гэмтэл буюу зүүн чамархайгаас зулайн суман заадас дайрч баруун дагзны төвгөрийн доод хэсэг хүрсэн шугаман хугарал, зүүн тал бөмбөлөгийн дух, зулай хэсгийн хажуу хальсан доорх тархмал цус хуралт, тархины эдийн няцрал, зүүн чамархай, зулайн оройн хэсэг, дагзны хуйханд тархмал цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн унах үйлчлэлээр үүсэх боломжтой. Нэг цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байсан. Амь хохирогч Намхайгийн үхлийн шалтгаан болсон гавал тархины гэмтлийг авах үед цусан хурааны хэмжээ үүсэх хугацаа, гэмтсэн судасны байрлал зэргээс хамаарч тархи дарагдал үүсэх хүртэл тодорхой хугацаа байна. Хүн бүрт харилцан адилгүй илэрдэг, согтолтын зэрэг, хооллолтын байдал зэрэг нь нөлөөлнө. Тийм учраас амь хохирогчийн дээрх гэмтэл нь эхнэрийн түлхсэн гэх цаг хугацаанд үүсэх магадлал илүү өндөртэй. ...” /1хх 58-60, 70-71/

            яллагдагч Ш.Ггийн “...Талийгчийг байрны гадаа архи уугаад сууж байна гэхээр нь би гараад “гэртээ орж уугаач” гэж хэлээд ууж байсан архийг нь аваад асгасан. Гэтэл “солиор пизда минь, манай дүү надад авч өгсөн юм, би өөрийнхөө мөнгөөр авсан гээд архи өг” гээд надаас зулгаасан. Тэгээд орцонд ороод “ална шүү пизда минь, архины мөнгө өг” гээд нэхээд хэрүүл хийгээд хойноос яваад 3 давхар луу гарч ирэхэд намайг зулгаахаар нь би түлхсэн. Гэрлүүгээ ороод дурангаар харсан чинь хана налаад сууж байсан. Тэгэхээр нь аргадаад “гэртээ оръё” гэхэд “би орохгүй, би дүүгийндээ очмоор байна” гэхээр нь “за тэгвэл маргааш дүүгийнх рүү чинь явуулъя” гээд гуйгаад хэсэг маргалдаад оруулсан. Талийгаач намайг хөхөртөл базсан. Дахиад намайг цохих гэхээр нь түлхсэн. Би түлхэхдээ алчихлаа гэж ерөөсөө бодоогүй. Тэгээд гуйвж яваад хана мөргөсөн. ...” /1хх 158, 106, 149-154/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Амь хохирогч Ч.Намхайн цогцост зүүн чамархайгаас зулайн суман заадал дайрч баруун дагзны төвгөрийн доод хэсэг хүрсэн шугаман хугарал, зүүн тал бөмбөлөгийн дух, зулай хэсгийн хатуу хальсан доорх тархмал цус хуралт, тархины эдийн няцрал, зүүн чамархай, зулайн орой хэсэг, дагзны хуйханд тархмал цус хуралт, баруун шуу, өвдөг, 2 шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайлбал, цохигдох, мөргөгдөх, унах үед үүссэн байх боломжтой. Зүүн чамархайнаас зулайн суман заадал дайрч баруун дагзны төвгөрийн доод хэсэгт хүрсэн шугаман хугарал, зүүн тал бөмбөлөгийн дух, зулай хэсгийн хатуу хальсан доорх тархмал цус хуралт тархины эдийн няцрал гэмтэл нь шинэ гэмтэл, баруун шуу, өвдөг, 2 шилбэнд зургаралт гэмтэл нь үхэлд нөлөөлөөгүй хуучин гэмтэл байна. Амь хохирогч нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 07 цагийн байдлаар нас бараад 2-оос 3 цаг орчим болсон байна. ...” гэсэн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 1486 дугаартай /1хх 42-52/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Амь хохирогч Ч.Намхайн цогцост зүүн чамархайгаас зулайн суман заадал дайрч баруун дагзны төвгөрийн доод хэсэг хүрсэн шугаман хугарал, зүүн тал бөмбөлөгийн дух, зулай хэсгийн хатуу хальсан доорх тархмал цус хуралт, тархины эдийн няцрал, зүүн чамархай, зулайн орой хэсэг, дагзны хуйханд тархмал цус хуралт, баруун шуу, өвдөг, 2 шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, цохих, цохигдох, мөргөгдөх, унах, нидрэгдэх үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүдийг авсаны дараа хэсэг хугацаанд алхах, мөлхөх, хашгирах зэрэг энгийн үйлдэл хөдөлгөөн бие даан хийх чадвартай. Дээрх баруун шуу, өвдөг, 2 шилбэний зулгаралт гэмтэл нь нас барахаас өмнө үүссэн, үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй хуучин гэмтэл байна. Дээрх гэмтлийг авсан цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Үхлийн шалтгаан болсон гавал тархины битүү гэмтэл нь ойролцоогоор 6-аас 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. Дээрх гавал тархины битүү гэмтэл нь нэг цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй. ...” 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 807 дугаартай /1хх 61-66/ дүгнэлтүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн Ш.Гг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Ш.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Ш.Г, түүний өмгөөлөгч Б.Шихихутаг нар “...хорихоос өөр төрлийн ял оногдуулах, эсхүл оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Наранбаяр “...үлдсэн хохирол төлбөрөө барагдуулбал хорих ялыг тэнсэн харгалзахад татгалзал байхгүй. ...” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч Ш.Ггийн хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон үйлдэлд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Ш.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс Ш.Гд оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Иймд шүүгдэгч Ш.Г, түүний өмгөөлөгч Б.Шихихутаг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Наранбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Анхан шатны шүүх хуралдааны дараа шүүгдэгч Ш.Г нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Наранбаярт хохиролд 6.000.000 төгрөг төлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Харин, хавтаст хэрэгт авагдсан 2022 оны 7 дугаар 11-ний өдрийн 756 дугаартай яллах дүгнэлт /1хх 182-188/, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 22 дугаарт яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн шүүгчийн захирамж /1хх 230-231/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоол /2хх 1-7/ зэрэг нотлох баримтуудаар прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гэмт хэрэг гарсан цаг хугацааг “2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр” гэж гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг ташаа, илтэд зөрүүтэй бичсэн байх бөгөөд тухайн гэмт хэрэг нь “2021 оны 7 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө” үйлдэгдсэн ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна. ...” гэж, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “...гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал. ...” гэж, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “...шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй. ...” гэж тус тус хуульчилсныг зөрчсөн буюу хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гэвч давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцсэн шүүхийн гаргах шийдвэрийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд зохицуулсан бөгөөд уг зүйлийн 1.3 дахь заалт буюу “энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.7 дугаар зүйлийн 6.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах” гэснийг Улсын Их Хурлаас баталсан 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон ба энэ хууль мөн оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүчин төгөлдөр болсон байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/48 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Наранбаяр, шүүгдэгч Ш.Г, түүний өмгөөлөгч Б.Шихихутаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ, анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дээрх байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байгаа боловч давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад дүгнэлт хийж гэмт хэрэг гарсан байдал буюу “гэмт хэргийг хэзээ” үйлдсэнийг “2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр” гэснийг “2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр” гэж зөвтгөн залруулж дүгнэсэн болно.

Шүүгдэгч Ш.Г нь 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 66 /жаран зургаа/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/48 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Наранбаяр, шүүгдэгч Ш.Г, түүний өмгөөлөгч Б.Шихихутаг нарын гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г нь 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 66 /жаран зургаа/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүгдэгч Ш.Г нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Наранбаярт 6.000.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн болохыг дурьдсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

 

                                  ШҮҮГЧ                                                              Н.БАТСАЙХАН

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ