Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2020/01789

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Г-ын нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2020/02144 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.М-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 28 000 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг,

 

Хариуцагчийн гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Н

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.И

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Г- нь 2015 оны 4 сарын 07-ны өдөр иргэн Д.М-ын хүсэлтээр 35 000 000 төгрөгийг нэг сарын хугацаатайгаар зээлдүүлсэн ба ингэхдээ иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулж, талууд гарын үсэг зурж бичгээр үйлдэж, бэлнээр 35 000 000 төгрөгийг Д.М-т хүлээлгэн өгсөн. Зээлдэгч Д.М- нь 2015 оны 4 сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 35 000 000 төгрөгийг зээлж авснаасаа хойш эргэн төлөх 1 сарын хугацаа нь дуусахад төлөөгүй бөгөөд үндсэн зээл 35 000 000 төгрөгийг төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. 2017 оны 12 сарыг хүртэл үндсэн зээлээс 7 000 000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш үндсэн зээлийн үлдэгдэл 28 000 000 төгрөгийг төлөөгүй өнөөдрийг хүрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдээгүй байгаа бөгөөд 2019 онд Д.М- нь зээлийн гэрээний үлдэгдэл 28 000 000 төгрөгийг 2019 оны ондоо багтааж төлөхөөр гарын үсэг зурж баталгаажуулан, зээлийн гэрээг сунгасан боловч мөн төлөөгүй байна. Иймд 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл 28 000 000 төгрөгийг Д.М-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Г- нь ашгаа хуваахаа амаар тохирсны дараа 2015 оны 4 сарын 07-ны өдөр 35 000 000 төгрөг өгсөн. Мөн өдөр нь Д.Төгөлдөрийн эхнэр Б.Мөнхгэрэлд 34 200 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан өгсөн. Мөнгө аваад жаахан хүлээж бай гэсний дагуу 3 сар хүлээсний дараа Г.Г- ах өөрөө Б.Мөнхгэрэл эгчтэй уулзаж, ажил төрлийн хамтрагч болсон. Хоног хугацаа өнгөрөх тусам Б.Мөнхгэрэлийг олон хүнийг залилсан залилагч болохыг мэдсэн. Тэгээд мөнгө ч үгүй, тендер ч үгүй болсон тул Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтэс, Нийслэлийн прокурорын газарт өргөдөл өгсөн. Гэтэл Г.Г- нь шүүхэд өгсөн нэхэмжлэлдээ энэ тухай биш зөвхөн өөрийн хохирлыг дурдаж, өөрийгөө бодож байгаад харамсаж байна. Б.Мөнхгэрэл нь бид хоёрыг хохироосон нь Улсын мөрдөн байцаах газрын хавтаст хэргээр нотлогдсон. Одоо уг хэрэг нь Нийслэлийн прокурорын газар шилжсэн байгаа. Зээл авснаас хойш Д.Мөнхгэрэлээс 6 500 000 төгрөгийг дансаар, 2 000 000 төгрөгийг бэлнээр, нийт 8 500 000 төгрөг, Д.М- надаас 1 000 000 төгрөг, нийт 9 500 000 төгрөгийг Г.Г- ах надаас авсан болно. Хэргийг баримтын хүрээнд нэхэмжлэгч хариуцагч нарыг хохиролгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар хариуцагч Д.М-аас зээлийн гэрээний үүрэгт 27 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Г-т олгож, нэхэмжлэлээс 500 000 төгрөгт  холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 295 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүх нөхөн хийсэн он, сар өдрийн зөрүүтэй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгожээ. Хэргийн 18 дугаар талд 2015 оны 4 сарын 06-ны өдрийн Мөнхгэрэлтэй байгуулсан 34 200 000 төгрөгийн гэрээ хэрэгт авагдсан байх ба хэргийн 6 дугаар талд 2015 оны 4 сарын 07-ны өдрийн Д.М-тай байгуулсан 35 000 000 төгрөгийн гэрээ тус тус авагджээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Мөнхгэрэлд 34 200 000 төгрөг өгөөд Мэндбаяраар гэрээ хийлгүүлсэн байх ба маргааш нь баталгаа болгож 35 000 000 төгрөгийн хэлцэл хийсэн болгож Мэндбаяраар гарын үсэг зуруулсан байна. Дээрх 2 гэрээ нь хоорондоо шууд хамааралтай байхад шүүх нотариатаар гэрчлүүлсэн, мөнгө авсан өгсөн өдрөөр хийгдсэн гэрээг үнэлэлгүйгээр нөхөж хийсэн гэрээг үнэлсэн байна. Г.Г- нь 2016 онд СХД-ийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст Мөнхгэрэл намайг залилсан гэж гомдол гаргаж, уг хэрэг нь УМБГ-т шилжээд Нийслэлийн прокурорт хянагдаж байгаа. Шүүхийн шийдвэрийн 1 дүгээр тал, доороосоо 2 дугаар мөрөнд “... хариуцагчийн яриад байгаа прокурортой холбоотой асуудлыг мэдэхгүй” гэж тайлбарласан ба 2 дугаар тал, доороосоо 22 дугаар мөрөнд “Нийслэлийн прокурорын газарт хэргийн бүрдэл дутуу гээд шалгагдаж байгаа...” гэснээс гадна 2 дугаар тал, доороос 5 дугаар мөрөнд “... хэрэгт авагдсан баримт дутуу шинээр нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай...” гэсэн байна. Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан тохиолдол байгаа эсэхийг шалгаж үзэлгүйгээр шийдвэр гаргажээ. Талуудын аль аль нь цагдаа прокурорын байгууллагад 35 000 000 төгрөгтэй холбоотой хэрэг хянагдаж байгааг хэлсэн байхад шүүх шалгах үүрэгтэй байсан. Иймд дээрх 2 үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлд дурдагдсан 35 000 000 төгрөгтэй холбоотой хэрэг эрүүгийн журмаар шалгагдаж байгаа эсэхийг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.Г- нь хариуцагч Д.М-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Г.Г- нь 35 000 000 төгрөгийг, нэг сарын хугацаатай хариуцагч Д.М-т зээлдүүлсэн болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 5-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ гэж дүгнэсэн нь зөв болжээ. 

 

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд хариуцагч Д.М- нь 2019 онд нэхэмжлэгч Г.Г-т төлөх зээлийн үлдэгдэл 28 000 000 төгрөгийг 2019 онд багтаан төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан байна. /хх-ийн 6-р тал/

 

                        Хариуцагч Д.М- нь нэхэмжлэгч Г.Г-т нийт 9 500 000 төгрөгийг буцаан төлсөн гэх боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар бүрэн нотлоогүй. Иймд нэхэмжлэгчийн зөвшөөрсөн хэмжээ буюу 7 500 000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид буцаан төлсөн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байх тул нэхэмжлэгч Д.М- нь хууль буюу гэрээнд зааснаар үлдэгдэл 27 500 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй юм. 

 

            Иймд хариуцагч Д.М-аас зээлийн гэрээний үүрэгт 27 500 000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Г.Г-т олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасанд тус тус нийцсэн байна.

 

            Хариуцагч татгалзалдаа болон давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч Г.Г-тай барилгын тендерийн ажил авч, ашгаа хуваахаар тохиролцсон, Б.Мөнхгэрэлд мөнгө өгч залилуулсан гэж Б.Мөнхгэрэлтэй байгуулсан зээлийн гэрээг нотлох баримтаар гаргажээ. Түүнчлэн зээлийн гэрээтэй холбоотой асуудал эрүүгийн журмаар шалгагдаж байгааг шүүх тодруулаагүй гэх боловч энэ талаарх хүсэлт, нотлох баримтыг хариуцагч гаргаагүй, хариуцагч Д.М- иргэн Б.Мөнхгэрэлтэй зээлийн гэрээ байгуулсан нь түүнийг нэхэмжлэгч Г.Г-тай байгуулсан зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

                        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2020/02144 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 295 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

                                                                                     

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.БАТЗОРИГ                                         

                                         ШҮҮГЧИД                                         Д.НЯМБАЗАР

                                                                                                 

                                                                                                     Г.ДАВААДОРЖ