Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 0499

 

                                         “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал

жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийн тухай

                                         

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                            Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                               Л.Атарцэцэг,

                                              Г.Банзрагч,

                                              П.Соёл-Эрдэнэ,

Илтгэгч шүүгч:                     Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга:    Д.Мөнхцэцэг.

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/40 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0456 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2018/0552 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, өмгөөлөгч Н.Э, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар. 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны  7 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0456 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “У” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/40 дугаар бүхий “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.    

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2018/0552 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0456 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “У” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/40 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн.  

            Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгчээс: “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2018/0552 дугаар магадлалыг нэхэмжлэгч “У” ХХК-аас эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Нэг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/40 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийн тухайд: Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны аливаа шийдвэр, үйл ажиллагаа гагцхүү хууль дээдлэх зарчмын дагуу хуульд үндэслэсэн байх учиртай. Үүний дагуу төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмын дагуу хариуцагч хуулиар өөрт олгогдсон эрх хэмжээний дагуу гаргах захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуульд нийцсэн, хуульд заасан журмыг баримтлах нь төрөөс үндэслэлгүйгээр иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдахгүй байх баталгаа болох учиртай юм.

5. Гэтэл маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/40 дугаар тушаалыг гаргахдаа манай компанид огт мэдэгдээгүй, тайлбар аваагүй, нөхцөл байдлыг тодруулалгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан. Мөн давж заалдах шатны шүүх маргаан бүхий актын үндэслэлийн тухайд нэхэмжлэгчийг газрын төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй гэх ганцхан дүгнэлт хийж хариуцагчийн А/40 дугаар шийдвэрийг үндэслэлтэй гэж дүгнэж байгаа нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв үнэлээгүй, нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр буруутгасанд туйлын гомдолтой байна.

6. Учир нь маргаан бүхий акт гарахдаа хариуцагчаас төрийн чиг үүрэг бүхий байгууллагаас авсан саналын дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2017 оны 9 дүгээр сарын 08-ний өдрийн 857 дугаар албан бичгээр Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн албан бичигт “У ХХК-ийн газар ашиглах гурвалсан гэрээний дагуу газрын төлбөр төлсөн эсэх талаар Хан-Уул дүүргийн Газрын алба, Татварын албатай холбоотой маргаан нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байх тул У ХХК-тай холбоотой маргаан хуулийн байгууллагаар шийдвэрлэгдсэний дараа газар ашиглах эрхийг дуусгавар болгох эсэхэд санал өгөх нь зүйтэй” гэсэн байх бөгөөд төрийн байгууллагын хоорондын уялдаа холбоогүй байдлаас үүдэлтэйгээр иргэн, хуулийн этгээдийг үндэслэлгүйгээр, эцэслэн тогтоогдоогүй нөхцөл байдлаар буруутгаж, шударга шүүхээр шүүлгэх эрхийг төрийн байгууллага хязгаарлаж, Үндсэн хуулиар хамгаалагдсан “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан эрхэд халдаж, шүүхээр газрын төлбөрийн маргаан эцэслэн шийдвэрлээгүй байхад газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр “У” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хууль бус бөгөөд давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг анхааралгүй нэхэмжлэгчийг газрын төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.

7. Түүнчлэн манай компани өөрийн эзэмшлийн газарт төрийн эрх бүхий байгууллагуудын зөвшөөрөлтэйгөөр буюу Байгаль орчны сайдын 2004 оны 80 дугаар тушаалын дагуу Төслийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний дагуу 2011 оны Улаанбаатар хотын ерөнхий архитектор Г.Болд, Хан-Уул дүүрэг хариуцсан архитекторын баталсан зураг төслийн дагуу Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын 2011 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 328/2011 дугаар магадлалын ерөнхий дүгнэлтийг баталж, 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 01-102/2012 дугаар Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн “Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийн дагуу гадаад, дотоодын ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж өнөөдрийн байдлаар 35 ширхэг амралт сувилалын байрыг барьж, цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж, зам талбай дэд бүтэц, байгууламжийн ажлын гүйцэтгэл 80-90 хувьтай явагдаж байхад төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас улбаатай хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хариуцагч хууль бусаар халдаж компанийг эдийн засгийн хүнд дарамт, шахалт, зээлийн ихээхэн хэмжээний өрөнд оруулж байгааг давж заалдах шатны шүүх анхаараагүйд туйлын харамсаж байна.

8. Ийнхүү маргаан бүхий А/40 дугаар тушаал гаргахад нөлөөлөх дээрх нөхцөл байдлыг хариуцагч шалган, тогтоох үүргээ хэрэгжүүлэх тухай Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 -д заасан “захиргааны акт” гаргах ажиллагаанд уг ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд болон хөндөгдөж болзошгүй этгээдийг татан оролцуулах, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийн эдлэх эрх, бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаанд оролцуулах, нөхцөл байдлын талаар тайлбар болон санал гаргах эрхийг хангах зорилгоор сонсох ажиллагааг явуулах, сонсох ажиллагаа явуулах мэдэгдлийг хүргүүлэх, оролцогч баримт бичигтэй танилцах эрхийг хангах журмыг хуулийн 13, 15, 24, 26, 27, 32 дугаар зүйлүүдэд тодорхой заасан байдаг.

9. Хариуцагч Байгаль орчин аялал, жуулчлалын яам Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, ...батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд ... хүргүүлнэ” гэж зааснаар 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/40 дугаар тушаалыг гаргах ажиллагаанд “У” ХХК-г оролцох эрхийг хангаагүй, нэхэмжлэгчид нөхцөл байдлын талаар тайлбар болон санал гаргах боломж олгох сонсох ажиллагааг явуулаагүй, энэ тухай мэдэгдлийг хүргүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдох бөгөөд дээрх Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хууль бус үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” гэж заасан тусгай зарчимтай нийцээгүй буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яам хуульд заасан журам зөрчиж, хууль бус шийдвэр гаргасан.

10. Хоёр: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/40 дугаар тушаалын газрын төлбөр төлөөгүй, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэх үндэслэлийн тухайд:  2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг “У” ХХК, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг нартай 9.3 га газрыг ашиглах гурвалсан гэрээ байгуулсан. Уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т “Газрын төлбөрийн хэмжээ” хэсэгт Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн тогтоолоор тогтоосон байдаг. Дээрх Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 527 дугаар тогтоолоор хуульд нийцүүлэн гаргах боломж олгох зорилгоор 6 сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэсэн бөгөөд Улсын дээд шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон.

11. Үүнээс үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 67.2-т “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж “Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ”, мөн зүйлийн 67.3-т Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй гэж” гэж заасны дагуу “У” ХХК- г эрх зүйн үйлчлэлгүй захиргааны хэм хэмжээний актын дагуу газрын төлбөрийг төлөөгүй гэж буруутгасан нь үндэслэлгүй бөгөөд манай компанийн зүгээс огт газрын төлбөр төлөхгүй гэж маргаагүй, харин хуулийн дагуу үндэслэл бүхий төлбөрийг л төлөх үүргээ хэрэгжүүлэх эрхийг төрийн байгууллагаас санаатайгаар үгүйсгэж байгааг шүүх анхааран үзэхийг хүсэж байна.

12. Мөн маргаан бүхий актын үндэслэсэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39.1.1-т заасан заалт нь тусгай хамгаалалттай газар нутагт шинээр газар ашиглах эрх олж авч байгаа тохиолдолд хамаарах бөгөөд нэхэмжлэгч “У” ХХК нь 2004 оноос хойш тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа тул тус хуулийн заалтад хамаарахгүй байх бөгөөд 2016 онд нэхэмжлэгчээс нэр бүхий компаниудад өөрийн эзэмшлийн газрыг шилжүүлэхэд шинээр газар ашиглах эрхтэй болж байгаа хуулийн этгээдүүдээс хариуцагч улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлээгүй өөрийн буруутай үйл ажиллагаагаа өнөөдөр нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болгож байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Нөгөөтэйгүүр хариуцагчаас Газрын тухай хуулийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж заасан үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон атлаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д 1. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараах тохиолдолд дуусгавар болно: 1/ Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр;” мөн зүйлийн 40.2-т “Газар ашиглах эрх дуусгавар болоход иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ашиглаж байсан газраа чөлөөлж энэ хуулийн 37 дугаар зүйлд заасан гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор тухайн газар нутгийн хамгаалалтын захиргаа буюу сум, дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгнө” гэж зааснаар газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт гаргаж, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд төрийн нэр дор үндэслэлгүйгээр халдаж байна.

13. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ба хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй гэж заасан байтал хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Оюутаас давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгчийг газрын төлбөрөө төлөөгүй талаар гомдол гаргаагүй, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор гомдол гаргасан байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг газрын төлбөр төлөх үүрэгтэй гэх ганцхан дүгнэлт хийж, дээрх хуулийн заалтыг ноцтойгоор зөрчиж, гомдлын хүрээнээс хальж, шүүх эрх мэдлээ хэтрүүлэн дүгнэлт хийж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гаргасан гэж үзэхээр байна.

14. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2018/0552 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0456 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

15. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

16. Нэхэмжлэгч “У” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/40 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

17. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/40 дүгээр тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11-д заасныг баримтлан, “У” ХХК-ийн 9.3 га газрын газар ашиглах эрхийг “газрын төлбөр болон улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй” гэсэн үндэслэлээр дуусгавар болгосон байна.

18. Нэхэмжлэгчээс “...газрын төлбөр төлөх үндэслэл болсон Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх, газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” 03 дугаар тогтоолыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй, эрх зүйн үйлчлэлгүй болох нь Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 527 дугаар тогтоолоор тогтоогдсон. ...Иймд 03 дугаар тогтоолыг үндэслэн газрын төлбөрийг төлөх эсэх нь тодорхойгүй” гэж маргасан нь үндэслэлгүй.

19. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2-т “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан...үүрэг хүлээнэ” гэж заасан бол Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Газар ашиглагч нь энэ хуулийн ... 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж, 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараах үүрэг хүлээнэ; 35.3.1-д газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх; ...35.3.3-т газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх” гэж тус тус заажээ. Эдгээр хуулийн зохицуулалтаар газар ашиглагч нь газар ашиглах гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрын төлбөрийг хугацаанд нь төлөх үүргийг хуулиар хүлээжээ. 

20. Нэхэмжлэгч “У” ХХК-д анх Байгаль орчны сайд /хуучнаар/-ын 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалаар, тусгай хамгаалалттай газар нутаг болох Богдхан уулын дархан цаазат газрын Богины амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар 30 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрийг үндэслэн тус компани нь 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 797 дугаар, 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2008/797 дугаар “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-г Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргатай байгуулсан байна.

21. Улмаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар тус компанийн 30 га газраас 20.7 га газрын газар ашиглах эрхийг нэр бүхий компаниудад шилжүүлэн, нэхэмжлэгч “У” ХХК нь 9.3 га газар ашиглах эрхтэй үлдэж, уг газрыг ашиглахаар 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 2016/180 дугаар гурвалсан гэрээг байгуулсан байх бөгөөд уг гэрээний 2.4-т газар ашиглагч нь Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолын дагуу м2 тутам 1320 төгрөг буюу 1 жилд 122,760,000 төгрөг төлөх, төлбөрийг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцжээ. 

22. Нэхэмжлэгч “У” ХХК нь дээрх, газар ашиглах гэрээнүүдэд зааснаар газрын төлбөрийг бүрэн төлөөгүй, тухайлбал 2008 онд 84,136,500 төгрөг, 2009 онд 237,600,000 төгрөг, 2010 онд 237,600,000 төгрөг, 2011 онд 237,600,000 төгрөг, 2012 онд 211,200,000 төгрөг, 2013 онд 211,200,000 төгрөг, 2014 онд 230,000,000 төгрөг, 2015 онд 294,644,500 төгрөг, 2016 онд 279,114,000 төгрөг, нийт 1,226,158,500 төгрөгийн төлбөрийг дутуу төлсөн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, Хан-Уул дүүргийн Газрын албаны 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 16/711, 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 16/799 тоот албан бичиг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчдын 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 230000200 дугаар дүгнэлт, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 232201790 дүгээр шийтгэлийн хуудас болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

23. Нэхэмжлэгч “У” ХХК нь дээрх байдлаар газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй нь тогтоогдсон, иймд хариуцагчаас хуульд зааснаар “газрын төлбөр төлөөгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компанийн ашиглаж байсан 9.3 га газрын газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно; ...40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасантай нийцсэн, маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.     

24. Харин, дээрх хуулиудад улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй тохиолдолд газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор зохицуулаагүй байхад маргаан бүхий актад “улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй” гэсэн өөр нэг үндэслэл заасан нь буруу болсон, гэвч энэ нь маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм. 

25. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаас нэхэмжлэгч “У” ХХК-ийн захиралд 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 16/525 тоот албан бичиг хүргүүлж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18 тоот саналыг үндэслэн тус компанийн 9.3 га газар ашиглах эрхийг цуцлах болсон талаар мэдэгдсэн, тус компаниас 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1/28 тоот албан бичгээр тайлбар хүргүүлсэн зэргээс үзэхэд хариуцагчийг сонсох ажиллагаа явуулаагүй гэж үзэхгүй, энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, гомдол үндэслэлгүй байна.

26. Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2018/0552 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын  журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                          ШҮҮГЧ                                                                    Б.МӨНХТУЯА