Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2023/ДШМ/297

 

  

 

 

 

 

   2023           3             15                                         2023/ДШМ/297

 

 

 Б.У-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Мажигсүрэн,

шүүгдэгч Б.У-ын өмгөөлөгч Ж.Гантулга, Г.Энхболд,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Д.Дарьсүрэн, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/1172 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Ж.Гантулга, Г.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Б.У-т холбогдох 2209000000343 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

......... овгийн ................-ын У, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ................... төрсөн, .. настай, э..эгтэй, ам бүл .., .............. хамт ......... дүүргийн .. дугаар хороо, .............. тоотод оршин суух, /РД:................./,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар ялыг хойшлуулсан;

Шүүгдэгч Б.У нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 18-19 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны 8 дугаар гудамжинд байрлах “Улсын их дэлгүүр”-ийн гэх нийтийн байрны 24 тоотод бусадтай архидан согтуурсан байх үедээ амь хохирогч Р.М-тай харилцан маргалдаж, улмаар тус нийтийн байрны гадна дагуулан гарч түүнийг 3 удаа баруун зүүн мөрөөрөө ээлжлэн үүрч газарт шидэж унагахдаа гэдэс, хэвлий тус газарт нь өөрийн жингээр мөр, тохой хэсгээрээ 3 удаа дарж унах зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь хэвлийн хөндийн битүү гэмтэл буюу дэлүүний задрал, элэгний эдийн язрал, урагдал, хэвлийн хөндийн цус хуралдалт, нойр булчирхайн няцрал гэмтэл учруулж, хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.У-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.У-т оногдуулсан 9 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.У-ын цагдан хоригдсон 304 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-аас нийт 5.565.500 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.У давж заалдах гомдолдоо: “...Би 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 12 цаг 40 минутад гэрээсээ гарч хамт ажиладаг хүний гэрт очих замдаа телевиз засварын хажуу зам дээр Т-тай таарсан. Замын эсрэг талаас 13 цагийн үед Б, Б, амь хохирогч, С, П нар ирсэн. Мэндлээд “юу хийж яваа юм бэ” гэхэд “архи авах гэсэн мөнгө дутаад байна, зовхины тос 1 ширхгийг 1.000 төгрөгөөр зарж байна” гээд явж байсан. Амь хохирогч, Б, Б гурав “хамт явж хэдэн ширхэг тос заръя” гэхээр нь Т бид хоёр яваагүй. Гэтэл амь хохирогч, Б, Б гурав “за та хоёр тэгвэл Л-гийнд очоод байж бай, бид нар хэдэн ширхэг тос зараад юм аваад араас чинь очно” гэсэн. Тэгэхээр нь Тогтохбаяр бид хоёр Л-гийнд очсон бөгөөд тухайн үед Д.Л гэртээ ганцаараа байсан. Араас Т орж ирээд бид дөрөв юм ярьж 30 минут суусны дараа амь хохирогч, Б, Б, С, П нар 2 шил архитай орж ирсэн. Эхний архийг ууж байтал Тогтохбаярын эхнэр Мөнхбаяр хүүхдээ тэврээд орж ирсэн. Араас нь З, Ж, Ж-ын дүү гурав орж ирсэн. Бид нар хоёр дахь архийг ууж дуусах үед Ж “дахиад 1 шил архи уумаар байна” гээд бид нараас мөнгө асуусан. Бид нарт мөнгө байхгүй байсан учраас Ж өөрийнхөө гар утсыг ломбардад тавиад дахиж 1 шил архи авсан. Дөнгөж задалж байхад Ч, Б хоёр орж ирсэн. Бид нар тэр архийг тойруулж сууж байгаад надад суух газар олдохгүй болохоор нь “за би явж ажлаа бодлоо” гээд тэр архинаас нэг хундагыг уугаад гараад явсан. Намайг гарахад 15 цаг 30 минут болж байсан. Би Л-гийн гэрээс гараад гэртээ харьсан. Гэртээ байж байгаад 17 цагт усанд, нүүрсэнд явсан. Хүнсний дэлгүүр ороод гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд манай эхнэр хоолоо хийж байсан. Би хүүтэйгээ тоглож байгаад хоолоо идчихээд телевизор үзэж байгаад 21 цагт ойрхон гараад ирье гэж хэлээд гарсан. Л-гийн гэрт очиход хүн байгаагүй болохоор нь буцаад гэртээ ирсэн. Эргэж гараагүй. Гэтэл гэрч Т мэдүүлэхдээ “2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагт У амь хохирогчийг Л-гийн гэрийн гадаа үүрч шидсэн гэх мэдүүлэг өгсөн. Гэтэл улсын яллагч 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 18-19 цагт хэрэг гарсан гэж үзсэн. Хэрэг гарсан 2022 оны 2 дугаар сарын 11-ний 17 цагт намайг нүүрс, усанд явсан гэдгийг, хүнсний дэлгүүр орсон гэдгийг худгийн ажилтан, дэлгүүрийн худалдагч, нүүрс зарж байсан хүн болон бусад хүмүүс мэдэж байсан. Би Ө байцаагчид намайг 17 цагт ус, нүүрсэнд явсан, хүнсний дэлгүүр орсон гэдгийг холбогдох хүмүүсээс асууж шалган, хэргийн газрын камерын бичлэгийг бүрэн шалгаад өгөөч гэхэд шалгаж өгөөгүй. Хэрэв тэр үед хэргийн газрын камерын бичлэгийг шалгасан бол намайг хэрэг гарах цагт хэргийн газар байгаагүй нь бүрэн нотлогдох байсан. Миний явсан бүх газарт камерын бичлэгтэй байсан. Байцаагч хэт нэг талыг барьж ажилласан. Миний эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна. Амь хохирогч бид хоёр хэрэлдэж маргаагүй. Би амь хохирогчийг үүрч шидээгүй. Тогтохбаяр нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “У амь хохирогчийг авч шидээгүй” гэх мэдүүлэг өгч намайг амь хохирогчийг үүрч шидэж хэвлий хэсэгт нь мөр тохойгоороо дарж унаж бэртээсэн гэдэг нь няцаагдсан ба шүүх хуралд үүрч шидсэн гэдэг нь тогтоогдоогүй. Хэрэг гарсан 2022 оны 2 дугаар сарын 11-ий өдрийн 20 цаг 16 минутад хэргийн газрын камерын бичлэгт амь хохирогч нь хамгийн сүүлд Б, Т, Б нартай эрүүл явж байгаад 2022 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 01 цаг 45 минутад хэргийн газраас 1 километр зайтай болох Сүхбаатар дүүрэг 13 дугаар хороо, Рашааны 2 дугаар гудамж буюу Б-гийн гудамжинд согтуу ухаангүй шахуу бүтэн биеэрээ атиралдаад хунирсан уруул болон амаас нь, хамраас нь цус гарсан, хувцас нь нэлэнхийдээ шороо болсон, зодуулсан шинжтэй олдсон. Гэтэл Т нь хэргийн газрын камерын бичлэгт явж байгаа дөрвөн хүнийг Б, амь хохирогч хоёр байна. Харин энэ хоёр хүнийг танихгүй гээд өөрийгөө болон Б-гийг биш ээ гээд нуугаад худал мэдүүлэг өгөөд байгаа Б, Т, Б нарыг шалгаагүй. Амь хохирогч нь 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 20 цаг 16 минутаас 12-ны өдрийн 01 цаг 45 минут хүртэл хаана, хэнтэй архи уусныг, хэнд зодуулсныг шалгаагүй. Амь хохирогчид ил харагдах шарх, сорви байгаагүй. Амь хохирогчийн биед үүссэн хөнгөн гэмтлийг авах үед давхар хүнд гэмтэл авсан эсэхийг шалгаагүй. Амь хохирогч 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 17 цагт намайг нүүрс, усанд явсан, хүнсний дэлгүүр орсон гэдгийг холбогдох хүмүүсээс нь асууж шалгаагүй. Хэргийн газрын камерын бичлэгийг бүрэн шалгаагүй ба зөрүүтэй худал мэдүүлгийг үндэслэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж 9 жил хорих ял оногдуулсанд маш их гомдолтой байна. Иймд миний эрх зүйн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг цагаатган шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Б.У-ын өмгөөлөгч Ж.Гантулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэгт 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 20 цаг 10 минутад амь хохирогч Р.М гэрч Т.Т, Б.Б нарын хамт гэрч Д.Л-гийн гэрээс гарч яваа үйл баримт нотлох баримтаар авагдсан камерын бичлэгээр тогтоогддог. Мөрдөн шалгах ажиллагаанд амь хохирогч Р.М-ыг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 20 цаг 10 минутаас нас барсан 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 01 цаг 45 минут хүртэл хугацаанд хаана, хэнтэй явж биед нь үүссэн хөнгөн гэмтлийг хэн, хэзээ, ямар байдлаар уүсгэсэн үйл баримтыг гэрч Т.Т, Б.Б нараас камерын бичлэгт үндэслэн мэдүүлэг анх тогтоох, гэрч Б.Б-аас хүү Р.М 2022 оны 02 дугаар сарын 11-нийг өдрийн 22 цагт хэний ямар дугаараас залгасан, гэрч Д.Л-гийн гэрийн гадаа байрлах камерын бичлэгийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацааны бичлэгийг бүтнээр авах ажиллагааг бүрэн гүйцэд явуулалгүй хэргийн бодит байдал, эрүүгийн хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн тогтоох ажиллагааг явуулаагүй байна. Гэрч О.Б, Т.Т, гэрч шинжээч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэр нотлох баримтуудаар шүүгдэгч Б.У 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 18-19 цагийн үед амь хохирогч Р.М-ыг 3 удаа үүрч шидэн хэвлийн битүү гэмтэл учруулсан нөхцөл тогтоогдоогүй үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй шийтгэх тогтоол гаргасан байна. Шүүгдэгч Б.У 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 18-19 цагийн үед амь хохирогч Р.М-тай маргалдан түүнийг 3 удаа үүрч шидэж унаган хэвлий тус газарт жингээр 3 удаа дарж унах ээргээр зодсоны улмаас хэвлийн хөндийн битүү гэмтэл учруулж хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байлалтай нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Б.У-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгч Б.У-ын өмгөөлөгч Г.Энхболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэрч Т.Т, О.Б, шинжээч эмч Н.Баасанжав нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч С.М, Г.Л нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 641 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч амь хохирогчийг үүрч шидэж, дарж унасан үйлдлээрээ амь нас хохирох шалтгаант гэмтлийг учруулсан болохыг үгүйсгэхгүй ч санаатайгаар амь насыг нь хохироох хүсэл, зорилго байхгүй байсан нь харагдаж байна. Харин дуудлагаар очсон яаралтай түргэн тусламжийн 103-ын эмч, эрүүлжүүлэх байрны эмч нарын ажил мэргэжилдээ хариуцлагагүй хандаж амь хохирогчийн хамар, ам цус гарсан гудамжинд элгээ тэврээд хэвтэж байсан зэрэгт дүгнэлт хийж гэмтлийг сэжиглэн таамаглаж дараагийн шатлалын эмнэлэгт хүргээгүй хугацаа алдагдуулсан хариуцлагагүй байдлаас болж хохирогч олон эрхтний дутагдалд орж нас барсан болох нь шинжээч эмчийн мэдүүлгээс тодорхой харагдаж байна. Иймд шүүгдэгч Э.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Л.Мажигсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгч Ж.Гантулгын тухайд 2 үндсэн чиглэлээр гомдол гаргасан байна. 1 дүгээрт 103-ын эмч болон эрүүлжүүлэх баривчлах байрны эмч нар үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Тийм учраас Эрүүл мэндийн яамны сайдын тушаал, эрүүл мэндийн яамны салбар зөвлөлийн журамд зааснаар эдгээр хүмүүсийн үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулахыг хүссэн ч прокурор хангаагүй. Оролцогчийн эрхийг хязгаарласан гэдэг асуудал ярьж байгаа. Яллах дүгнэлт гардуулсны дараа хүсэлт ирсэн. Хүсэлтийг шүүхэд гаргах боломжтой гэдэг байдлаар хангахаас татгалзсан. Урьдчилсан хэлэлцүүлгийн хурлын тэмдэглэл болон баримтуудад 103-ын болон эрүүлжүүлэх баривчлах байрны эмч нар үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн эсэх талаарх асуудлыг урьдчилсан хэлэлцүүлэгт ярьсан, шүүх хүлээж авсан байгаа. 103-ын эмч 2022 оны 02 дугаар сарын 11-ний шөнийн 01 цаг 50 минутын орчим дуудлага хүлээж аваад тухайн газарт очиход үйлчлүүлэгч ямар нэгэн зүйл амаа нээж хэлээгүй, орилсон согтуурсан байдалтай байсан гэж гэрчээр мэдүүлдэг. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Л цагдаагийн 2 алба хаагч болон бусад хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан. Энэ хүн бол миний “энд өвдөөд байна, зодуулчихлаа, элэг өвдөж байна” гэж хэлээгүй. 103-ын эмчийн ажиллах журам нь гудамжны согтуу гэсэн ангилалд ордог өөрийгөө илэрхийлэх чадваргүй, агсамнасан согтуурсан байдалтай байсан учраас эрүүлжүүлэх чиглэлийг 103-ын эмч ажиллах журмын дагуу өгсөн. Энэ үед хамрын орчим бага зэргийн цус гараад хатсан байдалтай, өөр ил шарх харагдаагүй учраас 103-ын эмч ийм шийдвэр гаргасан гэж үзсэн. Эрүүлжүүлэх баривчлах байрны эмч тухайн шөнийн  02 цаг 40 минутад тээвэрлэж ирсэн согтуу хүнд үзлэг хийгээд эрүүлжүүлэх баривчлах байрны хаашаагаар ороод камерт хэвтээд ямар, ямар үйл хөдлөл гаргасан, хэрхэн яаж харьцсан, биед нь яаж үзлэг хийсэн, биеийн байдал өөр байдлаар зовуурилаад ирэхээр дахин дуудлага дуудаж 103-ын эмч ирээд Гэмтэл согог судлалын эмнэлэгт очиход 2022 оны 02 дугаар сарын 12-ны өглөөний 08-09 цагийн орчим өвчтөн эмнэлэгт очсон байсан. 12-ны өдрөөс 14-ний хооронд гэдгийг 50 цаг гэж яриад байгаа боловч 11-нээс 12-нд шилжих шөнийн 00 цаг гэдэг чинь 12-ны өдөр. Тэгээд 12-ны өдрийн 08 цагаас хойш энэ хүнийг шууд очихоор нь мэс засал хийх боломжгүй. Учир нь, бүхий л шинжилгээнүүдийг авсан, эмч нарын зөвлөгөөн хийгээд, хагалгаанд орсон. 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр энэ хүн олон эрхтний дутагдал дээрх гэмтлийн хүндрэлийн улмаас нас барсан гэсэн баримтууд хавтас хэрэгт авагдсан. Хавтас хэрэгт яаралтай түргэн тусламжийн 103-ын эмчийн ажилласан журам, эмчийн дуудлагад очоод эрүүлжүүлж болох зөвшөөрлийг олгохдоо биед үзлэг хийсэн дүгнэлтийг өвчний түүхтэй хамт өгсөн байгаа. Яаралтай түргэн тусламжийн 103-ын эмчийн хамраас нь цус гарсан, өгүүлэмж байгаагүй, биед нь ил шарх, гэмтэл байгаагүй. Ямар нэгэн ил гэмтэл, шарх харагдаад эсхүл өөр ананиз өгсөн бол эмнэлгийн байгууллага авна, өөрийгөө илэрхийлэхгүй агсагнаж байсан учраас шилжүүлсэн байдаг. Эрүүлжүүлэх баривчлах байрны эмчийн тухайд орсоноос, гарсан хүртэл камерын бичлэг хэрэгт нотлох баримтаар авагдсан ба үүнийг анхан шатны шүүх хуралдаанд шинжлэн судалсан.  50 цаг гэдэг нь 11-ний өдрийг оролцуулаад хоногоос хоногт шилжиж байгааг шууд тоолохыг хэлж байгаа. Шинжээч эмчийг шүүх хуралдаанд прокурорын хүсэлтээр оролцуулсан. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмчээс яг энд яригдаж байгаа асуудлыг бүгдийг уншиж, асууж тодруулсан шүүх хуралдааны тэмдэглэлд бүрэн бичигдсэн. Шинжээч эмч уг гэмтлийг авсан хүн хөдөлгөөн хязгаарлагдахгүй дэлүү, элэг, нойр булчирхай битүү гэмтэл учраас  хэвлийгээр өвдөлт өгнө. Харин архи согтууруулах ундааны зүйл уусан бол согтолтын зэргээс хамаараад өвдөлт харилцан адилгүй өөр мэдэгдэнэ. Эрүүлжүүлэх үед өвдөлт өөрт нь мэдрэгдэнэ. Өөрөөр хэлбэл, согтуурсан үед хөдөлгөөн хийхэд хязгаарлагдахгүй, яагаад гэхээр архи нь гараагүй үед тодорхой хэмжээний зай туулах, явах биеэр хөдөлгөөн хийх, харьцах боломжтой, архи гараад ирэхээр амь тэмцэх, тийчлэх, орилох, янз бүрийн хөдөлгөөнүүдийг хийх тохиолдлууд байх боломжтой гэж үзсэн. Эмнэлгийн тусламж тухайн үед авахад амь аврагдахыг үгүйсгэхгүй, гэхдээ талийгаачийн биед учирсан гэмтлүүдийн хувьд нь 2, 3 нийлмэл гэмтэл учраас эмнэлгийн тусламж авсан ч амийг нь аврах боломж багатай, тавилан муутай гэсэн мэдүүлгийг шинжээч эмч өгснийг шүүх хуралдааныг тэмдэглэлд тусгагдсан байгаа. 50 цаг эмнэлгийн байгууллага ямар ч ажиллагаа хийгээгүй, 50 цаг хугацаа алдаж байгаад эмчилгээ, үйлчилгээ хийхгүй байж байгаад амь насыг нь авраагүй бол биш. 103-ыг дуудсанаас хойш бүхий л хугацаанд ажиглалт, шинжилгээ, эмч нарын зөвлөгөөн, мэс ажилбар, мэс ажилбарын дараах анхны тусламж, эмнэлэгт хүлээн аваад биеийн байдлыг тогтворжуулах эмчилгээ бүгд хийгдсэн гэдэг нь өвчтөний түүх баримтад байгаа. Өвдөлт бага үед хөдөлгөөн хийгээд, өвдөлт их үед өөрийгөө илэрхийлэх чадваргүй болоод шоконд орох хүртэл хугацаанд хатуу гадаргуутай зүйл дээр тийчлээд, орилоод байгаа учраас иргэд мэдээд цагдаа болон эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн байдаг. Тухайн цус хуралт, зулгаралт гэмтэл үүсгэгдсэн газруудад механик хүч үйлчилсэн гэж ойлгож болно гэж шинжээч хэлсэн байна. Энэ талаар шийтгэх тогтоолд дурдагдсан. Талийгаач хатуу гадаргуу дээр газарт хэвтэж байсан, хувцастай хэдий ч тийчлээд, орилоод үхлээ гээд хашхираад механик хөдөлгөөн хийсэн. Энэ тохиолдолд зарим зулгаралтууд үүссэн байх боломжтой гэдгийг шинжээч эмч тайлбарласан. Хэргийн бодит байдлыг тогтооход хангалтгүй ажилласан. 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 18-10 цагийн үед “Улсын их дэлгүүр”-ийн гэх нийтийн байранд гэмт хэрэг гарсан гэж прокурор үзсэн. Тэгтэл шүүгдэгч Б.У 11-ний өдрийн 17 цагийн үед тухайн газраас явсан байсан мөртлөө яаж амь хохирогч Р.М-ын биед гэмтэл учруулдаг юм бэ гэсэн асуудал ярьж байна. Б.У-ын тухайд мөрдөн байцаалтын шатанд гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг өгсөн. Гэрчээр мэдүүлэг өгөхдөө “11 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад 17 цагийн үед гэртээ ирээд хоолоо идсэн” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн. Эхнэр нь “сүүлийн 3 өдөр дараалаад орж, гараад байсан учраас аль өдөр байсан талаар тодорхой мэдэхгүй байна. Тэр өглөө 10 цаг болж байхад босоод түц орж нүүрс аваад, буцаж ирээд 15 цагийн үед явсан” гэдэг асуудал ярьдаг. Харин Б.У 17 цагийн үед гэртээ ирчихсэн, нүүрс аваад ирсэн байсан гэж мэдүүлдэг. Гэрч Ч, Б хоёр гэр бүлийн хүмүүс байдаг. Гэрч Ч “18-19 цагийн орчим байхаа Б-тэй гэрээсээ гараад алхсаар байгаад Л гэдэг хүний гэрт орох гээд явж байхад Л-гийн амьдардаг нийтийн байрны гудамжинд У, М хоёртой тааралдсан. М нэлээн согтолттой байсан, газарт хоёр хөлөө завилаад суучихсан, хамаг хувцас нь шороо болчихсон байсан. Харин У Мын урд зогссон, дунд зэргийн согтолттой байсан. М намайг ахаа тамхинаасаа гээд над руу баруун гараа сунгахдаа босож чадахгүй, зүүн гараараа цээж, гэдсээ дарчихсан байдалтай, нэлээн зовуурьтай байхаар нь би өөрийнхөө татаж байсан тамхийг өгсөн” гэж мэдүүлдэг. Мөн гэрч Б энэ талаар тодорхой мэдүүлдэг. Хэрэгт шүүх хуралдааны тэмдэглэл, яллах дүгнэлт, хэрэгт авагдсан Ч, Б нарын мэдүүлэг байгаа учраас унших шаардлагагүй гэж бодож байна. 18-19 цагийн орчим үйл явдал болсон, үүний дараа 4 хүн тухайн газраас гараад явж байгаа камерын бичлэг байдаг. Энэ бичлэгт гарч байгаа хүмүүсийг өмгөөлөгч Б, Т нар явж байсан гэдэг. Тэгтэл Б-ыг Л-гийн гэрт унтаж байсан. Унтаж байсан хүн нь камерын бичлэгт явж байна гэдэг асуудлыг удаа дараа тавьж ярьсан. Б гэдгийг өмгөөлөгч л яриад байгаа. Б гэдэг хүн улаан куртиктэй болохоор унтаж байсан Б чинь камерын бичлэгт явж байгаа харагдаж байна, шалгасангүй, гэрчийн мэдүүлэг авах төдийгөөр хязгаарласан гэдэг асуудал ярьдаг. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт Б, Ч мэдүүлгийг шинжлэн судалсан. Хөндлөнгийн гэрч Б-гийг дуудаж тухайн хүмүүсийг таниулах ажиллагаа хийсэн, мэдүүлгийг шинжлэн судалсан. Бичлэгт “улаан куртиктэй хүнийг мэдэхгүй, бид нартай архи ууж байсан хүн биш, бид нартай хамт явж байгаад М ганцаараа урагшаа салаад явсан. Энэ танихгүй хүн бид нартай хойшоо салаад явсан” гэж мэдүүлдэг. Тухайн үл таних хүн гудамжаар явж байгаад камерын бичлэгт орсон хүн байна гэж ойлгогдохоор нөхцөл байдлууд байсан. Түүнээс улаан куртиктэй хүн Б байхад танихгүй гэж Б мэдүүлсэн зүйл байхгүй. Энэ дээр Б-гийн мэдүүлэг тогтвортой байдаг. Т-ын мэдүүлэг мөрдөн байцаалтын шатанд тогтвортой байсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шүүх шийдвэрлэсэн болно. Яагаад гэхээр Т-ын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулсан. Хэрвээ Тогтохбаяр худлаа ярьж байвал мэдүүлгийг газар дээр нь шалгахад өөрөөр ярих ёстой. Тэгтэл “энэ цонхоор харсан, тэгэхэд талийгаачийг ингэж унагаахад талийгаач хөлнөөс нь зуураад босоод ирэхэд дахиад татаж аваад дахиад унагаасан” гээд нийт 3 удаа унагаасан гэдэг нь мэдүүлэг шалгах ажиллагаагаар нотлогдож байсан. Үүнийг нь гэрэл зургаар баримтжуулсан. Т “844 тоотод байх гэрээсээ ганцаараа гараад автобусанд суугаад 17-ын буудал дээр буугаад Л ахын амьдардаг их дэлгүүр гэх байранд 10-11 цагийн үед ирсэн. Тухайн үед Л ганцаараа зурагт үзээд хэвтэж байсан, Л-гийн чих нь хатуу учраас зурагтаа чанга тавиад үзэж байсан, 5 минут байхаа миний араас У орж ирсэн” гэж ярьдаг. У гаднаас орж ирэхдээ халамцуу байсан. 12-13 цагийн орчим М Л-гийн гэрт орж ирэхдээ архи барьж орж ирсэн. М гадуур юм зараад явж байсан учраас У чи надаа 10.000 төгрөг өг гэдэг асуудал ярьсан. Тэгтэл яахаараа чамд мөнгө өгдөг юм бэ гээд энэ хоёр маргалдсан. Тэгээд хоёулаа маргалдаад гарсан. Хэсэг хугацаа болохоор нь юу болсон бол гээд цонхоор нь хартал ...ингээд, ингээд шидэж байсан, 3 удаа унасан. Түүнээс биш, учиргүй хэрэлдсэн зүйл байхгүй. Тэгээд буцаж орж ирэхдээ Мын хувцасны ар тал шороо болсон, их юм ярьж чадахгүй суугаад байсан гэдэг. Энэ хувцасны ар тал нь шороо болсон, үүрч шидүүлсэн гэдэг нь гэрч Болорцэцэг, Чулуунбаатар нарын мэдүүлэгт Мыг У цохиж байсан гэдэг, мөн Тогтохбаярын мэдүүлгийг гэрчүүд ярьдаг. У, М хоёр маргалдсан шинжтэй, М гэдэс, хэвлийгээр дарсан, өвдөж зовуурилсан шинжтэй байсан гэдэг нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдсон. Цаг хугацааны тухайд тус газар 2 өрөөнд хүмүүс архидаж байсан бүх хүнээс Л-гийн гэрт хэн хэн байсан талаар гэрчийн мэдүүлэг авсан. Гэрчүүд У байгаагүй, эсхүл 18 цагийн үед байгаагүй гэдэг зүйл огт яригдаагүй. Энэ хүмүүс цаг хугацааны хувьд яагаад 1 цаг эсхүл жаахан өмнө, хойно яриад байна гэхээр хэрэг 2022 оны 4 дүгээр сард шүүхэд шилжээд 2022 оны 12 дугаар сард шүүх хуралдаан болсон ба энэ хооронд хүмүүс мартсан, санасан байгаа. Тийм учраас шүүхийн хэлэлцүүлэгт цагаа багцаагаар хэлж байсныг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.У-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Б.У-ыг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 18-19 цагийн үед нийтийн байрны 24 тоотод бусадтай архидан согтуурсан байх үедээ амь хохирогч Р.М-тай харилцан маргалдаж, улмаар тус нийтийн байрны гадна түүнийг дагуулан гарч 3 удаа баруун зүүн мөрөөрөө ээлжлэн үүрч газарт шидэж унагахдаа гэдэс, хэвлий тус газарт нь өөрийн жингээр мөр, тохой хэсгээрээ 3 удаа дарж унах зэргээр зодсоны улмаас Р.М-ын эрүүл мэндэд нь хэвлийн хөндийн битүү гэмтэл буюу дэлүүний задрал, элэгний эдийн язрал, урагдал, хэвлийн хөндийн цус хуралдалт, нойр булчирхайн няцрал гэмтэл учруулсан гэж үзээд хүнийг санаатай алсан гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж, шүүгдэгч Б.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

 Хэргийн бүх ажиллагааг хянахад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих зүйлийг бүрэн нотлоогүй, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийгээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад амь хохирогч Р.М-ыг 2002 оны 02 дугаар сарын 22-ны өглөө эрүүлжүүлэх байрнаас ГССҮТ-д авчирсан /1-р хх-22-24/, Р.М нь эмнэлгээс гарч яваад буцаж ирсэн гэж түүний Өвчний түүх: “...2002 оны 02 сарын 12-нд 09 цаг орчим 103-р ирсэн тухайн үед толгойд СТ болон хэвлий ЭХО хийлгээд зөвөлгөө авалгүй зугтсан гэнэ. 2022 оны 02 дугаар сарын 13-нд 02 цагийн орчим буцаж ирэв. Өөрийн хэлснээр гэмтсэн шалтгаанаа санахгүй байна олон хоног архи уусан гэнэ.” /2-хх 144 ар тал/-д тэмдэглэгдэжээ.

Гэтэл амь хохирогч Р.М-ын дээрх эмнэлгийн байгууллагад үзүүлсэн атлаа эмчийн зөвөлгөө авалгүй зугтаагаад 2022 оны 02 дугаар сарын 13-ны шөнийн 02 цагийн орчим буцаж ГССҮТ-д ирэх хүртэлх Р.М-ын үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан байдлыг тогтоогоогүй гэж үзэх үндэслэл болж байна. Өөрөөр хэлбэл, амь хохирогч дээрх хугацаанд хаана, юу хийсэн амь хохирсон үйлдэлтэй нь шалтгаант холбоотой эсэх талаар хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж хуульчилсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж зааснаас өөрөөр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах болон хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийг хүндрүүлэх эрх хэмжээ давж заалдах шатны шүүхэд олгогдоогүй.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргахгүй тул дээрх алдааг дүгнэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/1172 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Ж.Гантулга, Г.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй орхисон болно. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/1172 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Ж.Гантулга, Г.Энхболд нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 91 /ерэн нэг/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

                    

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ОЧМАНДАХ

                                            ШҮҮГЧ                                           Б.БАТЗОРИГ

                                           ШҮҮГЧ                                           Т.ШИНЭБАЯР