Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2024/ХШТ/42

 

 

Б.У-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Одонсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1703 дугаар шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 952 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 164 дүгээр тогтоолтой, Б.У-т холбогдох 2209000000343 дугаартай эрүүгийн хэргийг Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбатын 2024 оны  02 дугаар сарын 26-ны өдөр бичсэн 05 дугаар дүгнэлтийг үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд *** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар ял хойшлуулж байсан, Б овогт Б-ын У.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.У нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 18-19 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны 8 дугаар гудамжинд байрлах “Улсын их дэлгүүр”-ийн гэх нийтийн байрны ** тоотод бусадтай архидан согтуурч байх үедээ амь хохирогч Р.М-тай харилцан маргалдаж, улмаар тус нийтийн байрны гадна дагуулан гарч түүнийг 3 удаа баруун, зүүн мөрөөрөө ээлжлэн үүрч газарт шидэж унагахдаа гэдэс, хэвлий тус газарт нь өөрийн жингээр мөр, тохой хэсгээрээ 3 удаа дарж унах зэргээр зодсоны улмаас түүний биед “хэвлийн хөндийн битүү гэмтэл буюу дэлүүний задрал, элэгний эдийн язрал, урагдал, хэвлийн хөндийн цус хуралдалт, нойр булчирхайн няцрал гэмтэл учруулж” хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.  

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1703 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагч Б.У-т холбогдох эрүүгийн 2209000000343 дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэгт прокурорт очтол яллагдагч Б.У-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 952 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЗ/1703 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Б.У-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.  

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 164 дүгээр тогтоолоор Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1703 дугаар захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр бичсэн 05 дугаар дүгнэлтдээ “... Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталж, энэхүү хуулийн  33.1 дүгээр зүйлийн 12 дахь заалтыг “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй” гэж өөрчлөн, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шийдвэр гарсан бол хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шилжүүлэхгүй гэсэн хоёрдмол салаа утгагүй зохицуулалтыг хуульчилсан.

Улсын Их Хурлаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүхийн хэлэлцүүлгийн үе шатыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, гэм буруугийн шүүх хуралдаанаар зааглаж, шүүх, прокурор, мөрдөх байгууллагын хараат бус байдлыг хангах, хэргийн бодит байдлыг тогтоох, оролцогчдын эрхийг хангах, хууль зөрчсөн тохиолдолд шүүхээс хэргийг прокурорт буцааж залруулах зорилгоор шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангах, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тусгайлсан үе шатыг бий болгосон.

Мөн шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн, шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх, эсхүл мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх журам зөрчсөн гомдлыг шийдвэрлэх нөхцөлд шүүх хуралдааныг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж, шаардлагатай ажиллагаа явуулахыг прокурорт даалгах зохицуулалтыг шинээр нэмж, хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Үүнээс үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг хангах, прокурор болон хохирогч, шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч нарыг оролцуулан, үндсэн шүүх хуралдаанд бэлтгэх, оролцогчийн санал, хүсэлтийг шийдвэрлэх, шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлж болохуйц процесс ажиллагааны зөрчлийг урьдчилан илрүүлэх, хүний зөрчигдсөн эрхийг шуурхай сэргээх, шүүн таслах ажиллагааг тасралтгүй, иргэдэд чирэгдэлгүй явуулах, шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангах, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тусгайлсан, бие даасан үе шатыг бий болгож, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, түдгэлзүүлэх, харьяаллын дагуу шилжүүлэх эрх олгосон хэм хэмжээг хуульчилсан байна.

Түүнчлэн анхан шатны шүүх нь яллагдагчийг шүүхэд шилжүүлж, анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэгдсэний дараа шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангах, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шилжүүлж, хэргийг хэлэлцэх, улмаар прокурорт буцаах нөхцөл байдал, хуулийн хэрэглээ, шүүхийн практикийг хааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэгт хэрэг буцаахгүй байх зохицуулалтыг оруулсан байна.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн Б.У-т холбогдох эрүүгийн 2209000000343 дугаартай хэргийг анхан шатны шүүх хүлээн авч, шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЗ/1643 дугаар захирамжаар яллагдагчийн шүүхэд шилжүүлж, улмаар хэргийг анхан, давж заалдах болон хяналтын журмаар хянан хэлэлцсэний дотор хяналтын шатны шүүхээс 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хэргийг хянан хэлэлцэж, 82 дугаар тогтоолоор анхан шатны шийтгэх тогтоол, түүнийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгосон.

Гэтэл шүүх хэргийг дахин шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шилжүүлж, улмаар 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хэргийг хэлэлцэж, шүүгчийн 1703 дугаартай захирамжаар эрүүгийн 2209000000343 дугаартай хэргийг прокурорт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, өөрт олгогдоогүй эрх хэмжээг эдэлж, хуулиар хориглосон хэм хэмжээг илтэд буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Тодруулбал, анхан шатны шүүхийн шүүгч “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг” явуулах тухай өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн, 2023 оны 06 дугаар сарын 28-ны 2023/ШЭ/1512 дугаар захирамж гарган, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2023 оны 07 дугаар сарын 06-ны 15 цагт хийхээр тов тогтоосон, тухайн өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахыг хойшлуулж, улмаар мөн оны 07 дугаар сарын     20-ны өдөр хэргийг хэлэлцэн, прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан шүүн таслах ажиллагаа явуулах зарчим, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар, үе шат, дараалал, хэм хэмжээнд нийцээгүй байна.

Энэ талаар давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн хэргийг прокурорт буцаасан 1703 дугаартай захирамжийг хүчингүй болгосон.

Харин Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, “шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа зайлшгүй шаардлагын улмаас тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгосон байтал давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй, алдаатай шийдэл төдийгүй хууль хэрэглээний буруу жишиг гэж дүгнээд, магадлалыг хүчингүй болгож, захирамжийг хэвээр үлдээсэн.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үзэл баримтлалд нийцэхгүй, хүчингүйд тооцогдсон хуулийн заалтыг агуулгын хувьд сэргээж, хуулиар хориглосон хэм хэмжээг хэрэглэн, хуулийг илтэд буруу тайлбарлан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Прокурорын байгууллага эрүүгийн хууль тогтоомжийг нэг мөр хангуулах, хүний эрхийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, хүний зөрчигдсөн эрхийг сэргээх үндсэн чиг үүрэгтэй бөгөөд үйл ажиллагаагаа төрийн нэрийн өмнөөс хэрэгжүүлдэг онцлогтой. Энэ хүрээнд шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянан шалгах, хэрэг үүсгэх, дүгнэлт бичих, шүүхээр шийдвэрлүүлэх эрх, үүргийг прокурорт хүлээлгэжээ.

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгах үйл явц нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцгой журам бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангах, шүүн таслах ажиллагаагаар шударга ёсыг хэлбэрэлтгүй тогтоох, хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн” үндэслэлд тухайн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн эрх ноцтой зөрчигдсөн асуудал төдийгүй Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрхийн суурь ухагдахууныг авч үзэх зохицуулалттай. Хуулийн нэр томьёоны тодорхойлолтод “оролцогч” гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг ойлгохоор зааж, эрх, үүргийг нь тусгайлан тодорхойлсон байна.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг хянах үндэслэлд хүний эрх ноцтой зөрчигдсөн гэсэн өргөн утгатай нэр томьёог хуульчилсан.

Шинэ нөхцөл байдлын улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх, шийдвэрлэх ажиллагааг дан ганц тодорхой нэг оролцогчийн хүрээнд бус хуулийн зорилт, нэр томьёо, онцгой журмын үзэл баримтлалд нийцүүлэн, нийтийн эрх зүй, хүний эрх ноцтой зөрчигдсөн асуудалд тулгуурлан шийдвэрлэх нь зүйтэй.

Учир нь хүний эрх ноцтой зөрчигдсөн гэдэг нь зөвхөн хуулийн нэр томьёонд тусгагдсан тодорхой нэг хүний эрхээр бус, нийтийн эрх зүйн харилцаанд оролцдог олон нийт, хуулийн этгээд, иргэдийн эрхийг хязгаарласан, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хууль дээдлэх зарчим, шударгаар шүүлгэх эрхийг ойлгохоор байна.

Анхан болон хяналтын шатны шүүх хуулийн илэрхий, хоёрдмол салаа утгагүй, нэмж тайлбарлах шаардлагагүй хэм хэмжээ, зохицуулалтыг буруу тайлбарлан, хүчингүйд тооцогдсон хуулийн заалтыг агуулгын хувьд сэргээж, хуулиар хориглосон заалтыг хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хэргийн оролцогч болох хохирогч, хууль ёсны төлөөлөгч болон нийтийн эрх зүйн харилцаанд оролцдог бусад хуулийн этгээд, олон нийт, иргэд шүүхээр шударгаар шүүлгэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрх зөрчигдөж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн” үндэслэлд хамаарч байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 164 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Прокурор Ш.Одонсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12-т яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шийдвэр гарсан бол шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй гэсэн хоёрдмол салаа утгагүй зохицуулалтыг хуульчилсан. Ерөнхийдөө хэргийг прокурорт буцаах зохицуулалт нь зөвхөн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд байхаар хуульчлагдсан. Урьдчилсан хэлэлцүүлэг нь хүрэлцэхүйц байдлыг тогтоох, шүүх хуралдааныг шуурхай явуулах бэлтгэл ажлыг хангах зорилготой. Шүүх үүнийг анхаарч үндсэн шүүх хуралдаанд шилжүүлэх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-6.17 дахь заалтад хүрэлцэхүйц байдлыг хангах агуулга бүрэн тусгагдсан ба анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдал бий эсэхийг шалгасны дараа шилжүүлэх ёстой. Харин нотлох баримтын хүрэлцэхүйц байдал хангалттай тогтоогдоогүй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасан тодорхой ажиллагааг хийлгүүлэхээр прокурорт даалгана. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлд заасан ажиллагаа нь хязгаарлагдмал буюу прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан хэргийн үйл баримтын хэмжээнд нийцсэн байх ёстой. Зарим тохиолдолд шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийлгэх явцад прокурорын яллах дүгнэлтэд заагдаагүй хэргийн үйл баримт тогтоогдохыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд прокурор тухайн үйл баримтыг тусгаарлан хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэргийг шүүхэд шилжүүлэх зохицуулалттай гэж харж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлд заасан 60 хоногийн хугацаанд хийгдэх ажиллагаа нь прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд бичигдэж, энэхүү ажиллагааг мөрдөгч, прокурор зайлшгүй гүйцэтгэх ёстой. Үр дүн нь 60 хоногт багтаж гараагүй нөхцөл байдал тогтоогдвол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан бусад шалтгаан бий болсон гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах бүрэн боломжтой. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үзэл баримтлалд нийцэхгүй, хүчингүйд тооцогдсон хуулийн заалтыг агуулгын хувьд сэргээж, хуулиар хориглосон хэм хэмжээг хэрэглэсэн, хуулийг илтэд буруу тайлбарласан гэж үзээд хяналтын шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн дүгнэлтийг дэмжиж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхболд хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Прокурор дүгнэлтээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцгой журмыг хуульчилсан. Энэ журмаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн буюу шүүхийн шийдвэр гарсны дараа шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах дөрвөн үндэслэл байдаг. Гэтэл энэ хэргийн хувьд гэм буруутайд тооцсон, эсхүл цагаатгасан, хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр гараагүй. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй үндэслэлээр дүгнэлт гаргасан байна. Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог. Гэтэл энэ хэрэгт эргэлзээтэй нөхцөл байдлууд бий бөгөөд шүүхээр эцэслэн шийдвэрлэх боломжгүй, шүүхэд мөрдөн байцаалтын ажиллагаа явах эрх хэмжээ байхгүй учир заавал мөрдөн байцаалтаар дээрх ажиллагаа хийгдсэний үндсэн дээр хэргийн ээдээр төвөгтэй байдал арилснаар шийтгэх, эсхүл цагаатгах асуудлыг шийдвэрлэх ёстой. Энэ байдалд Улсын дээд шүүхээс дүгнэлт хийж, хэргийг буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбатын бичсэн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай дүгнэлтийг үндэслэн Б.У-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэв.

2.Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлд заасан гомдол гаргах, эсэргүүцэл бичих хугацаа дуусмагц, эсхүл гаргасан гомдол, эсэргүүцлийн дагуу давж заалдах болон хяналтын шатны шүүх уг хэргийг хянан хэлэлцэж зохих шийдвэр гаргаснаар хүчин төгөлдөр болдог.

3.Хяналтын шатны шүүх нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг нэгдүгээрт, хэргийн оролцогч талуудын буюу шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдол, прокурор, дээд шатны прокурорын эсэргүүцлээр; хоёрдугаарт, хуульд заасан үндэслэл бий болсон үед буюу шинээр илэрсэн нөхцөл байдлыг нягтлахаар шүүхийн шийдвэрийг дахин хянадаг байна.

4.Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хуулийн хэрэглээний зөрүү байгаа эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэх, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн эсэхийг хянадаг бол харин шинээр илэрсэн нөхцөл байдал нь урьд нь мэдэгдээгүй байсан шинэ нөхцөл байдал буй болсноор хэргийг хянана.

Өөрөөр хэлбэл, шинээр илэрсэн нөхцөл байдал гэдэгт анхан шатны шүүхийн цагаатгах (шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй буюу гэмт хэрэг гарсан нь тогтоогдоогүй, эсвэл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй) болон шийтгэх тогтоол (шүүгдэгчийн гэм буруу шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтаар бүрэн нотлогдсон), давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоол гарах үед огт мэдэгдээгүй, шүүгдэгчийн хувийн байдлыг дээрдүүлсэн буюу дордуулсан нөхцөл байдал тогтоогдвол шүүхийн өмнөх шийдвэрүүдийг зайлшгүй хүчингүй болгохыг шаардах хүчин зүйлсийг ойлгодог.

Мөн хяналтын шатны шүүх гомдол, эсэргүүцлээр хэргийг хянах хуулийн заалттай бол шинэ нөхцөл байдлын улмаас хэргийг хянах нь шинээр илэрсэн нөхцөл байдлын үндэслэл байгаа эсэхийг прокурор хэрхэн дүгнэж үзсэнээс шалтгаална.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 4 үндэслэл тогтоогдсон тохиолдолд урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шийтгэх буюу цагаатгах тогтоол, магадлал, тогтоолыг хүчингүй болгож, хэргийг сэргээж шалгадаг болно. Гэтэл энэ хэргийн хувьд шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон, эсхүл цагаатгасан, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр гараагүй байх тул прокурорын бичсэн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй байна.

6.Иймд эрүүгийн хэргийг эцсийн байдлаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр огт гараагүй байхад шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулахаар бичсэн прокурорын дүгнэлтийг хяналтын шатны шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 164 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбатын бичсэн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсугай.

              

ДАРГАЛАГЧ                                           М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧИД                                               Б.АМАРБАЯСГАЛАН

С.БАТДЭЛГЭР

Б.БАТЦЭРЭН

С.СОЁМБО-ЭРДЭНЭ