Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2020/01846

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Б-гийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/01589 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.А-ид холбогдох

 

Автомашины үнэ болон хохиролд нийт 3 487 580 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.А- нь миний өмчлөлийн 82-98 ӨМА улсын дугаартай, “Хьюндай грэйс” маркийн автомашиныг 2017 оны 9 дүгээр сард 4 000 000 төгрөгийн үнэ бүхий тугалтай 4 үнээгээр солихоор харилцан тохиролцсон. Ингээд би түүнд автомашиныг хүлээлгэн өгсөн бөгөөд Б.А- нь тугалтай 4 үнээг өөрийн ачааны машинаар Дундговь аймагт хүргэж өгнө гэж тохирсон боловч машины торгуулийн мөнгө төлсөн, эсхүл бензиний мөнгө байхгүй, үхэр чинь зуданд үхсэн гэх зэрэг элдэв шалтаг тоочин одоог хүртэл өгөхгүй байна. Иймд хариуцагч Б.А-оос тугалтай 4 үнээний үнэ болох 4 000 000 төгрөгөөс түүний автомашиныг шилжүүлэн авах үед торгууль, татварт төлсөн төлбөрийг хасаж, мөн Өмнөговь аймгаас  ирж, очсон зардлыг нэмж тооцон 3 487 580 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б- бид хоёр тохиролцон, түүний автомашиныг 4 000 000 төгрөгөөр тооцон оронд нь тугалтай 4 үнээгээр солихоор болсон. Ингээд 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр автомашиныг хүлээн авах үед уг автомашинд 1 094 000 төгрөгийн торгууль, 20 000 төгрөгийн татвар төлөгдөөгүй байсан. Тухайн үед Н.Б- нь хэлэхдээ торгууль, татварыг төлчих, 3 хоногийн дараа би мөнгөтэй ирээд буцаагаад өгье, мөн малаа аваад явна гэсэн. Ингээд би автомашины торгууль, татварт 1 120 000 төгрөгийг төлж, автомашиныг шилжүүлэн авсан. Н.Б-д ирж тугалтай 4 үхрээ авахыг удаа дараа мэдэгдсэн боловч ирж аваагүйн улмаас 2018 оны 2, 3 сард зуднаар манай бүх мал болон Н.Б-д зүсэлж өгсөн үхэрнүүд үхсэн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.А-оос гэрээний үүрэгт 3 487 580 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 752 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.А-оос улсын тэмдэгтийн хураамжид 70 752 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж чадаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэргийг хууль зүйн үндэслэлгүй буруу шийдвэрлэсэнд гомдолтой. Учир нь талуудын арилжсан хөрөнгийн шинж байдлыг шүүх зайлшгүй анхаарах ёстой бөгөөд хариуцагч талаас тугалтай 4 үхрийг нэхэмжлэгчид зүслэн зааж өгч, авч явах зөвшөөрлийг өгснөөр түүнд хөрөнгийг захиран зарцуулах, эзэмшилдээ авах /туугаад явах/ эрх нь үүссэн гэж үзэх ба амьд мал шилжүүлэн авахдаа үрэгдэх, устаж үгүй болох эрсдэлийг бүрэн тооцож, мэдэх боломжтой байсан. Мөн хариуцагч тал гэрээний дагуу уг хөрөнгийг илгээх, тээвэрлэлтийг хариуцах, үүрэг хүлээгээгүй байтал нэхэмжлэгчийн гаргасан Б.А- өөрийн ачааны машинаар Дундговь аймагт хүргэж өгнө гэж тохирсон гэсэн тайлбарыг үндэслэн худалдсан эд хөрөнгииг шилжүүлээгүй, тээвэрлэх үүрэг хүлээсэн мэтээр дүгнэсэн нь буруу бөгөөд хэт нэг талыг барьж хариуцагчийг хохироосон байна. Талууд Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө хүлээлцэх нөхцөлийг гэрээгээр тохиролцоогүй тул Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар тодорхой үйлдэл хийснээр эд хөрөнгийг хүлээн авсанд тооцох ёстой ба Б.А- нь маргаан бүхий тээврийн хэрэгслийг хүлээн авч өмчлөгчийн нэрийг өөрчлөн бүртгүүлсний дараа тугалтай 4 үхрийг нэхэмжлэгч Н.Б-д зүслэн өгч, ачиж явах зөвшөөрлийг өгсөн, автомашины татвар, торгуульд 1 120 000 төгрөгийг Б.А- төлсөн зэрэг нөхцөл байдал нь Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.2 дахь хэсэгт заасан хөрөнгийг хүлээн авсан үйлдэл гэж үзэхээр байна. Иймд Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч Н.Б-д тухайн хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг хөрөнгө устаж, гэмтсэний эрсдэл шилжсэн гэж үзэх ба Иргэний хуулийн 258 дугаар зүйлд заасан эд хөрөнгийг хадгалах үүрэг хариуцагч талд үүсэхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Н.Б- нь хариуцагч Б.А-ид холбогдуулан автомашины үнэ болон хохиролд нийт 3 487 580 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2017 оны 9 сард арилжааны гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Н.Б- нь 81 98 ӨМА улсын дугаартай, микро автобусыг 4 000 000 төгрөгөөр, хариуцагч Б.А-ид худалдах, хариуцагч нь автомашины үнэд 4 тугалтай үнээ өгөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан дээрх гэрээг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ гэж дүгнэсэн нь зөв боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй алдаа гаргасныг зөвтгөн өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ хариуцагч Б.А-ийн өмчлөлд автомашинаа шилжүүлсэн боловч хариуцагч нь 4 тугалтай үнээгээ миний өмчлөлд шилжүүлээгүй тул 4 тугалтай үнээг 4 000 000 төгрөгт тооцож, автомашины торгуулийн мөнгө 710 400 төгрөгийг хасч 3 289 600 төгрөг, /4 000 000₮ - 710 400₮ = 3 289 600₮/, Өмнөговь аймгаас ирж очсон зардлыг нэмж нийт 3 487 580 төгрөг гаргуулна гэсэн бол хариуцагч татгалзалдаа нэхэмжлэгч Н.Б- нь 4 тугалтай үнээг өөрөө ирж авахаар тохиролцсон боловч аваагүйн улмаас зуданд үхсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ. /хх-ийн 1, 56-57-р тал/

 

Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээдэг бөгөөд нэхэмжлэгч Н.Б- нь гэрээний дагуу автомашиныг хариуцагч Б.А-ид шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсон. Харин хариуцагч нь 4 тугалтай үнээг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт “Арилжааны гэрээнд худалдах, худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна” гэж заажээ.

 

Талууд Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хүлээн авах нөхцлийг гэрээгээр тохиролцоогүй бөгөөд мөн хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Б- нь эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдоогүй байх тул хариуцагч Б.А-ийг гэрээний дагуу эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч нь 4 тугалтай үнээний үнийг хариуцагчаас шаардах эрхтэй бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Харин нэхэмжлэгч нь Өмнөговь аймгаас ирж, очсон зардлыг хариуцагчаас гаргуулахаар шаардсан боловч хэргийн 4-9 дүгээр талд авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Н.Б-г зардал гаргасан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

 

Иймд 4 тугалтай үнээний үнэ болох 4 000 000 төгрөгөөс автомашины торгуулийн мөнгө 710 400 төгрөгийг хасч үлдэх 3 289 600 төгрөгийг хариуцагч Б.А-оос гаргуулж, нэхэмжлэгч Н.Б-д олгож, нэхэмжлэлээс 197 980 төгрөгт  холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт заасанд тус тус нийцнэ.

 

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/01589 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.А-оос 3 289 600 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Б-д олгож, нэхэмжлэлээс 197 980 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 752 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвэээр үлдээж, хариуцагч Б.А-оос 67 583 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Н.Б-д олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 70 752 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ

     

                        ШҮҮГЧИД                                 Д.НЯМБАЗАР

     

                                                                            Г.ДАВААДОРЖ