Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/00846

 

2022           09            22                                          001/ХТ2022/00846

Н.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/01589 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1846 дугаар магадлалтай,

Н.Бгийн нэхэмжлэлтэй

Б.Аид холбогдох

Автомашины үнэ болон хохиролд нийт 3,487,580 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтаншагайгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Н.Б нь Б.Аид холбогдуулан автомашины үнэ болон хохиролд нийт 3,487,580 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/01589 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Аоос гэрээний үүрэгт 3.487.580 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Бд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 70.752 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Аоос улсын тэмдэгтийн хураамжид 70 752 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1846 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/01589 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Аоос 3 289 600 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Бд олгож, нэхэмжлэлээс 197 980 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 752 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвэээр үлдээж, хариуцагч Б.Аоос 67 583 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Н.Бд олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 70 752 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтаншагай хяналтын гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргалаа. Гомдлын үндэслэл нь: Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан буюу Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Учир нь талуудын арилжсан хөрөнгийн шинж байдлыг анхан болон давж заалдах шатны шүүхүүд зайлшгүй анхаарч шалгах ёстой бөгөөд хариуцагч талаас тугалтай 4 үхрийг нэхэмжлэгчид зүслэн зааж өгч, авч явах зөвшөөрлийг өгснөөр түүнд хөрөнгийг захиран зарцуулах, эзэмшилдээ авах /туугаад явах/ эрх нь нэхэмжлэгчид үүссэн гэж үзэх ба амьд мал шилжүүлэн авахдаа үрэгдэх, устаж үгүй болох эрсдэлийг бүрэн тооцож мэдэх боломжтой байсан. Мөн хариуцагч Б.А гэрээний дагуу уг хөрөнгийг илгээх, тээвэрлэлтийг хариуцах үүрэг хүлээгээгүй байтал зөвхөн нэхэмжлэгчийн “Б.А өөрийн ачааны машинаар Дундговь аймагт хүргэж өгнө гэж тохирсон” гэсэн тайлбарыг эд хөрөнгийг шилжүүлээгүй, тээвэрлэх үүрэг хүлээсэн мэтээр буруу дүгнэснийг зөвшөөрөхгүй. Зохигчид Иргэний хуулийн 248.1-т зааснаар хөрөнгө хүлээлцэх нөхцөлийг гэрээгээр тохиролцоогүй тул Иргэний хуулийн 248.2-т зааснаар тодорхой үйлдэл хийснээр эд хөрөнгийг хүлээн авсанд тооцох ёстой ба Б.А нь маргаан бүхий тээврийн хэрэгслийг хүлээн авч өмчлөгчийн нэрийг өөрчлөн бүртгүүлсний дараа тугалтай 4 үхрийг нэхэмжлэгч Н.Бд зүслэн өгч, ачиж явах зөвшөөрлийг өгсөн, автомашины татвар, торгуульд 1,120,000 төгрөгийг Б.А төлсөн зэрэг хэрэгт баримтаар тогтоогдсон нөхцөл байдал нь Иргэний хуулийн 258.2-т заасан “хөрөнгийг хүлээн авсан” үйлдэл гэж үзэх бүрэн үндэстэй. Иймд Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д зааснаар Худалдан авагч Н.Бд тухайн хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг хөрөнгө устаж гэмтсэний эрсдэл шилжсэн гэж үзэх ба 258 дугаар зүйлд заасан эд хөрөнгийг хадгалах үүрэг хариуцагч талд үүсэх хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т зааснаар шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

6. Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Б.Аид холбогдуулан арилжааны гэрээний үүрэгт 3,487,580 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Тэрээр нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “...2017 оны 9 сард Хьюндай грэйс маркийн автомашинаа тугалтай 4 үнээгээр солихоор Б.Атой харилцан тохиролцоод, машинаа хүлээлгэн өгч, өмчлөх эрхийг шилжүүлсэн, харин хариуцагч нь одоо болтол тугалтай 4 үнээг өгөөгүй. Хариуцагч 2018 оны 2-3 сард буюу өвөл мал чинь зуднаар үхсэн гэдэг боловч 2018 оны 06 сард надад “торгуулийн мөнгөө төл, мал чинь байж л байна” гэж бичиж байсан, иймд автомашиныг шилжүүлэхэд хариуцагчийн төлсөн торгууль, татвар 710,400 төгрөгийг хасаад үлдэх мөнгөн төлбөрийн үүргийг шаардаж байна” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, гэрээ байгуулсан нь үнэн, нэхэмжлэгч нь машины татвар, торгууль гээд 1,120,000 төгрөгийг надаар төлүүлээд, уг мөнгийг өгөөд үнээгээ авна гэсэн боловч аваагүй, үнээг нь зүсэлж өгсөн байсан, 2018 оны 2 сард зуднаар манай бүх мал үхсэн, эрсдэлийг өмчлөгч буюу нэхэмжлэгч хариуцах ёстой гэж маргажээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 3,289,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо өөрийн үүргийг харилцан тооцож, хассан ба хоёр шатны шүүх уг үүргийг хэмжээг өөр өөрөөр тодорхойлсноос зөрүүтэй шийдвэр гаргажээ. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.

8. Талуудын хооронд байгуулагдсан /амаар байгуулагдсан/ 2017 оны 9 сарын гэрээг арилжааны гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт нийцсэн, уг гэрээ нь хүчин төгөлдөр байна. Гэрээгээр нэхэмжлэгч Н.Б нь 8198 ӨМА улсын дугаартай, микро автобусыг 4,000,000 төгрөгт тооцон Б.Аид худалдах, хариуцагч нь 4 тугалтай үнээ өгөхөөр харилцан тохиролцсон байх ба нэхэмжлэгч үүргээ биелүүлсэн нь тогтоогдсон, харин хариуцагч үүргээ биелүүлсэн эсэх асуудал маргааны зүйл болжээ.

9. Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ.

Нэхэмжлэгч Н.Б нь гэрээнд заасан автомашиныг хариуцагч Б.Аид шилжүүлсэн бол хариуцагч нь 4 тугалтай үнээг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад тулгуурласан байна. Хариуцагч нь тугалтай 4 үнээг нэхэмжлэгчид зүсэлж өгсөн, уг мал нь зуднаар үхсэн гэх тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй тул “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах”-ыг хүссэн гомдлыг хангах үндэслэлгүй болно.

10. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.7-д заасан хэм хэмжээг хэрэглэж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь оновчтой болжээ.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй”, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д “Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй” гэж тус тус заасан.

Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн тул нэг тал нь хөрөнгөө шилжүүлсэн бол нөгөө тал хөрөнгөө шилжүүлэх үүрэг үүснэ. Талуудын хооронд хөрөнгө шилжүүлэх хугацааг гэрээнд өөрөөр тогтоогоогүй учраас Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар талууд хөрөнгө шилжүүлэх үүргээ харилцан биелүүлэх ёстой гэж үзнэ.

Хэрэгт байгаа баримтаас үзэхэд, тугалтай 4 үнээ биетээр байхгүй, нэхэмжлэгч хөрөнгөө шилжүүлсэн байхад хариуцагч нь үүргээ биелүүлээгүй байх тул хугацаа хэтэрсэн гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4-т зааснаар хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцдаг тул тугалтай 4 үнээний үнийг төлөх үүрэгтэй болно.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар зохигч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцдэг.

Хариуцагч нь нэхэмжлэгч талыг эд хөрөнгө хүлээж авах үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн гэх тайлбар, татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй байхад баримтаар нотлоогүй, ийм нөхцөл байдлыг нотолсон баримт хэрэгт байхгүй байна. Иймд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

12. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1846 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 70,752 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                         ШҮҮГЧ                                                           Н.БАЯРМАА

                                                                                                П.ЗОЛЗАЯА

                                                                                                Б.МӨНХТУЯА

                                                                                                Х.ЭРДЭНЭСУВД