Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2020/01868

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“П -” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/01744 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “П -” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М-” ХХК-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэг болон хохиролд нийт 33 327 840 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Нямжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П -” ХХК нь “М-” ХХК-тай 2019 оны 5 сарын 22-ны өдөр оффис захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу “П -” ХХК нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, “Люкс хаус-3” орон сууцны урд талд байрлах төв зам дагуу “Ю би тауэр” оффисийн барилгын 8 давхрын 808 тоот, 69.95 м.кв оффисийн талбайн үнэ болох 215 915 000 төгрөгийг гэрээний 2.3-т заасан хуваарийн дагуу төлөх, “М-” ХХК нь барилгыг 2019 оны 10 сард багтаан улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтанд оруулах үүргийг тус тус хүлээсэн. “П -” ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.3-т “Гэрээний зүйл хүлээлгэн өгөх хугацааг 2019 оны 10 сард багтаан барьсны дараа улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулна” гэж заасан боловч “М-” ХХК барилгыг хугацаанд нь ашиглалтад оруулаагүй. Манай компанийн зүгээс барилгыг хугацаандаа ашиглалтад орно, 2019 оны 10 сард ашиглалтад ормогц оффисийн барилгад нүүж орно гэж тооцоолон, гэрээний үлдэгдэл төлбөрийг Голомт банктай байгуулсан 2019 оны 11 сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 151 140 500 төгрөгийг төлж барагдуулсан. Гэтэл оффисийн барилга ашиглалтад орохгүй байсаар 2020 оны 2 сарын 05-ны өдрийн 2020/107 тоот дүгнэлтээр барилгыг улсын комисс хүлээн авч, оффисийн талбайг 2020 оны 4 сарын 06-ны өдөр ашиглалтад оруулж хүлээлгэн өгсөн. Энэ хугацаанд манай компани Тусгаар тогтнолын ордны оффисийн зориулалттай 314 болон 915 тоот 2 өрөөг 2019 оны 10 сараас 2020 оны 5 сарыг хүртэл cap бүр 2 100 000 төгрөг, нийт 12 600 000 төгрөгийг төлж түрээсэлсэн. Барилга хугацаандаа ашиглалтад орсон бол манай компанид түрээсийн илүү зардал төлөхгүй байсан. Мөн гэрээний 6.1-т ашиглалтад оруулахаар гэрээнд заасан хугацааг ажлын 45 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд захиалагчийн төлсөн төлбөрийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө гэж заасан тул алдангийн асуудлыг шийдвэрлүүлэхээр “М-” ХХК-д удаа дараа хандсан боловч шийдвэрлэж өгөөгүй. Иймд гэрээний 6.1-д заасны дагуу ажлын 45 хоногийг хасч 2020 оны 01 сарын 02-ны өдрөөс 4 сарын 06-ны өдрийг хүртэлх 96 хоногийн алдангид 20 727 840 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс “П -” ХХК-д учирсан хохирол буюу түрээсийн зардалд төлсөн 12 600 000 төгрөгийн хамт, нийт 33 327 840 төгрөгийг “Мастер  түншлэл” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2019 оны 5 сарын 22-ны өдөр “П -” ХХК-тай гэрээ байгуулсан бөгөөд талууд 2020 оны 3 сарын 23-ны өдөр уг гэрээг дүгнэж, акт үйлдэн гэрээгээр хүлээсэн талуудын эрх, үүрэг харилцан дууссан болохыг баталж, төлбөр тооцоог эцэслэн тохирч захиалагч тал оффис өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулан авсан билээ. Өөрөөр хэлбэл төлбөр тооцоогүй болохыг баталж, өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулан авчихаад гэнэт дуусгавар болсон гэрээний дагуу алданги шаардаж байгаа нь хууль зүйн болоод ёс зүйн үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн захиалсан оффисийн талбай бүхий барилгыг барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2019 оны 12 сарын 20-ны өдөр ажиллаж хүлээн авсан боловч бичгэн дүгнэлт 2020 оны 2 сарын 05-ны өдөр гарсан тул манайхаас хамааралгүй төрийн байгууллагын ажиллагаанаас хамааралтай хугацаа хойшилсон. Гэрээний 6.4-т “энэ тохиолдолд алданги тооцохгүй байхаар тохирсон”. Мөн барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай дүгнэлтэд комисс барилга дээр ажилласан тухайн өдрөөр ашиглалтад оруулах нь зүйтэй гэж дүгнэснээс үзэхэд манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ “П -” ХХК-ийн өмнө бүрэн биелүүлсэн болох нь тодорхой харагдана. Бусад захиалагч нар 2020 оны 1 сараас орж эхэлсэн байсан. Иргэний хуульд алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцохоор зохицуулсан байтал гэрээнд төлсөн үнийн дүнгээс тооцохоор заасан. Мөн хэрэгт баримтаар ирүүлсэн түрээсийн гэрээг үзвэл нэг жилийн хугацаатай байгуулсан байх тул хохиролд түрээсийн төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан “М-” ХХК-иас 6 477 450 төгрөг гаргуулж, “П -” ХХК-д олгож, үлдэх 26 850 390 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324 590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 118 589 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан боловч “М-” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүйгээр талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1-д заасны дагуу 2020 оны 1 сарын 02-ны өдрөөс 2020 оны 4 сарын 06-ны өдрийг хүртэлх 96 хоногийн алдангид 20 727 840 төгрөгийг нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний 1.3-т “барилгыг зураг төсөл, хууль тогтоомж, барилгын норм дүрэм, стандартад нийцүүлэн 2019 оны 10 сард багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулахаар тохирсон, оффисийн барилгыг 2020 оны 2 сарын 05-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарснаар “М-” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь оффисийн барилгыг барьж ашиглалтад оруулах, захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь оффисийн талбайн төлбөр тооцоог төлөхтэй холбоотой бүхий л харилцааг зохицуулсан бөгөөд “М-” ХХК нь гэрээний 1.3-т заасан хугацаанд буюу 2019 оны 10 сард багтаан оффисийн талбайг барьж дуусгах, улсын комисс хүлээлгэн өгч ашиглалтад оруулах, захиалагчийн өмчлөл, ашиглалтад шилжүүлэн өгөх үүргийг гэрээгээр хүлээсэн байсан. Оффисийн барилгыг 2020 оны 2 сард улсын комисс хүлээн авч, ашиглалтад оруулсан боловч “М-” ХХК нь оффисийн барилгыг 2020 оны 4 сарын 06-ны өдөр захиалагч “П -” ХХК-д хүлээлгэн өгсөн. Захиалагчийн зүгээс “М-” ХХК-д хандан оффисийн барилгаа хүлээж авах талаар удаа дараа хандаж байсан боловч шийд өгөхгүй байсаар 2020 оны 4 сарын 06-ны өдрийг хүргэсэн. Гүйцэтгэгч нь оффисийн барилгыг гэрээнд заасан хугацаанд захиалагчид хүлээлгэн өгөөгүй тул гэрээний 6.1-д заасны дагуу захиалагч нь 2020 оны 4 сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны алданги нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 12 600 000 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч “П -” ХХК нь Тусгаар тогтнолын ордны оффисийн зориулалттай 314 болон 915 тоот 2 өрөөг 2019 оны 10 сараас 2020 оны 5 сарыг хүртэл түрээсэлсэн, түрээсийн төлбөрт сар бүр 2 100 000 төгрөгийг төлсөн бөгөөд “М-” ХХК нь оффисийн барилгыг гэрээнд заасан хугацаанд нь ашиглалтад оруулж, манай компанид хүлээлгэн өгсөн байсан бол түрээсийн илүү зардал төлөхгүй байх боломжтой байсан. Нэхэмжлэгчийн эд хөрөнгийн байдал байх ёстой хэмжээнээс буурсан, дордсоныг хохирол үүссэн гэж үзэх бөгөөд “П -” ХХК нь түрээсийн төлбөрт төлсөн зардал нь нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч “П -” ХХК нь 2019 оны 5 сарын 22-ны өдрийн оффис захиалгаар бариулах гэрээний үүрэг, үр дагавар, хохирлыг “М-” ХХК-иас бүхэлд нь шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 26 850 390 төгрөгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу үнэлж, буруу дүгнэлт хийсэн. Учир нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний 1.3-т заасан хугацааг манай компани 2019 оны 11 сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 сарын 20-ны өдөр хүртэл буюу ажлын 36 хоногоор хэтрүүлсэн. Өөрөөр хэлбэл барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2019 оны 12 сарын 20-нд барилгыг ашиглалтад хулээн авч. 2020 оны 2 сарын 05-нд хүлээн авсан тухай дүгнэлтийг бичгээр гаргаж өгсөн. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай дүгнэлтэд комисс барилга дээр ажилласан тухайн өдрөөр ашиглалтад оруулах нь зүйтэй гэж дүгнэснийг шүүх харгалзан үзэж зохих ёсоор нотлох баримтыг үнэлээгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 даь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ алданги бодогдох урьдчилсан нөхцөл үүсэхээс өмнө буюу ажлын 45 хоногоос бага ажлын 36 хоногоор хэтрүүлсэн тул алданги тооцох нөхцөл үндэслэл үүсээгүй гэж үзэж байна. Мөн алданги тооцох байсан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс л алданги тооцно гэж хуульд заасныг шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Талууд 2020 оны 3 сарын 23-ны өдөр уулзан гэрээг дүгнэж, акт үйлдэн гэрээгээр хүлээсэн талуудын эрх, үүрэг харилцан дууссан болохыг баталж, төлбөр тооцоог эцэслэн тохирч захиалагч тал оффис өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулан авсан үйл баримтыг шүүх үнэлсэнгүй. Өөрөөр хэлбэл харилцан тохиролцож, нэгэнт дуусгавар болгосон гэрээний зүил заалтаар нэхэмжлэгч тал алданги шаардах эрхгүй болж эрх зүйн харилцаа дууссаныг шүүх харгалзаж үзэлгүй шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөх хууль, эрх зүйн үндэслэл байхгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “П -” ХХК нь хариуцагч “М-” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт алданги 20 727 840 төгрөг, хохиролд 12 600 000 төгрөг нийт 33 327 840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2019 оны 5 сарын 22-ны өдөр №UBT.SC 027 дугаартай оффис захиалгаар бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч “М-” ХХК нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “Ю би тауэр” барилгын 8 давхар, 8 тоот 69.35 м.кв талбай бүхий оффисийн талбайг 2019 оны 10 сард багтаан улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулах, нэхэмжлэгч “П -” ХХК нь оффисийн талбайн үнэ 215 915 000 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч “П -” ХХК нь оффисийн талбайн үнэ 215 915 000 төгрөгийг хариуцагч “М-” ХХК-д бүрэн төлсөн болох нь талуудын тайлбар, оффис захиалгын гэрээ, “Голомт банк” ХХК-ийн дансны хуулга, шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 10-16, 18-27-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь зөв боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан бөгөөд талуудын байгуулсан гэрээний 1.3-т “Гүйцэтгэгч нь оффисийн барилгыг ... 2019 оны 10 сард багтаан барьсны дараа улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулна” гэж,

6.3-т “Гүйцэтгэгч нь оффисийн барилгыг ашиглалтад оруулахаар гэрээнд заасан хугацааг ажлын 45 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд захиалагчийн төлсөн төлбөрийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө” гэж,

            6.4-т “Гэрээний 6.3 дахь заалт нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр гаргах үйл ажиллагааны явц ... буюу талуудын хүсэл зоригоос үл шалтгаалах нөхцөл байдлаас үүдэн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үйлчлэхгүй” гэж тус тус заасан байна.

 

            Гэрээний зүйл болох барилга байгууламжид улсын комисс 2019 оны 12 сарын 20-ны өдөр ажилласан байх бөгөөд 2020 оны 2 сарын 05-ны өдөр дүгнэлт гаргасан үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 68-72-р тал/

             

            Талуудын байгуулсан гэрээний 1.3-т зааснаар гүйцэтгэгч нь барилгыг 2019 оны 10 сард багтаан улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулахаар тохиролцсон байх бөгөөд гэрээний 6.3-т гүйцэтгэгч нь хугацааг ажлын 45 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд захиалагчид алданги төлөхөөр тохиролцсон байгаагаас дүгнэвэл хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсэн гэх үндэслэлгүй байна. Тодруулбал, хариуцагч нь 2019 оны 10 сард барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзвэл түүнээс хойш /2020 оны 11 сарын 1/ гэрээний 6.3-т зааснаар ажлын 45 хоногийг тооцоход 2020 оны 1 сарын 02-ны өдөр болж байна. Гэвч гэрээний зүйл болох Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан “Ю би тауэр” барилгад улсын комисс 2019 оны 12 сарын 20-ны өдөр ажилласан байх тул хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй юм.  

           

            Түүнчлэн талууд 2020 оны 3 сарын 23-ны өдөр UBT.SC 027 дугаартай гэрээний төлбөр тооцоо бүрэн дуусч, өмчлөл шилжүүлснээр талуудын эрх, үүрэг дууссан талаар гэрээ дүгнэсэн акт үйлдсэн байна. /хх-ийн 74-р тал/

           

            Иймд хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, хариуцагч нь нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэдгийг нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул нэхэмжлэгч “П -” ХХК-ийн гаргасан алданги 20 727 840 төгрөг, хохиролд 12 600 000 төгрөг нийт 33 327 840 төгрөг гаргуулах тухай шаардлага үндэслэлгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.  

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хариуцагч “М-” ХХК-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэг болон хохиролд нийт 33 327 840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “П -” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/01744 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М-” ХХК-иас нийт 33 327 840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “П -” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324 590 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “П -” ХХК-иас төлсөн 292 202 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М-” ХХК-иас төлсөн 118 590 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.БАТЗОРИГ                                         

                                         ШҮҮГЧИД                                         Д.НЯМБАЗАР

                                                                                                 

                                                                                                     Г.ДАВААДОРЖ