| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 102/2020/01854/И |
| Дугаар | 210/МА2020/01879 |
| Огноо | 2020-09-04 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2020/01879
“М” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/02090 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “М-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Б- телевиз” ХМХ-д холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэгт 9 615 808.19 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Давааням,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б- телевиз” ХМХ нь манай компанитай 2011 оны 4 сарын 22-ны өдөр LLC-11-03 дугаартай Улаанбаатар хот дотор шилэн кабелын шөрмөс түрээслэх гэрээ, 2012 оны 10 сарын 01-ний өдөр LD12-26 дугаартай “Б-” телевизэд кабелын сувагчлал түрээслэх гэрээг тус тус байгуулсан. “Б-” телевиз нь түрээсийн гэрээний төлбөрт нийт 11 723 808 төгрөг өгөхөөс 2 116 000 төгрөг төлсөн байдаг. Үүнээс хойш төлсөн төлөлт байхгүй. “Б-” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар тухайн үед шүүхэд хандсан боловч шүүхээс хаяг нь тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байдаг. Ингээд манайх Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүхийн шийдвэр гарч, Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст “Б- телевиз”-ийн төлөөлөгчийг эрэн сурвалжилж, захирал Ц.Ганцэцэг нь Улаанбаатар хот, Баянгол дүүрэгт оршин суух хаягийг тогтоосон. Иймд гэрээний дагуу “Б- телевиз” ХМХ-тэй байгуулсан гэрээний дагуу 9 615 808.19 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд байгуулсан 2011 оны 4 сарын 22-ны өдөр Улаанбаатар хот дотор шилэн кабелын шөрмөс түрээслэх LLC11/03 тоот гэрээний хугацаа 2012 оны 4 сарын 27-ны өдөр хүртэл байгаа юм. Гэтэл нэхэмжлэлд хавсаргаж өгсөн материалд 2013 оны 7 сарыг дуустал тооцсон байна. Гэрээний хугацаа дууссан байтал үндэслэлгүйгээр төлбөр үргэлжлүүлэн тооцсоор байсан нь гэрээ болон баримтаас тодорхой харагдаж байна. Түүнчлэн 2012 оны 10 сарын төлбөр 2 удаа тооцсон байна. Тиймээс гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш үүссэн 15 сар, давхардуулж бодсон нэг сарын төлбөр нийт 7 949 571.19 төгрөгийг нэхэмжлэх нь үндэслэлгүй байна. Дээр дурдсанчлан уг гэрээний хугацаа 2012 оны 4 сарын 27-ны өдөр дууссан бөгөөд үүнээс хойш нэхэмжлэл гаргах хугацаа буюу 2020 оны 4 сарын 21-ний өдөр хүртэл даруй 8 жил өнгөрч, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байна. Талуудын хооронд байгуулсан 2012 оны 10 сарын 01-ний өдөр “Б-” телевизэд кабелын сувагчлал түрээслэх LD12/86 тоот гэрээний үүрэгт нэхэмжилж буй 1 766 237 төгрөгт холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. “Б-” ХХК нь телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх 095/B/TV21, 352/TV/106 тоот тусгай зөвшөөрлүүдийг 2009 оноос Харилцаа холбооны зохицуулах хорооноос авч ажиллаж байгаад Харилцаа холбооны зохицуулах хорооны 2012 оны 8 сарын 28-ны өдрийн 56 тоот тогтоолоор дээрх тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгож цаашид ажиллах боломжгүй болсон. Харилцаа холбооны зохицуулах хороо нь энэ талаарх мэдэгдлээ Харилцаа холбооны бүхий л салбаруудад хүргүүлсэн байдаг. Бидний итгэж байгаагаар төрийн өмчит компани болох “М-” ХХК-д хүргүүлсэн гэж итгэж байна. Учир нь телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг кабелын сувагчлал таталгүйгээр хэрэглэгчдэд хүргэх боломжгүй бөгөөд хэрэв өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл цуцлагдсан бол “Б-” ХХК-д кабелийн суваг түрээслэх ямар ч ач холбогдолгүй болж байгаа юм. Харилцаа холбооны зохицуулах хороо, “М-” ХХК нь харилцаа холбооны салбарын шуурхай хурлын бүрэлдэхүүнд хамаардаг бөгөөд нягт уялдаа холбоотой ажилладаг аж ахуй нэгжүүд юм. Тусгай зөвшөөрөлгүй болсон учраас 2012 оны 12 сараас уг кабелын сувгийг ашиглаагүй бөгөөд “М-” ХХК нь 2013 оны 10 сард хамгийн сүүлд төлбөр тооцсон байна. Үүнээс харвал талуудын хооронд байгуулсан гэрээ 2013 оны 10 сард дуусгавар болсон гэж үзэх бүрэн боломжтой бөгөөд үүнээс хойш 2017 оны 12 сард шүүхэд хандах хүртэл 5 жил 2 сарын хугацаа өнгөрсөн байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан “Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна” гэж заасны дагуу уг гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байна. Дээрх үндэслэлүүдээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б- телевиз” ХМХ-ээс түрээсийн төлбөрт 9 615 808.19 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М-” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М-” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168 803 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Б- телевиз” ХМХ-ээс 168 803 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Учир нь анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлээгүй, болж өнгөрсөн үйл баримтыг буруу үнэлж дүгнэсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэсэн юм. Мөн нотлох баримтыг буруу үнэлж, хууль хэрэглээний алдаа гаргаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн зэрэг алдааг гаргасан байна. Хавтаст хэрэгт авагдсан 2011 оны 4 сарын 22-ны өдөр байгуулагдсан Кабелийн шөрмөс түрээслэх гэрээний 1.3-т “Гэрээний хугацаа дуусахад аль нэг талаас гэрээг цуцлах буюу дуусгавар болгох санал ирээгүй тохиолдолд цаашид дахин нэг жилээр ижил нөхцөлөөр сунгагдсанд тооцно” гэж заасныг анхан шатны шүүхээс хуулийг буруу хэрэглэж уг заалт нь энэхүү гэрээ цуцлах мэдэгдэлгүй бол үүрд үргэлжлэх гэрээ гэж дүгнэсэн байна. Тодруулбал уг гэрээний 1.2-т “... уг гэрээ 2011 оны 4 сарын 27-ны өдрөөс 2012 оны 4 сарын 27-ны өдөр хүртэл хугацаатай байгуулав” гэж заасан бөгөөд гэрээний 1.3-т заасан үндэслэлийг нэмж тооцвол уг гэрээ дахин нэг жилээр сунгагдсанд тооцож, 2013 оны 4 сарын 27-ны өдөр дуусгавар болох байсан юм. Гэтэл хэрэгт авагдсан худалдан авагчийн дэлгэрэнгүй тайланд 2013 оны 7 сарын төлбөрийг тооцож байсан нь нотлох баримтаар харагддаг. Үүнээс үзвэл анхан шатны шүүх энэхүү гэрээг 2 дахь жилдээ ижил нөхцөлөөр сунгагдсан нь хууль зөрчөөгүй байна гэж дүгнэсэн болж байгаа юм. Гэтэл Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.3.2-т “Аль нэг тал нь гэрээг цуцлах санал гаргаагүй тохиолдолд гэрээг тухай бүр нэг жилээс урт хугацаагаар сунгасанд тооцохоор тогтоосон гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байна” гэсэн хуулийн заалтыг зөрчиж дүгнэсэн байна. Угтаа уг гэрээ 2013 оны 4 сарын 27-ны өдөр дууссан. Мөн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчид 2019 оны 7 сарын 02-ны өдөр 19/02 дугаар албан бичгээр түрээсийн гэрээний дагуу төлөх төлбөрт 4 651 705.19 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2020 оны 4 сарын 03-ны өдөр 100 000 төгрөгийг төлсөн байна гэж тусгасан бөгөөд уг хэсэгт дурдагдсан албан бичигт 2011 оны 4 сарын 22-ны өдөр байгуулсан кабелийн шөрмөс түрээслэх гэрээний талаар нэг ч дурдсан зүйл байхгүй. Хариуцагч кабелийн шөрмөс түрээслэх гэрээний төлбөрийг хүлээн зөвшөөрсөн мэт дүгнэсэн нь хариуцагч талын эрх ашигт хэт хохиролтой байгаа юм. Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад хариуцагч тал кабелийн шөрмөс түрээслэх гэрээний төлбөрөө анх тохиролцсоны дагуу 2012 оны 4 сарыг дуустал төлсөн бөгөөд үүнээс хойш уг гэрээ дуусгавар болсон түүнчлэн дахин сунгагдаагүй гэж ойлгож дахин төлбөр хийгээгүй байдаг нь нотлох баримтаас харагддаг. Гэтэл нэхэмжлэгч тал төлбөр төлөхгүй байсаар байтал гэрээг үргэлжлүүлэн сунгаж даруй нэг жил 3 сарын илүү гөлбөр нэхэмжилсээр байгаа нь үндэслэлгүй юм. Нэгэнт мэдэгдэх хуудсанд 2011 онд байгуулсан кабелийн шөрмөс түрээслэх гэрээний төлбөрийн талаар дурдаагүй энэхүү гэрээний төлбөр буюу 7 755 000 төгрөгийн талаар ямар нэгэн мэдэгдэл явуулаагүй байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдах ямар нэгэн нөхцөл нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Кабелийн сувагчлал түрээслэх гэрээ 2015 оны 12 сарын 31-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулсан ч хариуцагч уг сувагчлалыг нэг ч удаа ашиглаагүй бөгөөд “М-” ХХК-ийн 2013 оны 10 сард хамгийн сүүлд төлбөр тооцсон байна. Үүнээс харвал талуудын хооронд байгуулсан гэрээ 2013 оны 10 сард дуусгавар болсон гэж үзэх бүрэн боломжтой байна. Нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа тооцооллын алдаатай албан бичиг явуулж хариуцагчийг эдгээр төлбөрийг төлөхийг шахдаг байсан бөгөөд хариуцагчийн зүгээс энэ тооцоолол нь бодитой юм байна гэж төөрөгдөж 2019 оны 7 сарын 02-ны өдөр кабелийн сувагчлал түрээслэх гэрээний төлбөрийг төлж барагдуулъя гэсэн мэдэгдэл өгсөн байдаг. Гэтэл угтаа бол нэхэмжлэгчийн төл хэмээн шаардаж байсан дүн алдаатай байсан бөгөөд энэ дүн алдаатай байсан учраас бид уг мэдэгдлийг илгээсэн байдаг. Тиймээс уг мэдэгдэл нь хууль зүйн үр дагавар дагуулахгүй мэдэгдэл болох юм. Өөрөөр хэлбэл мэдэгдлийг буруу тооцооллын үндсэн дээр илгээсэн нь уг мэдэгдлийг хүчин төгөлдөр гэж тооцох хууль зүйн хувьд боломжгүй юм. Тиймээс анхан шатны шүүхээс уг мэдэгдлийг хүчин төгөлдөр гэж үзсэн нь буруу юм. Түүнчлэн гэрээний хугацаа 2013 оны 10 сард сүүлийн төлбөр шаардсанаар дуусаж байгаа Нэхэмжлэгч анх удаа зөвхөн 2012 онд байгуулагдсан кабелийн сувагчлалын гэрээний төлбөр нэхэмжилж шүүхэд хандсан өдөр буюу 2017 оны 12 сар хүртэл 5 жил 2 сар өнгөрсөн байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Үүнийг анхан шатны шүүхээс нотлох баримтыг буруу үнэлснээр хариуцагчид илт хохиролтой нэхэмжлэгчийг зөвтгөсөн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймээс шүүхийн шийдвэрт өөрчлөлтийг оруулж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч “М-” ХХК нь хариуцагч “Б- телевиз” ХМХ-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт нийт 9 615 808.19 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Зохигчид 2011 оны 4 сарын 22-ны өдөр Улаанбаатар хот дотор шилэн кабелийн шөрмөс түрээслэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “М-” ХХК нь АТС 32 – BTV байр, BTV байр – Улаанбаатар банк, УКВ – MNTV байр гэсэн 3 чиглэлд нийт 4570 метр шөрмөсийг 620 000 төгрөгөөр түрээслүүлэх, хариуцагч “Б- телевиз” ХМХ нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан нөхцөлөөр төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд хариуцагч “Б- телевиз” ХМХ нь 2012 оны 1 сарын 06-ны өдөр 1 шөрмөсийг таслуулах хүсэлтийг нэхэмжлэгч “М-” ХХК-д гаргасан байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан хүсэлтийн дагуу 150 000 төгрөгийн үнэ бүхийн 1 шөрмөсийг тасалж, гэрээний үнийн дүн нь гэрээний 7.1-д зааснаар НӨАТ-ийн хамтаар 517 000 төгрөг болжээ. /хх-ийн 9, 16-20-р тал/
Мөн 2012 оны 10 сарын 01-ний өдөр талууд кабелийн сувагчлал түрээслэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “М-” ХХК нь худаг, сувагчлалыг сарын НӨАТ орсон дүнгээр 160 567 төгрөгөөр түрээслүүлэх, хариуцагч “Б- телевиз” ХМХ нь гэрээнд заасан нөхцөлөөр төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, Улаанбаатар хот дотор шилэн кабелийн шөрмөс түрээслэх гэрээ, кабелийн сувагчлал түрээслэх гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 11-15-р тал/
Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ гэж дүгнэсэн нь зөв боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
Тодруулбал, талууд Улаанбаатар хот дотор шилэн кабелийн шөрмөс түрээслэх гэрээг 2011 оны 4 сарын 27-ны өдрөөс 2012 оны 4 сарын 27-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан байна. Гэрээний 1.3-т зааснаар гэрээний хугацаа дахин 1 жилээр сунгагдан, 2013 оны 4 сарын 27-ны өдөр дуусгавар болсон байхад анхан шатны шүүх 2013 оны 7 сар хүртэл түрээсийн төлбөрийг тооцсон нь үндэслэлгүй байх бөгөөд хариуцагч “Б- телевиз” ХМХ нь уг гэрээний үүрэгт нийт 8 172 000 төгрөг /517 000₮ х 16 сар = 8 272 000₮/ төлөх үүрэгтэй байна.
Талуудын байгуулсан кабелийн сувагчлал түрээслэх гэрээний тухайд 2012 оны 10 сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаатай байгуулагдсан. Нэхэмжлэгч “М-” ХХК нь 2012 оны 10 сараас 2013 оны 10 сар хүртэл 12 сарын хугацааны төлбөрт нийт 1 960 808 төгрөг нэхэмжилсэн боловч гэрээний хавсралтаас үзвэл 1 сарын түрээсийн төлбөр НӨАТ ороогүй дүнгээр 145 970 төгрөг байхад нэхэмжлэгч нь 2012 оны 10 сарын төлбөрийг 194 571 төгрөгөөр тооцож нэхэмжилснийг анхан шатны шүүх анхаараагүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь энэхүү гэрээний үүрэгт нийт 1 926 804 төгрөг /160 567₮ х 12 сар = 1 926 804₮/ төлөх үүрэг үүссэн байх бөгөөд дээрх хоёр гэрээний нийт үүрэг 10 198 804 төгрөг /8 272 000₮ + 1 926 804₮ = 10 198 804₮/ болж байна. Уг дүнгээс хариуцагчийн төлсөн 2 168 000 төгрөгийг хасвал 8 030 804 төгрөг /10 198 804₮ – 2 168 000₮ = 8 030 804₮/-ийг хариуцагч “Б- телевиз” ХМХ-ээс гаргуулан, нэхэмжлэгч “М-” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1 585 004 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасанд нийцнэ. /хх-ийн 6-р тал/
Хариуцагчийн өмгөөлөгч татгалзалдаа болон давж заалдах гомдолдоо гэрээний үүрэг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаагаар дууссан тул үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байна гэжээ. Гэвч хариуцагч “Б- телевиз” ХМХ нь 2019 оны 7 сарын 02-ны өдөр 4 651 705.19 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч хүсэлт гаргасан байгаа нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх үндэслэлд хамаарч байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна. /хх-ийн 7-р тал/
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/02090 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б- телевиз” хэвлэл мэдээллийн хэрэгслээс 8 030 804 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “М-” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1 585 004 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “М-” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168 803 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б- телевиз” хэвлэл мэдээллийн хэрэгслээс 143 442.86 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М-” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 168 803 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Г.ДАВААДОРЖ