Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2020/01878

 

                                               

 

 

 

 

 

 

 

 

 

“К-” ХХК дахь Банкны

эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/01603 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “К-” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: З-д холбогдох,

Гуравдагч этгээд: Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба,

 

Батлан даалтын гэрээний үүрэгт 242 496 783.38 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Нараа, Л.Сүхбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2016 оны 7 сарын 28-ны өдрийн 184/ШШ2016/00441 дугаар захирамжаар “Таван трейд” ХХК-иас 1 110 893 881 төгрөг гаргуулан “К-” ХХК-д олгохоор шийдвэрлэж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийлгэхээр хүсэлт гаргасан боловч “Таван трейд” ХХК нь үйл ажиллагаа явуулдаггүй, орлогогүй, мөн захирал Р.Ганзориг нь АНУ-д 2018 оны 2 сард суралцахаар явсан учраас барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах, үнэлүүлэн албадан дуудлага худалдаанд оруулах зэрэг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явуулах боломжгүй нөхцөл байдал үүсэж, үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой болж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Батлан даалтын сан, К-, “Таван трейд” ХХК нь 2013 оны 8 сарын 23-ны өдрийн 01 дугаартай батлан даалтын гэрээг байгуулсан. “Таван трейд” ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй болсон тухай 2020 оны 4 сарын 03-ны өдрийн 1042 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Зээлдэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай арга хэмжээ аваагүй, шүүхийн шийдвэрийн ажиллагаа дуусгавар болоогүй гэх үндэслэлээр батлан даалтын сангаас батлан даалтын гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсан хариуг Банкны эрх хүлээн авагчид 2020 оны 4 сарын 09-ний өдрийн 1/175 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Батлан даалтын гэрээний 1.1-т “... Зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даагч нь түүний өмнөөс зээл төлөх үүрэг гүйцэтгэх, 1.4-д “Таван трейд” ХХК-ийн батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 25 хувиар байхаар талууд харилцан тохиролцож, гэрээ байгуулсан тул үндсэн зээлийн төлбөр болох 969 987 133 төгрөгийн 25 хувь болох 242 496 783.38 төгрөгийг З-гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “К-”-ны харилцагч “Таван трейд” ХХК-ийн зээлд батлан даалт гаргаж, батлан даалтын гэрээ байгуулсан. Батлан даалтын гэрээний 1.4-д “Батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 25 хувь байна” гэж заасан. Талуудын хооронд байгуулсан батлан даалтын гэрээнд зээлдүүлэгч тодорхой нөхцөл байдлыг нотолж, батлан даагчид мэдэгдсэний үндсэн дээр батлан даагчаас шаардах эрхтэй байхаар заасан. Гэрээний дараах нөхцөлүүдийг хэрэгжүүлснээр зээлдүүлэгчийн батлан даагчаас шаардах эрх үүсэхээр талууд тохиролцсон. Гэрээний 1.6-д “Зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан тохиолдолд батлан даагч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ”, 3.2.3-т “Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ биелүүлээгүй өдрөөс хойш 90 хоногийн дотор багтааж, зээлдэгчээр зээл төлүүлэхтэй холбоотой бүх арга хэмжээг авах”, 3.2.4-д “Энэхүү гэрээний 3.2.3-т зааснаар зээл төлүүлэх арга хэмжээг авснаа нотолсон баримтуудаа баталгаажуулж батлан даагчид хүргүүлэх”, 3.4.1 “Зээлдэгч зээлийн гэрээний зээл төлөх үүргээ зөрчсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлөх арга хэмжээг хангалттай авсан нөхцөлд зээлдэгчийн төлөөгүй зээлийг энэ гэрээний 1.4-т заасан хувиар өөрийн мөнгөн хөрөнгөөс зээлдүүлэгчид төлөхөөр байна”, зээлдүүлэгч батлан даалтын гэрээний дээрх нөхцөлүүдийг хэрэгжүүлээгүй байгаа тул З-гаас шаардах эрх үүсээгүй гэж үзэж З-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч нь “Таван трейд” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан улсын бүртгэлийн Ү-20201021347 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Нефтийн 1 дүгээр гудамж, 8 тоотод байрлах 1633 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай барилга, нэгж талбарын 18633309581971 дугаарт бүртгэлтэй, 3721 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай эзэмшлийн газар, дээрх барилгад суурилагдсан 140 метр урттай гипсний үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд, дагалдах хэрэгсэл, бага оврын уурын зуухын хамт битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцохгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэлгээний 70 хувиар тооцон 2018 оны 5 сарын 11-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу хоёр дахь дуудлага худалдаанд оруулахаар талуудад мэдэгдэл хүргүүлсэн боловч талууд харилцан тохиролцсон гэх үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр авагч “К-” ХХК нь 2018 оны 6 сарын 04-нй өдрийн 1/2203 тоот албан бичгээр 2018 оны 8 сарын 20-ны өдрийг хүртэл, 2018 оны 8 сарын 16-ны өдрийн 1/4218 тоот албан бичгээр 2018 оны 10 сарын 31-ний өдрийг хүртэл, 2019 оны 2 сарын 22-ны өдрийн 1/844 тоот албан бичгээр 2019 оны 4 сарын 30-ы өдрийг хүртэл албадан дуудлага худалдааг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн байна. Төлбөр төлөгч нь “Таван трейд” ХХК-ийн үүсгэн байгуулагч Р.Ганзоригийн оршин суух хаяг тодорхойгүй байгаа нь цаашид хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүндрэл учруулж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасныг баримтлан З-гаас 242 496 783.38 төгрөгийг гаргуулж “К-” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1 370 434 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Батлан даалтын гэрээний 1.6-т “Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан тохиолдолд батлан даагч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ” гэж заасан. Хангалттай гэдэг үг Монгол хэлэнд бүрэн гүйцэт гэсэн утгатай дүйцэж хэрэглэгддэг. Хэрэгт авагдсан “К-”-ны зээлийн үйл ажиллагааны журмын “хугацаа хэтэрсэн зээлтэй ажиллах” нэртэй 15 дугаар бүлэгт хугацаа хэтэрсэн зээлийг төлүүлэхийн тулд хэрхэн яаж ажиллах талаар тодорхой заажээ. Хариуцагчийн зүгээс үндсэн зээлдэгч болох “Таван трейд” ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг хулээн аваагуй атлаа, эрх ашиг нь зөрчигдөх учиргүй Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албыг нэхэмжлэгч талын хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас “Таван трейд” ХХК-иас төлбөр гаргуулахтай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 100 хуудас материалыг шүүх хуралдааны өмнөх өдөр нотлох баримтаар өгсөн бөгөөд хариуцагч талаас уг материалтай танилцах хүсэлтийг гаргахад хүлээн аваагүй атлаа нотлох баримтыг шинжлэн судалсны дараа буюу мэтгэлцэх шат өнгөрсөн хойно хэрэгтэй танилцсан баримтад гарын үсэг зурахыг шаардсан. Энэхүү үйл ажиллагаа нь шүүх хуралдаан даргалагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт заасан үүргээ хэрэглээгүйгээс хариуцагч талын нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхийг эдлүүлээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүулээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, З-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “К-” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч З-д холбогдуулан батлан даалтын гэрээний үүрэгт 242 496 783.38 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн 65 дугаар талд төлбөр төлөгч “Таван трейд” ХХК-ийн 2019 оны 1 сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 сарын 29-ний өдрийг хүртэлх зээлийн дансны хуулга авагдсан байгаа боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 6 сарын 19-ний өдрийн байдлаар төлбөр төлөгчийн зээлийн үлдэгдэл хэд байгааг тодруулахаар дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон байна. /хх-ийн 86-87, 91-93-р тал/

 

Учир нь талуудын байгуулсан батлан даалтын гэрээний 1.4-т “Батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 25 хувь байна” гэж заасан бөгөөд төлбөр төлөгч “Таван трейд” ХХК-ийн зээлийн үлдэгдэлтэй холбоотой нотлох баримт нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм. /хх-ийн 12-13-р тал/

 

Түүнчлэн, 2020 оны 7 сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн нийт 136 хуудас нотлох баримттай танилцах хүсэлт гаргаж, дээрх баримтуудтай 10 минутад танилцаж амжсангүй гэсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох” гэж заасныг зөрчжээ.

 

Өөрөөр хэлбэл шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзнэ.

 

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/01603 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 370 433.92 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.НАРМАНДАХ

                                               

                                         ШҮҮГЧИД                                                Д.БАЙГАЛМАА

                                                                                                 

                                                                                                            Г.ДАВААДОРЖ