Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/01933

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“З-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2020/02220 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “З-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: З.У-, Э.Дэмбэрэлсамбуу нарт холбогдох,

 

Гэм хорын хохиролд 1 631 000 000 төгрөг гаргуулах, авто зогсоол болон хүүхдийн тоглоомын талбайг чөлөөлөхийг хариуцагчид даалгах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: З.У-,

Хариуцагчийн өмгөөлөгч: Р.Б, Ц.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ц нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2012 оны 11 сарын 30-ны өдрийн 548 захирамжаар Дархан сум, 9-р баг, 4-р хороолол, 4-р байрны баруун урд талд байрлах 1200 м.кв газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар 2 жилийн хугацаатай эзэмших болж, 2013 оны 01 сарын 11-ний өдөр аймгийн газрын албатай гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон. Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг дарга 2013 оны 12 сарын 06-ны өдөр 430 тоот захирамж гаргаж, манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож улмаар 233 м.кв газрыг төсөл сонгон шалгаруулалт нэрийн дор хариуцагч З.У-т эзэмшүүлсэн байсан. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 430 тоот захирамжийн хавсралтын “З-” ХХК-д холбогдох хэсэг болон Дархан-Уул аймгийн Засаг даргын №231 захирамжийн З.У-т холбогдох хэсгийн давхцаж буй газрын хэмжээгээр хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар уг нэхэмжлэлийн шаардлага 3 шатны шүүхээр шийдвэрлэгдэж, манай компани уг газрын хууль ёсны эзэмшигч болох нь тогтоогдсон. Газрын маргаан шийдвэрлэгдэх явцад нэхэмжлэгч компаниас захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 150 тоот захирамжаар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж, тухайн барилгын ажлыг зогсоох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн юм. Гэтэл шүүхийн хүчин төгөлдөр захирамж гарч барилгын ажлаа зогсоо гэж даалгасаар байхад З.У- нь шүүхийн хүчин төгөлдөр захирамжийг үл ойшоон, барилга угсралтын ажлаа үргэлжлүүлж улмаар манай компанийн эзэмшлийн 1200 м.кв талбайн 233 м.кв талбайд орон сууц, 188 м.кв талбайд бетонжуулалт хийж ашиглан, 53 м.кв талбайд явган хүний зам талбай, 129 м.кв талбайд хүүхдийн тоглоомын талбай барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгсөн байдаг. З.У-ийн энэхүү хууль бус, дур зоргоороо аашилсан асуудлаас болж, манай компани өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлээ гаргаж хэрэг хянан шийдвэрлэх процесс ажиллагаа шат шатны шүүх хуралдаан иргэний болон захиргааны хэргийн шүүхүүдэд 2013 оноос эхлэн 6 жил үргэлжилж байна. Ингэснээр манай компани газраа хууль ёсны дагуу эзэмших, улмаар уг газар дээр үйлчилгээтэй орон сууцны барилга барихаар төлөвлөж барилга угсралтын ажлын гэрээ зураг төсөл боловсруулах, инженер геологийн судалгаа хийх зэрэгт олон зуун сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн боловч энэ бүх ажлаа эхлүүлж чадаагүй өнөөдрийг хүртэл хохирсоор байгаа юм. Манай компани хууль ёсны эзэмшил болох 1200 м.кв газар дээрээ Г хэлбэрийн 108 айлын орон сууц барихад бэлэн болсон үед иргэн З.У- нь манай газрыг бүхэлд нь аваад зогсохгүй уг газрын 233 м.кв газар дээр 10 давхар орон сууц барьсан ба үүнийг ашигтай талбайгаар нь тооцвол 2330 м.кв талбай болж байгаа бөгөөд тухайн үеийн зах зээлийн ханшаар 1 м.кв нь 700 000 төгрөгөөр боссон, 1 м.кв талбайг 1 400 000 төгрөгөөр борлуулсан гэж үзэхэд нийт 1 631 000 000 төгрөг болж байна. Түүнчлэн манай эзэмшлийн 1200 м.кв талбайн бусад хэсэг болох 317 м.кв талбайд ямар ч шийдвэр, зөвшөөрөлгүйгээр машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай барьсан байгаа. Тухайн үед манай компани орон сууцаа барьсан бол яг ийм хэмжээний буюу 1 631 000 000 төгрөгийн орлого наад зах нь олох байсан бөгөөд дээр дурдсан гэм хорын хэмжээ нь манай компанийн 6 жилд олж чадаагүй орлого гэж үзэж нэхэмжилж байна. Иймд иргэн З.У-ээс “З-” ХХК-д учруулсан гэм хорын хохирол буюу олох байсан орлого 1 631 000 000 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд байсаар байтал энэ нэхэмжлэлийг гаргасан нь үндэслэлгүй. “З-” ХХК-ийн хууль ёсны эзэмшил газарт учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэх тухай асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэсэн уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт “З-” ХХК болон З.У- нарын хооронд үүссэн газрын давхцал, маргаан нь буруу шийдвэр гаргасан захиргааны байгууллагаас шалтгаалсан талаар дүгнэгдсэнээс бус хариуцагч З.У-ийг анхнаасаа мэдсээр байж маргаан бүхий газар дээр эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барилга барьж, үйл ажиллагаа явуулсан талаарх үйл баримтыг тогтоогоогүй. Хариуцагч маргаан бүхий газрыг эрх бүхий этгээдийн шийдвэрээр эзэмшиж байхдаа барилга барьсан ба газар эзэмших эрх хожим хүчингүй болжээ. Хариуцагчид эзэмшүүлсэн 500 м.кв газрын 233 м.кв газарт давхцал үүссэн нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарсан тул үр дагаврыг нь уг шийдвэрийг гаргасан захиргааны байгууллага хариуцах талаар дээрх шүүхийн шийдвэр, тогтоолд тодорхой тусгасан. “З-” ХХК-ийн гэм хорыг арилгах үүрэг бүхий гэм хор учруулсан этгээд болох Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан 580 000 000 төгрөгийн хохирол шаардаж, уг шаардлагаа эвлэрлийн гэрээ байгуулах замаар хангуулчихсан атлаа гэм буруугүй надаас уг шаардлагаа давхардуулан дахин шүүхэд гаргаж байгаа нь үндэслэлгүй болно. Нэхэмжлэгчийн өмнө хууль бусаар хохирол учруулсан үйлдэл гаргаагүй, гэм буруугүй бөгөөд учирсан хохирол, гэм буруу нь шалтгаант холбоотой байх ёстой. Авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай чөлөөлүүлэх тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэгт авагдсан баримтаар “З-” ХХК-ийн эзэмшлийн талбайд баригдсан гэх авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай нь З.У-ийн эзэмшил, ашиглалтад байгаа нь тогтоогдохгүй, “З-” ХХК-ийн хууль ёсны эзэмшил бүхий гэх газрыг чөлөөлөх үүрэгтэй этгээд нь З.У- биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 228 дугаар зүйлийн 228.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “З-” ХХК-ийн гаргасан хариуцагч З.У-т холбогдох 1 631 000 000 төгрөг гаргуулах, авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай чөлөөлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “З-” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Дэмбэрэлсамбууд холбогдох 1 631 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “З-” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 8 312 950 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх нотлох баримтыг дутуу үнэлж, хуулийг буруу тайлбарлан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн. Шүүх хуулийг илт мушгин гуйвуулж хариуцагчид ашигтайгаар буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь "З-" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх явцад З.У- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдэр оролцсоноор тухайн газар нь анхнаасаа “З-” ХХК-ийнх гэдгийг мэдсэн ба шүүхээс барилгын ажлыг зогсоох захирамж гарсныг мэдсээр байж, барилгын ажлаа зогсоохгүйгээр үргэлжлүүлэн явуулснаас болоод өнөөдөр нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн талбайдаа барилгаа барих боломжгүй болгосон. Эндээс манай компанид учирсан хохирол нь З.У-ийн санаатай үйлдлээс шууд шалтгаалсан гэдэг нь илт, нотлох баримтаар хангалттай тогтоогдсон байхад шийдвэр гүйцэтгэлийн асуудал мэтээр тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Тодруулбал, захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх захирамж гаргахын зорилго нь нэхэмжлэгч этгээдэд эрх зүйн түр хамгаалалт үзүүлэх зорилготой бөгөөд шүүх энэ ч зорилгын үүднээс “З-” ХХК-ийн газар эзэмших хууль ёсны эрхийг хамгаалах үүднээс, тус компанид эрх зүйн хамгаалалт үзүүлж, уг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл одоо энэ маргаж буй хохирлыг үүсгэхгүйн тулд энэ захирамжийг гаргасан юм. Түүнээс биш хариуцагч захиргааны байгууллага болон гуравдагч этгээдийн эрх ашгийг хамгаалах зорилго агуулаагүй, үүнийг шүүх огт ойлгосонгүй. Нөгөө талаар шүүх З.У-ийг эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр маргаан бүхий газрыг хууль ёсоор эзэмших эрхтэй болсон гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь З.У-т хууль бусаар газар эзэмших эрх олгосон даруйд нэхэмжлэл гаргаж маргаж эхэлснийг шүүх анхаарах ёстой байсан ба шүүхээс актын биелэлтийг түдгэлзүүлсэн нөхцөлд түүний хууль ёсны гэх эрх мөн түдгэлзэж байхад шүүгч н.Лхагвасүрэн нь З.У-ийн энэ хууль бус үйлдлийг илэрхий хамгаалж улаан цайм нэхэмжлэгчийг буруутган нэхэмжлэгчид чиглээгүй гэж тайлбарласан нь хариуцагчид тал зассан увайгүй үйлдэл гэж ойлгогдож байна. Энэ үйл баримтаас эхлээд дараагийн үр дагавар хохирлын асуудал гүйцэд, бүрэн утгаараа шийдвэрлэгдэх ёстой байсан боловч гол үйл баримтаа буруу дүгнэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй гэж үзэж байна. “З-” ХХК-ийн эзэмшлийн 233 м.кв газар нь өнөөдөр ч тус компанийн эзэмшилд байж газрын төлбөрийг “З-” ХХК төлсөөр байгааг шүүх ямар үндэслэлээр захиргааны байгууллагын үйл ажиллагаанд холбогдуулан дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна. Тухайлбал, нэхэмжлэгчээс 1200 м.кв газрыг хууль ёсоор эзэмших боломжгүй болгосон захиргааны байгууллагын хууль бус актын улмаас учирсан хохирлыг гаргуулахаар Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийг үндэслэн нэхэмжлэл гаргаснаар хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга өөрийн хууль бус үйлдлээ хүлээн зөвшөөрч манай компанид учруулсан хохирлыг нөхөн төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан ба энэхүү талуудын хооронд хийгдсэн үйлдэл нь З.У-ээс хохирол нэхэмжилж байгаа энэ үйлдэлтэй огт холбоогүй юм. Энэ нь хэрэгт цугларсан шүүхийн шийдвэр магадлал, тогтоол, эвлэрлийн гэрээ зэргээр бүрэн дүүрэн нотлогдоно. Дархан-Уул аймгийн Засаг даргын хууль бус үйл ажиллагааны асуудал нь захиргааны албан тушаалтныхаа хувьд Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлээр зохицуулагдах тусдаа харилцаа атал үүнийг Иргэний хуульд заасан гэм хорын асуудалтай холбож байгаа нь шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийг илт мушгиж буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Тухайлбал, Дархан-Уул аймгийн Засаг дарга нь манай компанийн газар эзэмших эрхийг хууль бус цуцалснаараа энэ үйлдэлдээ хариуцлага хүлээж хохирол төлсөн, харин З.У-ийн барилгаа барьсан газрын асуудал үүнд хамааралгүй болно. З.У- нь дээр дурдсан газруудыг ямар ч гэрчилгээ зөвшөөрөлгүйгээр эзэмшиж барилга барьж ашиг олж хүмүүст худалдсан үйлдлийг нь шүүх ямар үндэслэлээр яаж зөв гэж үзэх юм бэ, тэрээр энэ газрын хууль ёсны эзэмшигч биш юм. Бид З.У-ийн энэ хууль бус үйлдлийн улмаас л гэм хорын хохирол нэхэмжилж шүүхэд хандсан. З.У- нь газрын маргаан үргэлжилж байхад энэ барилгыг барьж байсан, өөрийнхөө буруутай үйлдлийг мэдээд еөр этгээдүүдийн нэр дээр барилгыг шилжүүлж өгсөн тул манай компанийн хууль ёсны эзэмшил газрыг З.У- чөлөөлөх үүрэгтэй. Учир нь манай компанийн газар эзэмших эрхийг зөрчсөн этгээд нь З.У- мөн бөгөөд түүний энэ хууль бус үйлдлийн улмаас дараа дараагийн үр дагаврууд үүсэн улмаар одоогийн байдлаар 233 м.кв талбайд орон сууц, 188 м.кв талбайд бетонжуулалт, 53 м.кв талбайд явган хүний зам, 129 м.кв талбайд хүүхдийн тоглоомын талбай барьж ашиглалтанд оруулан улсын комисст хүлээлгэн өгөөд байна. Гэтэл нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл энэ газрын хууль ёсны эзэмшигчийн гэрчилгээтэй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн тул газраа З.У-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх хууль зүйн бүрэн боломжтой байсан. Шүүх жирийн хөдөлмөрөөрөө баялаг бүтээж яваа иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоохын оронд хууль бус аргаад бусдын хөрөнгийг булааж авсан З.У-тэй үгсэн хуйвалдаж зөвхөн түүний тайлбараар шийдвэр гаргаж байгаа нь шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй, шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь шинжлэн судлах тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45, 46 дугаар зүйлүүдэд заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “З-” ХХК нь хариуцагч З.У-, Э.Дэмбэрэлсамбуу нарт холбогдуулан гэм хорын хохиролд 1 631 000 000 төгрөг гаргуулах, авто зогсоол болон хүүхдийн тоглоомын талбайг чөлөөлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан ба нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Дэмбэрэлсамбууд холбогдох шаардлагаасаа татгалзжээ.

 

Нэхэмжлэгч “З-” ХХК нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2012 оны 11 сарын 30-ны өдрийн 548 дугаар захирамжаар Дархан-Уул аймаг, 4 дүгээр хороолол, 4 дүгээр байрны урд 1200 м.кв газрыг үйлчилгээ, орон сууц барих зориулалтаар 2 жилийн хугацаатай эзэмшиж байсан байх бөгөөд тус аймгийн Засаг даргын 2013 оны 12 сарын 06-ны өдрийн 430 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг үндэслэн, нэхэмжлэгч “З-” ХХК-д олгосон дээрх газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. Үүний дараа, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 5 сарын 09-ний өдрийн 231 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “З-” ХХК-ийн эзэмшиж байсан 1200 м.кв газраас хариуцагч З.У-т 233 м.кв газрыг нийтийн орон сууцны зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, нийт 500 м.кв газрыг эзэмшүүлснээр хариуцагч З.У-  нь тус газартаа 10 давхар, 50 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлжээ.

 

Нэхэмжлэгч “З-” ХХК нь Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан, 2014 оны 5 сарын 09-ний өдрийн 231 дүгээр захирамжийн З.У-т холбогдох хэсгийг, өөрийн эзэмшиж байсан газартай давхцаж буй хэмжээгээр хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2015 оны 3 сарын 13-ны өдрийн 10 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 7 сарын 01-ний өдрийн 174 дүгээр тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 50-58-р тал/

 

Дээрх маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд нэхэмжлэгч “З-” ХХК нь захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 8 сарын 15-ны өдрийн 150 дугаар захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 9 сарын 10-ны өдрийн 369 дүгээр тогтоолоор захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж, хариуцагч З.У-ийн эхлүүлсэн барилгын ажлыг зогсоохоор шийдвэрлэжээ. /хх-ийн 163-171-р тал/

 

Хариуцагч З.У- нь шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг үл биелүүлэн, барилгыг үргэлжлүүлэн барьж, дуусган 2015 оны 11 сарын 24-ний өдөр улсын коммист  хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 228-229-р тал/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч гэм хорын эрх зүйн зохицуулалтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах шаардлагатай.

 

Нэхэмжлэгч нь шүүхээс захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж, барилгын ажлыг зогсоосон шийдвэр гарсан байхад хариуцагч З.У- нь барилгыг үргэлжлүүлэн барьсан гэх үндэслэлээр, өөрт учирсан хохирлоо хариуцагчид орсон орлогын хэмжээгээр тодорхойлон нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг үл биелүүлж, барилгыг үргэлжлүүлэн барьсан хариуцагч З.У-ийн хууль бус үйлдлийн чиглэл зорилго нь гэм хор учруулснаас үүрэг үүсэх эсэхэд ач холбогдолтой бус тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай болжээ. 2002 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дах хэсэгт зааснаар Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр актыг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа бүх байгууллага, албан тушаалтан, иргэн заавал биелүүлэх үүрэгтэй байхад барилгыг үргэлжлүүлэн барьсан хариуцагч З.У-ийн үйлдэл нь хууль бус үйлдэлд хамаарна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, хариуцагч З.У-ийн дээрх хууль бус үйлдэл болон түүнээс нэхэмжлэгчид учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой. Нэхэмжлэгч “З-” ХХК нь хариуцагч З.У-ийн бусадтай байгуулсан захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнгээр өөрт учирсан хохирлоо тодорхойлсон нь үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан хариуцагч З.У-ийн бусадтай байгуулсан гэрээ нь хариуцагч нэхэмжлэгчийн уг газар дээр барилга барьж, олох байсан орлогыг тодорхойлох эргэлзээгүй баримт биш байна. Хариуцагч З.У-ийн олсон орлогын хэмжээгээр нэхэмжлэгч “З-” ХХК зайлшгүй орлого олох байсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй, хариуцагчийн хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоогүй байна. /2-р хх-ийн 6-106-р тал/

 

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирлыг тодорхойлохдоо бодит хохирол болон олох байсан орлогоор тодорхойлдог. Нэхэмжлэгч “З-” ХХК-ийн хувьд хариуцагч З.У- барилга барьснаас шалтгаалан 1 631 000 000 төгрөгийг олох байсан, орлогоо алдсан гэх нөхцөл байдлыг өөрийн үйл ажиллагаатай холбон баримтаар нотолж чадаагүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

 

Харин нэхэмжлэгч “З-” ХХК нь газрын эзэмших эрх хүчингүй болсонтой холбоотойгоор Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар талууд эвлэрлийн гэрээ байгуулан тус гэрээний хавсралтад заасан кадастрын зураг бүхий газрыг эзэмшихээр тохиролцжээ. /хх-ийн 59-62-р тал/

 

Авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбайг чөлөөлүүлэхийг хариуцагчид даалгах тухай шаардлага нь үндэслэлгүй ба уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл зөв боловч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан хууль бус эзэмшилтэй холбоотой шаардлагыг мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарах эзэмшихтэй холбоогүй бусад эрхийн зөрчлийг арилгах шаардлага мэтээр хольж, хууль хэрэглээний алдаа гаргасан байгааг залруулах шаардлагатай.

 

Мөн Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 сарын 27-ны өдрийн 64 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “З-” ХХК-ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж шийдвэрлэсэн байх бөгөөд уг шүүгчийн захирамж хүчин төгөлдөр хэвээр байна. /хх-ийн 31-р тал/

 

Дээрх шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон, өөрчилсөн талаарх эрхийн акт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч “З-” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 8 312 950 төгрөг гаргуулан, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзсэн болно.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2020/02220 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч З.У-ээс гэм хорын хохиролд 1 631 000 000 төгрөг гаргуулах, авто зогсоол болон хүүхдийн тоглоомын талбайг чөлөөлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч “З-” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,   

3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн улсын тэмдэгтийн хураамжийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ж.ОЮУНТУНГАЛАГ                                            

                                        ШҮҮГЧИД                         Б.НАРМАНДАХ

                                                                                                 

                                                                                                 Г.ДАВААДОРЖ